| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0050/Э |
| Дугаар | 2017ШЦТ/045 |
| Огноо | 2017-06-19 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2017ШЦТ/045
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга: Ц.С
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: Х.М
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.С
Шүүгдэгч: Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ш овогт Хы Жт холбогдох эрүүгийн 201704000090 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1972 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 45 настай, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт сувилагч ажилтай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Хы Ж. РД:******.
Шүүгдэгч Х.Ж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 06 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн дотор тус эмнэлгийн сувилагч ажилтай Х.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл, маргаан үүсгэж улмаар Х.Мийн зүүн талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Жийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72, 76-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Х.Мийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 49-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Б.Ж /хх-ийн 54-55-р хуудас/, гэрч Т.Ж /хх-ийн 56-57-р хуудас/, гэрч Д.А /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Б.К /хх-ийн 52-53-р хуудас/, гэрч Е.Д /хх-ийн 58-р хуудас/, гэрч Б.А /хх-ийн 59-60-р хуудас/, гэрч Г.Б /хх-ийн 61-62-р хуудас/ нарын мэдүүлэг, өмгөөллийн гэрээнүүд, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Ж нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 06 цагийн үед Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт тус эмнэлгийн сувилагч ажилтай Х.Мтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл, маргаан үүсгэж улмаар Х.Мийн зүүн талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Х.Мийн хэрэг бүртгэлийн болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 49-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Б.Ж /хх-ийн 54-55-р хуудас/, гэрч Т.Ж /хх-ийн 56-57-р хуудас/, гэрч Д.А /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Б.К /хх-ийн 52-53-р хуудас/, гэрч Е.Д /хх-ийн 58-р хуудас/, гэрч Б.А /хх-ийн 59-560-р хуудас/, гэрч Г.Б /хх-ийн 61-62-р хуудас/ нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Жт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Жт ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.
Гэвч шүүгдэгч Х.Жийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах ба тэрээр 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх шатанд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Ж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл сургалтын төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-ийн 78-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж , шүүгдэгч Х.Жийн эрүүл мэндийн даалгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг хэргийн хамт ирүүлсэнийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Х.Жийн гэр бүлийн дундын эд хөрөнгийг бүтүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Х.М нь шүүгдэгчээс өмгөөллийн хөлсөнд төлсөн нийт 650000 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлсний хувьд төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдэд заасан хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан өмгөөллийн зардал, өмгөөллийн хөлсийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасны дагуу төр хариуцахаар заасан тул хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 650000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Харин хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдон гарсан эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 285, 286, 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Хы Жийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.М нь шүүгдэгчээс өмгөөллийн хөлс болох 650000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жийн гэр бүлийн дундын өмч битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Х.Жийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Х.Жт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ