Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/653

 

 

 

 

 

                        

  2021             7              6                                          2021/ДШМ/653

 

 

Н.Б, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б, Б.А нарт холбогдох 1911016530931 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Н-ийн Б, 1975 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

2. Г овгийн Б-ийн А, 1976 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн байранд иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн байранд иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хатагин овгийн Намжилдоржийн Б, Гоёдэмбэрэл овгийн Байгал-Эрдэнийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай  ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Н.Б, Б.А нарт мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн полсо 8 сантиметрийн өргөнтэй 1 ширхэг төмөрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нар хамтран давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Н.Б, Б.А нар нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийн талаар мэдэж байсан боловч зориуд хүсэж үйлдсэн, тэдний үйлдлийн улмаас учирсан хохирол болон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоотой, прокуророос шүүгдэгч Н.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэжээ.

Тэгтэл Н.Бын хувьд ямар буруутай үйлдлийн улмаас хор уршгийн талаар мэдэж байсан байх болж байна вэ? Болсон асуудал гэвэл, Б.А нь Н.Быг заамдаж аваад нүүрэн тус газар нь цохиж унаган ажлын хүнд гутлаараа өшиглөж зодсон ба Ганболд гэж хүн дундуур нь орж салгахад нь Б гарч зугатан цагдаад дуудлага өгөөд өөрийгөө хамгаалах гэж үүдэнд байсан төмрийг бариад орсон түүгээр түүнийг цохиогүй үйл баримт байдаг. Б.Аын баруун гарын 4 дүгээр хуруунд зүсэгдсэн шарх байгаа болохоос Бын үйлдлээс болж учирсан гэдгийг нотлох баримт байдаггүй, А нь хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...төмөр аваад над руу дайрахаар нь би гараараа хааж байгаад гараа урчихсан, ...би гараараа хамгаалж байгаад баруун гарын ядам хурууны дотор талын арьс нь шалбарч зүсэгдсэн, ...ажлаа хийж байгаад юманд авагдсан...”, /хх 25, 27/ гэж шүүх хуралдаанд ч өгсөн мэдүүлэгтээ “...би нэг их тоогоогүй ажлаа хийгээд байсан” гэж мэдүүлсэн байгаа. Тиймээс Н.Бын ямар үйлдлийн улмаас болж гэм буруутай гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, шинжээчийн 7061 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй эсэхийг заавал дахин шалгах, өөрөөр хэлбэл, хэргийн материалаар дахин дүгнэлт гаргуулах хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна. Хэргийн бодит байдлын талаар: Бын үйлдлээс болж Аын биед гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй, ажлаа хийж байгаад гараа эсгэсэн байж болох ба ажлын нөхцөл нь хаалганы 1 мм зузаантай нарийхан лист төмрөөр юм хийдэг онцлогтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох гэсэн хэсгээс бүрдэнэ гэж заасан байна. Гэтэл 843 дугаартай шийтгэх тогтоол нь удиртгал, тогтоох хэсгээс бүрдсэн байгаа бөгөөд хуульд заасан тусгавал зохих асуудлыг тусгаагүй орхигдуулан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Аыг төмрөөр цохиж, гарт нь гэмтэл учруулаагүй. Цохисон гэх төмөр нь хүний гаранд шалбархай үүсгэх хэмжээний төмөр байгаагүй. 5-6 кг жингийн хүндтэй, урт төмөр байсан. Иймд миний гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.Мөнхсүх гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, 1.7 дах заалтад заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмуудыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Б.Аод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Энхбат нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, тус дүүргийн хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр буюу 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байхад хэрэг хянан шийдвэрлэгдсэн байна.

Харин мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх явцад Улсын Их хурал 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль шинээр батлан гаргасан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэгдэж байна. Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Аод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд 2019 онд шилжүүлснээс хойш 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, дахин 2020 онд анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт, хохирогч, яллагдагч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж ял оногдуулсан. Иймд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлаар дахин ярих шаардлагагүй нотлогдсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн байранд иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.А хохирогчоор “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө 06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа ирж Н.Бын өчигдөр хийсэн төмөр гагнасан ажлын шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь би “нэг хийсэн юм олигтойхон хийгээч” гэж хэлээд Н.Бын хийсэн ажлыг өөр хүнээр хийлгэсэн. Тэгээд Н.Б ганцаараа хийх ажлыг Даваанямын хамтаар хийж байсан юм. Тэгсэн цаана нь Энхтөр гэх залуу хоёр хүний ажлыг ганцаараа хийж байхаар нь Даваанямыг Энхтөрд туслаад ажилла гэж хэлсэн чинь Н.Б надад уурлаад “чи ажил хийхийг заахгүй шүү” гээд над дээр ирээд хэрүүл маргаан үүсгээд ажил хийлгэхгүй байхаар нь би Н.Быг цааш нь түлхсэн чинь дахиад над руу ирээд хэрүүл маргаан үүсгээд дайраад байхаар нь би Н.Бын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан бие биеэ заамдаж, харилцан бие биеэ өшиглөж, цохиж байгаад гараад явсан. Тэгээд намайг үүдэн хэсэгт өрөм дээр юм хийгээд сууж байсан чинь гаднаас Н.Б орж ирээд хогийн савны таг аваад толгой руу цохисон. Тэгээд үүдэн хэсэгт байсан төмрийг аваад над руу дайрахаар нь би гараараа хааж байгаад гараа урчихсан.  Энэ үеэр Ганболд дундуур орж салгасан. Тэгсэн Н.Б гараад явсан. Дараа нь цагдаад өргөдөл гаргасан байна лээ. Н.Б над руу төмөр барьж дайрахад нь би гараараа хамгаалж байгаад баруун гарын ядам хурууны дотор талын арьс нь шалбарч зүсэгдсэн. ...” /1хх 25-27/,

гэрч Д.Даваанямын “...хэрүүл маргаан үүсгээд бие биеэ заамдаж харагдсан. Н.Б ах хогийн савны тагаар Б.А ахыг цохиход Б.А ах гараараа хааж байсан. ...” /1хх 37/,

гэрч Э.Энхтөрийн “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахын гагнасан төмрийг Б.А шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь Б.А нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч гэж хэлсэн. Тэгсэн Н.Б ах ганцаараа хийх ажлыг Д.Давааням ахтай хамт хийж байсан. Би цаана нь гагнуурын ажлыг ганцаараа хийж байхыг Б.А харчихаад миний ажилд туслахаар Даваанямыг туслахаар өгсөнд Н.Б ах уурласан. Учир нь миний хийх ёстой гагнуурыг 2 хүн хийх ёстой байдаг юм. Н.Б ах уурлаад Б.А ахад “чи миний ажлыг заахгүй шүү” гээд хэрүүл хийсэн. Би нүүрэндээ баг зүүсэн байсан болохоор хэн хэнийгээ цохисныг сайн хараагүй. Намайг багаа дээш болгоод харахад Н.Б ах, Б.А ах хоёр бие биеэ заамдсан, Н.Б ах хогийн савны тагаар Б.А ахыг цохиж байхыг харсан. Тэгээд дундуур нь Ганболд орж салгасан. ...” /1хх 32-33/,

гэрч Б.Ганболдын “...2019 оны 6 дугаар сарын 8-ны өглөө ажлын байрандаа ирээд Н.Б ахын гагнасан төмрийг Б.А шалгахад гагнасан төмөр нь салсан байхаар нь Б.А “ нэг хийсэн ажлаа олигтойхон хийгээч” гэж хэлсэн. Би цаад талд нь ажлаа хийж байсан чинь гэнэтхэн хүмүүсийн дуу чанга сонсогдоод байхаар нь гайхаад очоод хартал Н.Б ах газар суучихсан, Б.А ахыг цааш түлхсэн чинь Н.Б ах гараад явсан. Ингээд буцаад очоод ажлаа хийж байтал ойролцоогоор 10-аад минутын дараа чанга чанга дуу гарахаар нь гайхаад очоод Н.А наад талд нь зогсож байсан, Н.Б үүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр бариад зогсож байсан. ...” /1хх 41-42/,

“...Б.Аын биед баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7061 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 57/,

гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8, 12/, хохирогч Б.Аын гар руу цохисон гэх төмрөнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-10/, хохирогч Б.Аын гаранд өмсөж байсан резинен бээлийд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-13/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн байранд иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.Б хохирогчоор “...2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө 06 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байранд ирээд байж байтал Б.А миний өчигдөр хийсэн ажил буюу төмөр хаалганы тавцанг гагнасныг шалгахад төмөр гагнагдаагүй салсан байсныг голоод өөр хүнээр хийлгэх болсон. Тухайн үед би Б.Аод юм хэлээгүй. Компани удирдаж байгаа хүн гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би ажил дээрээ Давааням гэх туслах ажилтантай гагнуурын ажил хийж байтал Б.А надтай хамт ажил хийж байсан Даваанямыг Энхтөр гэдэг залууд нэмэлтээр ажилла, намайг гагнуурын ажлаа ганцаараа хий гэхээр нь би ганцаараа амжихгүй гэж хэлсэн чинь Б.А шууд намайг заамдаж аваад нүүрэн тус газар хоёр удаа цохиж, ажлын хамгаалалтын хүнд гутлаар гэдэс болон хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Ганболд дундуур орж салгасан. Миний бие Б.Аод гар хүрсэн зүйл байхгүй. Тэгээд шууд гараад гадаа утсаар цагдаад дуудлага өгчихөөд үүдэнд байсан төмрийг аваад дотогш ороход Ганболд дундуур орж миний гарт байсан төмрийг салгаж аваад Б.Атой маргалдаж “Б.Аыг чи яахаараа хүнийг доромжилж, зодож цохидог юм бэ” гээд бид хоёрыг салгасан. Тэгээд би буцаж гараад гадаа байж байтал цагдаа ирсэн. Тэрнээс би гартаа төмөр бариад Б.А руу дайрсан зүйл байхгүй. Цагдаа ирэхэд Б.А гараа боочихсон харагдсан. Гараа юунд урсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. ...” /1хх 19-20/,

“...Н.Бын биед баруун гарын зөөлөн эдийн няцрал , зүүн хацар, эрүү зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Баруун гарын зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7042 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 52/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б, Б.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Н.Бын иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн шүүгдэгч Б.Аын иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх, шүүгдэгч Н.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүх, шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж чадсан, хохирогчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Н.Б, Б.А нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын хамтран гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Б.Аод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б, Б.А нарт холбогдох хэргийг түдгэлзүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлэх нөхцөл арилсан тул хэргийг сэргээж шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх явцад анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэж байснаас өөр шүүгдэгч нарт ашигтай нөхцөл байдал үүссэн буюу Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгосон тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол гарсан байна.

Шүүгдэгч Н.Б, Б.А нар нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө буюу 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэж, яллагдагчаар тус тус татагдсан бөгөөд энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Н.Б, Б.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/843 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Н.Б, Б.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Б, Б.А нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ