Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0289

 

 

 

 

 

 

 

 

С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулж томилсон нь илт хууль бус болсон тул Б/75 дугаар тушаалын С.Төгсдэлгэр надад холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, С.Төгсдэлгэрийг урьд эрхэлж байсан хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргад даалгах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 тушаалаар С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулж томилсон нь илт хууль бус болохыг тогтоож, С.Төгсдэлгэрийг урьд эрхэлж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн137 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэгт хамааралгүй үйл баримтад дүгнэлт хийсэн алдаа: Шүүх нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэлдээ Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 386 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг заасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт "Шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Хоёр. Нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийг ажлаас чөлөөлсөн тушаалд гомдол гаргаагүй үндэслэлд шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны дээд хязгаарыг баталсан.

Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас спортын чиг үүргийг тусгаарлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, эрүүл мэндийн чиглэлийг Эрүүл мэндийн яамыг дагнан хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар тус яамны албан тушаалтнуудыг тухайн эрхэлж байсан ажлаас чөлөөлөхөд нэхэмжлэгч С.Төгсдэлгэр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Энэ тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч С.Төгсдэлгэр гомдол гаргаагүй болно.

С.Төгсдэлгэр нь албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрт гомдол гаргаагүй атлаа түүний /р дагавар болсон ажилд томилсон тушаалд гомдол гаргаж буй нь эрх зүйн үр дагаварын хувьд үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна.

Шүүх дээрх үйл баримтын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон ч гэсэн түүнийг ажлаас чөлөөлсөн Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн Б/74 дугаар тушаал хүчин төгөлдөр буйг шүүх анхаараагүй байна.

Гурав. Албан тушаал буруулах эрх зүйн үндэслэлийн талаар: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 27.2.3 дахь хэсгийг хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон нь зөв гэж үзэж байна.

Учир нь, Шүүхээс дээрх хуулийн зүйл заалтыг хариуцагч шийдвэр гаргахдаа хэрэглэснийг буруутгаагүй байна. 21 Шүүх тухайн заалтуудад юу гэж заасныг зөвхөн хуулбарлан авч үзжээ. 3/ Шүүхийн тайлбарлаж буй Төрийн албаны тухай хуулийн 23.1, 23.1.2 дахь заалтыг хариуцагч шийдвэр гаргахдаа баримтлаагүй болно. Иймд хариуцагчаас маргаан бүхий тушаалын үндэслэл болсон эрх зүйн зохицуулалт хуульд нийцсэн.

Харин шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 23.1, 23.1.1, 23.1.2 дахь заалтыг тайлбарлан хэрэглэхдээ албан тушаал бууруулах болсон үндэслэлийг Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн Яамны чиг үүрэг өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын бүтцийн өөрчлөлттэй холбон авч үзээгүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хариуцагч албан тушаал бууруулаагүй, бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан албан тушаалаас чөлөөлсний дараа түүнийг ажлын байраар хангах зорилгоор цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилсон нөхцөл шалтгааныг шүүх нягтлан үзэлгүйгээр шууд л албан тушаал бууруулсан гэсэн дүгнэлт хийж, шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд С.Төгсдэлгэр төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан, түүний ажлыг 2016 оны үр дүнгийн гэрээгээр дүгнэсэн үнэлгээ маргаан бүхий тушаалд хамааралгүй юм.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийг албан тушаал бууруулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт оролцогчдын хооронд үүссэн маргаан бүхий шийдвэрт хамаарал бүхий эрх зүйн болон шалтгаант нөхцлийг нягтлан үзэж, хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хамааралгүй асуудлыг бүхэлд нь ялган зааглаагүйгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн шийдвэр болжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Төгсдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11  дүгээр сарын 07-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар тус яамны бүтэц өөрчлөгдсөн учир өмнөх бүтцэд ажиллаж байсан нийт албан хаагчдыг чөлөөлж, улмаар мөн өдрийн Б/75 дугаар тушаалаар шинэ бүтцийн дагуу ажилтнуудыг томилохдоо С.Төгсдэлгэрийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилжээ. С.Төгсдэлгэр нь энэ Б/74, Б/75 дугаар тушаал гарахаас өмнө Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан байна.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан буюу Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажлын байр хэвээр батлагдсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээ Спортын салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийх чиг үүрэг хасагдсан гэх агуулгаар тайлбарлаж байна. Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэнд болон Спортын салбарууд тусдаа яамд болсон байх боловч нэхэмжлэгч нь эрүүл мэндийн салбарын мэргэшсэн алба хаагч байх бөгөөд түүний эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс спортын хэсэг нь хасагдсан,  эрүүл мэндийн хэсэг нь үлдсэн байгаа нь уг ажлын байрны бүтэц (чиг үүрэг) өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл биш юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийг баталсан тогтоолын дагуу Эрүүл мэнд, спортын яамнаас спортын салбар тусдаа зохион байгуулагдсан байх бөгөөд Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын ажлын байр нь хэвээр байхад хариуцагчаас яамны бүтэц өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилолгүй  Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр албан тушаал бууруулан томилсон нь түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн, хууль бус шийдвэр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “С.Төгсдэлгэр нь албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрт гомдол гаргаагүй атлаа түүний үр дагавар болсон ажилд томилсон тушаалд гомдол гаргаж буй нь эрх зүйн үр дагаварын хувьд үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна” гэх тухайд:

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/74 дүгээр тушаал нь уг яамны бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуучин бүтцээр батлагдсан нийт албан тушаалд ажиллаж байсан ажилчдыг чөлөөлсөн шийдвэр байх бөгөөд нэхэмжлэгч энэ тушаалтай маргах үндэслэлгүй, энэ тушаал нэхэмжлэгчид чиглэсэн ганцаарчилсан үр дүн үүсгээгүй, энэ тушаал хүчинтэй байгаа нь шинэ бүтцээр бий болсон өмнө нь эрхэлж байсан албан тушаалд томилолгүй албан тушаал бууруулан томилсон шийдвэртэй маргахад саад болохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ