Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0831/З |
Дугаар | 57 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 57
“П Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,
тус газрын Үнэлгээний хороо, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “П Э” ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендер шалгаруулалтад “П Э” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0877 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: “П Э” ХХК-ийн захирал Д.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Д.Н,
Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,
Хариуцагч: НХААГ-ын Үнэлгээний хорооны дарга Б.Б,
Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Гуравдагч этгээд: “З б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч З.С.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-д заасныг тус тус баримтлан “...Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “П Э” ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендер шалгаруулалтад “П Э” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “П Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0877 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн төлөөлөгч Д.Т-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...НХААГ-ын 02\1616 дугаар албан бичигт хавсаргасан үнэлгээний хорооны дүгнэлтэд ТОӨЗ-ын 6.3 \г\-д барилгын, цахилгааны, халаалт, агаар сэлгэлтийн инженер тус бүр 3 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үнэлсэнд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.
4. Учир нь “П Э” ХХК нь тендерийн баримт бичигтээ барилгын инженер Г.Болд-Эрдэнэ, цахилгааны инженер П.Амаржаргалын материал \Тендерийн баримт бичгийн 86-92; 114-117\-ыг бүрэн хүргүүлсэн бөгөөд халаалт, агаар сэлгэлтийн инженер Ө.Бямбадаваагийн материал \Тендерийн баримт бичгийн 93-97\-тай бүрэн танилцалгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Агаар сэлгэлтийн инженер Ө.Бямбадаваа нь барилгын коллежийг 2013 онд төгссөн бөгөөд “Үйлчилгээний орон сууцны халаалт, агаар сэлгэлт” сэдвээр дипломоо хамгаалсан байдаг.
5. Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу доод тал нь 5 жил мэргэжлээрээ ажиллаж байж Мэргэшсэн инженер цол авдаг бөгөөд манай тендерийн материалд хүргүүлсэн барилгын инженер Г.Болд-Эрдэнэ нь мэргэшсэн инженер юм. Энэ талаарх баримт нь тендерийн баримт бичигт хүргэгдсэн бөгөөд үүнийг шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.
6. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “П Э” ХХК-ийг тендерт шалгарах эсэх талаар дүгнэлт хийснээс бус “З б” ХХК-ийн тендерийн материал түүнийг уг тендерт шалгарах эсэх асуудлын хүрээнд огт дүгнэлт хийгээгүй байдаг. Үүнд:
7. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “З б” ХХК нь Баянзүрх дүүргийн 3-р хорооны цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийж гүйцэтгэх буюу маргаан бүхий тендер шалгаруулалтаас өөр /маргаан бүхий тендерийн обьект нь Сонгинохайрхан дуургийн 12-р хороо, 105 дугаар цэцэрлэгийн барилгын ажил/ ажил хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог боловч анхан шатны шүүхийн 128\ШШ2017\0832 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт хариуцагч талын тайлбараар “санамсаргүй техникийн шинжтэй, хэлбэр төдий алдаа” гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйл, Сангийн сайдын 2014 оны 212 тоот тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ыг зөрчиж байна.
8. Өөрөөр хэлбэл “З б” ХХК-ийн тендерт шалгарсан гол үзүүлэлт нь мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан бага үнийн санал гэж шүүхээс дүгнэх боловч “З б” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь маргаан бүхий тендерийн үнийн санал биш байдаг. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан барилгын хөгжлийн төвийн экспертизийн дүгнэлтээр тогтоогдсоор байтал шүүх цэцэрлэгийн барилгын ажлын үнийн саналыг гадна тохижилтын ажлын үнийн саналтай адилтган дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
9. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16-д Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй буюу барилга байгууламжийн зураг төсөл заавал шаардагдах шалгаруулалт байтал зураг төсөлгүй, өөр тендерийн материал ирүүлсэн /цэцэрлэгийн гадна тохижилтын ажилд ямар ч зураг төсөл шаардагдахгүй/ “З б” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг зөвтгөн тайлбарласан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Төрийн болон орон нутгийн хөрөнгөар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үндсэн зарчим нь тендерт оролцогчдод талуудад тэгш боломж олгоход оршдог. Гэтэл маргаан бүхий тендер шалгаруулалтад тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаагүй үйл баримт тогтоогдож байхад хариуцагч хуулиар хүлээсэн эрх хэмжээгээ хэтрүүлж, тендерт оролцогчдод өгөх зөвлөмж \ТОӨЗ\-ыг өөрчилсөн үйлдлийг зөвтгөн тайлбарласан нь “П Э” ХХК-ийг шударгаар өрсөлдөх эрхийг хязгаарлаж байна. Энэ нь “З б” ХХК-ийн ТОӨЗ-д заасан агаар сэлгэлтийн инженер нь бакалаврын зэрэгтэй биш байхад мэргэжилтэй инженерийн түвшинд үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг шүүхээс зөвтгөн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан нь харагддаг.
11. Маргаан бүхий тендерт шалгарсан “З б” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь эх баримтаас хуулбарлаагүй, хуулбараас хуулбарласан үнэлэх боломжгүй баримт ирүүлснийг үнэлгээний хороо үнэлж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон ТОӨЗ-ийн 4.4.\а\- д “Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ” гэж заасныг зөрчиж байхад шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
12. Мөн “З б" ХХК-ийн санхүүгийн чадавхаа нотолсон баримт нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу дансны үлдэгдлийн мэдээлэл байхгүй, банкны баталгаа ч биш албан тоот байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байдаг.
13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 211\МА2017\0877 дугаар магадлалын Хянавал хэсэгт “...Тодруулбал захиалагчаас тендерт оролцогчдод ажлын зураг ирүүлсэн байх шаардлага тавьсан атлаа тендер шалгаруулалтыг явуулахдаа “...захиалагчаас шалгарсан тохиолдолд 14 хоногт зургийг гүйцэтгэх гэрээ ирүүлсэн учир шаардлагад нийцнэ гэж үзнэ...” гэж дүгнэн, тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангаагүй “З б” ХХК-ийг шалгаруулсан нь буруу болжээ. Гэвч ...нэхэмжлэгч “П Э” ХХК нь өөрөө тендерийн баримт бичигт заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийн хянан үзэх үе шатнаас хасагдсан тул ...нэхэмжлэгчийн тендерт оролцох эрх сэргэж хамгаалагдахгүй байна ” гэжээ.
14. Анхан шатны шүүх “З б” ХХК-д тендерийн баримт бичигт тусгайлан заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх үнэлэлт өгсөн боловч нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэдэг үндэслэлээр дүгнэлт хийж байгаа нь энэхүү тендер хууль ёсны явагдсан эсэх, түүний үр дагавар олон зуун хүүхдийн эрүүл манд, аюулгүй байдаг, байрлах цэцэрлэгийн чанар байдалтай холбоотой талаас нь шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.
15. Учир нь барилгын зураг тендерийн материалдаа ирүүлээгүй “З б” ХХК нь шалгарсныхаа дараа хийгдсэн магадлалын дүгнэлтээр төсөвт өртөг нь 684 сая байсан ажил 870 сая болж өөрчлөгдсөн байх жишээтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь магадлалын дүгнэлт хамаагүй 684 саядаа багтааж ажлыг гүйцэтгэх талаар тайлбарласан байдаг. Энэ нь 105 дугаар цэцэрлэгийн барилга нь чанаргүй барилга баригдах магадлалтайг хангалттай нотлон харуулж байна.
16. “З б” ХХК нь өөр дүүргийн цэцэрлэгийн гадна тохижилтын тендерт бэлдсэн материалаа маргаан бүхий тендерийн “цэцэрлэгийн барилга” шалгаруулалтад оруулж ирсэн байх бөгөөд шалгарснаар ажлын зургаа хийлгэж магадлангаар оруулахад төсөвт өртөг нь ийм зөрүүтэй гарах нь мэдээжийн хэрэг юм. Учир нь цэцэрлэгийн гадна тохижилтын ажлын төсөв, цэцэрлэгийн барилгын ажлын төсөв хоёр хэт зөрүүтэй байх нь хэн хүнд ойлгомжтой.
17. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
19. А/ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-17/0181 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 100 ор /СХД, 12 дугаар хороо, 105 дугаар цэцэрлэг/-ын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан бол гуравдагч этгээд “З б” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж үзэн сонгон шалгаруулжээ.
20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзахаар хуульчилсан байна.
21. Хуулийн энэ шаардлагын дагуу тус тендерийн Үнэлгээний хороо нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль зөрчөөгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
22. Нэхэмжлэгч нь “манай компани тендерийн баримт бичигтээ инженер техникийн ажилтнуудын холбогдох материалыг бүрэн өгсөн байхад Үнэлгээний хороо тэдгээртэй бүрэн танилцаагүй, үндэслэлгүй дүгнэлт гаргасан” гэж маргасан байх боловч тус тендерийн баримт бичигт хавсаргасан баримтуудаас үзэхэд барилгын инженер Г.Болд-Эрдэнэ, цахилгааны инженер П.Амаржаргал, халаалт, агаар сэлгэлтийн инженер Ө.Бямбадаваа нар нь ажлын туршлагын хувьд мэргэжлээрээ 3 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон байна.
23. Тодруулбал, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 6.3(г)-д “...Инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг ирүүлнэ. ...Дараах хүснэгтэд үзүүлсэн ...инженер техникийн ажилтныг ажиллуулна: ... барилгын инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер, цахилгааны инженер: хүний тоо тус бүр 1, ажлын туршлага 3 жил, барилгын инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер, цахилгааны инженер мэргэжилтэй байх” гэж заасан.
24. Нэхэмжлэгчээс Г.Болд-Эрдэнийг тус компанид 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш барилгын инженерээр, П.Амаржаргалыг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш цахилгааны инженерээр ажилласан гэж тодорхойлсон байх боловч тендерийн баримт бичигт тэдний 2017 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлсэн, түүнээс өмнөх тухайн мэргэжлээрээ ажиллаж байсныг нотлох баримт болон өөрчлөлтийг тэмдэглэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлээгүй. Түүнчлэн инженер Ө.Бямбадавааг Барилгын коллежийг 2013 онд төгссөн, “Үйлчилгээний орон сууцны халаалт, агаар сэлгэлт” сэдвээр диплом хамгаалсан гэж тодорхойлсон боловч түүнийг халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэйг нотолсон баримтыг ирүүлээгүй, түүний үндсэн мэргэжил нь сантехникийн инженер байна.
25. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-17/0181 дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тендер шалгаруулж, тендерт оролцогч “П Э” ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг нь ТОӨЗ-ны 6.3(г)-д заасан шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагад нийцээгүй үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасантай нийцсэн, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байна.
26. Иймд нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “П Э” ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендер шалгаруулалтад “П Э” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.
27. Б/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх “З б” ХХК-ийн тендерийн баримт бичигт тусгайлан заасан шаардлагыг хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх үнэлэлт өгсөн боловч нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэсэн дүгнэлт хийж байгаа нь энэхүү тендер хууль ёсны явагдсан эсэх, түүний үр дагаврыг шүүх анхаарч үзсэнгүй...” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.
28. Хариуцагч Үнэлгээний хороо нь гуравдагч этгээд “З б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж үзэн шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулахаар зөвлөсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасныг зөрчсөн байхад шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
29. Учир нь, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 31.1(з).4-т “Зураг төсөл боловсруулах байгууллага нь ажлын зураг, төсвийг боловсруулж тендерт ирүүлэх ба тендерт шалгарсан тохиолдолд Захиалагчид шүүмж хийлгэж, экспертизээр баталгаажуулж, ажлын зураг төсөл боловсруулах явцад захиалагч байгууллагатай зөвшилцөх, магадлал хийлгэх ажлыг 14 хоногийн дотор гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсний дараа барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлнэ” гэж заасан.
30. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “З б” ХХК нь тус тендерт оролцохдоо ТОӨЗ-ны 31.1(з).4-т заасан “...ажлын зургийг боловсруулж тендерт ирүүлэх...” гэсэн шаардлагыг хангаагүй, тендерийн материалд барилгын ажлын зургийг ирүүлээгүй байхад тус Үнэлгээний хороо нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар уг тендерээс татгалзаж шийдвэрлэх байтал тус компанийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн” гэж үзэж шалгаруулсан нь худалдан авах ажиллагаанд “тэгш боломжтой өрсөлдөх” зарчим болон хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.
31. Иймд, нэхэмжлэлийн зарим шаардлага болох Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
32. В/ Анхан болон давж заалдах шатны шүүхийн, “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
33. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт” гэдгийг захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор заасан. Дээрх 02/1616 тоот албан бичгээр нэхэмжлэгч “П Э” ХХК-д Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн мэдэгдэл нь зөвхөн нэхэмжлэгчид чиглэсэн буюу тус компанийг тендерт шалгараагүй болохыг “мэдэгдсэн” агуулгатай, өөрөөр хэлбэл тус мэдэгдэл нь захиргааны актад тавигдах үндсэн шинж, захирамжилсан болон эрх зүйн үр дагавар үүсгэх шинжийг агуулаагүй тул уг мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ.
34. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0832 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0877 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4, 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П Э” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “З б” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын “З б” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай” гэж, 2,3 дахь заалт нэмж, “2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг баримтлан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендерийн үнэлгээний хорооны “П Э” ХХК-ийн тухай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 17/0181 тоот тендер шалгаруулалтад “П Э” ХХК нь тендерийн материал ирүүлж, шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай”, 3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/1616 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахыг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн “2” гэсэн дугаарыг “4, 5” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА