Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00694

 

 “Цемент шохой” ХК-ийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2015/07457 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 592 дугаар магадлалтай,

“Цемент шохой” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт холбогдох           

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 221.399.739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, Ч.Өсөхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантогосын гаргасан тайлбарт: “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу манай талаас үүргээ биелүүлж цемент нийлүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 186 327 189 төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу алданги 35 072 000 төгрөг, нийт 221 399 739 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээний дагуу ачилтыг "Жинст транс" ХХК руу цементийг ачуулсан. "Жинст транс" ХХК-тай тооцоо нийлж явж байгаад гэрээний дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь өөрөө тооцоо нийлэх шаардлагатай байсан учир манайхаас тооцоо нийлэх акт явуулах хүсэлт гаргасны дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Барилга захиалагчийн ажлын алба гэдэг байгууллага бидэнтэй тооцоо нийлж байсан. Ийм учир талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өсөхбаяр, М.Уранбилэг нарын гаргасан хариу тайлбарт: “2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр "Жинст транс" ХХК-иар барилгын угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээгээр барилгын гүйцэтгэгч шалгаруулан хариуцуулсан. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр "Цемент шохой" ХК-тай цемент худалдах, худалдан авах гэрээг "Жинст транс" ХХК-ийн нэрийн өмнөөс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай гэрээ байгуулсан. Манай байгууллагад Ц.Сэр-Од гэдэг нягтлан бодогч байдаггүй. Тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учир бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан, авч ашигласан байгууллага бол "Жинст транс" XXК гэдэг нь батлагдаж байна. Тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй байгаа тул нотлох баримтыг шинжлэн судлах үед нэхэмжлэлийн үнийн дүнг харгалзаж үзнэ үү гэж хүсч байна. "Цемент шохой" ХК болон "Жинст транс" ХХК-ийн хоорондын тооцоо нийлсэн акт болон бусад зүйлүүдээс "Жинст транс" ХХК нь хариуцагч болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2015/07457 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 заалтыг баримтлан хариуцагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 191 963 858 төгрөг 50 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч "Цемент шохой" ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 435 880 төгрөг 50 мөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 1 264 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 117 764 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Цемент шохой" ХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 592 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2015/07457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, Ч.Өсөхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2015/07457 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 592 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, “Цемент шохой” ХК-ийн хооронд цемент нийлүүлэх 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Ц/2014.13 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр “Цемент шохой" ХК нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт цемент нийлүүлэхээр заасан боловч цементийг “Жинст транс” ХХК-д шилжүүлж, “Жинст транс” ХХК нь нийт 181.828.251 төгрөгний цементийг худалдан авч, үүнээс 5.000.000 төгрөгийг 'Цемент шохой” ХК-д төлсөн нь компаниудын хоорондын тооцоо нийлсэн актаар баталгаажиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, “Цемент шохой” ХК-ийн хооронд байгуулсан цемент нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлон, хариуцагч нь “Жинст транс” ХХК-ийн өмнөөс гэрээ байгуулах итгэмжлэл аваагүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь хэн нэгний өмнөөс үүрэг хүлээж, батлан дааж байгаа тухай дурдаагүй байх тул түүнийг худалдах, худалдан авах гэрээний оролцогч мөн, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна гэж үзсэн. Шүүхээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, “Цемент шохой” ХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн ч гэрээний гол нөхцөл болох бараа /цемент/-г “Цемент шохой” ХК-ийн талаас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын өмчлөлд шилжүүлэх буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх....” байсан. Гэвч Иргэний хуульд заасан гэрээний шаардлагыг бодит байдалд хангаагүй буюу талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжээгүй, “Цемент шохой” ХК нь гэрээний 5.3, 5.7-д заасан худалдагчийн хүлээх үүргээ биелүүлээгүй байгааг шүүх үнэлээгүй. Мөн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт “Худалдан авагч эд хөрөнгө хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс барааг хүлээн авсныг гэрчлэх баримт байхгүй, харин “Жинст транс” ХХК нь барааг хүлээн авч, тооцоо нийлсэн талаар хавтаст хэрэгт баримт авагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлж үзээгүй. Шүүхээс Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар “Жинст транс” ХХК-ийг худалдан авагч гэж тогтоох бүрэн үндэслэлтэй байхад барааг хүлээн авч тооцоо нийлээгүй манай байгууллагыг шууд худалдан авагч мөн гэж тогтоосон. Иймд хэргийн бодит байдал, талуудын хооронд байгуулсан гэрээний холбогдох заалт, эрх үүргийг шинжлэн судлаагүй анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс алдангийг тооцож бодохдоо гэрээний 7.3-т “Худалдан авагч нийлүүлсэн барааны төлбөрийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн хугацаа дууссан өдрөөс төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувь алданги төлнө” гэж заасны дагуу бараа буюу цементийн төлбөрийн үлдэгдлээс тооцох ёстой байсан. “Цемент шохой” ХК, “Жинст транс” ХХК нарын хоорондын тооцоо нийлсэн актаас үзэхэд 181.828.251 төгрөгний цементийн худалдан авалт хийж, цементийн төлбөрт 3.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус төлж, нийт 176.828.251 төгрөгийн цементийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт барааны төлбөрийн үлдэгдлийг 186.327.189 төгрөгөөр тооцсон /энэхүү үлдэгдэлд бараа буюу цементэд үл хамаарах таталт тавилтын хөлс 1.574.138 төгрөг 50 мөнгө, тээврийн хөлс 7.924.800 төгрөгийг оруулан тооцсон байгаа/ нь алдаатай байгаа талаар давж заалдах гомдолд дурдсаныг үнэлж үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч “Цемент шохой” ХК нь хариуцагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 221.399.739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч нь “Жинст транс” ХХК тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд хийгдсэн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нь 1000 тонн цемент худалдах, хариуцагч нь 1 тонн цементийг ОРС 42.5 марк задгайгаар 151 935 төгрөг, ОРС марк савтайгаар 160 050 төгрөгөөр тооцож төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг  худалдах, худалдан авах гэрээний үүрэг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д нийцсэн байна. /хх-8-10/

“Цемент шохой” ХХК, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хооронд  2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн  “Цемент худалдах, худалдан авах” Ц/2014.13 тоот гэрээгээр цементийн хэмжээ, нэгжийн үнэ, захиалах журам, нийлүүлэх хугацаа, төлбөр төлөх нөхцөл, хуваарийг харилцан тохиролцож тогтоосон байх тул “...гэрээг “Жинст транс” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэгчтэй байгуулсан, цементийн үнийг “Жинст транс” ХХК төлнө” гэж тайлбарласан хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т нийцэхгүй, түүнчлэн хариуцагч нь “Жинст транс” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах итгэмжлэл байхгүй, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь хэн нэгний өмнөөс үүрэг хүлээж, батлан даасан тухай баримтгүй тул  нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан байгууллагыг   худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг зөрчөөгүй. 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь цемент худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч “Цемент шохой” ХХК-тай байгуулж, гэрээний дагуу нийлүүлсэн цементийг  “Жинст транс” ХХК хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай  “Жинст транс” ХХК-ийн байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай” 13/14 гэрээгээр  тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид  шаардах эрх үүссэн тухай дүгнэж,  хариуцагчаас  186 327 189 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн тайлбарлаж,  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 181 828 251 төгрөг гэж тооцон, 5.636.669,50  төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

            Иймээс “...анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт барааны төлбөрийн үлдэгдлийг 186.327.189 төгрөгөөр тооцсон нь алдаатай байгаа талаар давж заалдах гомдолд дурдсаныг үнэлж үзээгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уранбилэг, Ч.Өсөхбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2015/07457 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 592 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өсөхбаяр, М.Уранбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                                      ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН