Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/01075

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 02

101/ШШ2023/01075

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Н /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай компани 2016 онд анх үүсгэн байгуулагдаж тус оноос аялал жуулчлалын чиглэлээр Дөрвөн Улирал амралтын газар одоог хүртэл ажиллуулж байгаа билээ. А.Н нь анх 2018 онд манай компанид туслах ажилтнаар ажилд орж, 2020 оноос эхлэн ахлах тогоочоор ажиллах болсон. А.Н гийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А ХХК-тай хийгдсэн байсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд манай компанид харьяалалтай ажилтан гэж үзэн Цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Уг зээлийг сар бүрийн цалингаас 550,000 төгрөг суутгаж байхаар графикчилсан хүснэгтийн дагуу барагдуулахаар тохиролцсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 05-ны цалингаас 550,000 төгрөг суутгаж, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласны дагуу 4,400,000 төгрөг төлөгдөөд байгаа. Төлөгдөөгүй үлдсэн нь нийт 5,600,000 төгрөг. 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А.Н нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж ажлын байран дээр ёс бусаар аашилж хэрүүл хийн өөрийн дураар оргон зугтах маягаар ажлаа гэнэт хаяж явсны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдан А.Н тэй хийсэн цалингийн зээлийн гэрээ хүчингүй болсон болно. Ийнхүү Цалингийн Зээлийн гэрээ хүчингүй болсон боловч А.Н нь үлдсэн төлбөрөө төлж барагдуулахаас зугтан зайлсхийж өнөөг хүрсэн Шүүхэд А.Н гээс 5,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Н гийн тайлбарыг үндэслэж нотлох баримтыг шинжлэн судлахад А.Н нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд тус тус 550,000 төгрөгийг нийт 1,650,000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-ийн захирлын данс руу шилжүүлж өгсөн нь тогтоогдож байна. Иймд А.Н гийн гаргасан тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5,600,000 төгрөгөөс 1,650,000 төгрөгийг хасаж 3,950,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанид туслах ажилтанаар анх ажилд орсон ба 2020 онд ахлах тогоочийн ажилд томилогдон 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаж байсан компаниасаа 10,000,000 төгрөг зээлсэнтэй маргахгүй, үнэн болно. Манай компани сард 2 удаа цалингаа ажилчиддаа олгодог байсан бөгөөд миний цалингаас сар бүрийн 05-ны өдөр 550,000 төгрөгийг зээлд суутган авч үлдэгдэл мөнгийг өгдөг байсан. Харин нэхэмжилж байгаа 5,600,000 төгрөгийн үнийн дүнг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 1/ Ажлаас гарсны дараа А ХХК-ны захирал М.А тай утсаар холбогдож 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үлдэгдэл цалингаа авъя гэж утсаар холбогдоход үлдэгдэл цалинг чинь өгөхгүй зээлээс чинь хасаж тооцно гэж хэлж байсан боловч тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний үлдэгдэл цалинг хасаж тооцоогүй байх тул 11 хоног ажилласан өдрийн цалин болох 550,000 төгрөгийг А ХХК-с гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан болно. 2/ Миний зүгээс зээлийн гэрээг гэнэт цуцалж үлдэгдэл төлбөрөө бөөнд нь нэхэж байгааг ойлгохгүй байгаа бөгөөд хууль бус гэж бодож байна. Би 2022 оны 8 дугаар сарын төлбөрийг үлдэгдэл цалингаас бүрэн суутгаж дууссан гэж бодож 2022 оны 9 дүгээр сараас эхлэн зээлийн графикт төлөлтийг төлж эхэлсэн ба 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөгийг тус тус А ХХК-ийн захирал М.А ын Голомт банкны 1109..... тоот данс руу шилжүүлж байсан. Иймд зээлийн графикт төлбөр төлсөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 550,000 төгрөгийг тус тус үлдэгдэл зээл болох 5,600,000 төгрөгөөс хасаад, түүнчлэн сөрөг нэхэмжлэлд дурдсан 3,850,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр болох 100,000 төгрөгийг төлхөд би бэлэн байна гэжээ.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, М.А ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, А ХХК-ийн дүрэм /хх-5-8/, цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-9-10/, 2018.06.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-11-15/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-39/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-81-83/, шүүх хуралдааныг эзгүйд хийлгэх хүсэлт /хх-102/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22, 46/, хүсэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-32, 33-38/, хариу тайлбар /хх-45/, Голомт банкин дахь А.Н гийн 1305114606 тоот төгрөгийн дансны 2022.06.01-2022.12.14-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-47-65/, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-66, 67/.

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: М.А ын Голомт банк дахь 1109..... тоот дансны 2022.09.01-2022.11.30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга /хх-93-99/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Н д холбогдуулан цалингийн зээлийн үлдэгдэл 5,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч нь цалингийн зээл авсан талаар маргаагүй боловч түүний төлсөн 1,650,000 төгрөгийг хасч тооцоогүй нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн ажиллаж байсан хугацааны үлдэгдэл цалин 550,000 төгрөг, авбал зохих ээлжийн амралтын мөнгө 3,300,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 100,000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Хэрэгт нэхэмжлэгч А ХХК, хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан Цалингийн зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээгээр А.Н гийн хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хүртэл 18 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг хүүгүй олгохоор харилцсан тохиролцжээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Хариуцагч А.Н нь А ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь амралт, аялал зуучлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээд байх ба хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хүсэлтийн дагуу цалингийн зээлийн гэрээ байгуулан зээл олгосон нь хууль зөрчөөгүй, ажилтныхаа хүсэлтийн дагуу зээл олгосон үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

 

6. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байх боловч зээлдэгч А.Н нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлаа орхиж яван, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан цалингийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаарджээ.

 

Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн зээл авсан асуудлаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон зээлийн төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 4,400,000 төгрөг /550,000төгрөг х 8 сар/ төлөгдсөн гэж, үлдэгдэл 5,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан нэхэмжлэгч А ХХК-ийн захирал М.А ын данс руу хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 10 дугаар сарын 05-ны өдөр, 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус 550,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрөөс хасаж тооцно гэх тайлбарыг гаргасан тул шаардсан 5,600,000 төгрөгөөс 1,650,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2018-2021 оны ээлжийн амралтын мөнгө нийт 3,300,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олгогдоогүй цалин 550,000 төгрөг, нийт 3,850,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан хөдөлмөрийн харилцаатай холбоотой ээлжийн амралтын мөнгө , олгогдоогүй цалин хөлс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэг шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч А.Н гээс зээлийн гэрээний үүрэгт 3,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 104,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

12. Нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал М.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлөн оролцсон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааныг өөрийн эзгүйд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хийлгэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн.

 

Мөн хариуцагч А.Н д 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, хариуцагч нь мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А.Н гээс 3,950,000 /гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,650,000 /нэг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 104,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н гээс улсын тэмдэгтийн хураамжид 78,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР