Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч *,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            *сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *т холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн *суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, * аймгийн * сумын *дугаар багт оршин хаягтай * (РД:*).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой *сумын * 3 дугаар багийн нутаг, Фермер хороолол гэх газарт иргэн  *ын гэрийн хаалганы цүүг эвдэж гэрт орж “Элко” брэндийн 32 инчийн зурагтыг хагалж 555,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *ийн өгсөн: “...2024 оны 07 сарын 24-ны өдөр орой би *ынд очиж, түүний нөхрийг гуйж * рүү архи авахаар яваад гэртээ ирээд унтсан. Энэ хэд дахиад *ийг хүргэж өгөнгөө дахиад архинд явсан. Би * гэх дүүгээ дагуулаад нөхрийгөө хайж *ынхаар орсон. Гэрт нь байхгүй байсан тул гудамжаар хайж яваад манай хашааны ойролцоо таараад * * * гурваас би машинаа аваад нөхрийгөө сэрээж гэрт нь оруулж унтуулсан. Тухайн үед энэ хоёрт болохоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гэж уурлаагүй ч уурлангуй хэлсэн. Тэгээд * *өөс авсан архиа аваад нөхөртэйгөө гэр лүүгээ харьсан. ТУхайн үед үүр цайж байсан бөгөөд 5-6 цагийн орчимд * * хоёр манайд буцаж ирсэн. * түрүүлээд аавынхаа Бонго Портер маркийн тээврийн хэрэгслийг согтуу жолоодож ирээд манай хашаанд надтай хэрүүл хийж, үснээс зулгааж, зодоон шахуу зүйл болсон. Тэгээд би зугтаагаад гэр лүүгээ ороход араас орж ирээд орилж хашхирч агсам согтуу тавьж, хэрүүл хийсэн. Тэгээд явахдаа манай хашаанд хоёр таавчикаа үлдээсэн байсан. Нөхөр нь ирээд сална гээд хийгээд явсан. Тухайн өдрөөс хойш энэ хоёртой уулзаж, хоорондоо юм хум яриагүй байж байгаад гомдол ирсэн байна гэхээр * тосгоны хэсгийн төлөөлөгч *дээр өргөдлийн дагуу мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *ын: “...2024 оны 06 сарын 24-ны орой 23 цаг өнгөрч байхад * манайд жоохон уучихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөр яасан юу болсон гэхэд , манай нөхөр * гэх ахтай нийлээд архи уугаад намайг жоохон жийгээд гадуурхаад байна. Найзынхаа машиныг бариад * рүү архинд яваад өгөөч гэсэн. Тэгтэл унтахгүй бол орой болчихсон байна, дэмий гэж хэлэхэд гуйгаад байхаар нь бид 3 цуг * яваад 0.75 граммтай архи аваад замдаа талыг нь уугаад *ийнд очсон. Гэрт нь ороход * ах, * хоёр хамт байсан. Тэгээд тал архиа уугаад дуусахад * дарс ч юм уу нэг тийм шилтэй юм гаргаж ирээд уугаад сууж байтал * гэртээ агсам согтуу тавиад авдар дээр байсан толь, дээр үеийн зурагтай жаазыг авч шидэж хагалсан. * машины түлхүүрээ нуучихсан байхад * орных нь завсраас түлхүүрийг аваад * ахыг хүргэж өгнө гэхэд бид хоёр бас хүргүүлчихье гэж хэлээд цуг гарсан. * ахыг гэрт нь буулгачхаад манай гэрт оччихоод гурвуулаа дахиад нэг шил архинд явъя гээд *ийн Гавшгай зоогийн газар луу явсан. Буцаад ирэхэд манай гэрийн гэрэл асаалттай, гэрийн гадаа амьжиргаа цагаан гэх жижиг оврын ачааны машин байсан. тэгээд гэр лүү очъё гэхэд * түр байж бай наадах чинь * байна гэж хэлсэн. Тэгээд дөхөөд очтол тэр машин дотор * гэх хүн машин дотроо, * манай гэрт байсан. Тэгээд би *д танай эхнэр манайд байна шүү, хаалга үүд эвдээд орчихсон байна гэхэд за за наадах чинь одоо согтуу намайг хайгаад явж байгаа биз гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод *т хандаад чи яагаад цоожтой гэр эвдээд орчихсон юм бэ гэхэд найз нь согтуу байна уучлаарай би *г хайж байсан юм гэхэд мэдээж цоожтой гэрт танай нөхөр чинь байхгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд * гадаа байсан жижиг оврын ачааны машинтай гэр лүүгээ явсан. Араас нь бид гурав очсон. Тэгсэн * та нар яахаараа хүний машин тэрэг унаж явдаг юм гэхээр нь чи тэгвэл яахаараа цоожтой хаалга үүд эвдээд манай гэрт ордог юм гэхэд би согтчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед маргалдаад гэртээ харьсан. *ы цагдаа руу өглөө 8 цагийн үед залгаж дуудлага өгөөд болсон зүйлийн талаар гэрэл зураг авч баримтжуулан явсан. * манай нөхөр бид хоёрын утас алга болчихлоо та хоёр авчихлаа гэхээр бид хоёр аваагүй, чи орон дээрээ сууж байхдаа дэрэн доороо хийж байсан гэж хэлэхэд утас нь байсан...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

1. Гэрч *гийн өгсөн: “...2024 оны 06 сарын 24-ний орой гэртээ байж байсан чинь * орж ирээд найз нь нөхөр *тэй муудалцсан. Гавшгай ороод нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би явж өгсөн. Тэгээд *гийнд манай эхнэр *, * бид нар тэрийг нь хувааж уусан. Тэгээд гэр лүгээ буцаад явж байсан чинь * араас ирээд дахиад нэг шил архи аваад ирье гээд Гавшгай явж буцаад ирсэн чинь *д манай гэрт * цоожтой хаалга эвдэж ороод гэрт байсан элко брэндийн 32 инчийн зурагтыг маань унагаагаад дээрээс дэвсээд хагалж байхаар болиулсан чинь танайд * байгаа юм болов уу гэж бодоод хаалгыг чинь эвдээд зурагт хагалсан шүү гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр хэд хоногийн дараа цагдаад гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

2.Гэрч Ж.*ий өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа тараад явж байтал *, * нартай таараад 1 том пиво хувааж уусан. Тэгээд буцаад *ын гэрт очиж бид 3 үргэлжлүүлэн уусан. Тэгсэн чинь * гаднаас * * нартай орж ирсэн. Би тэр 2-ийг сайн танихгүй. Тэгээд тэндээ 1 шил архи ууж дуусаад, намайг хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд *аар хүргүүлээд гэртээ очсон. Шөнө хэдэн цагт гэдгийг сайн мэдэхгүй байна. Над руу * залгаад * байна уу. Чамайг хүргэж өгнө гээд алга болчихлоо гэхээр нь би мэдэхгүй гэртээ байна гэж хээлээд утсаа салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

3. Гэрч Б.*ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай найз * гэр цайны газар хуушуур идэж байхаар нь очоод юм ярьж байхад  * ширээн дээр 1 шил архи гаргаад ууж байсан ба тэр архинаас нь эхнэр бид 2 уусан.  Тэгээд тэндээсээ манай гэр лүү очсон. Замдаа * ахиад 0,5 литрийн 1 шил архи авсныг бид 2 хувааж уусан. Тэгээд байж байтал * * 2 хүрээд ирсэн. Эхнэр авч ирсэн юм шиг байна лээ. Ингээд эхнэр гэрт үлдээд * * * бид 4 манай гэрээс гараад *ийг гэрт нь хүргэж өгсөн. Замдаа *, * 2 хоёр айлаар ороод ганц юм олоод уучихъя гээд байсан. Би машины арын суудалд унтчихсан байсан. Тэгээд тасраад сэртэл гэрт ирчихсэн байсан. Өглөө нь үүрээр * манай гэрт ирээд агсам тавиад байсан. Хаалга эвдсэн байна, зурагт хагалсан байна гэх мэтийн зүйлс яриад байсан. Манай эхнэртэй ноцолдоод байхаар нь би салгасан. Тэгээд *ыг ирсний дараа нөхөр нь ирээд явсан. Эхнэрээ хайчихсан явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

4. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэн *аас  гаргасан гомдол мэдээллийг *сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтэст 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бүртгэлийн * дугаарт бүртгэж хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2- дугаар хуудас/,

5. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5, 6 дугаар хуудас/,

6. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Элко” брэндийн 32 инчийн  зурагтад  үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

7. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний  “*” ХХК-ны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээнд хамрагдсан эд зүйл зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний байдлаар  “элко” брэндийн 32 инчийн өнгөт зурагт, /хэрэглэж байсан/ 550.000 төгрөг, монгол гэрийн хаалганы цоожны цүү /хуучин/  5,000 төгрөгийн нийт 555,000 төгрөг... гэх хохирлын үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

8. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний  “*” ХХК-ний 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн №ШД-425-912114 тоот шинжээчийн дүгнэлтэд

-Шинжилгээний объект болох Элко брэндийн 32 инчийн өнгөт хэрэглэж байсан /хуучин хэдэн онд хэрэглээд хэдэн жил болсон нь тодорхойгүй/ гэх зурагтад биет үзлэг хийгээгүй, ямар эд анги гэмтсэн нь тодорхойгүй учир бодит хохирлын хэмжээг үнэн зөв үндэслэл бүхий тогтоох боломжгүй байна.

-Хавтаст хэргийн 102-109-р хуудсанд авагдсан баримтыг шинжээч бид бодит эсэхийг тогтоох нь манай тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй болно.

-Элко брэндийн 32 инчийн LED загварын, хуучин хэрэглэж байсан хугацаа болон үйлдвэрлэсэн он тодорхойгүй, ашиглалтын элэгдэлтэй өнгөт зурагт нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 200,000 (хоёр зуун мянган) төгрөг байх боломжтойг тогтоов... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 201-213 дугаар хуудас/,                                                                                            

 

9. 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн *сум дахь сум дундын прокурорын газрын “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай...” *дугаартай прокурорын тогтоол /хх-ийн  37 дугаар хуудас/,

10.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-52 хуудас/,

11.Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч * нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой *сумын * 3 дугаар багийн нутаг, Фермер хороолол гэх газарт иргэн  *ын гэрийн хаалганы цүүг эвдэж гэрт орж “Елко” брэндийн 32 инчийн зурагтыг хагалж 555,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэж Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч энэ яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч * нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхрөө хайж *ын гэрт очихдоо гэрийн хаалганы цүүг эвдэж ороод Елко брэндийн 32 инчийн зурагтыг хагалж, эвдэж гэмтээсэн гэх байдал нь:

 

1.Хохирогч *ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: ...2024 оны 06 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байсан чинь * гэх эмэгтэй орж ирээд нөхөртэйгөө муудалцсан гээд гавшгай яваад өгөөч гэхээр нь би нөхөр *гийн хамт яваад 1 шил Соёрхол авсан.  Тэгээд тэдний гэрт очоод бид нар хамт тэр ахыг хувааж уусан. Тэгээд тэр хоёр маргалдаад байхаар нь явах гэж байсан чинь * хойноос ирээд хүргээд өгье гэхээр нь машинд нь суусан чинь дахиад Гавшгай яваад буцаад ирсэн чинь * манай хашааны гадаа машинтай ирсэн байхаар нь би гэр лүү яваад ортол хаалга эвдэж ороод гэрт байсан Елко брэндийн 32 инчийн зурагтыг маань хагалаад дээрээс нь дэвслээд зогсож байсан. Чи гэрийн хаалга эвдэж ороод яагаад зурагт эвдэж байгаа вэ гэсэн чинь чимээгүй яваад өгсөн. Би хойноос нь гэрт очоод хэлсэн чинь “би мэдэхгүй байна аа уучлаарай” гэж байсан. Тэгээд манай зурагтыг төлж өгөхгүй байхаар нь би цагдаад мэдэгдэж байгаа юм... 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *дэлгүүрээс 650.000 төгрөгөөр авч байсан. Шинэ зурагт..... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

 

2.2024 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хохирогч * дахин мэдүүлэхдээ: ...Тухайн үед *ийн нөхөр * байсан.  Би *ад танай эхнэр хаалга эвдээд зурагт эвдчихсэн байна, чи харж байгаа биз дээ гэсэн чинь тийм байна харлаа гэж хариулж байсан. Би *т “цоожтой гэрт хүн байхгүй шүү дээ чи юу хайж яагаад орж байгаа юм” гэсэн чинь нөхрөө танайд байгаа юм болов уу гэж бодоод орсон юм... гэж хариулсан... Манай нөхөр * * бид гурав манай гэрээс гарах үед * хаалгаа цоожлоод гэрлээ унтраагаад гарсан. *ийг манай гэрт ороод юм эвдсэн байх үед хаалга онгорхой, гэрэл асаалттай, зурагт газарт унасан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

 

3.2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дахин мэдүүлэхдээ: ...*оос ирээд манай гэ рлүү явж байхад манай гэрийн хашааны гадаа жижиг цагаан өнгийн ачааны машин /амьжиргаа/  гэрлээ асаагаад зогсож байсан. Тэгсэн чинь * гэрлээ унтраачих * намайг хайж яваа байх гэхээр нь * машин гэрлээ унтраагаад бид машин явтал хүлээсэн... манай хашаа том том завсартай учраас * гэрт яваад байгаа нь харагдсан. Манай гэрийн хаалга дэлгээстэй гэрэл асаалттай байсан. Тэр үед би *ад танай авгай манай цоожтой гэрт ороод яваад байгааг харж байгаа биз дээ гэж хэлсэн. Тухайн үед явсны дараа гэртээ ороход хаалганы цүү суга татаад гаргачихсан.  Гэрийн баруун талд байсан мөлхөө тавилга дээрээс зурагт унагаачихсан байсан. Зурагт дэлгэцээрээ доошоо харчихсан байхаар нь босгоод үзэхэд зурагтын дэлгэж гол хэсгээрээ дотогш цөмрөөд орчихсон, 4 булан нь зааг гараад цуурчихсан байсан... Зурагтыг  2022 оны 03 сар Дарханы “*” ХХК-аас авч байсан.

 

4.2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр шүүх хуралдаанд хохирогч *  мэдүүлэхдээ: ....Гэртээ очиход гэрийн хаалга дэлгэчихсэн, гэрэл асаалттай байсан. Манай зурагтын залгуур масс ороод өөр залгуур хийчихсэн байсан. * манай харанхуй гэр лүү орохдоо тэр урт залгуурт хөл нь орооцолдоод унагасан болов уу гэж бодож байна... Би гэр лүү ганцаараа орсон, *, * хоёр машинд байсан... Хуучин зурагт * гэх хүнээс авсан. * анх *оос 650,000 төгрөгөөр авч байсан гэсэн. Чи яах вэ олон хүүхэдтэй юм чинь эгч нь чамд 250,000 төгрөгөөр өгчихье гээд өгсөн. Би тухайн үедээ тийм үнэтэй зурагтыг хямдхан авлаа гэж бодож байсан гэв... гэх мэдүүлэг

 

 5.2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрч Э.*гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Гавшгай яваад буцаад ирсэн чинь *д манай гэрт * цоожтой хаалга эвдэж ороод гэрт байсан Елко брэндийн 32 инчийн зурагтыг маань унагаагаад дээрээс нь дэвсээд хагалж байхаар нь танайд *г байгаа юм болов уу гэж бодоод хаалгыг чинь эвдэлж, зурагт хагалсан шүү гэж хэлсэн.... 2023 онд *оос 650,000 төгрөгөөр авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

 

6.2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрч Б.*ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Замдаа *, * 2 айлаар ороод ганц юм олоод уучихъя гээд байсан. Тэгээд тасраад сэртэл гэрт ирчихсэн байсан. Өглөө нь үүрээр * манай гэрт ирээд агсам тавиад байсан.  Хаалга эвдсэн байна, зурагт хагалсан байна гэх мэтийн зүйлс яриад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/ зэргээр хохирогч нь хэргийн үйл баримт болон зурагтын /шинэ, хуучин, хэзээ, хаанаас, хэдээр худалдаж авсан/ талаар удаа дараа зөрүүтэй мэдүүлдэг, хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байх тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

 

Мөн *ийг гэрийн хаалганы цүүг эвдэлж 5000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч хохирогч *ын шүүх хуралдаанд өгсөн: ...Гэрийн түлхүүрээ хаясан байсан болохоор өмнөх өдөр нь цоожны цүүг эвдээд хуучин шрүпний нүхэнд нь хаалгаа хаагаад шрүпээ хийгээд явсан, өмнөх өдөр буюу 2024 оны 06 сарын 23-ны өдөр сонгуулийн сурталчилгаанд яваад түлхүүрээ хаячхаад орой нь гэртээ орж чадахгүй хаалганы цүүг хөшиж онгойлгоод гэртээ орсон байсан гэх мэдүүлгээр хаалганы цүүг эвдэлж орсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Улсын яллагч Н.Бадам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч * нь 2024 оны 06 сарын 24-ны орой *сумын * 3 дугаар багийн нутаг фермер хороолол гэх газарт иргэн *ын гэрийн хаалганы цүүг эвдэн орж, улмаар “Элко” брэндийн 32 инчийн зурагтыг хагалж,  555,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх, устгах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шинжлэн судалсан бичгийн баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул *ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна... гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: .... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнөх өдөр нь  нэлээн согтуу байсан учраас юмнуудаа хольж сольж ярьсан гэдэг хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд өгч байгаа мэдүүлэг шүүхийн шатанд өгч байгаа мэдүүлгүүд байнгын хоорондоо илэрхий зөрчилдөөнтэй зөрүүтэй, түүний мэдүүлгийг туйлын үнэн зөв нэг агуулгаар тууштай мэдүүлэг өгсөн гэж үзэж үнэлэхэд одоо төвөгтэй эргэлзээ төрүүлсэн  мэдүүлгүүдийг өгч байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр ч гэсэн ер нь болбол татаж унагаагаад гэмтээчихсэн юм байх гэдэг асуудал яригдаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад эвдээд дэвсээд байж байсан, * хараад зогсож байсан, мөн * хараад зогсож байсан гэдэг зүйлүүд бүгд өөрчлөгдөөд өөр болсон тухай хохирогчийн мэдүүлэг байна. Хохирогчийн мэдүүлэг өөрөө бас эргэлзээтэй ийм мэдүүлэг байна  гэдгийг  онцолж хэлмээр байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол хохирлын хэмжээг 300 төгрөг түүнээс байж байж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангадаг. Энэ хэмжээнд хүрэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1-т заасан зөрчлийн шинжийг хангадаг тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэнэ. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй яагаад гэвэл яг  аль зах зээл дээр байгаа ямар “элко” брэндийн хаана байгаа, зах зээлийн судалгааг яаж хийсэн нь бол огт хийгдээгүй авагдаагүй байсан. Харин сүүлд шүүхийн шатанд хийсэн шинжээчийн дүгнэлтээр бол маш тодорхой  харьцуулан судлах аргаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр бол хоёр шинжээчийн дүгнэлтээс сүүлд гарсан буюу шүүхийн шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох бүрэн үндэслэлтэй байна. Иймд гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр *ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хийж байна... гэх дүгнэлтийг тус тус хийж мэтгэлцсэн.

 

Шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, үнэлнэ гэж заасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт болох * ХХК-ийн 2024 оны 07 дугаар зүйлийн 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд Елко брэндийн 32 инчийн зурагтыг 550,000 төгрөгөөр үнэлсэн байдаг //хх-ийн 13 хуудас/

 

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч *гийн “Елко брэндийн 32 инчийн зурагтын үнэлгээ буюу * ХХК-ын шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл ямар арга хэрэгслээр, ямар харьцуулалтын аргаар зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон талаарх нотлох баримт байхгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж дахин шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байсан тул шүүх дахин шинжээч томилж шийдвэрлэсэн.

 

Энэ шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэрхэн яаж гаргасан, ямар арга хэрэгслээр, ямар харьцуулалтын аргаар, ямар эх сурвалжийг үндэслэж гаргасан нь тодорхойгүй өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байсан болно.

 

* хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн дүгнэлтээр Елко брэндийн 32 инчийн зурагтыг 200,000  төгрөгөөр үнэлж ирүүлсэн байна. Ингэж ирүүлэхдээ шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийх үедээ баримталсан хууль, журам, шинжилгээний объектын тодорхойлолт, үнийн судалгааг нотлох баримт, эх сурвалжтай нь дурдаж, нотлох баримтыг хавсаргаж шинжилгээг хийж ирүүлсэн байна.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 18.3-т Шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба түүнийг хоёр хувь үйлдэн дүгнэлтийн хувь тус бүрд хавсаргана.... гэж заажээ.

 

“*” ХХК-ийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, шинжилгээний арга, аргачлал, харьцуулсан судалгаа, эх сурвалжийг хавсаргаж ирүүлээгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ… гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол… гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон ба уг хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс доош хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь хохирогч *ын мэдүүлэгт дурдсан “хуучин зурагт 250,000 төгрөгөөр * гэх хүнээс худалдаж авсан” гэх мэдүүлэгтэй тохирч байгаа болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч *т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Улсын яллагчийн зүгээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

 

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна... гэж хуульчилсан.

 

 Шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, зурагтад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан бөгөөд хуульд нэг удаа 60 хоногоор хойшлуулна гэж хуульчилсан тул улсын яллагчийн хүсэлтэд дурдсан үндэслэлээр шүүх дахин 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5,  36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.9, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

2. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

3.Шүүгдэгч *т холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4.Шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.ДЭЛГЭРСАЙХАН