Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2022/00689/И |
Дугаар | 129/ШШ2022/00702 |
Огноо | 2022-11-25 |
Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2022/00702
| 129/ШШ2022/00702 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХААДСАА
Хариуцагч: А аймгийн Х сумын Х багт оршин суух М овгийн П.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б /цахимаар/
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч П.Б өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч П.Б-д холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн П.Баянжаргал нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бага оврын тракторыг санхүү түрээсийн гэрээ байгуулж урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлөөд авсан. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2017 он дуусах хүртэл 5 жилийн хугацаанд 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуульд гэрээний үүргийг заавал биелүүлнэ гэж заасан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир Хөдөө аж ахуйг дэмжих сан нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Баянжаргалтай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т заасныг баримтлан хуульд заасан хэмжээгээр алдангийг тооцож гаргасан. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг П.Баянжаргалаас гаргуулж өгнө үү.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 16 дугаар тогтоолын дагуу бүтэц, орон тооны зохион байгуулалт өөрчлөгдөж Хөдөө аж ахуйг дэмжих сан бий болсон. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл байгаа юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа зогссон учраас 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно гэж үзэж байна. Мөн гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу шүүх эрхээ хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцлөөр өгч байгаа талыг нь төр хариуцна гэж ойлгуулж өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тракторын үнэ төрөөс төлөгдсөн гэж ойлгож явсан. Хөдөө аж ахуйг дэмжих санд гэрээний үүрэг шаардах эрх 2017 оны 12 сарын 31-ний өдөр үүссэн. Харин 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш гэрээний үүргийг шаардах эрхээ алдаж байгаа. Нэхэмжлэгч байгууллагын тухайд 2017-2020 он хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэдгээ нотлоогүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жил байна гэж заасныг нэхэмжлэгч хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан байдаг. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны хувьд эрх нь зөрчигдсөн байгууллага биш. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан талаар баримтаар нотлоогүй. Иймд П.Б миний бие хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаар тушаал
- 2012 оны 7 сарын 02-ны өдрийн 26/13 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”
- 2012 оны 6 сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012121 тоот дансанд П.Б-с бага оврын тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг баримтуудыг гаргаж шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч П.Б-с 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн П.Б нь 2012 оны 07 дугаар сарын 2-ны өдөр бага оврын тракторыг санхүү түрээсийн гэрээ байгуулж урьдчилгаа 2.500.000 төгрөгийг төлөөд авсан. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2017 он дуусах хүртэл 5 жилийн хугацаанд 500.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Иргэний хуульд гэрээний үүргийг заавал биелүүлнэ гэж заасан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир Хөдөө аж ахуйг дэмжих сан нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Баянжаргалтай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т заасныг баримтлан хуульд заасан хэмжээгээр алдангийг тооцож гаргасан. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг П.Б-с гаргуулж өгнө үү. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 16 дугаар тогтоолын дагуу бүтэц, орон тооны зохион байгуулалт өөрчлөгдөж Хөдөө аж ахуйг дэмжих сан бий болсон. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл байгаа юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа зогссон учраас 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно гэж үзэж байна. Мөн гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу шүүх эрхээ хэрэгжүүлж ажиллахыг хүсье гэжээ.
3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед бага оврын тракторыг хөнгөлөлттэй нөхцлөөр өгч байгаа талыг нь төр хариуцна гэж ойлгуулж өгсөн. Гэтэл энэ олон жилийн дараа надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тракторын үнэ төрөөс төлөгдсөн гэж ойлгож явсан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаар тушаал, 2012 оны 7 сарын 02-ны өдрийн 26/13 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 6 сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012121 тоот дансанд П.Б-с бага оврын тракторын үнэ 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч П.Б-тай 2012 оны 7 сарын 02-ны өдөр 26/13 дугаар “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар гэрээнд тохиролцжээ.
Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ.
Зохигч Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч П.Б гэрээнд гарын үсэг зураагүй боловч гэрээний 3.2-т заасны дагуу эд хөрөнгийг хүлээн авч үнийн дүнгийн 50 хувь болох 2,500,000 төгрөг төлсөн /Төрийн банкны орлогын баримт/ талаар тайлбар гаргадаг тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлж хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн бөгөөд талуудыг хэлцэл хийсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч П.Б-с гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Талууд 2012 оны 7 сарын 02-ны өдрийн 26/13 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна. Хариуцагч П.Баянжаргал 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг төлөөгүй гэсэн үйл баримттай маргаагүй.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”, 73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч П.Баянжаргал 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 16 дугаар тогтоолын дагуу бүтэц, орон тооны зохион байгуулалт өөрчлөгдөж Хөдөө аж ахуйг дэмжих сан бий болсон. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл байгаа юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа зогссон учраас 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно гэж үзэж байна. Мөн гэрээний 6.1-д гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу шүүх эрхээ хэрэгжүүлж ажиллахыг хүсье” гэж тайлбарлаж байна.
Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч П.Б-с гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно. Эрх шилжсэн, эрх залгамжлан авсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй.
Мөн гэрээний 3.2-т хариуцагч гэрээний үүрэг 2,500,000 төгрөгийг 2013, 2014, 2015, 2016, 2017 онд жил бүр 500,000 төгрөг төлснөөр үүрэг дуусгавар болохыг заасан бөгөөд гэрээний 6.1 дэх заалтыг гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.
Иймд хариуцагч П.Б-с 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/13 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2017 оны 12 сарын 31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу П.Б-с 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч П.Б-с 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА