| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *, *,
Хохирогч *,
Иргэний нэхэмжлэгч */цахим/,
Иргэний хариуцагч *,
Иргэний хариуцагч *,
Иргэний хариуцагч *ын өмгөөлөгч *,
Шинжээч Т.Түвшинбаатар /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *, *,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ын *ад холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, * оны * дүгээр сарын *-ны өдөр * хотод төрсөн, э*эгтэй, * настай, * боловсролтой, * хотод “*” дэлгүүрт жолооч ажилтай, * хот *дүүрэг, *-р хороо * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *ын * /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн Нутаг дэвсгэр Зэгстэйн даваа орчимд Дархан-Уул аймгаас * аймгийн чиглэлийн авто-замын 95-96 дахь километрт * УЕХ улсын дугаартай "*" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7а, 12.3-д заасан заалтыг зөрчиж эсрэг урсгалд * УАМ улсын дугаартай Тоёота * маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан *ын машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас жолооч * нас барж, * УЕХ улсын дугаартай "*" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 07 дугаар сарын 30 ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн Нутаг дэвсгэр Зэгстэйн даваа орчимд Дархан-Уул аймгаас * аймгийн чиглэлийн авто-замын 95-96 дахь километрт * УЕХ улсын дугаартай "*" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
11.3-т зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно,
3.7а-д а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалаар зорчиж явсан * УАМ улсын дугаартай Тоёота * маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас * маркийн тээврийн хэрэгслийн жолооч * нас барж, * УЕХ улсын дугаартай "*" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч *ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1.Шүүгдэгч *: “...Ангилалгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу...” гэв.
2. Хохирогч *: “...Эсрэг урсгалаас машин орж ирэхэд би машин ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд * тоормосоо гишгээд тэгээд дарах шиг болсон. Тэгээд би юм санахгүй байгаа...” гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өглөө гэрээсээ гарч ажил руугаа явсан. Тэгээд өдөр 3 цагт энэ мэдээг сонссон. Ер нь бол маш их гомдолтой байна. Одоо ингээд энгийн хүний нүдээр харсан ч гэсэндээ мэргэжлийн биш энгийн хүний нүдээр харсан ч гэсэн энэ 2 хүн ингээд худлаа мэдүүлэг өгөөд, мэдүүлэг нь зөрөөд өмгөөлөгч нар нь ч гэсэн ингээд илт гүрийгээд байгаа нь аймар муухай санагдаж байна. Үнэхээр хэлэх үг алга. Ингээд байн байн энэ муухай хүмүүстэй таараад нүүрэлдээд байгаад миний бас сэтгэл зүйн хувьд бас үнэхээр дарамттай, аймар хэцүү байна. Тэгээд энэ хэрэгтэй холбоотой гарсан бүх хохирлыг нэхэмжилж байна... ” гэв.
Иргэний нэхэмжлэгч *ын өгсөн: “...Талийгаачийн унаж явсан машиныг тухайн үед дүүдээ өгчихсөн байсан. Манай дүү өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан учраас би иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байгаа. Тухайн машин 100 хувь талийгаач болон ар гэрийн өмч. Тухайн үед төлбөр тооцоо бүрэн дуусчихсан, худалдах худалдан авах гэрээ хийгээд өгчихсөн байсан. Миний хувьд гадаад улс руу явах гээд бүх төлбөр тооцоо бүх зүйл бүрэн хийгдсэн байсан. Энэ машинтай холбоотой гарсан зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх, хохирол төлбөрийг ар гэрийнхэнд нь өгөх зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Иргэний хариуцагч *гийн өгсөн: “...2024 оны 05 сард манай ах яриад нэр дээрээ нэг машин шилжүүлээд авчихаач гэхээр нь би өөрийн нэр дээр тухайн * УЕХ улсын дугаартай "* маркийн тээврийн хэрэгслийг авсан байсан. Тэгээд цагдаагаас залгаад ийм хэрэг гарсан, та машины эзэмшигч мөн үү гэж залгасан... Би юу ч мэдэхгүй байгаа болохоор өөрийнхөө нэр дээр авчхаад эргүүлээд хэд хоногоос өгчихнө гэсэн ойлголттой байсан болохоор мэдэхгүй байна...” гэв.
Иргэний хариуцагч *ын өгсөн: “...Уг ачааны автомашиныг би авсан. Фэйсбүүкээр хямдхан машины зар явж байхаар тухайн үед би гадаад явж байсан болохоор *гийн ах *д хэлэхэд * дүүгийнхээ нэр дээр авсан байсан. *гийн ах * бид нар бизнестээ хамтраад үйл ажиллагаа явуулдаг хүмүүс... Манай жолоочийн зүгээс анхнаасаа миний буруу биш гэсэн байр суурьтай байгаа учраас хохирлыг төлнө гэж хэлж чадахгүй байна. Манай жолоочийн зөв юм болов уу гэсэн хувь хүний бодол байна” гэв.
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын: ...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өглөө гэрээсээ 8 цагийн орчим хүүхдийнхээ хамтаар гарахад манай нөхөр гэртээ унтаад үлдэхдээ тэгж байгаад босоод * аймагруу явж баяр наадамд барилдана гэж байсан. Ингээд би ажил дээрээ ажил ихтэй байсан болохоор нөхөрлүүгээ залгаж чадаагүй. Ер нь манай нөхөр 10 болтол унтчихдаг юм. Тэгээд би манай нөхөр босоод 12 цагийн орчим явах байх гэж бодож байсан. Над руу уг нь байнга хаана явж байгаа талаараа хэлдэг. Энэ өдөр яагаад хэлээгүй юм бол мэдэхгүй байна. Би ажил ихтэй байж байгаад нөхөрлүүгээ залгаж чадаагүй 15 цагийн орчим ажил дээрээ байхад над руу * гэсэн дугаар залгаад * УАМ тээврийн хэрэгслийн жолоочийн танил мөн үү гэхээр нь тийм байна гэсэн чинь * явах замд осол гарсан байна. Би хөндлөнгөөс харсан хүн шүү гэсэн. Тэгээд би яг юу болсон юм бэ? гэж асуухад дуудлага дуудсан байгаа өөрлүү чинь ярих байх гээд салгасан. Буцаад тэр утас руу нь залгасан чинь утас нь болохгүй автомат хариулагчтай байсан. Манай нөхөр * намайг ажил дээрээ байх хооронд * аймаг руу өөрийнхөө * УАМ улсын дугаартай цагаан өнгийн * маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан байсан. Уг машиныг манай нөхөр бид хоёр ах *аас худалдан авсан болов ч нэрээ шижлүүлэн авч амжаагүй байгаа. Манай нөхөр * маш өрөвч сэтгэлтэй сайн хүн. Ямар ч архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Чөлөөт болон үндэсний спортоор хичээллэдэг юм. Үндэсний бөхөөр * онд Монгол улсын Начин цол хүртсэн. Чөлөөт бөхөөр олон улсын хэмжээний мастер цолтой... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/
2. Хохирогч *ын өгсөн: ...* надруу залгаад * аймаг руу хамт явчихаад ирье. Өнөөдөр буюу 7 сарын 29-ний өдөр яваад 30-нд буцаад ирнэ гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд тухайн орой 16-17 цагийн орчим * * УЕХ улсын дугаартай бүхээгтэй * маркийн машин бариад би хажууд нь суугаад явсан юм... Ингээд буцаад явж байх замд Зэгэстэйн даваа орчимд хэсэгхэн зуур маш хүчтэй аадар бороо ороход шил арчигчийг * хамгийн хурднаар ажиллуулахад борооны усыг хөөж дийлэхгүй байсан. Энэ үе * урдаас машин байгааг сайн анзаараарай гэсэн. Тэгэхэд борооноос болоод урд юуч харагдахгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд машины гэрэл ороод ирсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа сэрсэн. Надад гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 104-106-р хуудас/,
3. Гэрч *ийн өгсөн: "...Тухайн үед тэнгэр бүрхээд цаг агаар муудаж эхэлж байсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд Зараагийн хөндий гэх газар явж байхад бороо ихээр ширүүн орсон. Тухайн үед үздэх орчин маш муу харагдаж байсан. Тухайн үед осол гаргасан ачааны * загварын тээврийн хэрэгсэл надаас 5-6 машины урд явсан. Тухайн үед үзэгдэлт муу байсан болохоор тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширсан байсан. Тэгээд явж байгаад тухайн ачааны тээврийн хэрэгсэл гэнэт дараад эсрэг урсгал руугаа орсон. Би өөдөөс нь машин ирж байсан эсэхийг хараагүй. Урд явсан машинаас хүмүүс бууж тусламж үзүүлээгүй, осол гарсан газарт зэрэгцээд очиход том тэрэгний баруун талын буюу жолооч талын хаалга онгорхой жолооч нь жолооны хүрдээ дэрлээд ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд би машинаа өнгөрөөж зогсоогоод гүйгээд очиход Улаанбаатар талаас явсан сонота загварын машины жолооч буугаад бид хоёр хамт очсон. Тэгээд би ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг татаад буулгасан. Тэгээд тухайн жолооч борооны усанд нороод сэргэсэн. Тухайн үед ачааны машины жолооч кабиндаа ганцаараа байсан. Тэгээд тойрч очоод суудлын машины хаалгыг онгойлгосон чинь жолооч нь рүлээ толгойгоо тонгойсон байдалтай нүүр амнаас нь цус шүлс гарсан, ямар ч хөдөлгөөнгүй, цээж нь хэржигнэж дугарч байсан. Тэгсэн замын нэг хүн бууж ирээд эмч байсан гээд жолоочийн гүрээний судас дээр дараад найдваргүй болчихсон байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 145-146-p хуудас/
4. Гэрч *ын өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зам тээврийн осол гарсны дараа * өөрийнхөө утаснаас над руу залгаад ахаа би осолд орчихлоо ширүүн бороо орчхоод зам харагдахгүй болоод урдаас машин гарч ирээд аваарт орчихлоо нөгөө хүн ухаан орохгүй байна яах вэ гэж надад хэлсэн тэгээд би *дэлгүүр дээр арын албанд байдаг Зориг гэдэг хүнд болсон асуудлын талаар хэлсэн. Мөн * ахад хэлсэн. * тухайн үед надад фейсбүүкээр дүрсээ харж ярихад ямар ч байсан машин нь замын хажуу руу гарсан байсан яг аль урсгалд байгааг мэдээгүй..... тухайн үед менежер * бид 2 хамт ажиллаж байгаад тэр үед жолооч байхгүй болохоор нь *ын аав * руу залгаад ахаа жолооч байхгүй та дахиад * аймаг руу явах нь байна шүү гэж хэлсэн. Тэгэхэд надад ах нь амжихгүй ядраад байна чи явчих гэж хэлсэн. Гэтэл * над руу удалгүй залгаад ахаа би нэг явчхаад ирье гээд гуйгаад байсан. Ингээд * бид 2 зөвшөөрөөд *ыг * маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүрийн барааг * аймаг руу хүргэж өгөхийг зөвшөөрөөд явуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р хуудас/
5. Гэрч *ийн ..... Би 2024 оны 07 дугаар сарын 30-ны орой манай * дэлгүүрийн * аймгийн Салбарын *гэх хүн надад утсаар * хот руу явж байгаад замдаа зам тээврийн осолд орсон байна гэдгийг хэлсэн. Ингээд би тэр орой 19 цагийн орчим * аймаг руу очоод эмнэлэг дээр *тай тааралдаад болсон асуудлын талаар тодруулахад надад юм ярьж чадахгүй бие нь өвдөөд байсан....тухайн үед менежерээр *бид 2 хамт ажиллаж байгаад тэр үедээ жолооч байхгүй тэгээд ч * өөрөө явъя гэхээр нь * бид 2 * маркийн тээврийн хэрэгсэлтэй дэлгүүрийн барааг * аймаг руу хүргэж өгөхийг зөвшөөрөөд явуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 125-126-р хуудас /
6. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хариуцагч *ын өгсөн: ...Би өөрөө тухайн үед Хятад ард улсруу ажлаар явж байсан болохоор холын хамаатны дүү Зулзаяаг нэр дээрээ шижлүүлээд авчих гэж гуйсан... мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/,
7. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хариуцагч *гийн өгсөн: ...Би * гэх хүнийг танихгүй. Энэ машин миний нэр дээр л байдаг. Тэрнээс хаана ямар ажил хийдэг хэн унаж явдаг талаар мэдэхгүй... намайг нэр дээрээ шилжүүлээд авчих гэхээр нь нэр дээрээ шилжүүлээд авсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,
8. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *ын гэрчээр өгсөн: ...Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр надруу манай ажлаас тээвэр хийдэг * ах манай аавруу залгаад * аймагруу ачаа ачих уу гэхээр нь манай аав явахгүй гэсэн. Тэр үед би аавын хажууд байсан болохоор “та явахгүй бол би яваад ирье” гэсэн. Тэгээд * дэлгүүрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл яг хэний нэр дээр байдгийг мэдэхгүй. Ямар ч байсан * УЕХ улсын дураагтай * маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос * аймаг * дэлгүүрээс хувцас бараа материал ачаад машинаа бариад хажууд найз хангал суугаад бид хоёр 00 цагийн орчим хөдөлсөн.... Тэгээд буцаад Улаанбаатар хотруу явж байхда Зэсэстэйн даваанаас наахан талдаа буюу * аймаг талд явж байхад хүчтэй салхитай аадар бороо ороод зам үзэгдэх орчин хязгаарлагдаж эхэлсэн. Энэ үед шил арчигчаа хамгийн хурдан дээр нь тавиад машины шилний усыг хөөж чадахгүй байсан. Гэтэл өөдөөс машин ирэх шиг харагдахаар нь би тормоз гишгэсэн чинь миний машин гулсахаар нь тормозоо болиод нөгөө машингы тойроод гаръя гэж бодоод зүүн гар тийш буюу эсрэг урсгалруу жолооны хүрдээ эргүүлэхэд өөдөөс ирсэн машин миний машины баруун урд талруу мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй ухаан алдчихсан.... мэдүүлэг /хх-ийн 132-133-р хуудас/,
9. Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч *гийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай:
- Талийгаачийн биед баруун талын олон хавирганы шууд хугарал, зүүн 1,2-p хавирганы баруун уушигны няцрал, дотор эрхтний доргилт: голч, ходоод элэгний холбоосын цус хуралт, цээжний хөндийн шингэн хуралдалт /3000мл/, дух, зүүн нүдний гадна булан, зүүн дээд зовхи, баруун өвдөг, баруун шилбэ, баруун өвдөгний дотор хажуу язарсан шарх, духны зүүн тал, зүүн хөмсөгний гадна булан, духны дунд хэсэг, зүүн дээд зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны ар, зүүн өвдөгт, баруун сарвууны ард зулгаралт. Баруун өвдөгний бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
- Талийгаачийн биед үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй
- Талийгаач нь нас барахдаа согтолтгүй байжээ.
- Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 221-237-р хуудас/,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10518 дугаартай:
- *ын биед тархины баруун тенториумын аалзан хальсан доорх цус харвалт, зулайн ар, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт, хүзүүний 2- р нугалмын сэртэнгийн хугарал, баруун чихний дэлбэнгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
- Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
- Уг гэмтлүүд нь зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
- Амь насанд аюултай гэмтэл тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /2хх-ийн 31-32-р хуудас/,
11. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 219-220-р хуудас/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *ын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2613 дугаартай “хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн ажиллагаагтай холбоотой” дүгнэлт /хх-ийн 244-245-р хуудас/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч *ын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2614 дугаартай “хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн ажиллагаагтай холбоотой” дүгнэлт /2-р хх-ийн 244-245-р хуудас/,
14. 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Алтан жолоо ХХК-ийн шинжээч Ш.Бямбажавын гаргасан 56 дугаартай /* УЕХ улсын дугаартай машин/ “техникийн шинжээчийн” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 151-153-р хуудас/,
15. 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Алтан жолоо ХХК-ийн шинжээч *ын гаргасан 57 дугаартай /* УАМ улсын дугаартай * маркийн машин/ “техникийн шинжээчийн” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 163-165-р хуудас/,
16. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шинжээч С.Саруулболдын гаргасан 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 199-р хуудас/,
17. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шинжээч С.Саруулболдын гаргасан 167 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 206-р хуудас/,
18. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн * дугаартай шинжээч * нарын гаргасан:
- Тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн гэх А цэгийн байрлал, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, 1302229 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримттай танилцахад * маркийн * УЕХ улсын дугаартай ачааны автомашины жолооч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- * маркийн * УАМ улсын дугаартай автомашины жолооч *ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
- Энэ дүгнэлтийн 1 болон 2 дугаар хариултаар хариулсан.
-* маркийн * УЕХ улсын дугаартай ачааны автомашины жолооч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна... “ гэх дүгнэлт /3хх-ийн 192-194-р хуудас/,
20. “*” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /* УАМ улсын дугаартай * маркийн машины үнэлгээ 18,160,000 төгрөг/ /хх-ийн 173-177-р хуудас/,
21. “*” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /* УЕХ Canter маркийн машин 35,430,000 төгрөг/ /хх-ийн 187-191-р хуудас/,
22. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
23. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р хуудас/,
24. Ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 15-р хуудас/,
25. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-25-р хуудас/,
26. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 27-р хуудас/,
27. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмлэх тухай тогтоол /хх-ийн 28-29-р хуудас/,
28. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39-р хуудас/,
29. 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38-39-р хуудас/,
30. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /2хх-ийн 82-87-р хуудас/,
31. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагч *ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-96-р хуудас/,
32. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн хэргийн 113-114-р хуудас/,
33. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *аас гаргаж өгсөн нэхэмжлэлийн тооцоо, оршуулгын зардлын тооцоо бусад гэм хортой холбоотой баримтууд /2хх-ийн 37-78, 195-218-р хуудас/,
34. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /3хх-ийн 5-20-р хуудас/
35. Шүүдэгч *ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /2хх-ийн 101-123-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч *ыг тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний амь насыг хохироосон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч Н.Бадам “шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *, * нар “Шүүгдэгч *ад холбогдох хэргийг мөрдөгч шалгахдаа нэг талыг барьж шалгасан, нотлох баримтыг хууль журмын дагуу цуглуулж, бэхжлүүлж чадаагүй, нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоогоогүй, хэргийн газрын үзлэгийг хууль зөрчиж явуулсан, энэ ажиллагаанд оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй, шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй зэрэгээр *ыг 100 хувь буруутгах үндэслэл тогтоогдоогүй, харин ангилал бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх үйлдэл байх тул *ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өмгөөлөгч нар *, * нар улсын яллагчийн байр суурийг дэмжиж, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан оршуулгын зардалтай холбоотой зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн нөхөн төлбөртэй холбоотой зардлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө ү... гэх дүгнэлтийг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч * нь шүүгдэгч нарын өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж, шүүгдэгч * гэм буруугүй тул иргэний хариуцагч *аас хохирол төлбөр гаргуулах үндэслэлгүй... гэсэн дүгнэлтийг хэлж мэтгэлцлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”,
3-т Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана….гэж заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдаар нь үнэлж дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Шүүхэд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн асуудал дээр маргаж * шинжээчийн “осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч * нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7а, 12.3-т заасныг зөрчсөн” гэх дүгнэлтийг үгүйсгэж, эрх бүхий этгээд дүгнэлт гаргаагүй гэж маргасан тул шүүхээс 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшуулж дахин шинжээч томилсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 46-109/281 дугаартай шинжээч * нар нь “Шүүгдэгч *ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй... гэх дүгнэлтийг гаргасан ба энэ дүгнэлт нь хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
-Гэрч *ийн өгсөн: "...Тухайн үед тэнгэр бүрхээд цаг агаар муудаж эхэлж байсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд Зараагийн хөндий гэх газар явж байхад бороо ихээр ширүүн орсон. Тухайн үед үздэх орчин маш муу харагдаж байсан. Тухайн үед осол гаргасан ачааны Пусо загварын тээврийн хэрэгсэл надаас 5-6 машины урд явсан. Тухайн үед үзэгдэлт муу байсан болохоор тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удааширсан байсан. Тэгээд явж байгаад тухайн ачааны тээврийн хэрэгсэл гэнэт дараад эсрэг урсгал руугаа орсон. Би өөдөөс нь машин ирж байсан эсэхийг хараагүй. Урд явсан машинаас хүмүүс бууж тусламж үзүүлээгүй, осол гарсан газарт зэрэгцээд очиход том тэрэгний баруун талын буюу жолооч талын хаалга онгорхой жолооч нь жолооны хүрдээ дэрлээд ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд би машинаа өнгөрөөж зогсоогоод гүйгээд очиход Улаанбаатар талаас явсан сонота загварын машины жолооч буугаад бид хоёр хамт очсон. Тэгээд би ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг татаад буулгасан. Тэгээд тухайн жолооч борооны усанд нороод сэргэсэн. Тухайн үед ачааны машины жолооч кабиндаа ганцаараа байсан. Тэгээд тойрч очоод суудлын машины хаалгыг онгойлгосон чинь жолооч нь рүлээ толгойгоо тонгойсон байдалтай нүүр амнаас нь цус шүлс гарсан, ямар ч хөдөлгөөнгүй, цээж нь хэржигнэж дугарч байсан. Тэгсэн замын нэг хүн бууж ирээд эмч байсан гээд жолоочийн гүрээний судас дээр дараад найдваргүй болчихсон байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,
-*ын гэрчээр өгсөн: ...* аймаг талд явж байхад хүчтэй салхитай аадар бороо ороод зам үзэгдэх орчин хязгаарлагдаж эхэлсэн. Энэ үед шил арчигчаа хамгийн хурдан дээр нь тавиад машины шилний усыг хөөж чадахгүй байсан. Гэтэл өөдөөс машин ирэх шиг харагдахаар нь би тормоз гишгэсэн чинь миний машин гулсахаар нь тормозоо болиод нөгөө машиныг тойроод гаръя гэж бодоод зүүн гар тийш буюу эсрэг урсгалруу жолооны хүрдээ эргүүлэхэд өөдөөс ирсэн машин миний машины баруун урд талруу мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй ухаан алдчихсан... гэх мэдүүлэг,
-2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” ...бүхээгтэй машины баруун урд их гэрэл байхгүй, уг хэсгээр машины эвдрэл гэмтэл ихтэй байв... осол гарсан хэсэгт хэмжилт хийхэд * УЕХ тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсон байж болзошгүй хойноос урагш чиглэлийн урсгалд орон зүүн талын дугуйны мөр гарч эхэлсэн, мөрний эхлэлийг 7 гэж үзлэгт тусгав... гэх тэмдэглэл /хх-ийн 9-р тал,10 тал /,
-Ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт, * маркийн машин эсрэг урсгалд орж замаас гарсан байдал, * маркийн тээврийн хэрэгсэл болон * маркийн тээврийн хэрэгслийн мөргөлдсөн байдал, техникийн эвдэрлийн байдал /* маркийн машин баруун талдаа рультэй, * маркийн машины зүүн тал, * маркийн машины баруун тал хэсэг эвдрэл ихтэй байдал / /хх-ийн 17-25 хуудас/ болон бусад нотлох баримтуудаар * нь эсрэг урсгалд орж осол гаргасан гэх байдал давхар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж заасан байх ба * нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу аюул саад тулгарч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах, явж байгаа чиглэлээ хадгалах зэрэг арга хэмжээ аваагүйгээс орон зайн баримжаа алдаж, эсрэг урсгалд зорчиж явсан автомашиныг мөргөж 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь насыг нь хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хэргийг үйлдэж, хор уршигт хүргэжээ.
Жолоочийн лавлагаа мэдээллээр шүүгдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр жолооч болсон, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үнэмлэх олгосон буюу №* дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй, 2034 оны 05 дугаар сарын 03-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэх дуусах, А, В, D, D1 ангилалын жолооны үнэмлэхтэй байна.
Мицубиши * маркийн тээврийн хэрэгслийг С ангилалын жолооны ангилалаар жолоодох тул шүүгдэгч *ыг уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэж үзнэ.
Шүүгдэгч *ын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, осол гаргасан гэм буруутай үйлдэл, хохирогч *ын биед хүнд гэмтэл, *ын амь нас хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хэргийн газрын үзлэг хийсэн ажиллагаанд оролцсон оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй, нотлох баримт гэж үнэлж дүгнэх боломжгүй гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8-д “мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд ажиллагаа явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна гэж заасны дагуу Замын цагдаагийн зохицуулагч * гарын үсэг зурж баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүх шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас иргэн иргэн *ын амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийн талаар: “...энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч *ын оршуулгын зардалд нийт 55.571.751 төгрөг, тээврийн хэрэгсэлд буюу * УАМ улсын дугаартай * машины хохирол 18,160,000 төгрөг хохирлын нийт тооцоо 73,731,751 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 150 дахин нэмэгдүүлснээр буюу 99 сая төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн зардал * өмгөөлөгчид 5 сая, *өмгөөлөгчид 9 сая гээд нийт гэмт хэргийн улмаас улмаас учирсан хор уршиг нь 113 сая төгрөг буюу хохирол хор уршиг нийт 186,731,751 төгрөгийг шүүгдэгч * болон иргэний хариуцагч * нараас тус тус гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр хүн нас барсны улмаас учирсан хор уршгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 508.5, 509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлд зааснаар тус тус гаргуулж өгнө үү…” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирол төлбөрийн талаар: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаж, шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байгаа тул хохирол төлбөр төлөхгүй гэсэн байр суурьтай байна ...” гэв.
Шүүх гэм хорын хохирол хэргийн 2-р хх-ийн 38-78, 197-218-р хуудсанд оршуулгатай холбоотой гэм хорын хохирол нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар үнэлж дүгнээд дараах байдлаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.3, 4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу нийт оршуулгын зардал 57,996,350 төгрөгөөс 39,733,508 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж, 18,262,842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож /талийгаачийн төрсөн дүү Япон улсаас ирсэн тийзний мөнгө 7,765,800 төгрөг /оршуулгатай холбоотой заавал гарах зардал биш, өөрийн сайн дурын үндсэн дээр ирж очсон зардал тул оршуулгын зардалд хамааралгүй/, өмгөөлөгчийн зардал 3,000,000 оршуулгын зардал биш, асрамжийн газрын хүүхдүүд болон * төвийн хүүхдүүд хооллосон, тоног төхөөрөмж худалдан авч өгсөн зэрэг 7,497,042 төгрөгт холбогдох хэсгийг сайн дурын үндсэн дээр хийгдсэн, зайлшгүй гарах оршуулгын зардалд хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын сэтгэцэд учирсан хохиролд тооцож,
* маркийн * УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон хохиролд 18,160,000 төгрөгийг гаргуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн зардал болох 14,000,000 төгрөг, нийт хохирол 170,893,508 төгрөгийг гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч * нараас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ... гэж зааснаар гэм хорын хохиролоос иргэний хариуцагч * тодорхой хувийн хариуцах үүрэгтэй гэж үзэж шүүгдэгч *аас хохирол 170,893,508 төгрөгийн 60 хувь буюу 102,536,105 төгрөг, иргэний хариуцагч *аас 40 хувь буюу 68,357,403 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *т олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хариуцагч *гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа хэдий ч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар ослын улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэггүй, жинхэнэ эзэмшигч биш тул хохирол гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлий 508.3, 508.4.1-т зааснаар Амь хохирогч *ын нэг сарын хөдөлмөрийн хөлс 912,000 төгрөг бөгөөд сүүлийн 3 сарын дундаж 912.000 төгрөг, үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 689,000 төгрөгийг хасаж, насанд хүрээгүй хүүхэд 2019 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн хүү* овогт *ын *-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 223,000 төгрөгийг 18 нас хүртэл шүүгдэгчээс гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас иргэн *ын биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийн талаар: “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *алд Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг улсын яллагчийн зүгээс оруулж байна... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: ....“Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 102 сая төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Гэхдээ үүнийг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Учир нь шүүгдэгч нь уг гэмт хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан. Мөн өөрийн буруутай, эсвэл буруугүй үйлдлээс үл хамаарч өөрийнх нь шууд оролцоотойгоор хүн нас барчихаад байхад өнөөдрийг хүртэлх хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн гэр бүлээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, эмгэнэл илэрхийлээгүй, хүнлэг байж чадаагүй, нэг хүн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн. Нэг эхнэрийг нөхөргүй, нэг хүүг эцэггүй болгосон, энэ байдлаа шүүгдэгч огт ойлгож, гэмшээгүй. Эцсийн хүсэл шүүх хуралдаанаар шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл гэм буруу дээрээ маргасаар ирсэн. Тиймээс шүүгдэгч *ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл хамаарахгүй юм. Иймд шударга ёсны зарчим болох эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 жилийн хугацаагаар хасаж, 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эдлэх хорих ялыг хаалттай хорих ялыг байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү... гэсэн саналтай байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: ...Яг үнэндээ шүүгдэгч *ын хувьд өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд амь хохирогчийн ар гэрийн нулимсаар амьдарлаа шүү дээ. Нэг жил хоёр сар ар гэрийн нулимсыг үзлээ. Тэгээд хүн ёсныхоо хувьд ядаж нэг удаа уучлалт гуйгаад ирчихсэн бол өнөөдөр магадгүй энэ ар гэрийнхэн, хууль ёсны төлөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар энэ хүнд хатуурхаад 05 жил хорих, 08 жил жолоодох эрхийг нь хасна, тэгээд хаалттай хорих ангид ялыг эдлүүлнэ гээд сууж байх шаардлага байхгүй байсан. Хохирол төлснөөрөө гэм буруугүй гэж үзэх зүйл биш. Гэм буруугаа би хүлээн зөвшөөрч байна гэж хэлж магадгүй. Гэтэл гэм буруугаа энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрөөгүй... * өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “...Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Миний хувьд өмгөөлөгчийн зүгээс бол *ыг гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөнгүй гэж үзэхгүй байна. Шүүхээс гэм буруутайд тооцсон хойно хүлээн зөвшөөрлөө гэсэн. Энэ хуулийн заалт чинь үнэнийг хэлэхэд гэм буруугаа хүлээх гэсэн ойлголтыг шүүхийн аль ч шатанд хүлээхээс нь үл хамаарсан нөхцөл байдлыг ялгасан юм байхгүй. Миний хувьд бол өмгөөлөгчийн зүгээс бол шүүх хуралдаан дээр юу гэж мэтгэлцэж байсан бэ гэвэл гэмт хэрэгт манай үйлчлүүлэгч гэм буруугүй гэж ярьж байсан. Гэсэн хэдий ч шүүхээс гэм буруутайд тооцоход манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрье хохиролоо төлье гэж хурал завсарлахад хэлж байсан тул энэ саналыг хүндэтгэсэн... *ын хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн заалттай нийцэж байна гэж миний хувьд үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс бол өөрийн учруулсан хохирлоо 100% төлсөн. Хохирол төлнө гэдэг чинь өөрөө гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна гэсэн нэг илэрхийлэл гэж үздэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтыг журамлаад миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч бол Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхээс гэм бурууг тогтоож, гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийдвэрийг манай үйлчлүүлэгч хүндэтгэн үзэж байгаа. Яагаад гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж мэтгэлцэж оролцох нь талуудын эрхийн асуудал байдаг. Энэ үүднээсээ бид нар үүнийг үнэн зөвөөр тогтоож өгөөч гэсэн санал хүсэлт өгснийх нь төлөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь үүнийг зөв тогтоогоод өгөөч гэж бид нар маргасан болохоос биш гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн асуудал бид нар яриагүй. Өнөөдөр энэ зам тээврийн осол гэдэг зүйл анхаарал болгоомжгүйгээс үйлдэгддэг, хэнд ч тохиолддог ийм л асуудал байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд энэ хуульд заасан сонгох ялаас аль хөнгөрүүлэх, ял шийтгэлийг эдлэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдлээ, учруулсан хохирлоо төллөө. Энэ үүднээс хүний алтан амь үрэгдсэн энэ байдалд бол маш их гэмшиж байгаа. Өөрөө эцсийн үгэндээ хэлэх байх. Энэ нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой байна... гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: ...Миний хувьд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хүний үйлдсэн гэмт хэрэгт тогтоогдож байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хүн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зам тээврийн осол хэрэг сая * өмгөөлөгч хэллээ. Тохиолдлын шинжтэй, ялангуяа замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөнөөс болж осол хэрэг гараад энэ хор уршиг учирсан байна. Дээрээс нь шүүгдэгч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хохирлоо 100% нөхөн төлсөн, сая гаргаж өгсөн баримт, хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзаж ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Ингээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар *ад зорчих эрх хязгаарлах ялыг нь оногдуулж өгөөч гэдэг саналыг гаргаж байна.... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *: ...Хүний амь насыг үгүй хийчхээд өнөөдрийг хүртэл энэ аймшигтай үйлдэлдээ хэзээ ч гэмшээгүй. Бидний ар гэрт маш хүнлэг бус, хүндэтгэлгүй хандсаар өнөөдрийг хүрсэн. Гэм буруутайг шүүхээс тогтоож, ял шийтгэл авах болохоор хохирлоо төлөөд барагдуулчихлаа гэж бодож байвал үгүй шүү. Үүгээр чинь бидний уй гашуу хэзээ ч тайлагдахгүй. Эдлэх ёстой ял шийтгэлээ аваад явахыг хүсэж байна, гомдолтой байна... гэв.
Шүүгдэгч * эрүүгийн хариуцлагын талаар хэлсэн үгэндээ: ... Болсон явдалд үнэхээр харамсаж байна. Гэр бүлийнхэнтэй нь уулзаагүй нь миний буруу. Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад эхний өдөр ар гэрийнхэнтэй нь уулзах гэтэл цагдаа уулзуулаагүй юм. Насаараа та нарт өртэй. Үнэхээр уучлаарай. Гэхдээ санаатай үйлдэл болоогүй юм шүү. Үнэхээр уучлаарай... гэв.
Шүүгдэгч нь шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа хуульд зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлага авч хохирол төлөх хугацаа авсан бөгөөд шүүхээс шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 102,536,105 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна… гэж,
Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ… гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн
Шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэргийн шинж, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хүний амь нас эрсдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшээгүй байдал зэрийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүдгэгч *ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь хуульд нийцэж байна.
Хэдийгээр шүүгдэгч өөрийн гэмт хэрэгээ нотлох үүрэггүй, өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх эрхтэй ч “гэм буруугүй, ангилалгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу” гэж маргасан бөгөөд гэм буруугийн тал дээр шүүгдэгчийн гэмт хэрэгтээ хандаж буй сэтгэл зүйн илэрхийлэл бөгөөд шүүгдэгчийг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тэнсэн хянан харгалзах, зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа биелүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн нэр бүхий тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг машины хар төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хэлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч * овгийн *ын *ыг Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд гэмтэл, 1 хүний хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Шүүгдэгч *ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5.7 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч *ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа биелүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.3, 4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар нийт оршуулгын зардалд 57,996,350 төгрөгнөөс 39,733,508 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 18,262,842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 төгрөг, машины үнэлгээгээр тогтоогдсон 18,160,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөлөлийн зардал 14,000,000 төгрөг нийт 170,893,508 төгрөгнөөс шүүгдэгч *аас гэм хорын хохирлын 60 хувь болох 102,536,105 төгрөг, иргэний хариуцагч *аас 40 хувь болох 68,357,403 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *т олгосугай.
5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-т зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд 2019 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн хүү * овогт *ын *-д цалин хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 223,000 төгрөгийг 18 нас хүртэл шүүгдэгчээс гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
6. Хохирогч * эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн нэр бүхий тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг машины хар төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч * нь шүүхээс тогтоосон хохирол 102,536,105 төгрийг төлсөн болохыг дурсгуай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН