Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/04332

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/04332

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч А.Сарантуяа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Д-гийн Л /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... хороолол, ... байр, Т.Г СӨХ-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол төлбөрт 590,200 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагч Д.Л,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаа,

Иргэдийн төлөөлөгч С.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Л-гийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагт өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай, Тоёота приус-20 загварын суудлын машинаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ... хорооллын ... дугаар байрны баруун талын машины зам дагуу байшингийн хананд шахаж байрлуулж хонуулсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 08 цагт машинаараа гадагш гарах гэтэл ... дугаар байрны баруун талын хананы плита, шавар нурж миний машин дээрээс унаж урд салхины шилийг хагалсан, дээврийг цөмөлж, будгийг нь хуулсан, мөн баруун хойд талын хаалгыг цөмөлсөн. Тэр даруй би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаа ирж үзээд явсан ба 7 хоногийн дараа Б.Гарьд гэх хүн яриад Машиныхаа эвдрэлийн үнэлгээг хийлгээд ир гэж мэдэгдсэн. Би үнэлгээг Дамно ХХК-иар хийлгэхэд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ1-22-469 дүгээр үнэлгээний тайлангаар 570,400 төгрөгийн хохирол миний машинд учирсан болохыг тогтоосон, үнэлгээний ажлын хөлсөнд 19,800 төгрөг төлсөн. Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцсан орон сууцныхаа дотор, гадна бүх бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Тухайн байшин одоо ч засаагүй байгаа, би өдөр бүр гэр рүүгээ орохдоо хардаг, засах нь байтугай доогуур нь хүн явахад анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ ч тавиагүй байна лээ. Би тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг ...болгож өөрчилсөн. Иймд хариуцагч Т.Г СӨХноос 590,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т.Г СӨХны шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаагийн гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... хорооллын ..., 11а дугаар байрууд ашиглалтад ороод 13 жил болсон бөгөөд он, цаг хугацааны аясаар илэгдэл гэмтэл үүсдэг ч энэ асуудлыг хэн ч тооцоолох боломжгүй, ..., 11а дугаар байр нь зөвхөн урд хэсэгтээ авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байдаг, харин баруун талын хэсэг газар нь сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн газар ч биш, авто зогсоол ч биш бөгөөд зөвхөн авто зам л байдаг. Д.Л нь хөдөлгөөнд саад учруулан өөрийн автомашинаа зогсоож байрлуулсан байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь илт байдаг. Авто зогсоол биш газар дур мэдэн машинаа тавьсан, мөн даатгалтай компаниа дуудаж хохирлоо барагдуулах бүрэн боломж байсан ч боломжоо ашиглахыг хүсээгүй, өөрийн буруутай үйлдлийг нуун дарагдуулж цагдаа болон даатгалд мэдэгдээгүй, зөвхөн сууц өмчлөгчдийн холбооны буруу гэж мушгин гуйвуулж байгаа нь өөрийн буруугаа бусад руу тохох башир арга тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч С.Згийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Сууц өмчлөгчдийн холбоо тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх нь зүйтэй, мөн нэхэмжлэгч машинаа зогсоолд байршуулж сурах хэрэгтэй гэжээ

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянгол дүүрэг дэх Цагдагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зарлагын баримтыг шүүхэд гаргажээ.

 

5. Хариуцагч Тэнгэрийн гэгээ сууц өмчлөгчийн холбоо нь хариу тайлбарын хамт улсын бүртгэлийн гэрчилгээ, удирдах зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2 тоот шийдвэрийг гарган өгсөн.

 

6. Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШТ2022/00487 дугаар тогтоолоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс Тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Гарьдын 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, ... хорооллын ... дугаар байрны хананы шавар нурж Д.Лгийн өмчлөлийн ... улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалсан, тээврийг хонхойлгосон гэх зөрчил /эрүү/-ийн хэргийг шалгасан материалаас Д.Лгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Тэнгэрийн гэрээ сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гэм хорын хохирол төлбөрт 590,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагт өөрийн өмчлөлийн ... улсын дугаартай, Тоёота приус-20 загварын суудлын машинаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ... хорооллын ... дугаар байрны баруун талын машины зам дагуу байшингийн хананд шахаж байрлуулж хонуулсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 08 цагт машинаараа гадагш гарах гэтэл ... дугаар байрны баруун талын хананы пилта, шавар нурж миний машин дээрээс унаж урд салхины шилийг хагалсан, дээврийг цөмөлж, будгийг нь хуулсан, мөн баруун хойд талын хаалгыг цөмөлсөн. Тэр даруй би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаа ирж үзээд явсан ба 7 хоногийн дараа Б.Гарьд гэх хүн яриад Машиныхаа эвдрэлийн үнэлгээг хийлгээд ир гэж мэдэгдсэн. Би үнэлгээг Дамно ХХК-иар хийлгэхэд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ1-22-469 дүгээр үнэлгээний тайлангаар 570,400 төгрөгийн хохирол миний машинд учирсан болохыг тогтоосон, үнэлгээний ажлын хөлсөнд 19,800 төгрөг төлсөн. Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцсан орон сууцныхаа дотор, гадна бүх бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Тухай байшин одоо ч засаагүй байгаа, би өдөр бүр гэр рүүгээ орохдоо хардаг, засах нь байтугай доогуур нь хүн явахад анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ ч тавиагүй байна лээ гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... хорооллын ..., 11а дугаар байрууд ашиглалтад ороод 13 жил болсон бөгөөд он, цаг хугацааны аясаар илэгдэл гэмтэл үүсдэг ч энэ асуудлыг хэн тооцоолох боломжгүй, ..., 11а дугаар байр нь зөвхөн урд хэсэгтээ авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байдаг, харин баруун талын хэсэг газар нь сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн газар ч биш, авто зогсоол ч биш бөгөөд зөвхөн авто зам л байдаг. Д.Л нь хөдөлгөөнд саад учруулан өөрийн автомашинаа зогсоож байрлуулсан байгаа нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь илт байдаг. Авто зогсоол биш газар дур мэдэн машинаа тавьсан, мөн даатгалтай компаниа дуудаж хохирлоо барагдуулах бүрэн боломж байсан ч боломжоо ашиглахыг хүсээгүй, өөрийн буруутай үйлдлийг нуун дарагдуулж цагдаа болон даатгалд мэдэгдээгүй, зөвхөн сууц өмчлөгчдийн холбооны буруу гэж мушгин гуйвуулж байгаа нь өөрийн буруугаа бусад руу тохох башир арга тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, тус хэлтэст Д.Лгийн гаргасан өргөдөл, мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, мөн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, зарлагын баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Т.Г СӨХны харьяа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... хорооллын ... дугаар байрны баруун талын хананы шавар, плита нурж тухайн байрны баруун талын авто зам дээр зогсож байсан нэхэмжлэгч Д.Лгийн өмчлөлийн ... улсын дугаартай /улсын дугаарыг ...болгож өөрчилсөн/, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл дээр унасны улмаас урд салхины шил хагарч, дээвэр, баруун хойд хаалга цөмөрч 570,400 төгрөгийн хохирол учруулсан болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ... байр нь хариуцагч Т.Г СӨХны бүртгэлд байдаг болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна, 15.1.1.орон сууцны байшингийн гадна хана, ... гэж зааснаар хариуцагч Т.Г СӨХ өөрийн бүртгэлд байгаа орон сууцны байшингийн ашиглалт, засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид дээрх хохирлыг учруулсан. Мөн нэхэмжлэгчийн ... манай тэр хавьд машины зогсоол хүрэлцээ муутай байдаг тул ... байрны баруун талаар явж өнгөрсөн автомашины зам дээр тээврийн хэрэгслээ хонуулсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ зогсоохдоо Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Суурийн газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсхүл замаас зайдуу газарт зогсооно гэж заасныг зөрчсөн байна. Иргэний хуулийн

497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч дээрх гэм хор учирахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөсөн байх тул хохирлыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Дамно ХХК-ийн 2022 оны хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлиийн тээврийн хэрэгсэлд дээвэр 185,000 төгрөг, баруун хойд хаалга 155,000 төгрөг, урд салхины шил 190,000 төгрөг, будаг, лак 40,400 төгрөг, нийт 570,400 төгрөг, үнэлгээчний ажлын хөлсөнд 19,800 төгрөгийг төлсөн, нийт 590,200 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан нь тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Т.Г СӨХноос гэм хорын хохирол төлбөрт 295,100 төгрөг /590,200 : 2 = 295,100/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Г СӨХ-ноос 295,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА

 

Н.ХАНГАЛ