Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/04334

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/04334

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Ө-ийн Ж /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... ХХК-ийн оффисын барилга, ... тоот хаягт оршин байх, Э.Д.А.Д ХХК /РД: .../ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Өлзий,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ванчиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Жы шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшингийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ө.Ж би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Э.Д.А.Д ХХК-тай худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймгийн Манлай сум, Өгөөмөр багийн нутаг, Үүд баян гэх газарт 33,000,000 төгрөгийн өртөг бүхий нэг ширхэг гүний худаг хийгээд ажлаа хүлээлгэн өгсөн. Э.Д.А.Д ХХК нь урьдчилгаа болгож 24,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 9,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Гэрээний 6.3-т зааснаар тооцож үзэхэд алданги нь 4,500,000 төгрөг болж байгаа. Мөн 2021 онд шүүхэд анх нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн тул хаягийг тодорхойлохын тулд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан. Ингээд төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан 70,200 төгрөг, нийт 13,570,200 төгрөг болж байна. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн худаг хүлээлцсэн акт бидний аль алинд эх хувиараа байхгүй. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч Ш.Бат-Өлзий ... би энэ актыг гараараа бичиж өгсөн гэдгээ өмнөх шүүх хурал дээр ч хэлсэн. Сая гомдлын хурал дээр ч А.З.Г ХХК-д хүлээлгэж өгөөрэй гээд тамга тэмдгээ дарж хүлээлгэж өгсөн гэдгээ хэлсэн. Захиалагч тал гарын үсэг, тамга дарснаар энэ худгийг хүлээн авсан гэж үзэж байна. Иймд ажлын үр дүнг хүлээн авсан байна. Дээрх нотлох баримтыг давхар нотлуулахын тулд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нотариатаар батлуулж шүүхэд өгч байсан баримтын талаар нотариатаар тодорхойлолт бичүүлж, нотариатын дэвтэрийн хуулбарын хамт өгсөн. Шүүхээс гаргуулсан нотлох баримтаар А.З.Г ХХК, Э.Д.А.Д ХХК-ийн бүртгэлтэй худаг байхгүй болно гэдэг хариу тодорхойлолт Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал зуучлалын газраас ирсэн, мөн нэхэмжлэгч талаас одоо энэ худаг ашиглагдаж байна уу? үгүй юу гэдгийг нотлуулахаар Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргад өгсөн хүсэлтийн хариунд уг худаг 2020 оноос эхлэн тоолуур тавиад тасралтгүй ажиллаж байгаа гэх бичгийг өгсөн. Шүүхээс гар утсанд хадгалагдаж буй солбилцолын паспортод үзлэг хийлгэхэд үзлэгээр илэрсэн үр дүн Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргын ирүүлсэн нотлох баримттай таарч байгаа, мөн ... гэдэг солбилцолын дугаарууд хүртэл таарч байна. Тэгэхээр худгийг одоо хүртэл ашиглаад явж байгаа, хүлээлгээд өгсөн гэж үзэж байна. Геофизикийн ажлын 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Э.Д.А.Д ХХК нь худаг ухах цэгийг тодорхойлохдоо усгүй цэг тодорхойлсон байсан. Тэр цэгээс нь ус гараагүй тул захиалагч буюу хариуцагч тэр цэгээ өөрсдөө тодорхойлчих тэр мөнгийг чинь бид нар өгье гээд 2,000,000 төгрөг буюу нийт 26,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг юм. Усны цэг тодорхойлсон зардалд 2,000,000 төгрөг орж байгаа, ингээд 26,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг 9,000,000 төгрөгөөр тооцсон байгаа. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 13,570,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Д.А.Д ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Өлзийгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь нэхэмжлэгч Ө.Жтай 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 33,000,000 төгрөгийн өртөг бүхий нэг ширхэг гүний худаг гаргуулахаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч Ө.Ж нь худгийг манай компанид хүлээлгэж өгөөгүй, цаад компанид хүлээлгэж өгөөд бид нартай харьцахгүй алга болсон, бид эдгээр хүмүүсийг цаагуураа тохиролцоод мөнгөө авчихсан гэж үзэж байгаа. Худгийг манай компани хүлээж аваад худгийн паспортын бичиг өгөх ёстой, үүнийг үзүүлээд орон нутгийн байгууллагаас буюу Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас худгийн регистр олгох ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 33,000,000 төгрөг орсон гэдэг нь дансны хуулгаараа нотлогдоно гэж хэллээ, 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг нэг өдөртөө орж ирээд түүнээс 26,000,000 төгрөгийг аваад урьдчилсан байдлаар өгөөд явуулсан. Геофизикийн хайгуулд 3,000,000 төгрөг зарцуулсан, түүнийг нь би суутгаж авч үлдсэн. Түүний жишээ болгон миний заасан цэг дээр худгийг өрөмдсөн гэдэг нь засаг даргын ирүүлсэн албан бичигт хүртэл зургаар ирүүлсэн бичгээр нотлогдож байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварт 3,000,000 төгрөг төгрөг төлсөн, энэ хасагдаад үлдэгдэл нь 700,000 төгрөг гэдгийг хэргийн материалд задаргаагаар тайлбарлаад, бичээд өгсөн. Худаг ашиглалтад өгсөн үгүй гэдэг дээр маргадаг. Би ойлгохдоо Ө.Ж эхний худгаа ухчихлаа, энэ худгаа ашиглалтад өгмөөр байна гээд ирэхээр нь цаад компанид хүлээлгэж өгөө гээд хүлээлгэж өгөх акт бичээд явуулсан байхад хүлээж авсан акт гэж ойлгоод байгаа юм гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өрөмдмөл худаг шинээр гаргах аж ахуйн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 28ё/4479 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотариатч А.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, нотариатчийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1-230 тоот албан бичиг, тоолуурын фото зургийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан.

 

4. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбарын хамт Голомт банк ХХК дахь ... тоот дансны хуулга, тандалтын хайгуулын ажлын төсөв, Худаг ашиглалтанд өгсөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн акт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0000448 дугаар гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/18228 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 411 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргуулж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Ж нь хариуцагч Э.Д.А.Д ХХК холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрө, хохиролд 70,200 төгрөг, нийт 13,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ө.Ж би 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Э.Д.А.Д ХХК-тай худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 33,000,000 төгрөгийн өртөг бүхий нэг ширхэг гүний худаг хийгээд ажлаа хүлээлгэн өгсөн. Э.Д.А.Д ХХК нь урьдчилгаа болгож 24,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл 9,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Гэрээний 6.3-т зааснаар алданги нь 4,500,000 төгрөг болж байгаа. Мөн 2021 онд шүүхэд анх нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй гэсэн тул хариуцагчийн хаягийг тодорхойлохын тулд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан. Ингээд төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан 70,200 төгрөг, нийт 13,570,200 төгрөг болж байна. Хариуцагчийн төлөөлөгч Ш.Бат-Өлзий ... би энэ актыг гараараа бичиж өгсөн гэдгээ өмнөх шүүх хурал дээр ч хэлсэн. Геофизикийн ажлын 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Э.Д.А.Д ХХК нь худаг ухах цэгийг тодорхойлохдоо усгүй цэг тодорхойлсон байсан. Тэр цэгээс нь ус гараагүй тул тэр цэгээ өөрсдөө тодорхойлчих тэр мөнгийг чинь бид нар өгье гээд 2,000,000 төгрөг буюу нийт 26,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг юм. Усны цэг тодорхойлсон зардалд 2,000,000 төгрөг орж байгаа, ингээд 26,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг 9,000,000 төгрөгөөр тооцсон байгаа гэжээ.

 

3. Хариуцагч Э.Д.А.Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Ө.Ж нь худгийг манай компанид хүлээлгэж өгөөгүй, цаад компанид хүлээлгэж өгөөд бид нартай харьцахгүй алга болсон, бид эдгээр хүмүүсийг цаагуураа тохиролцоод мөнгөө авчихсан гэж үзэж байгаа. Худгийг манай компани хүлээж аваад худгийн паспортыг бичиг өгөх ёстой, үүнийг үзүүлээд орон нутгийн байгууллагаас буюу Өмнөговь аймгийн Байгаль орчны газар регистр олгох ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 33,000,000 төгрөг орсон гэдэг нь дансны хуулгаараа нотлогдоно гэж хэллээ, 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг нэг өдөртөө орж ирээд түүнээс 26,000,000 төгрөгийг аваад урьдчилсан байдлаар өгөөд явуулсан. Геофизикийн хайгуулд 3,000,000 төгрөг зарцуулсан, түүнийг нь би суутгаж авч үлдсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварт 3,000,000 төгрөг төгрөг төлсөн, үүнийг хасагдаад үлдэгдэл нь 700,000 төгрөг. Би ойлгохдоо Ө.Ж эхний худгаа ухчихлаа, энэ худгаа ашиглалтад өгмөөр байна гээд ирэхээр нь цаад компанид хүлээлгэж өгөө гээд хүлээлгэж өгөх акт бичээд явуулсан байхад хүлээж авсан акт гэж ойлгоод байгаа юм гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Нэхэмжлэгч Ө.Ж, хариуцагч Э.Д.А.Д ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Өрөмдмөл худаг шинээр гаргах аж ахуйн гэрээгээр нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 2020 оны 09 дүгээр сарын 15-наас эхлэн 10 хоногт багтаан 1 т/м-ийг /тууш метр/ 220,000 төгрөгөөр, нийт 33,000,000 төгрөгөөр өрөмдмөл худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 3 хоногт багтаан төлбөрийн 40 хувийг, бүх ажлыг хийж дуусган ашиглалтанд өгсөн актыг үндэслэн 60 хувийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өрөмдмөл худаг шинээр гаргах аж ахуйн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 28ё/4479 тоот албан бичиг, нотариатч А.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, нотариатчийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1-230 тоот албан бичиг, тоолуурын фото зураг, Голомт банк ХХК дахь ... тоот дансны хуулга, тандалтын хайгуулын ажлын төсөв, Худаг ашиглалтанд өгсөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн акт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0000448 дугаар гэрчилгээ, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 411 тоот албан бичиг, зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний үүрэгт хариуцагч Э.Д.А.Д ХХК нь нэхэмжлэгчид 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 26,000,000 төгрөгийг төлсөн, харин нэхэмжлэгч Ө.Ж нь Өмнөговь аймгийн Манлай сум, Өгөөмөр багийн нутаг, Үүд баяр гэх газарт гүний худаг гаргах ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 хоногт багтаан хийж гүйцэтгэж худгийг зохих ёсоор гаргаж, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээгүй биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөнөө гэрээнээс учирсан хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснээ нотолж чадаагүй тул энэ шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1-230 тоот албан бичиг, нотариатч А.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, нотариатчийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар цуглуулсан боловч эдгээр нотлох баримт нь зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон гүний худаг мөн болохыг шууд нотолсон баримт биш, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх нутагт дахин нэг гүний худгийг гаргаж ашиглалтад өгсөн гэх баримт /хавтаст хэргийн 49 дүгээр тал/ хэрэгт ба Манлай сумын засаг даргын 1-230 тоот албан бичигт дурдсан худаг нь эдгээр 2 худгийн алин болохыг тодорхой дурдаагүй болно.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ө.Жы хариуцагч Э.Д.А.Д ХХК-д холбогдуулан гаргасан ажлын дутуу хөлс 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 13,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ж-ы хариуцагч Э.Д.А.Д ХХК-д холбогдуулан гаргасан 13,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР