Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1177

 

 

 

 

 

 

 

 

 

С.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00765 дугаар шийдвэртэй, С.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б-” ТӨААТҮГ-т холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Ө-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/49 тоот тушаалаар “Б-” ТӨААТҮГ-т нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар намайг ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагад гэрээний дагуу бүтээгдэхүүний захиалга ирж, тэрийг нь нярав хүлээлгэж өгсний дараа надад падаан нь орж ирдэг. Би санхүүгийн өөрийн файл дээр падааны он, сар, өдөр, авсан хүний нэртэйгээр нь хүснэгт зохиогоод нийт дүнгээр бодогддог файлын дагуу ажлаа хийдэг. Би барааг ачуулахдаа тэр дор нь тооцоог хийдэг. Ихэвчлэн захиалсан бараа нийлүүлснээс хойш 45-60 хоногийн дотор мөнгө нь шилжиж ирдэг учраас тухай тухайн үед нь очиж тооцоо нийлдэг, ингэхгүй бол мөнгө нь хойшлогддог. Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлснээр тооцоо баталгаажиж Батлан хамгаалах яамнаас мөнгө орж ирсэн. Би ажлаас халсан тушаалтай танилцаад ерөнхий захиралд тайлбар бичиж өгсөн бөгөөд тэрээр миний хийчихсэн байгаа ажлыг хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Би тооцоогоо хийгээд ирсэн гэдгээ хэлсэн. Манай ерөнхий нягтлан бодогч нь санхүүгийн программ цоожлоод, ажлаа хийх ямар ч боломжгүй болгодог. Хийсэн ажлаа танилцуулахад хийгээгүй гэж үздэг. Намайг ажлаа хийдэггүй, цаг тухайд нь мэдэгддэггүй гэж удирдлагад хэлдэг. Би барааны тооцоог нийлж баталгаажуулаад эх хувийг нь өөрөө аваад нөгөө хувийг ерөнхий нягтлан бодогчид өгдөг байсан. Тэгэхэд үйлдвэрлэлийн албанд мэдээ өгөөгүй, ажлаа хийгээгүй гэж элдвээр хэлдэг, ярьдаг. Тийм учраас дараа нь үйлдвэрлэлийн албанд хуулбарлаж өгөх, давхар ерөнхий захиралд ажлаа тайлбарлах шаардлага гардаг байсан. Зарим тохиолдолд ерөнхий захирал завгүй байдаг учир онцын шаардлагагүй бол орж ирэх шаардлагагүй гэдэг байсан. Тийм учраас би ерөнхий захиралд өөрт нь дуулгаж чадаагүй. Захирлын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалаар намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай тооцоо нийлсэн байхад 20 хувиар цалингаас хасах хариуцлага тооцсон. Би энэ тушаалын талаар захиралд намайг хэлмэгдүүлж байна гэж хэлсэн. 350 векижийн тухайд тэр нь 2017 оны 12 сард нийлүүлэгдсэн бөгөөд тухайн үеийн Б.Баярбаатар захирлын тушаалаар өгөгдсөн ба би 310 дугаар ангид нийлүүлэх викежийн тоо гүйцсэн, үүнийг өгөх юм бол энэ тоо илүүднэ, энэ жилийн төсөвт энэ мөнгө суутгагдаагүй байгаа гэдэг талаар танилцуулж байсан. Б.Баярбаатар захирал захирал нь хариуцъя, чи явуулчих гэсэн тул нярав н.Оюу-Эрдэнэ тэр бүтээгдэхүүнийг ачаад нийлүүлсэн байдаг. 2018 оны гэрээний талаар надад ямар нэг чиглэл хэн ч өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар анги дээр тооцоо нийлэх гэж очихдоо 24 322 500 төгрөгийн, 42 120 979 төгрөгийн, нөгөө нь 40 960 400 төгрөгийн гэсэн 3 тооцоотой очсон. Би тэнд өдрийн 15.00 цагийн үед очоод шөнийн 23.00 цаг хүртэл тооцоо хийж суусан. Тэгэхэд 310 дугаар ангийн нябо нь өмнөх хоёр тооцоог нь баталгаажуулаад авсан мөртлөө 40 960 400 төгрөгийн тооцоог авахгүй, санхүүжилт хаасан гэсэн тайлбар хэлэхэд нь адил гэрээний тооцоог авчихлаа, энэ 40 960 400 төгрөгийн тооцоог авах ёстой гэж дарга н.Бүрэнтөгсөд нь хэлсэн. Тэгэхэд Бүрэнтөгс дарга надад манай санхүүгийн албаны дарга Ц.Дашдуламтай маргасан тухайгаа надад хэлээд энэ тооцоог авахгүй гэсэн. Тэгэхээр нь би 2 даргын энэ маргаантай асуудал байна, гол нь би ажлаа хийж байна гэж би хэлэхэд чи санаа зоволтгүй, энэ гэрээний хугацаа дуусаагүй учир оны дараа авч болно гэсэн. Ажил дээрээ ирээд энэ байдлыг ерөнхий нягтлан бодогч Ц.Дашдуламд танилцуулсан. Тэгэхэд надаас хуулбаруудыг бүгдийг нь өөртөө авсан. Эх хувь нь надад байсан. Тэгээд би н.Бүрэнтөгстэй даргатай холбогдох байх, учраа авах байх гэж бодсон. Би тэр үед маш их завгүй ажиллаж байсан. Би тооцоо нийлээгүй миний буруу гэж хурал дээр хэлээгүй, хурлын протоколоос намайг өөрөө алдаа гаргасан юм шиг байдлаар бичсэн байна лээ. Би уг 40 960 000 төгрөгийн тооцоог нийлж ирчихээд н.Бүрэнтөгс даргын тайлбарыг захиралд өөрөө шууд хэлээгүй нь миний буруу болсон байна гэснийг тэгж бичсэн байдаг. Миний үгийг ч гүйцэт бичээгүй байна. 2017 онд өгсөн 350 викеж дээр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хувцасны албаны дарга өөрөө утасдаж үүнийг аль тооцоонд оруулах вэ гэхэд нь 40 960 000 төгрөгөөс өөр гэрээнд орох ёстой байсан юм шиг байна гэж хэлсэн. Гэтэл үүнээс болоод надад хариуцлага тооцогдсон. Захирал намайг бас хувцас өгөөд тэнд үлдээсэн гэж байна. Би эд хариуцагч биш учраас надад тэгж хүний агуулахаас эд хариуцагчид мэдэгдэхгүйгээр аваачиж өгөх боломж байхгүй. 93 ширхэг малгай гэдэг дээр нярав н.Оюу-Эрдэнэ нь П.Ариунзаяа бид хоёрыг тооцоо хийгээд сууж байхад падааныг оруулж ирж өгсөн. Тэгэхэд нь би үүнийг аваад явлаа, энэ шүүхийн шийдвэрийн хувь гээд үлдээсэн падаанаар тэр тоогоор нь ёслолын саравчтай малгай 160, ёслолын китель өмд 141, ёслолын китель юбка 164 гээд 12 дугаар сарын 12-ны өдөр тусгагдаад файл дээр хийхээр тоонууд нь гарч ирсэн. Үүний тоог нь би бичээд өнөөдөр юм уу маргааш манай нярав ирж авна гэж байна, тулгаад үзчих, зөв байвал гарын үсгээ зураад тамгаа зураад өг гээд гарын үсгийг нь зуруулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамга дарсан байгаа. Энэ падаан дээр нярав н.Оюу-Эрдэнэ өөрийн гараар бичсэн бөгөөд илүү байсан гэдгийг мэдсээр байж орхиж явсан гэдэг хардлагыг надад төрүүлж байна. Тэгээд эргэж ирээд ав гэхээр завгүй байна, маргааш ирээд авъя гэсэн. Ингээд хийсэн ажлыг үгүйсгэж надад сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд намайг ажлаас халсан тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б-” ТӨААТҮГ-ын захирал Б.Э-с шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тооцооны Нягтлан бодогч С.Ө- нь удаа дараа хариуцсан ажилдаа мэргэжлийн үүднээс ханддаггүй, хайхрамжгүй хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлдэггүй болох нь 2 удаагийн арга хэмжээ авсан тушаалд тусгагдсан байгаа. Эхний арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар авсан. С.Өнөрцэцэг нь ажлын байрны тодорхойлолтоор харилцагч байгууллагатай тооцоо нийлж өр авлагыг барагдуулан гүйцээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс 93 ширхэг ёслолын малгай буюу 2 604 000 төгрөг, 75 ширхэг хос ёслолын китель юбка 13 500 000 төгрөг, албаны саравчтай малгай 2 ширхэг буюу 38 000 төгрөг, 1 хос албаны китель өмд буюу 109 000 төгрөг, нийт 16 307 000 төгрөгийн хувцсыг илүү үйлдвэрлэсэн. Манайх төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй, тухай бүрт захиалагчдаас өгсөн мөнгөөр ажилчдын цалин хөлсийг олгодог. С.Өнөрцэцэгийн үүргээ биелүүлээгүйгээс манай байгууллага санхүүгийн хувьд алдагдалд орсон. Мөн 2017 оны жилийн эцсээр энэ хүн Зэвсэгт хүчний 310 дугаар ангид 350 ширхэг векиж буюу цэргийн өвлийн өмсгөлийг илүү үйлдвэрлээд нийлүүлсэн. Энэ нь ойролцоогоор 30 000 000 орчим төгрөг болох юм. Өмнөх 2017 оны жилийн эцсээр тооцоог нийлсэн бол 350 ширхэг викежийг илүү хийх шаардлагагүй. Энэ үндэслэлүүдээр Б/03 дугаар тушаалаар албан тушаалдаа тэнцэхгүй байгааг анхааруулж нэг сарын цалинг 20 хувиар бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан. Нягтлан бодогч С.Ө- нь тооцоо нийлэхээр явах бүртээ надаас бензиний мөнгө цохуулж авдаг. Гэтэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангид нийлүүлсэн 850 хүний хувцасны тооцоо нийлээгүйгээс болоод 40 960 000 төгрөгийг төрийн санд хураалгасан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие захиалагч төрийн байгууллагуудын санхүүжилт тухайн оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд хаагддаг, тооцоогоо хийгээд мөнгөө авах шаардлагатай шүү гэж өөрт нь хэлж байсан. Ингээд тооцоо нийлэхээр энэ хүн явсан, тэгээд тооцоог нийлж чадаагүй юм уу, тэр чигээр нь энэ асуудлыг хаясан байдаг. Тооцоо нийлсэн акт байхгүй тул энэ мөнгийг Батлан хамгаалах яам, Сангийн яаманд хураалгасан. Тус хувцсыг бол 08 дугаар сард хүлээлгэж өгсөн байсан. 2019 он гарсны дараа Батлан хамгаалах яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай би өөрөө уулзаж, зэмлүүлсний эцэст энэ мөнгийг 03 сард манайх авсан. Хэрэв энэ мөнгийг оны эцэст авсан бол 2019 оны 01 дүгээр сарын ажилчдын цалинг олгочих байсан. Гэтэл манай байгууллага Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албанаас 100 000 000 төгрөг зээлж цалин хөлс, татвар хураамж төлсөн. Манай байгууллага санхүүгийн баримтуудыг шалгуулахаар хөндлөнгийн аудитыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр оруулсан. Тус аудитын дүгнэлтээр ганц С.Ө- бус бүх нярав, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад мэргэжлийн ур чадваргүй, бүртгэл тооцооны ажил нь салан задгай, бүртгэлийн ажил унасан байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гарсан бөгөөд хэрэгт өгсөн байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энэ дүгнэлтийг үндэслээд бүх санхүү бүртгэлийн ажилтнуудад үүрэг өгч, гарын үсэг зуруулсан. Тэгсэн боловч санхүүгийн ажилд ямар ч ахиц гараагүй. 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд үндэсний аудитын газраас 2019 оны 01 дүгээр сард шалгалт орсон бөгөөд уг шалгалтаар сөрөг санал дүгнэлттэй гарсан байдаг. Өөрөөр хэлбэл манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны талаарх дүгнэлт сөрөг, муу гарсан. Үндсэндээ манай санхүүгийн тооцоо бүртгэл алдагдсан гэсэн. С.Ө-тай холбоотойгоор нийт авлагын 95 хувийг баталгаажуулдаггүй, 117 300 000 төгрөгийг байгууллагуудаас авах ёстой байхад энэ хүн тооцоо нийлж баталгаажуулах ажлаа хийгээгүй байдаг. Эд хариуцагч няравын тодорхойлолт дээр 957 000 000 төгрөгийн зөрүүтэй баримтууд гарч ирсэн бөгөөд үүнийг нярав тайлбарлахдаа өртөг өөрчлөгдсөнийг ерөнхий нягтлан бодогч няравтай хамтарч засах ёстой байсныг засахгүйгээр програмд оруулсан гэж тайлбарласан. Энэ нь С.Ө-ын гаргасан зөрчил юм. С.Ө- нь удаа дараа алдаа дутагдал гаргаж, ажлаа хийгээгүй. Би энэ хүнтэй 1 жил хамтарч ажилласан бөгөөд дүгнэлтүүдийг харахад л энэ хүн бүтэн жил ажил хийгээгүй гэж харагдаж байгаа юм. Би бараг дараа нь нэхэмжлэгчээс цалинг нь нэхэмжилж үйлдвэрийг хохиролгүй болгох бодолтой байна. Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай байгуулсан гэрээний хувьд 1 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд ямар ч төсвийн байгууллага худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлбөрийг тухайн ондоо багтааж худалдаж аваад мөнгөө өгдөг. Илүү гарсан мөнгө нь төрийн санд хураагддаг. Батлан хамгаалах яамны санхүүгийн хэлтсээс танай тооцооны нягтлан тооцоо нийлээгүйгээс, хариуцлагагүй ажилласнаас болоод мөнгө хураагдсан гэдэг тодорхойлолт байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр захирлын зөвлөлийн хурлаар С.Ө- нь 40 960 000 төгрөгийг тооцоо нийлээгүйгээс төрийн санд хураалгаж алдсан байна, миний гаргасан алдаа бол шууд захиралд орж хэлээгүй, хэрэв тухайн үед хэлсэн бол тэр асуудлыг захирал дор нь шийдэх байсан юм байна гэдгийг ойлголоо гэж өөрөө зөвшөөрсөн байдаг. Тухайн үед албаны даргадаа найдаж хэлсэн, хүний нөөцдөө талархлаа гэсэн байна. Иймд нэхэмжлэгч С.Ө- нь байгууллагад хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан, давтан үйлдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С.Ө-ыг ажлаас халсан Б/15 дугаар тушаал үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө-ыг урьд эрхэлж байсан “Б-” ТӨААТҮГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 297 979 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч С.Ө-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51 718 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 00765 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэгийн шаардлага нь: Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг даалгах, Тодруулбал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлд дурдагдаагүй 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэхгүй гэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт өгсөн. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин чухам хэдэн төгрөг болох талаар нэг бүрчлэн нарийн гаргаагүй байхад нэхэмжлэгчийн өмнө шүүх бодож олгосон. талуудыг ижил тэгш мэтгэлцэх зарчмаар хангах. ийм боломжийг олгох зорилгоор хариуцагч талаас өмгөөлөгч авах эсэх талаар асууж тодруулаагүй, маргалдагч талуудын нэг нь өмгөөлөгчтэй оролцсон зэрэг нь ИХШХШ тухай хуулийн 6.1.2.3.4-р зүйл. 26.4-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Мөн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийг заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч С.Ө-ын ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн 2-р зорилтын 3-д Харилцагч байгууллагуудтай тооцоо хийж, өр авлагыг шуурхай барагдуулах, 4-д хугацаат тайлан мэдээг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх, 3-р зорилтын хүрээнд Харилцагч байгууллагуудтай сар бүр болон тухай бур тооцоо нийлэн, өр авлагыг барагдуулах, 5-р зорилтын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, холбогдох мэдээ, тайланг цаг хугацаанд гаргаж, шаардлагатай мэдээ мэдээллээр удирдлагыг хангах гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажиллах үүрэгтэй байна. С.Ө-ыг дээрх ажлын байрны чиг үүрэгт заасан ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр арга хэмжээ авсан С.Ө-ыг тооцоо нийлсэн хуудсаа үйлдвэрлэлийн албанд хүлээлгэн өгөөгүйгээс болж 03 ширхэг ёслолын  малгай буюу нийт үнэ 2 604 000 төгрөг, 75 хос ёслолын китель юбка буюу нийт үнэ 13 575 000 төгрөг, албаны саравчтай малгай 2 ширхэг буюу нийт үнэ 38 000 төгрөг 1 хос албаны китель өмд буюу 109 000 төгрөг бүгд 16 307 000 төгрөгийн хувцас хэрэглэлийг үйлдвэрээр илүү хийлгэж үр ашиггүй зардал гаргасан гэх үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил үүрэгтээ бүрэн тэнцэхгүй байгааг анхааруулж нэг сарын цалинг 20% бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан. Тус үйлдвэр нь улсын төсвөөс ямар ч санхүүжилт авдаггүй санхүүжилтийн хувьд олсон орлогоороо зардлаа нөхөж аж ахуйн тооцоон дээр уйл ажиллагаа явуулж өөрөөсөө санхүүждэг. Төлөвлөсөн нормоос илүү биш тэр үед яг захиалгат нормоороо ажлаа хийсэн бол ажилчдын ажлын бүтээмжээс эхлэн бусад ирсэн захиалгат бүтээгдэхүүнээ хугацаанд нь оёж гаргах, санхүүжилтээ хугацаанд нь авах ээрэг ажиллагаа төлөвлөсөн цаг хугацаандаа явагдах ёстой. Гэтэл тэр үед илүү хийсэн хувцасны 20 000 000 төгрөгийг санхүүжилтийг манай байгууллагын буруутай үйлдлээс болж тухайн ондоо авч чадаагүй. Он дамжуулан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авсан. Дээр 16 307 000 төгрөг нь 2016 оны гэрээгээр бодсон дүн 20 083 000 төгрөг гэж гарсан нь 2019 оны гэрээний үнэ. Энэ талаар нотлох баримт болгон хувцсыг хүлээлгэн өгсөн эд хариуцагч манай компани нярав Ц.Оюун-Эрдэнэ, хүлээн авагч ШШГ-ын ажилтан Сарантуяа гэж гарын үсэгт зурсан нотлох баримтыг шүүхэд өгсөн. Гэтэл энэ нотлох баримтыг С.Ө- засаж малгай 67, өмд 66 китель юбка 164 гэж бичээд Ц.Оюун-Эрдэнийн гарын үсгийг түүний нэрийн өмнөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэж бичсэн баримтыг өөрчлөн он сарыг нь урагшлуулан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болгож өөрөө дураараа засаж нярав Ц.Оюун-Эрдэнийн гарын үсгийг хуурамчаар бичсэн байдаг. Энэ нотлох баримтыг ч шүүхэд өгсөн. Энэ талаар би шүүх хурал дээр сайн ярьж нарийн сайн тайлбарлан учрыг нь гаргаж чадаагүй байна. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон үйл явдал тул тус байгууллагаас ажлын хариуцлага алдсан гэж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байхад шүүхээс Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг "Бэст фортуна" аудит ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/69 тоот зөвлөмж гарснаас хойш энэ зөвлөмжийг үндэслэн сахилгын арга хэмжээ авсан гэж ойлгож сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуульд заасан хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан гэж дүгнэж 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 131.1, 131.2 заасантай нийцэхгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ дээрх шүүхээс дүгнэлт өгсөн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/69 зөвлөмжийг үндэслэсэн гэж гаргаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот С.Ө-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж халсан тухайд, ““Б-”” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар хөдөлмөрийн хуулийн 40.1 4-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан Тооцоогоо хугацаанд нь хийгээгүй он дамжуулан хийснээс болж тус байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би байгууллагын даргын хувьд өөрийн биеэр санхүүгийн өрөөнд орж Өнөржаргалаа он дуусах гэж байна. Бүх газруудтайгаа очиж тооцоо нийл. Ямар байгууллагад ямар өглөг авлага байна  Чи мэргэжилийн хүн өөрөө мэдэж байгаа биз дээ оны эцсээр улсын төсвийн төрийн сан хаагддаг.Тооцоогоо яаралтай нийлж оноос өмнө өр авлагаа барагдуул гэж үүрэг өгсөн. Энэ үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй.Тухайлбал 2018 оны жилийн эцсийн тооцоог тухайн онд нь хийгээгүйгээс болж манай байгууллагад 2018 онд санхүүжилтээр орж ирэх байсан 40 960 400 төгрөгийн орлого орж ирээгүй Энэ тооцоог 2019 оны 01 дүгээр сарын 17 -ний өдөр буюу он гарсны дараа нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч С.Ө-, төлөгч байгууллагын нягтлан бодогч нар 40 960 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааг хийсэн байдаг. Энэ баримтыг нотлох баримтаар шүүхэд өгсөн байгаа. Би энэ мөнгөоржирээгүй болохоор нь оны эхэнд буюу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БХЯ-ны Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ерөнхий нягтлан бодогч уруу асууж тодруулахад 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр "Энхийг дэмжих ажиллагаа"-ны гэрээний тооцоог танай тооцооны нягтлан бодогч цаг хугацаанд нь нийлээгүй учраас төрийн санд төсөв нь хураалгасан гэж хэлсэн. Манай байгууллага дээрх мөнгийг тухайн ондоо авч байгууллагаас ажилчдын цалин бусад байгууллагад өгөх өр авлагыг өгөх байсан.Гэтэл үүнийг авч чадаагүй учир 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Батлан хамгаалах яамны харьяа барилга захиалагчийн албанаас эргэн төлөх нөхцөлтэйгөөр 100,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эргэн төлсөн Энэ талаарх нотлох баримтууд нь манай санхүүд бүгд байгаа. Шүүх талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1. 4 2.2, 4.2.3. 4.2,4 4-н зөрчилд С.Ө-ыг буруутган хариуцагч байгууллагатай өглөг, авлагын тооцоог нийлэх, өр авлага барагдуулах үүргээ биелүүлээгүй гэх зөрчил хамаарахгүй байх бөгөөд уг зөрчлийн талаар талууд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил тооцохоор тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тодорхойлж заагаагүй байна гэжээ. Гэтэл дээрх 4-н заалтаар, Байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдаж үргүй зардал гаргасан ээрэг нь харин С.Ө-ын үйлдэлд хамаарч байгаа ба С.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т ноцтой зөрчилд дараах үндэслэлүүд хамаарна гээд:Байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх ажил олгогчийн итгэлийг алдаж үргүй зардал гаргасан бол ноцтой зөрчил гэж үзэхээр заасан байна. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Бэст Фортуна' аудит ХХК-ны гаргасан зөвлөмж. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06/591 тоот үндэсний аудитын гэрчилгээ. сөрөг санал дүгнэлтээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх санхүүгийн тайлангийн аудит хийсэн дүнгийн 1-д Нийт авлагын үлдэгдлийн 95 хувь буюу 60 харилцагчийн 117.3 сая төгрөгийг тооцооны үлдэгдэл баталгаагаар баталгаажуулахгүй гэсэн дүгнэлтүүдийг өгсөн. Энэ дүгнэлт нь ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан боловч тухайн үед С.Ө-ыг ажлаа яаж хийж байсан, хангалтгүй хийж байсныг нотлох зорилгоор шүүхэд өгсөн болохоос тушаал гаргахад үндэслэн удирдлага болгосон нотлох баримт гэж өгөөгүй юм. Гэтэл шүүхээс Үндэсний аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 06/591 тоот Аудитын гэрчилгээ нь С.Ө-иг ажлаас чөлөөлсний дараа үйлдэгдсэн байх тул энэ нь хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл дурдаж болохгүйг дурдаж байна гэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс С.Ө-ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачлалаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг даатган гаргасан гэх үндэслэл сахилгын зөрчил баримтаар тогтоогдоогүй бөгөөд дээрх зөрчлийг С.Ө- үйлдсэнийг шалгаж тогтоосон баримтгүй. тооцоо нийлээгүй орхигдуулсан гэх зэрэг баримтууд тодорхойгүй үндэслэлээр "“Б-”" ТӨААТҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул урьд эрхэлж байсан ажилд  эргүүлэн тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалин хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн процессын алдааг зөвтгүүлэх, хариуцагч талын нотлох баримт гаргах, гэрч асуулгах өмгөөлөгч авах, талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг адил тэгш хэрэгжүүлэх боломж олгох үүднээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хариуцагч байгууллага 40 960 000 төгрөг аваагүйгээс болж өөр байгууллагаас 100 000 000 төгрөг зээлж авч байгууллагын 2019 оны ажилчдын цалингийн урьдчилгаа, оны эцсийн байгууллагад өгөх өрийг дарсан баримт, үргүй зардал гаргаснаас болж илүү оёсон хувцасны 20 000 000 төгрөгийг тухайн ондоо өгч чадаагүй он дамжуулан авсан баримт, С.Ө-ыг нярав Оюун-Эрдэнийн бичсэн бичиг баримтыг засварлаж, гарын үсгийг дууриан зурж он сарыг урагшлуулан бичсэн баримтыг гэрч Оюун-Эрдэнээр гэрчлүүлэхээр шүүх хуралд гэрчээр оролцуулах зэрэг нотлох баримтуудыг зайлшгүй шүүхэд өгөх шаардлагатай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

            Нэхэмжлэгч С.Ө- нь хариуцагч байгууллагад холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 14-16 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч С.Ө- нь хариуцагч байгууллагад 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаасаа чөлөөлөгджээ./хэргийн 4-5 дугаар тал/

 

            “Б-” ТӨААТҮГ-ын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар нэхэмжлэгчийг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 7.3, хөдөлмөрийн гэрээний 4.1.3 дахь заалтуудыг үндэслэн С.Өнөрцэцэгийг 2018 оны жилийн эцсийн өглөг, авлагын тооцоог Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай бүрэн гүйцэт хийгээгүйгээс 40 орчим сая төгрөгийг төрийн санд хураалгаж, байгууллагад санхүүгийн хохирол, үйл ажиллагааны зөрчил, дутагдал гаргасан” гэжээ./хэргийн 4 дүгээр тал/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “С.Ө- нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажлаас халсан” гэж тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж заасан байна.

 

            Талуудын байгуулсан 2017 оны хөдөлмөрийн гэрээний 4.1.3-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1., 131.1.2.-т заасан зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн харилцааг зогсоож, гэрээг дуусгавар болгохоор заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй./хэргийн 23-25 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний 310 дугаар анги болон “Б-” ТӨААТҮГ-ын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот Цэргийн дүрэмт хувцас оёж нийлүүлэх гэрээний дагуу хэдэн ширхэг цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл хүлээлгэн өгсөн болон түүнтэй холбоотой ямар тооцоог хэдийд хийх шаардлагатай байсан зэрэг үйл баримтууд тодорхойгүй байхад нэхэмжлэгч С.Ө-д хариуцагч байгууллагаас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай 90 ширхэг ёслолын малгай, Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай 350 ширхэг векижний тооцоог нийлээгүй, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэн нягтлан бодох бүртгэлийн алдаа гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Мөн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Бэст фортуна аудит” ХХК-аас “хариуцагч байгууллагын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтын хөтлөлт, санхүүгийн программын ашиглалт, хөрөнгийн байдлыг хянаж шалган, бодит байдал, зөвлөмж, хийж гүйцэтгэсэн ажил гэсэн 3 хэсэг бүхий 01/69 тоот зөвлөмжийг гаргажээ. Уг зөвлөмжид нэхэмжлэгч С.Ө- нь санхүүгийн ямар зөрчил гаргасан талаар тусгагдаагүй байна./хэргийн 90-92 дугаар тал/

 

            Хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 55 421 000 төгрөгийн дүн бүхий, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 39 242 000 төгрөгийн дүн бүхий “Б-” ТӨААТҮГ-ын санхүүгийн тэмдэгтэй зарлагын баримтууд, нярав Ц.Оюу-Эрдэнийн тайлбар зэрэг авагдсан байх боловч эдгээр баримтаар нэхэмжлэгч С.Ө- нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

            Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

 

            Гэтэл нэхэмжлэгч С.Ө-ын сахилгын зөрчил үйлдсэн гэх хугацаа нь тодорхойгүй, “Бэст фортуна аудит” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/69 тоот зөвлөмж гарснаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл ноогдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.2.-т заасан хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын тайлбар түүний үндэслэл тогтоогдоогүй талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч С.Ө- нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ө-ыг “Б-” ТӨААТҮГ-ын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, 2 297 979 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 718 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                   ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                                                                                С.ЭНХТӨР