Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                М.Б, Ж.Б нарт

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      С.Б/онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Х/онлайн/

Нарийн бичгийн дарга                             Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ж овгийн М-ын Б.

 

Монгол улсын иргэн, Б овгийн Ж-ын Б.

 

М.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Т.У-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж,  аймгийн сумын  багийн  хороололд байрлалтай  газрыг өөрсдийн өмчлөлийн гэж итгүүлэн, худалдаж 36 500 000 төгрөгийг нь залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ж овогт М-н Б, Боржигон овогт Ж-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 19 жил 1 сар 5 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ж.Бөд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

 

Хохирогч Т.У-н нэхэмжлэлийн шаардлагаас 1 146 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Т.У нь автомашины торгуулийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ж.Б давж заалдах гомдолдоо:

... Миний хувьд гэм буруу дээрээ огт маргахгүй. Харин сэтгэл санааны маш хүнд цочролд орж олон жил сарыг өнгөрүүлэхдээ сэтгэцийн хувьд урьдын эрүүл байсан үетэй огт адилгүй болж хаана хэнд юу гэж хэлэх, юун дээр онож, алдаж байгаагаа бусдад ойлгуулж чадахгүй үедээ өөрийнхөө эрхийг болон насанд хүрээгүй 5-10 насны 2 хүүхдүүдээ эх хүний хувьд асарч сувилах, халамжлах тэжээн тэтгэх бүх ачааг би ганцаараа үүрч явна.

Миний болон үр хүүхдүүдийн минь ирээдүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1-д заасан торгох ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч М.Б, Ж.Б нар нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т.У-д бусдын өмчлөлийн  аймгийн  сумын  багийн  хороололд байрлалтай  газрыг өөрсдийн өмчлөлийн газар... ...гэрчилгээ бичиг баримт нь “М” эмнэлгийг ажиллуулдаг Б ахад байгаа, Б ах ОХУ-руу явсан байгаа ирэхээр нь аваад бичиг баримтыг нь шилжүүлэн өгнө...гэж худал хэлж, итгэл төрүүлэн бэлэн 15 000 000 төгрөг, 21 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий Бонго 3 маркийн автомашин зэргийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б,  Ж.Б нарыг  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Б-г 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Бийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч нар нь хохирогчийг илтэд хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан бусдын өмчлөлийн газрыг өөрсдийн өмчлөлийн гэж итгүүлэн 36 000 000 төгрөгийн бэлэн мөнгө, автомашиныг залилан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх ба шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Залилах гэмт хэргийн онцлог нь бусдын эд зүйл, өмч хөрөнгө, мөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулж ашиглах эрхийг олж авдаг идэвхитэй үйлдлээр илэрдэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгодог.

Шүүгдэгч нарт  анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялыг  оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдлуудад тохирсон байх тул шүүгдэгч Ж.Бийн  ...Сэтгэл санааны хүнд цочролд орсон байдал, хүүхдүүдийн минь ирээдүй, амьдралын байдлыг минь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэснийг торгох ял болгон өөрчилж өгнө  үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна гэж үзлээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлаагүй, шүүгдэгч М.Бд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан  бүх насаар нь хорих ялыг хяналтын шатны шүүхийн тогтоолоор 20 жил болгон өөрчилсөн байхад шүүхийн нэрийг буруу бичсэн алдаа гаргасан байгааг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нарыг гэсний дараа ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан... гэж,

 

2 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэснийг ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар... гэж,

 

    тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол... гэснийг ... Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаар тогтоолоор ... гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ж.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА