Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 046

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж

Улсын яллагч: Б.Ботакөз 

Иргэний нэхэмжлэгч: П.Гүнсэнноров 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Сьезд

Орчуулагч: А.Еркегүл

Шүүгдэгч: Х.Ахмарал 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Хурметханы Ахмаралд холбогдох эрүүгийн 201704000051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, ам бүл 4, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар  багт оршин суудаг, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Төлек овогт Хурметханы Ахмарал РД: БЮ92082021. 

Шүүгдэгч Х.Ахмарал нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Стадион явах дөрвөн замын уулзвараас ертөнцийн зүгээр хойд зүг рүү чиглэж явдаг засмал замаар “Ниссан Тида” маркийн 21-88 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлэн жолоодож явж байгаад замын зорчих хэсэгт зогсож байсан явган зорчигч П.Эрдэнэчулууныг ямар нэгэн зогсох арга хэмжээ авахгүйгээр 19 цаг 58 минут 12-13 секундын үед мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Ахмаралын өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт автомашин жолоодож явж байгаад санаандгүй хүн мөргөсөн. Хэрэг учрал болсны дараа цагдаа дуудаж мэдэгдсэн. Талийгаач тухайн үед нас барсан байсан. Цагдаагийн газарт очиж болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Би гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би ээж, хамаатан садангуудаа дагуулж хохирогчийн гэрт нь очиж уучлалт гуйсан. Сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд тусламж үзүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би Улаанбатаар хотод очиж хүнд хагалгаанд ороод ирсэн. Миний биеийн байдал тааруухан байна. Надад хуулийн байгууллагаас хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/;  болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 125-128-р хуудас/,

 хохирогч В.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 177-178-р хуудас/, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гүнсэнноровын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 179-180-р хуудас/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг; гэрч К.Серик /хх-ийн 58-89-р хуудас/, Д.Елжан /хх-ийн 60-61-р хуудас/, Сьез /хх-ийн 62-63-р хуудас/, С.Ержан /хх-ийн 64-65, 66-68-р хуудас/ нарын мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 18-нд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч В.Солонгын 2017 оны 06 дугаар сарын 16-ны хүсэлт, итгэмжлэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой СД 2 ш, томографийн зураг 4 ш, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 05, 11, 10 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 71-73, 78-83-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-17-р хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 18-24-р хуудас/, туршилт хийсэн тэмдэглэл, /хх-ийн 27-28-р хуудас/, Цагдаагийн газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хх-ийн 29-30-р хуудас/, согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 38-43-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 44-50-р хуудас/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87,100-р хуудас/, шинжээчийн дүгнэлт №03 /хх-ийн 106-107-р хуудас/, шинжээчийн дүгнэлт №04 /114-115-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-р хуудас/ зэрэг болно. 

 Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Ахмарал нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цаг 58 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8-р багийн нутаг  дэвсгэр, стадионы 4 замын уулзвар дээр “Ниссан тида” маркийн 21-88 БӨТ улсын дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 15.1-ийн “а” дахь хэсэгт “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас   тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн жолоодож яваад зогсоох арга хэмжээ авалгүй уг замаар зорчиж явсан зорчигч П.Эрдэнэчулууныг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүх хуралдаанаар шүүгдэгч хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Х.Ахмаралыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний нэхэмжлэгч П.Гүнсэнноров нь “...оршуулахад гарсан бүх зардлыг бүрэн төлүүлж авсан...нэхэмжлэх зүйлгүй...”/хх-ийн 180-р хуудас/, хохирогч В.Солонго нь “....ямар нэгэн, санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...”/ хх-ийн 178-р хуудас/ гэсэн учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учрулсан хохиролд нийт 5500000 төгрөг өгснийг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Х.Ахмаралын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэнд болон анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. 

Иймд шүүгдэгч Х.Ахмаралыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, 2188 БӨТ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Х.Махбалд, шүүгдэгч Х.Ахмаралын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой СД 2 ширхэг, томографын зураг 4 ширхэг, жолоочийн хариуцлага албан журмын даатгалын гэрээ 2 хуудас зэргийг өөрт нь буцаан олгож, эрх хасах нэмэгдэл ялын биелэлтийг  хангах зорилгоор шүүгдэгч Х.Ахмаралын 940807 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ахмаралд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төлек овогт Хурметханы Ахмаралыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ахмаралын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Ахмаралд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Х.Ахмарал нь иргэний нэхэмжлэгч П.Гүнсэнноровт 5500000 төгрөг төлснийг,  хохирогч В.Солонго, иргэний нэхэмлэгч П.Гүнсэнноров нараас шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ахмаралын гэр бүлийн дундын өмч болох “ ТСЛ” маркийн 32  инчийн зурагт, “Хingn” маркын хөргөгч, Х.Махбалын эзэмшийн “Ниссан тида” маркийн 2188 БӨТ  улсын дугаартай автомашин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Х.Ахмаралд оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, 2188 БӨТ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Х.Махбалд, шүүгдэгч Х.Ахмаралын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ 2 хуудас зэргийг тус тус өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Х.Ахмаралын 940807 дугаартай жолоочийн  үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад шилжүүлсүгэй. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг 4 ширхэг, шүүгдэгчийн өвчний талаарх СД 2 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгож, цагдаагийн камерийн бичлэг бүхий 2 ш Сд-г хэргийн хамт хадгалсугай. 

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ахмаралд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

10. Шүүгдэгч Х.Ахмаралд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ