| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/04772/И |
| Дугаар | 102/ШШ2023/00038 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2023/00038
| 2022 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2023/00038 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин байх, Б овогт Б Б /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Хөгжил хотхон, ... тоот хаягт оршин байх, Х овогт Б-ийн Н /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,500,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Б.Б миний бие нь хариуцагч Б.Нтэй харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Нийслэлийн Багануур дүүргийн ... дугаар хороо, Наран хороолол, ... дүгээр байрны зоорийн давхар ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий авто машиныг зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүний Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн өгсөн. Би үлдэх 8,500,000 төгрөгийг сар бүр доод тал нь 1,000,000 төгрөгөөр цувуулан төлж барагдуулахаар, тооцоо дууссаны дараа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр бид харилцан тохиролцсон болно. Б.Н нь 2018 оны 11 дүгээр сард надад уг авто машины зогсоолыг хүлээлгэн өгсөн бөгөөд би түүнийг нь 20 гаран хоногийн хугацаанд эзэмшиж ашигласан. Нийслэлийн Багануур дүүргийн ... дугаар хороо, Наран хороолол, ... дүгээр байр нь Багануур дүүргийн цагдаагийн албан хаагч нарын оршин суудаг байр байсан учир цагдаа нар дур мэдэн уг авто машины зогсоолд өөрийн авто машинаа тавих, зам хааж машинаа зогсоох зэргээр дураараа аашилж, би уг авто машины зогсоолыг эзэмшиж, ашиглахад маш хүндрэлтэй байсан. Иймээс би Б.Нтэй ярьж, авто машины зогсоолыг худалдаж авахаа болъё гэхэд тэрээр авто машины зогсоолыг өөр хүнд худалдаж, тухайн үед нь 1,500,000 төгрөгийг эргүүлэн төлье гэж хэлсэн учир би авто машины зогсоолыг түүнд эргүүлэн өгсөн. Б.Н нь уг зогсоолыг 2022 оны 03 дугаар сард бусдад худалдсан байсан бөгөөд би түүнийг нь мэдэж мөнгөө нэхэхэд мөнгийг чинь өгч чадахгүй, юм олж долоохыг чинь харья гээд мөнгийг маань өгөлгүй өдий хүрлээ. Иймд хариуцагч Б.Нээс 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү
гэжээ.
2. Хариуцагч Б.Нийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие Б.Н нь иргэн Б.Б гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Б.Бтай 2018 оны 10 сарын 22-нд 10,000,000 төгрөгөөр Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод байрлах граашийг худалдахаар харилцан тохиролцон. Худалдан авагч нь сар бүр 1,250,000 төгрөг төлөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийн төлбөр хийснээс өөр төлбөр хийлгүй төлбөр төлөх боломж муу байна, удахгүй төлье зэрэг шалтгаан хэлсээр сүүлдээ грааш авч чадахгүй боллоо гэдгээ хэлсэн. Миний хувьд төлбөрөө төлчих байх гэсэн хүлээлттэй байснаас уг граашийг бусдад худалдан борлуулж чадахгүй явсаар арга буюу 2022 оны 03 дугаар сард бусдад худалдан борлуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс шаардаж буй 1,500,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч талыг дээрх граашийг эзэмшиж ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр, олох ёстой байсан орлогод тооцон төлбөрийг хаах саналтай байгаагаа 1,500,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүйгээ өмнө нэхэмжлэгчид илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, иргэний үнэмлэх хуулбар, Хаан банк ХХК дахь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5750423345 тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
4. Хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Нд холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. Харин хариуцагчид шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цагт түүний 91918682 дугаарын утсаар шүүгчийн туслах мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзэж хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Мөн хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхээс түүнд хэргийн материалтай танилцах талаар удаа дараа боломжийг олгосон болно.
3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Б.Б миний бие нь хариуцагч Б.Нтэй харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Нийслэлийн Багануур дүүргийн ... дугаар хороо, Наран хороолол, ... дүгээр байрны зоорийн давхар ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий авто машиныг зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүний Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн өгсөн. Б.Н нь 2018 оны 11 дүгээр сард надад уг авто машины зогсоолыг хүлээлгэн өгсөн бөгөөд би түүнийг нь 20 гаран хоногийн хугацаанд эзэмшиж ашигласан. Нийслэлийн Багануур дүүргийн ... дугаар хороо, Наран хороолол, ... дүгээр байр нь Багануур дүүргийн цагдаагийн албан хаагч нарын оршин суудаг байр байсан учир цагдаа нар дур мэдэн уг авто машины зогсоолд өөрийн авто машинаа тавих, зам хааж машинаа зогсоох зэргээр дураараа аашилж, би уг авто машины зогсоолыг эзэмшиж, ашиглахад маш хүндрэлтэй байсан. Иймээс би Б.Нтэй ярьж, авто машины зогсоолыг худалдаж авахаа болъё гэхэд тэрээр авто машины зогсоолыг өөр хүнд худалдаж, тухайн үед нь 1,500,000 төгрөгийг эргүүлэн төлье гэж хэлсэн учир би авто машины зогсоолыг түүнд эргүүлэн өгсөн. Б.Н нь уг зогсоолыг 2022 оны 03 дугаар сард бусдад худалдсан байсан бөгөөд би түүнийг нь мэдэж мөнгөө нэхэхэд мөнгийг чинь өгч чадахгүй, юм олж долоохыг чинь харья гээд мөнгийг маань өгөлгүй өдий хүрлээ гэжээ.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд, Б.Бтай 2018 оны 10 сарын 22-нд 10,000,000 төгрөгөөр Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод байрлах граашийг худалдахаар харилцан тохиролцон. Худалдан авагч нь сар бүр 1,250,000 төгрөг төлөх байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийн төлбөр хийснээс өөр төлбөр хийлгүй төлбөр төлөх боломж муу байна, удахгүй төлье зэрэг шалтгаан хэлсээр сүүлдээ грааш авч чадахгүй боллоо гэдгээ хэлсэн. Миний хувьд төлбөрөө төлчих байх гэсэн хүлээлттэй байснаас уг граашийг бусдад худалдан борлуулж чадахгүй явсаар арга буюу 2022 оны 03 дугаар сард бусдад худалдан борлуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс шаардаж буй 1,500,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч талыг дээрх граашийг эзэмшиж ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр, олох ёстой байсан орлогод тооцон төлбөрийг хаах саналтай байгаагаа 1,500,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүйгээ өмнө нэхэмжлэгчид илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5.1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК дахь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5750423345 тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н нар нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн ... дугаар хороо, Наран хороолол, ... дүгээр байрны зоорийн давхар ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий авто машиныг зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банк ХХК дахь Б.Нийн эзэмшлийн ... тоот дансаар шилжүүлэн өгсөн, үлдэх 8,500,000 төгрөгийг сар бүр цувуулан төлж, төлбөрийг бүрэн төлж дууссан дараа авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр хариуцан тохиролцжээ. Дээрх үйл баримтын талаар болон худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй талаар, авто зогсоол хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх талаар зохигчид маргахгүй байна.
5.2. Дээрх үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж заасан шаардлагыг буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй атал хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Б.Бгаас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, ман 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэлээ.
6. Иймд хариуцагч Б.Нээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгохоор шийдвэрлэлээ.
7. Хариуцагч ... Б.Б нь миний автозогсоолыг үнэгүй эзэмшиж ашигласан тул 1,500,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэлээ гаргана гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Н-ээс 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР