| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/04718/И |
| Дугаар | 102/ШШ2023/00094 |
| Огноо | 2022-12-30 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/00094
| 2022 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2023/00094 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Энгельсийн гудамж, ... дүгээр байр хаягт байрлах, Х.П ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ч-ын Х /РД: .../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэнгэл,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэнгэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.П ХХК нь Х.Х.Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр харилцан тохиролцож Сурталчилгаа, зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээнд менежер Ч.Х нь Х.Х.Т ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээгээр Х.П ХХК нь Х.Х.Т ХХК-ийн эзэмшлийн 3 хүлээн авалтын танхимыг сурталчилж, хүлээн авалтыг захиалгыг зуучилж ажиллахаар тохирсон. Манай компани нь уг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, нийт нилээдгүй тооны хүлээн авалтын захиалгыг эдгээр хүлээн авалтын танхимд оруулсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас Сурталчилгаа, зуучлалын гэрээний 3.1-д заасан сар тутмын сурталчилгааны суурь төлбөр төлөгдөөгүй. Нийлбэр дүнгээр тооцоход 3,600,000 төгрөг болж байна. Манай зүгээс удаа дараа энэ төлбөрийг төлөхийг шаардсан боловч хойшлуулсаар өдий хүрсэн. Гэрээний 6.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан байна. Энэ заалтын дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцоход 1,800,000 төгрөг (алданги тооцох хоног 180 гаруй) болсон. Гэрээнд заасны дагуу маргааныг Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандаж шийдвэрлүүлсэн. Ч.Хд гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл болон зөвшөөрөл тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр Арбитрын зүгээс манай нэмэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх арбитрын шийдвэрийг үндэслээд Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ч.Хгаас гэрээний үүрэгт буюу манай хийсэн ажлын хөлс 3,600,000 төгрөг, алданги 1,800,000 төгрөг, арбитрын зардалд төлсөн 260,000 төгрөг, нийт 5,660,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээ эх хувиараа байхгүй, арбитрын шийдвэрээр гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа, дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна гэв.
2. Хариуцагч Ч.Хгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч талаас Х.Х.Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр сурталчилгаа, зуучлалын гэрээ байгуулсан, манай компани нь нэлээн олон хүлээн авалтын захиалгыг хүлээн авалтын танхимд оруулсан, гэтэл төлбөр 3,800,000 төгрөг, алданги 1,800,000, нийт 5,660,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Х.Т ХХК-тай байгуулсан гэрээний хувьд Х.П ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, энэ талаар зохих үйл ажиллагаа явуулаагүй учраас бид төлбөр төлөх ямар ч үүрэг байхгүй. Бид нар гэрээ байгуулахдаа маргаан гарвал ямар байгууллагаар шийдвэрлүүлэх талаар урьдчилан тохиролцож, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандан шийдвэрлүүлэхээр тохиролцсон ба арбитрын шийдвэр гарснаар энэхүү асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ, 13.2-т Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ, 13.3-т Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ гэж тодорхой заасны дагуу тухайн үед асуудал шийдвэрлэгдсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу. Х.П ХХК нь зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй компани. Хэрвээ гэрээ байгуулсан байна гэж үзэх юм бол манайх энэ компанид ийм ийм зүйл хийсэн, оруулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Арбитрын хүчин төгөлдөр шийдвэр дээр хоёр компани гэрээ байгуулсан гэдгийг зөвшөөрсөн байдаг. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн арбитрын шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх арбитрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.
4. Хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр шүүхэд хариу тайлбараа гаргасан.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.П ХХК нь хариуцагч Ч.Хд холбогдуулан гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.
2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Х.П ХХК нь Х.Х.Т ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож Сурталчилгаа, зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээнд менежер Ч.Х нь Х.Х.Т ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээгээр Х.П ХХК нь Х.Х.Т ХХК-ийн эзэмшлийн 3 хүлээн авалтын танхимыг сурталчилж, хүлээн авалтыг захиалгыг зуучилж ажиллахаар тохирсон. Манай компани нь уг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, нийт нилээдгүй тооны хүлээн авалтын захиалгыг эдгээр хүлээн авалтын танхимд оруулсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сараас Сурталчилгаа, зуучлалын гэрээний 3.1-д заасан сар тутмын сурталчилгааны суурь төлбөр төлөгдөөгүй. Гэрээний 6.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан. Гэрээнд заасны дагуу маргааныг Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрт хандаж шийдвэрлүүлсэн. Ч.Хд гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл болон зөвшөөрөл тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр Арбитрын зүгээс манай нэмэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх арбитрын шийдвэрийг үндэслээд Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Ч.Хгаас гэрээний үүргийг шаардаж байна. Гэрээ эх хувиараа байхгүй, арбитрын шийдвэрээр гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа, дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна гэв.
5. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь татгалзсан. Үүнд: Х.Х.Т ХХК-тай /хуучин нэрээр/ байгуулсан гэрээний хувьд гэвэл Х.П ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, энэ талаар зохих үйл ажиллагаа явуулаагүй учраас бид төлбөр төлөх ямар ч үүрэг байхгүй. Бид нар гэрээ байгуулахдаа маргаан гарвал арбитрт хандан шийдвэрлүүлэхээр тохиролцсон ба арбитрын шийдвэр гарснаар энэхүү асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2, 13.3-т заасны дагуу тухайн үед асуудал шийдвэрлэгдсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу. Х.П ХХК нь зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй компани. Хэрвээ гэрээ байгуулсан байна гэж үзэх юм бол манайх энэ компанид ийм ийм зүйл хийсэн, орлого оруулсан гэдэг нь нотлогдохгүй байна гэжээ.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх арбитрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн ... Уг гэрээнд: зуучлагч нь өөрийн эзэмшлийн huree.mn цахим сайтад үйлчлүүлэгчийн Хан-Уул дүүрэгт байрлах Paris event hall, Баянзүрх дүүрэгт байрлах Туул гарден, Баянгол дүүрэгт байрлах UB event hall үйлчилгээний газруудын мэдээллийг байршуулах, үйл ажиллагааг цахим сайтаар болон бусад хэлбэрээр сурталчлах, үйлчлүүлэгчийг хэрэглэгчтэй холбож, захиалга олоход зуучлах, үйлчлэгч, зуучлагч болон хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах, үйлчлүүлэгч нь зуучлагчид сурталчилгаа зуучлалын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Сурталчилгаа зуучлалын гэрээг байгуулахад менежер Ч.Хд итгэмжлэл, зөвшөөрөл олгосон эсэх нь тогтоогдохгүй байна гэх хэсэг, зохигчдын ...2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр харилцан тохиролцож Сурталчилгаа, зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээнд менежер Ч.Х нь Х.Х.Т ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээгээр Х.П ХХК нь Х.Х.Т ХХК-ийн эзэмшлийн 3 хүлээн авалтын танхимыг сурталчилж, хүлээн авалтыг захиалгыг зуучилж ажиллахаар тохирсон гэх тайлбараас дүгнэхэд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ч.Х нь Х.Х.Т ХХК-г төлөөлж гэрээ байгуулаагүй, харин өөрийн нэрээр нэхэмжлэгч Хүрээ МН ХХК-тай /хуучин нэрээр/ Сурталчилгаа зуучлалын гэрээг байгуулж, уг гэрээгээр зуучлагч нь өөрийн эзэмшлийн huree.mn цахим сайтад үйлчлүүлэгчийн Хан-Уул дүүрэгт байрлах Paris event hall, Баянзүрх дүүрэгт байрлах Туул гарден, Баянгол дүүрэгт байрлах UB event hall үйлчилгээний газруудын мэдээллийг байршуулах, үйл ажиллагааг цахим сайтаар болон бусад хэлбэрээр сурталчлах, үйлчлүүлэгчийг хэрэглэгчтэй холбож, захиалга олоход зуучлах, үйлчлэгч, зуучлагч болон хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах, үйлчлүүлэгч нь зуучлагчид сурталчилгаа зуучлалын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... гэрээний эх хувь байхгүй, гэхдээ арбитрын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэж өгнө үү. Арбитрын шийдвэрт давж заалдаагүй гэх тайлбарыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэж байна.
7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, ашгнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
8. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн нь буюу зуучлагч Х.П ХХК /хуучин нэрээр Хүрээ МН ХХК/ нь өөрийн эзэмшлийн huree.mn цахим сайтад Хан-Уул дүүрэгт байрлах Paris event hall, Баянзүрх дүүрэгт байрлах Туул гарден, Баянгол дүүрэгт байрлах UB event hall үйлчилгээний газруудын мэдээллийг байршуулсан эсэх, үйл ажиллагааг цахим сайтаар болон бусад хэлбэрээр сурталчилсан эсэх, үйлчлүүлэгчийг хэрэглэгчтэй хэрхэн холбосон, захиалга олоход хэрхэн зуучилсан, үйлчлэгч, зуучлагч болон хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хэрхэн хангаж ажилласан талаараа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс 3,600,000 төгрөгийн зуучлалын ажил хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Х-гаас гэрээний үүрэгт 5,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР