Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00317

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00317

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө ..., Ланд марк тауэр, ... дугаар давхарт оршин байх С.О ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Нарны зам гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, И.У.М ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 11,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.О ХХК нь шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд И.У.М ХХК нь манай компанийн Заамар сумын Хайлааст багт байрлах шатахуун түгээс станцаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11,070,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлш зээлээр худалдаж авсан. Хэдийгээр бигээр гэрээ хийгээгүй боловч И.У.М ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №03/341 тоот албан бичгээр зээлээр худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн болно. Мөн уг албан бичигт 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй бидэнд хохирол учруулж байна. Иймд хариуцагч И.У.М ХХК-иас худалдан авсан шатахууны төлбөр болох 11,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч И.У.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч С.О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг зөвшөөрч байгаа. Гол нь манай компани ковидын улмаас үйл ажиллагаа зогссон, одоо л эрчимжих төлөвтэй байгаа тул төлбөрийг төлөх хугацаа олгож өгнө үү гэж хүсч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, хариуцагч И.У.М ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/341 тоот албан бичиг, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр олгосон бүртгэлийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4. Хариуцагч И.У.М ХХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2022/00590 дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариуцагч И.У.М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээг гаргуулж, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.О ХХК нь хариуцагч И.У.М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.О ХХК нь шатахууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд И.У.М ХХК нь манай компанийн Заамар сумын Хайлааст багт байрлах шатахуун түгээс станцаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 11,070,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлш зээлээр худалдаж авсан. Хэдийгээр бигээр гэрээ хийгээгүй боловч И.У.М ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №03/341 тоот албан бичгээр зээлээр худалдан авснаа хүлээн зөвшөөрсөн болно. Мөн уг албан бичигт 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй бидэнд хохирол учруулж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч төлбөр төлөх хугацаа олгоно уу гэж маргажээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч И.У.М ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 03/341 тоот албан бичиг, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр олгосон бүртгэл, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч С.О ХХК нь хариуцагч И.У.М ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багт байрлах шатахуун түгээс станцаараа дамжуулан 11,070,000 төгрөгийн үнэ бүхий 3,000 литр түлшийг худалдсан, хариуцагч төлбөрийг төлөөгүй байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч 11,070,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3,000 литр түлш авснаа болон төлбөрийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тул гэрээний үүрэгт хариуцагч И.У.М ХХК-иас 11,070,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 193,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч И.У.М ХХК-иас гэрээний үүрэгт 11,070,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 193,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР