| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 101/2022/05017/И |
| Дугаар | 102/ШШ2023/00356 |
| Огноо | 2023-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2023/00356
| 2023 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2023/00356 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ... дугаар баг, Чигэстэй ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, С овогт А-ийн Ж /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, С овогт М-ын Т /РД: .../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөрийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Ж миний бие нь хариуцагч М.Тд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулж 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай 15,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч нь дээрх зээлээ эргүүлэн төлөхдөө сар бүрийн 01-ны өдөр 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч миний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлж байхаар мөн гэрээнд заасан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагчийг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочиж гэрээний үүргээ биелүүлэхээс байнга зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул М.Таас үндсэн зээл 15,500,000 төгрөг, зээлийн гэрээний 3.6 дах хэсэгт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 125 хоногийн хугацаа хэтэрсэн байх ба нэг өдрийн алданги 77,500 байх ба 125 хоногтоо үржүүлбэл 9,687,500 төгрөгийг алдангид авахаар байна. Гэтэл Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасны дагуу 15,500,000 төгрөгний 50 хувь болох 7,500,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Иймд хариуцагч М.Таас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 15,500,000 төгрөг, алдангид 7,500,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.Т нь шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний лавлагааг хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч М.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 15,500,000 төгрөг, алдангид 7,500,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч А.Ж миний бие нь хариуцагч М.Тд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулж 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай 15,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Хариуцагч нь дээрх зээлээ эргүүлэн төлөхдөө сар бүрийн 01-ны өдөр 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч миний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлж байхаар мөн гэрээнд заасан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагчийг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочиж гэрээний үүргээ биелүүлэхээс байнга зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй тул М.Таас үндсэн зээл 15,500,000 төгрөг, зээлийн гэрээний 3.6 дах хэсэгт заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 125 хоногийн хугацаа хэтэрсэн байх ба нэг өдрийн алданги 77,500 байх ба 125 хоногтоо үржүүлбэл 9,687,500 төгрөгийг алдангид авахаар байна. Гэтэл Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн заасны дагуу 15,500,000 төгрөгний 50 хувь болох 7,750,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
4. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
5. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч М.Ттай 2022 оны 02 дугаар сарын 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай 15,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч нь дээрх зээлээ эргүүлэн төлөхдөө сар бүрийн 01-ны өдөр 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч үндсэн зээл, алдангийг шаардах эрхтэй.
7. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн сар бүрийн 01-ний өдөр нэхэмжлэгчид 1,200,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Талууд зээлийн гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаар хариуцагч М.Таас алдангид 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Таас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,500,000 төгрөг, алдангид 7,500,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Жд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Т-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,500,000 төгрөг, алдангид 7,500,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР