Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1176

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01148 дугаар шийдвэртэй, Б.Т-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Б-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 1 040 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 48 тоотод байрлах миний ээжийн өмчлөлийн хашаа байшинг 1 жилийн хугацаанд 1 сарын төлбөрийг 210 00 төгрөгөөр тохирч түрээсэлсэн. У.Б- түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй, 2017 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл 720 000 төгрөгийг миний хувийн дансанд шилжүүлсэн нь үнэн юм. Гэрээний дагуу нэг жил суух байсан. Гэтэл 7 сар суусан гэж үзэж байна. Энэ хугацааны түрээсийн төлбөр нийт 1 470 000 төгрөг төлөх юм. Урд нь түрээсийн төлбөр 2,0 сая гаруй төгрөг шүүхээр нэхэмжилж байгаад шаардлагаа багасгаж 300 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны дотор төлж дуусгахаар тохирч эвлэрч байсан. Гэтэл У.Б- үүргээ биелүүлээгүй, эвлэрсэн захирамжийг би зөвшөөрөөгүй тул хүчингүй болгосон. Ингээд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд түрээсийн төлбөрт урьдчилан өгсөн 720 000 төгрөгийг хасаад үлдэх түрээсийн төлбөр 750 000 төгрөг, цонх хагалсан 150 000 төгрөг, цахилгааны төлбөр 140 000 төгрөг нийт 1 040 000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргахдаа 2018.04.05-нд 50 310 төгрөг, 2018.04.18-нд 70 200 төгрөг, нийт 120 510 төгрөгийг тушаасан байсныг буцаан гаргаж өгнө үү. Одоо гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 29 510 төгрөг тушаасан гэжээ.

 

Хариуцагч У.Б- шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ... тэр хүнээс мөнгө авах ёстой гэж хэлж байсан. Тус байранд 1 жилийн хугацаатай байх гэрээ хийсэн боловч хоёр сарын хугацаанд байсан. Амины орон сууц нь хүйтэн, гал түлэхэд утаа, угаар их гарч хүн амьдрах нөхцөл маш муу, тэр тусмаа дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй айлд тохиромжгүй байсан тул нэхэмжлэгчид гарах тухайгаа мэдэгдээд тог, цахилгааныг нь холбогдох газарт нь мэдэгдэж салгуулаад гарсан. Энэ талаар хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан баримтад тэмдэглэгдсэн байдаг. Түрээсийн төлбөрт 3 сар гаруй хугацааны төлбөрийг 2017 оны 10 сарын 27-нд 420 000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 7-нд 300 000 төгрөгийг нийт 720 000 төгрөгийг Б.Т-гийн 5925219028 дугаар дансанд шилжүүлсэн юм. Энэ нь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Хөлсний байранд 2017 оны 10 сарын 29-нд ороод 2017 оны 12 сарын 17-нд гарсан. Тухайн үед байрны түлхүүрийг өгөх гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө авахгүй, утсаа салгаад холбогдохгүй байсан гэдэг юм билээ. Энэ талаар У.Б-ын эхнэр Б.Сарантуяа, хадам ээж Б.Энхжаргал нар нь нотолдог. Нэхэмжлэгч түлхүүрээ авахгүй байсан атал 2018 оны 5 сар хүртэл амьдарсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Байрыг орхиж гарахдаа цахилгааныг нь салгуулсан юм. Энэ маргаан анх 2018 оны 4 сард шүүхэд өгсөн ба энэ үед нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөг төлөх талаар эвлэрч байсан. Ахуй амьдралын нөхцөл, ажилгүй байсан байдлаас шалтгаалаад тохирсон хугацаандаа төлбөрөө өгөөгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч одоо өөр байдлаар үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Цонх хагалсан зардал 150 000 төгрөгийг зөвшөөрөхгүй үүнийг засаж шиллэж өгсөн. Мөн хэрэглэсэн тог, цахилгааны төлбөр 140 000 төгрөг төлөх үндэслэлгүй юм. Хэдэн оны хэдэн сарын төлбөр гэж нэхээд байгаа нь тодорхойгүй байна. У.Б- байсан хугацааны хэрэглэсэн цахилгааны төлбөр 57 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2017 оны 10 сарын 27-нд нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийсэн ба хуульд заасан хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу өмчлөгч Ж.Д-ын зөвшөөрөлгүй хийсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцно уу. Түрээсийн гэрээний нэг хувийг У.Б-д өгөөгүй байсан гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа: Түрээсийн гэрээний нэг хувийг У.Б-д өгсөн. Гэрээ нь хууль ёсны хэлцэл юм. Миний ээж өөрийн өмчлөлийн хашаа байшинг бусдад түрээслэх эрхийг олгосон ба энэ талаар итгэмжлэлээ, ээжийнхээ бичсэн тайлбарын хамт нотлох баримтаар өгсөн байгаа. Байшинг амьдран суух зориулалтаар түрээслэнэ гэж зааж тохиролцсон юм. Иймд хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 289 дүгээр зүйлийн 289.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.4, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Б.Т-гийн нэхэмжлэлтэй, У.Б-д холбогдох 1 040 000 /нэг сая дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай, хариуцагчийн 2017 оны 10 сарын 27-нд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 29 510 төгрөг, хариуцагчаас төлсөн 56 000 төгрөгийг тус тус улсын оролгод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн тэмдэгтийн хураамж 120 510 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлээс 1 040 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж чадаагүйгээс хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хариуцагчийн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн хэт нэг талд үйлчилсэн, барьсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд 1 040 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Үүнд шүүх "Хариуцагч У.Б- 2017 оны 12 дугаар сарын 29-нд... гэх шалтгаанаар түрээсийн байрыг орхиж явсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Сарантуяагийн /У.Б-ын эхнэр/... гэх мэдүүлэг, Гэрч Б. Э-н /У.Б-ын ээж/ ... гэх мэдүүлэг, байрнаас гарахдаа тог, цахилгааныг салгуулсан болох нь ... баримтад үйлчилгээг түдгэлзуулэв, ... гэж тэмдэглэсэн байдал зэргээр тус тус тогтоогдсон байна" гэх дүгнэлт хийж, хариуцагчыг хүн амьдран суух боломжгүй түрээсийн байрыг, өөрийн хүсэл зоригоор орхиж явсан гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь түрээсийн башинд одоо ч засвар хийгээгүй бөгөөд түүнд насанд хүрсэн хүн. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бага насны хүүхэд одоо хүртэл амьдарч байгаа бөгөөд тус шүүхэд газар дээр нь очиж үзлэг хийж, хүн амьдрах боломжтой эсэх, засвар хийгдсэн эсэх. утаа угаартай эсэхийг тодорхойлж, тогтоож өгөхийг хүсэхэд хангасан боловч шүүх бүрэлдэхүүн өөрөө хүрэлцэн очоогүй, харин хариуцагч, хохирогч нар тус байшинд шүүхийн товлосон өдөр, цагт хүрэлцэн очиход хариуцагч тал байшинг нүдээрээ үзэж, одоо амьдарч байгаа тэдгээр хүмүүстэй уулзаад анх гаргасан эсэргүүцлээсээ няцаж, шүүхэд газар дээр нь очиж үзлэг хийх шаарлаггүй, энэ асуудлаар дахиж маргахгүй гэсэн учир шүүх газар дээр нь огт очоогүй. Шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн, хохирогч болон хариуцагч талын аль алинтай нь холбоо хамааралгүй хөндлөнгийн гуравдагч этгээд болох Б.Нарангарав /тус түрээсийн байшингийн чанх хойно байнгын оршин суух иргэнд' гуайгын "энэ байшинд том бага нийлсэн 5.6 хүн амьдарч байсан. бур нялх хүүхэдтэй хүүхэн ч байсан, shop-ийн буудлаас хамт таксидаж ирж байхдаа мэдсэн, сүүл рүүгээ харагдахгүй болсон, би хэдий байшинд нь байнга орж гарч байгаагүй ч гэсэн энэ айлын 10 жилд сурдаг бага )хүүхдүүд нь манайхаар орж гарч манай ачтай хамт тоглож, хоол унд иддэг байсан болохоор аавтайгаа хамт амьдардаггүй. ээж нь юу хийдэг, яагаад байнга оройтож ирдэг гэх зэргээр амьдрал ахуйг нь асуудаг байсан. 2018 оны 5 сард айхавтар гэнэт хүйтэрч хүчтэй цасан шуурга шуураад хүүхдүүд нь хичээлээсээ оройтож ирсэн гээд гал, усгүй байна гэхээр нь гэртээ оруулж цай хоол өгч байсныг бүүр сайн санаж байна, 2017 оны 9 сараас анх энэ айл орсон цагаас эхлээд 2018 оны 5 сар хүртэл байнга хүн амьдарч байсан Монтёр ирээд тог цахилгааныг нилээн хэдэн удаа салгаж байсан ч өөрсдөө буцааж залгаад тогтой болчихдог, байнга яндангаас нь утаа гардаг. сүүлд 2018 оны 5 сарын сүүлээр Балжинням урд талын том цонхыг шиллүүлээд явж байхдаа манайхаас атверк, алх гуйгаад явж байсандаа ..." ээрэг асуулт хариулт. гэрчийн мэдүүлгээс ч хариуцагч талын тайлбар худал болох нь гэрчлэгддэг. Мөн цахилгаан түгээх сүлжээ байгууллага хэзээ ч тухайн байшин, орон сууцтай холбоо хамааралгүй этгээдийн буюу эзэмшигч, өмчлөгч нь л биш бол бусад этгээдүүдийн дуудлага, хүсэлтээр тог, цахилгааныг нь залгаж,  салгадаггүй болохыг гэрчлүүлэх зорилгоор тухайн үед миний удаа дараа дуудлага өгч тог салгуулсан монтёруудыг дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг өгөх хүсэлтийг минь тус шүүх хангаагүй. Шүүх: " Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар У.Б- хашаа байшингаас гарах тухайгаа нэхэмжлэгч Б Тэмүүжинд утсаар хэлэхэд эмнэлэгт хэвтэж байгаа талаар зохигчид хоорондоо ярилцсан, түлхүүрийг өгөх гэтэл утсаа сагаад холбогдохгүй байсан гэх, 2018 оны 5 сард түлхүүрийг хүлээлгэн өгсөн хэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Иймд байр хөлслөх гэрээг цуцлах тухай илэрхийлээ  нөгөө талд буюу нэхэмжлэгч Б.Т-д мэдэгдсэн байна гэж эрх үндэслэлтэй байна" гэх дүгнэлт хийж, хариуцагчийг надад байшингаас гарах тухай мэдэгдэж, энэ тухай надтай харилцан ярилцаж ойлголцсон мэт, гэтэл намайг түлхүүрээ аваагүй, тэгээд хариуцагч түрээсийн байрыг өөрийн хүсэл зоригоор орхиж явсан гэж шүүх дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй байна. Учир нь энэ тухай хариуцагч надад огт мэдэгдэж байгаагүй, түүнийг батлах ямар ч нотлох баримт шүүхэд Хариуцагч гаргаж өгч байгаагүй. Мөн хариуцагч энэ тайлбараа батлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргаж утасны үүрэн сүлжээний компаниудаас мэдээлэл гаргуулахыг дэмжиж  шийдвэрлүүлсэн  боловч огт баримт  олдоогүй,  тэр буү  хэл  хэзээ  надад  ингэж мэдэгдсэн өдөр, цагаа ч санадаггүй юм. Харин миний утсаар У.Б-д бичсэн мессежнүүд болох "түрээсийн төлбөр тооцоогоо хийж дуусга, тог цахилгааныг салгуулаа, тогны төлбөрөө төлөхгүй юм бол дахиж битгий цахилгаан ашиглаарай,  У.Б-ыг хадам эцэгтэйгээ зодолдоод том өрөөний том цонхыгхагакан юм бод өөрөө шиллэж өгөөрэй, үүдний амбаарын жижиг цонхыг хагалж гэрлүүгээ ороод байхдаа яа хав дээ түлхүүр хаясан юм бол шинэ цоожны гох тавьж сольж өгөөрэй, би та нарыг олон нялх хүүхэдтэй гэж өрөвдөөд хөхөө хүйтнээр хөөж туулгүй байшиндаа суулгаад байгаа ядахдаа цахилгаан ашигласны төлбөрөө 3 сарын турш хуримтлуулж хэтрүүлэдэггй төлөөд амьдарч боддоггүй юм уу, цахилгаан түгээхээс салгах гээд байна. байшингийн түлхүүр, хашааны түлхүүр, бусад эд зүйлсииг анх байснаар хүлээлгэж өгөөрэй, тэгэхгүй бол цагдаад өглөө..." гэх мэтээр У.Б-д бичсэн мэйлийг тус шүүх хүлээж аваагүй. Хэрвээ хариуцагчийн тайлбар өчүүхэн ч гэсэн үнэний ортой бол, тэдэнд байнга тус болж байсан, гэртээ байнга оршин суудаг Б.Н гуайд бүүр надтай холбогдох аргагүй болж арга ядахад манай байшингийн түлхүүрийг хүлээлгээд өгөхөд болох л байсан. Шүүх: " Нэхэмжлэгч нь хариуцагчийг хашаа байшингийн түлхүүрийг өгөөгүй учир 2017 оны 10 сарын 29-нөөс 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд хөлсөлсөн гэж нийт 1.040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, энэ үндэслэлээ гэрч Б.Н-ын ... гэх мэдүүлэг мэдүүлэг нотолно гэх боловч гэрчийн мэдүүлэг нь тухайн үйл явдал хэдэн оны хэдэн сард болсон талаарх эх сурвалжаа шууд зааж чадахгүй байгаа ба баримтаар нотолж чадахгүй байх тул нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-д хэргийн оролцогч ... шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөлслөгч ашиглаж байсан эд хөрөнгөд хохирол учруулсан гэсэн байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй" гэж дүгнэлт хийж, хэргийн оролцогчднйн хэнтэй нь ч хамааралгүй хөндлөнгийн гуравдагч этгээдийн шүүхэд өгсөн ач холбогдол бүхий тайлбар, мэдүүлэг зэргийг үнэлж, хэргийг шийдвэрлэхэд огтхон ч ашиглаагүй мөртлөө тус байшинд хамт амьдарч байсан бөгөөд хэргийн оролцогч болох хариуцагчийн эхнэр, ээж зэрэг хүмүүсийг шүүх хуралдаанд гэрчээр татан оролцуулж. гэрчийн мэдүүлэг тайлбар өгүүлж, түүнийг иш үндэс болгож үнэлж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар эүйлийн 8.5. дахь хэсэгт: "Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж архивд хадгална ". мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт: "7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэвээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно." гэжээ. Түүнчлэн Шүүхийн захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т: "шүүх хуралдааныг дуу болон дурс бичлэгээр баталгаажуулах, " чиг үүргийг шүүх худалдааны' нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор хэрэгжүүлэхээр заасан. Тиймээс тус шүүх хуралдаан авагдсан үнэн бодит процесс, түүнд оролцсон гишүүд. гэрчүүдийн хэлсэн ярьсан дуу дүрс бичлэгт хураагдан үлдсэн байгаа учраас түүнийг дахин сэргээн үзэх боломжтой. Энэхүү илт үндэслэлгүй шүүхийн дүгнэлтэд миний бие үнэхээр харамсалтай байгаа учир тус шүүхийн тамгын газарт хандан луу дүрсний бичлэгийг гаргуулан . хүсэлтээ уламжлаад байгаа билээ. Мөн хэдий хариуцагч сүүлд нь анх гаргасан тайлбараасаа буцаж, хохирогчтой баЯшннгнЯн орчин нөхцөлийн талаар маргахгүй гэсэн ч хэргийн сэдэв болсон байшин дээр шүүхийг газар дээр нь очиж үзлэг хийж. хүи амьдрах боломжтой эсэх, засвар хийгдсэн эсэх. утаа угаартай эсэхийг тодорхойлж, тогтоож өгөхийг  хүсэхэд хангаж шийдвэрлэсэн боловч 3 удаа үзлэгийн цаг товлоход шүүх огтхон ч хүрэлцэн очоогүй. шүүх газар дээр нь очиж үэлэг хийж, тодруулж болох л байсан. Шүүх: “Түүнчлэн нэхэмжлэгч гал түлэхэд утаа, угаар их гардаг нь нялх хүүхэд амьсгалах, амьдрах нөхцөл муу гэсэн хариуцагчийн тайлбартаа холбогдуулж тухайн байрны пийшин-д үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй болно” гэж хэт нэг талыг барьж илт үндэсдэлгүйгээр хариуцагчийн буруутай бусармаг үйлдлийг өөгшүүлэн дэмжиж, хамгаалсан, худал дүгнэлт хийсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч У.Б-д холбогдуулж хашаа байшин хөлслөх гэрээний үүрэгт түрээсийн төлбөр, хохиролд нийт 1 040 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хэргийн 92, 97, 114 дүгээр тал/

 

            Хариуцагч хашаа байшинг хөлсөлж байх хугацаандаа 720 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин хашаа байшин хөлслөх хугацаатай гэрээг хугацаанаас нь хууль буюу гэрээнд заасны дагуу хөлслөгч цуцалсан эсэх, гэрээний зүйлийг ашиглаагүй хугацааны хөлсийг хөлслүүлэгч шаардах үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэх нэртэй гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 48 тоотод байрлах хашаа байшинг нэг жилийн хугацаатай сарын 210 000 төгрөгийн хөлс төлж оршин суухаар тохиролцож, талууд гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан байна. Иймд талууд хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

           

            Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хашаа байшинг 2018 оны 5 дугааар сард хүлээлгэн өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 97 дугаар тал/

 

            Хариуцагч байшин маш хүйтэн, гал түлэхэд утаа, угаар их гардаг, нэг сартай нярай хүүхэд амьдрах нөхцөл муу, угаартах магадлалтай байсан тул байрнаас 1 сар амьдраад гарч өөр байр түрээслэсэн. Хашаа байшингаас гарах тухайгаа нэхэмжлэгчид утсаар хэлж, түлхүүрийг өгөх гэтэл утсаа салгаад холбогдохгүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-д хэргийн оролцогч ...шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Ирэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасан хөлслөгчийн бурууггүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон, мөн 289.2.3-д заасан хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь, бие, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал хөлс төлөхөөс татгалзах үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хөлсөлсөн байшинд хүн амьдрах боломжтой байсан эсэхийг тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж, шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2019/02474 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг хийх шаардлагагүй, үзлэгтэй холбоотой асуудлаар маргахгүй гэх тайлбарыг бичгээр гаргасан байна. Үүнээс үзэхэд тухайн хөлсөлсөн байшинд хүн амьдрах боломжтой байсан гэж дүгнэхээр байна.

           

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Н, хариуцагчийн хүсэлтээр Б.С, Б.Э нарыг гэрчээр асуусан байх боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хариуцагч тухайн байшинг нэхэмжлэгчийн буруугаас цуцласан болохыг нотолж чадахгүй байна./хэргийн 141-146 дугаар тал/ Иймд хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруугаас хашаа байшинг хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй байна. 2017 оны 12 дугаар сараас хойш амьдраагүй талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, цахилгааны хэрэглээг хязгаарлуулсан баримтууд нэхэмжлэгч хөлсний зүйлийг хүлээн аваагүй буруутай болохыг нотлох баримт болохгүй юм.

 

Иймд иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хөлсөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 5 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 750 000 төгрөгийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

 

            Түүнчлэн, гэрээний дагуу хөлсөлсөн дээр дурдсан хашаа байшингийн өмчлөгч нь Ж.Даваажавын өмч байна. Нэхэмжлэгч Б.Т- нь түүний хүү бөгөөд үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, түрээслэх итгэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан Ү-2201024585 дугаарт бүртгэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хэргийн 4-6, 75 дугаар тал/ Энэ нь өмчлөгчийн зөвшөөрлөөр үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар болон бичгээр байгуулж болох ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Харин нэхэмжлэгчийн цахилгааны төлбөр 140 000 төгрөг, цонх солих зардал 150 000 төрөг нийт 290 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хөлсөлсөн байрны нэг цонх солих зардал 150 000 төгрөг, цахилгааны төлбөр 140 000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр төлсөн тухай 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны баримт ирүүлсэн байна. Энэ баримт нь хариуцагчийг хөлсөлсөн хашаа байшинд орохоос өмнөх хугацааны баримт байна. /хх-106, 138 дугаар тал дугаар/, мөн байшингийн цонхны шил хагарсан хэсгийг фото зургаар бэхжүүлэн авсан 2 ширхэг зураг зэргийг /хх-105 дугаар тал/ нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагч хэдийд хагалсан нь тодорхойгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хагалсан цонхыг хариуцагч зассан талаар талууд тайлбар гаргасан тул дээрх баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Зохигчид хашаа байшин хөлслөхөөр тохиролцсон байхад Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцааг хэрэглэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01148 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б-аас 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 290 000 төгрөг болон зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 510 төгрөгөөс 29 510 төгрөгийг болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид илүү төлсөн 97 960 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 22 550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                 Н.БАТЗОРИГ

 

                                                                С.ЭНХТӨР