| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0055/Э |
| Дугаар | 130/ШЦТ2017/0047 |
| Огноо | 2017-06-21 |
| Зүйл хэсэг | 175.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 130/ШЦТ2017/0047
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Ц.С
Улсын яллагч М.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Сийн Хд холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Сийн Х, 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БЗ*******.
Шүүгдэгч С.Х нь хувьдаа ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу Цагааннуур дахь хилийн боомтоор 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орж ирэхдээ “PARLIAMENT agua”, “PARLIAMENT night” нэртэй буюу 1000 хайрцаг буюу 2800000 төгрөгийн үнэ бүхий хуулиар хязгаарласан бараа тамхийг өөрийн өмчлөлийн 00000 БӨТ улсын дугаартай “Сангионг Истана” маркийн тээврийн хэрэгсэлд бага бус хэмжээгээр тээвэрлэж хууль бусаар хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 100-101,103-104 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.Х /хх-ийн 62-64-р хуудас/, А.Б /хх-ийн 65-66-р хуудас/, М.Б /хх-ийн 67-68-р хуудас/, С.Н /хх-ийн 69-70-р хуудас/, О.Б /хх-ийн 73-74-р хуудас/, К.Т /хх-ийн 180-181-р хуудас/, Н.Мийн /хх-ийн 62-63-р хуудас/, Д.О /хх-ийн 183-р хуудас/, Б.Е /хх-ийн 71-72-р хуудас/, Ш.Саулетхан /хх-ийн 77-78-р хуудас/, И.А /хх-ийн 79-80-р хуудас/, А.Е /хх-ийн 81-82-р хуудас/, Х.Х /хх-ийн 83-84-р хуудас/ нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 87, 90-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /25-27-р хуудас/, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-19-р хуудас/, тамхины үнэлгээг харуулсан хүснэгт /хх-ийн 185-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 47-48-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 61-р хуудас/, тодорхойлолт /хх-ийн 111-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, зөрчлийн хавтас /хх-ийн 153-166-р хуудас/, шинжээч Х.Ыыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 184-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Х нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах “Цагааннуур” автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомтоор Оросын Холбооны Улсаас Монгол Улсад орж ирэхдээ Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлсан эд зүйл болох 2800000 төгрөгийн үнэ бүхий “PARLIAMENT agua”, “PARLIAMENT night” нэртэй 1000 хайрцаг утаат тамхийг өөрийн эзэмшлийн 00000 БӨТ улсын дугаартай “ССангионг Истана” маркийн тээврийн хэрэгсэлд бага бус хэмжээгээр тээвэрлэн улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч С.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 100-101, 103-104 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.Х /хх-ийн 62-64-р хуудас/, А.Б /хх-ийн 65-66-р хуудас/, М.Б /хх-ийн 67-68-р хуудас/, С.Н /хх-ийн 69-70-р хуудас/, О.Б /хх-ийн 73-74-р хуудас/, Б.Е /хх-ийн 71-72-р хуудас/ нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 87, 90-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /25-27-р хуудас/, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-19-р хуудас/, тамхиний үнэлгээг харуулсан хүснэгт /хх-ийн 185-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 61-р хуудас/, зөрчлийн хавтас /хх-ийн 153-166-р хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тамхины хяналтын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-д заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар баталсан “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрэх журам”-ын 2.2, 2.2.1-д зааснаар Монгол Улсын хилээр зорчигч нь гаалийн болон бусад албан татваргүйгээр 200 ширхэг янжуураас илүүгүй буюу /20 ширхэг янжуур нь 1 хайрцаг/ 10 хүртэл хайрцаг нэвтрүүлэхийг зөвшөөрч, үүнээс илүү тоогоор тамхийг зохих зөвшөөрөлгүй хилээр оруулахыг хязгаарласан байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон гэрч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч С.Х нь тамхийг илрүүлэх үед бусдын нэр дээр хууралгаж байгаа нь түүнийг гаалийн мэдүүлэгт бичих үүргээ биелүүлэхгүйгээр, хязгаарласан бараа гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч С.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” хилийн боомт дээр гаалийн хяналтын шалгалтаар илэрсэн ба Гаалийн тухай хуулийн 4 дүгээр 4.3-д зааснаар “Монгол Улсын хилийг гаалийн хил” гэснээс үзэхэд шүүгдэгч нь хязгаарласан барааг хилээр нэвтрүүлэхээр улсын хилээр нэвтэрсэн байна гэж үзнэ.
Шүүгдэгч С.Х нь гэмт хэрэг үйлдэх үед ашигласан өөрийн өмчлөлийн 00000 БӨТ улсын дугаартай “С Сангейнг Истана” маркийн тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээн, бусдад худалдан борлуулсан нь мөрдөн байцаалтын шатанд тус тээврийн хэрэгслийг бүтүүмжлээгүйтэй холбоотой байна. Шүүгдэгч нь 00000 БӨТ улсын дугаартай автомашиныг тухайн үед 700000 төгрөгөөр худалдан борлуулсан нь гэрч Д.О /хх-ийн 183-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-р хуудас/-ийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед ашигласан авто машины үнэ 700000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2772000 төгрөгийн үнэтэй 990 хайрцаг “Парламент” тамхийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хураагдсан 1000 хайрцаг тамхинаас хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн 10 хайрцаг тамхийг өөрт буцаан олгосон болохыг дурдаж байна.
Яллах дүгнэлтийн хавсралтанд шүүгдэгч С.Хд хилийн хориг тавигдсан гэх боловч хилийн хориг тавих тухай эрх бүхий байгууллагын албан бичиг хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар шийдвэрлэх боломжгүй байна.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С.Хын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Хын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Сийн Хыг хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хийн 100000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож, солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн С.Хийн гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч С.Хаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 0000 БӨТ улсын дугаартай “С.Сангейнг Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 700000 төгрөгийг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2772000 төгрөгийн үнэ бүхий /тамхи 1 хайрцаг нь 2800 төгрөг*990 ширхэг= 2772000/ 990 хайрцаг “parlament” тамхийг хурааж тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч С.Хын эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай “Alphard” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Хд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өрдөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ