Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 118/ШШ2023/0008

 

                             

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Тунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Сэвжид Зэндмэнэ ХХК

Хариуцагч: Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаяр нарын хоорондын шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн захирал Д.Балжинням,  хариуцагч татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн үйл баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000131549 дугаартай гэрчилгээнээс харахад гомдол гаргагч Сэвжид Зэндмэнэ ХХК нь хүнсний худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Д.Балжиннямыг тус компанийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс сонгож баталгаажуулсан байх ба Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/120 дугаар захирамжийн дагуу олгогдсон өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх С21/10 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд байна. Тус компанийн Зэндмэнэ нэртэй дэлгүүрийн худалдагч Б.Пүрэвсүрэн нь онцгой албан татварын тэмдэг, наалтгүй архи, дарсыг найз Ш.Лхагважаргалын гуйлтаар хүлээн авч худалдан борлуулахаар тус дэлгүүрийн лангуунд байршуулсан байх ба Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч Б.Аминдаваа “Шинэ жил-2022” арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж явахдаа 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улиастай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрших дээрх дэлгүүрээс 700 граммаар савлагдсан “Айдабульская” нэртэй 2 шил архи, 750 граммын савлагаатай “JP chenet” нэртэй 2 шил дарсыг “онцгой албан татварын тэмдэг, наалтгүй” гэх үндэслэлээр хураан авч, уг мэдээллийг Завхан аймгийн Татварын хэлтэст харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсний дагуу тус хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаяр нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 0045353 дугаар шийтгэлийн хуудсаар Сэвжид Зэндмэнэ ХХК-д оногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

3. Гомдол гаргагч “Манай компани онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулаагүй, дэлгүүрийн худалдагч өөрийн найзын хүсэлтээр 2 шил архи дэлгүүрт тавьсан байсныг цагдаагийн ажилтан хурааж авсан, Хүлэг бөөний худалдааны дэлгүүрээс татан авсан 2 шил дарсны татварын наалт тэмдэг нь унаж гээгдсэн байхад компанийг зөрчил гаргасан гэж үзэж 10 000 000 төгрөгөөр торгосон нь хууль бус” гэж, хариуцагч “Нэгэнт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүртэй хуулийн этгээд тул худалдан борлуулахаар онцгой албан татварын тэмдэг, наалтгүй архи, виног лангуундаа байрлуулсныг худалдсан, борлуулсан гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тус компанид торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ: ...6.12.татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйл”, 7.6 дугаар зүйлийн 2-д “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.12 ...дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан ...шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасны дагуу “Сэвжид Зэндмэнэ” ХХК нь татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаярын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан.

5. Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн захирал Д.Балжинням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол тайлбартаа: Тус компани нь 2018 онд байгуулагдаж хүнсний найман нэрийн дэлгүүр ажиллуулж, худалдаа үйлчилгээ үзүүлж байна. Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 01-р сарын 13-ны өдрийн 0045353 дугаартай 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2023 оны 1 сарын 18-ны өдөр танилцаад эс зөвшөөрч байгаа тул гарын үсэг зурахгүй гэж тайлбар бичиж өгөөд 2023 оны 01-р сарын 19-ний өдөр гардаж авсан. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл борлуулсан гэж 10 000 000 төгрөгөөр торrox шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, эсхүл борлуулсан зүйлгүй бөгөөд манай худалдагч Б.Пүрэвсүрэн нь найз Лхагважаргалын гуйлтаар "Айдабульская водка" нэртэй архийг компанийн зарж байсан архитай хамт лангууны хамгийн доод талд түр тавьсан байсан. Худалдагч Б.Пүрэвсүрэнд найз Лхагважаргал нь хэлэхдээ Алдархаан сумын ойгоор хүн надад бэлэглэсэн, буяны ажил гараад өөрөө ажилтай болсон тул танай дэлгүүрт түр тавья гэсэн байдаг. Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн хувьд тухайн "Айдабульская водка" нэртэй онцгой албан татвар төлөгдөөгүй архийг бэлтгэн нийлүүлсэн, импортолсон болон ашиг олох зорилгоор худалдсан, эсхүл борлуулсан үйлдэл огт хийгдээгүй бөгөөд зөвхөн худалдагчийн болгоомжгүй үйлдлээс хамааралтай гэж үзэж байгаа... JP.Chenet дарсны тухайд 2022 оны 07 сарын 05-ны өдөр Хүлэг бөөний дэлгүүрээс авч байсан. Манай дэлгүүрт 6 сарын хугацаанд байсан. Тэр хугацаанд дэлгүүрийн барааг арчиж цэвэрлэх үед татварын акц нь унасан байх. Түүнээс эдгээрийг зарж борлуулсан зүйл байхгүй... гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, шийтгэлийн хуудас өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ганц үндэслэсэн зүйл нь холбогдогчийн мэдүүлэг байдаг. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээлэл нь зөрчлийн нотлох баримт болдог. Гэрч Лхагважаргал, Пүрэвсүрэн нарын гэрчийн мэдүүлэг байгаа. Мөн эд зүйлийг хураан авсан тэмдэглэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд зааснаар үзлэгийг хийхдээ прокурорын зөвшөөрлөөр хийдэг. Мөн хураан авах ажиллагаа явуулж байгаа бол тэмдэглэлийг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид нэг хувийг өгөх ёстой боловч өгөөгүй учраас хураан авах ажиллагаа нь хууль ёсны болж чадаагүй байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаар тооцогдохооргүй байна. Хоёрдугаарт, шийтгэлийн хуудаст хураан авсан эд зүйлийг улсын орлого болгох юм уу, нөхөн төлүүлэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл үүнийг мөн шийдвэрлээгүй Зөрчил шалган шийдвэрлэх процесстой холбоотой эдгээр алдаанууд байна гэдгийг хэлмээр байна. Гол маргаан юу гэхээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4, 5 тохиолдолд зөрчлийн шийтгэл оногдуулахаар байгаа. Энэ нь бэлтгэн нийлүүлсэн, импортолсон, худалдсан, эсхүл борлуулсан гэсэн байна. Тэгэхээр энэ компанийн хувьд бэлтгэн нийлүүлсэн, импортолсон зүйл байхгүй. Мөн худалдсан үйлдэл байхгүй. Худалдсан гэдгийг худалдахаар лангуун дээрээ тавьсан гэдгээр дүйцүүлж ойлгож хэрэглэх боломжгүй. Мөн борлуулсан гэх асуудлын тухайд зарах гэж байсан гэдэг утгаар ойлгох боломжгүй. Үүнийг зөвшөөрөлгүй этгээд хэн нэгэндээ худалдан борлуулсан үйлдлийг ойлгох болов уу. Үүн дээр борлуулсан, эсхүл худалдсан үйлдэл заавал байхыг шаардана гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл Зэндмэнэ компаниас хүн акцгүй архи авч яваад үүнийг хаанаас авсан гэхэд тэндээс худалдаж авсан юм гэвэл тэр тохиолдолд худалдан борлуулсан гэж үзэж торгуулна гэж ойлгож байна. Гэтэл үүнийг хүнд сонирхуулаад өгөөч гэж компанид биш Пүрэвсүрэн гэдэг хүнд өгч лангууны доор тавиулсан асуудлыг худалдсан, борлуулсан гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр бол нэг нь нэгнийхээ гуйлтаар тавьсан байна. Пүрэвсүрэн гэрч нөхөртөө хэлэхдээ фейсбүүкээс авсан юм гэж хэлснээс холбогдогчийн эхний мэдүүлэг зөрсөн байна. Гэхдээ яагаад тэгж мэдүүлэх болсноо холбогдогч тайлбарласан. Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийн зөрүүг яагаад арилгаагүй юм. Иймд зөрчлийн шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Компани энэ хууль бус ажиллагааг хийсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, баримтаар нотлогдоогүй... Зөрчлийн хувьд мэдээж хууль тогтоомж зөрчсөн учраас зөрчил болох байх. Гэхдээ энэ тохиолдолд архи согтууруулах ундааг худалдан борлуулаагүй учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 24.11 дүгээр зүйлд заасан зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна. Тэр хоёр архийг хэн оруулж ирсэн, импортолсон тэр хүн энэ зүйчлэлээр орох ёстой байсан байх. Хэрвээ буруутай гэж үзвэл компани биш худалдагчийн буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл найзынхаа гуйлтаар лангуун дээрээ тавьсан, тухайн худалдагчийн шийдвэрээр тавигдсан учраас худалдагч өөрийн ажлын байранд давуу байдал үүсгэсэн байдал харагдаж байна. Харин компани өөрийн орлогоосоо худалдаж аваад зарахаар тавьсан бол компанийг буруутай гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч Ч.Нэмэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, дэслэгч Б.Аминдаваа, хэсгийн байцаагч, ахмад С.Будхүүгийн хамт Шинэ жил-2022 арга хэмжээний хүрээнд Улиастай сумын Жаргалант багт үйл ажиллагаа явуулдаг “Зэндмэнэ” нэртэй хүнсний дэлгүүрт онцгойн албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйл,  6 дугаар зүйлийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсэн 1100040220002275 бүртгэлийн дугаартай онцгой албан татварын тэмдэг наагаагүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх гомдол мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутад хүлээн авч танилцаад тухайн хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн Сэвжид Зэндмэнэ ХХК-д холбогдох зөрчилд 10 000 000 /арвин сая төгрөг/-ийн торгууль оногдуулсан тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн “Сэвжид Зэндмэнэ” ХХК-д 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаярын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045353 дугаартай шийтгэлийн хуудсыг “шийтгэл оногдуулах зарчимд нийцээгүй” бөгөөд гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв. /Хэргийн 36 дугаар хуудсанд/

2. Уг шийтгэлийн хуудсанд “Сэвжид Зэндмэнэ” ХХК-ийн үйлдсэн гэх зөрчлийн агуулгыг тусгаагүй байх ба “татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр дээрх шийтгэлийг оногдуулсан хэмээн хариуцагч татварын улсын байцаагч тодруулан тайлбарласан.

3. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

4. Завхан аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Аминдаваа нь Улиастай сумын Жаргалант багт байрлах Зэндмэнэ нэртэй дэлгүүрээс 700 граммаар савлагдсан “Айдабульская” нэртэй 2 шил архи, 750 граммын савлагаатай “JP chenet” нэртэй 2 шил дарсыг тус тус хураан авсан болох нь “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” 2022 оны 12 дугаар сарын 22-ны тэмдэглэлээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 25-р хуудас/

 5. Дээрх тэмдэглэл болон гэрч Ш.Лхагважаргалын “2022 оны 8 сарын эхээр заруулахаар Пүрэвсүрэнд А үсгээр эхэлсэн хар шилтэй 1, хөх шилтэй 1, нийт 2 шил архи өгч байсан. Хэмжээг нь сайн мэдэхгүй байна, нэрийг нь ч сайн санахгүй байна... Би 8 сард Сэлэнгэ руу буяны ажлаар явах болоод өөрт байсан 2 шил архийг заруулахаар найз Пүрэвсүрэнд өгсөн. Зун айлчилж манайд ирсэн хүмүүс өгсөн архи байгаа юм, өөрсдөө хэрэглэхгүй болохоор нь заруулах гэж өгсөн. Тухайн үед татварын акц наалт байсан эсэхийг анзаараагүй, тийм наалттай байх ёстой гэдгийг ч сайн мэдэхгүй байсан, сая л тийм наалт байдаг гэдгийг мэдсэн. Өөрт байсан болохоор л тэр 2 шил архийг өгсөн, түүнээс өөр заруулахаар өгсөн зүйл байхгүй“ гэх мэдүүлэг зэргээр иргэн Ш.Лхагважаргал нь 2 шил архийг борлуулахаар Зэндмэнэ нэртэй дэлгүүрийн худалдагчтай тохиролцон тавьсан ба тухайн 2 шил архийг худалдаагүй байхад хураан авсан нөхцөл байдал тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 47-р хуудас/ 

6. Мөн “...хураагдсан 2 шил архийг өөрийн хүсэлтээр бусдаас хүлээн авсан боловч худалдан борлуулаагүй, уг 2 шил архийг Ш.Лхагважаргалаас бус Улаанбаатар хотоос захиалж авсан тухай худал мэдээллийг анх нөхөртөө өгч байсан тухай...” Зэндмэнэ дэлгүүрийн худалдагч буюу гэрч Б.Пүрэвсүрэн нь гомдол гаргагч Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн захирал Д.Балжиннямын эхнэр байх боловч түүний дээрх мэдүүлэг нь гэрч Ш.Лхагважаргалын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул шүүх Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно. /Хавтаст хэргийн 44-р хуудсанд/

7. Гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...Мөн тэр өдөр цагдаагийн ажилтнууд татварын акц наалтгүй гээд Жэй пи ченет /JP Chenet/ нэртэй 2 шил дарсыг хурааж авсан. Тэр дарсыг бол манайх Хүлэг бөөний дэлгүүрээс худалдаж авдаг байсан. Акцгүй архи, дарс авдаггүй. Тухайн үед тэр 2 шил дарсны акц нь унасан л байсан байх. Унасныг нь ч мэдээгүй байсан...” гэх, гэрч Н.Мөнхсайханы “Зэндмэнэ дэлгүүр манайхаас бараагаа авдаг. Балжиннямын эхнэр нь голдуу ирж авдаг... Жи пи Ченет /JP Chenet/ дарсыг оруулж ирж борлуулдаг гэрээт борлуулагч болох Их-Ноён уул гээд компаниас манайх авч худалдан борлуулдаг. Зэндмэнэ дэлгүүр манайхаас ийм дарс авч байсан байх. Гэхдээ энэ талаар баримт байхгүй. Зэндмэнэ дэлгүүр бэлнээр тооцоо хийдэг байсан тул ямар нэгэн зарлагын баримт, падаан бичдэггүй байсан... дарсны татварын наалт нь ачилт, зөөлтийн үед унах тохиолдол байдаг. Түүнээс манайх татварын акц наалтгүй бараа борлуулдаггүй. Жижиглэнгийн дэлгүүрүүд дарсыг их хэмжээгээр авдаггүй, цөөхөн нэр төрлөөс 1-2 ширхэгээр л авдаг...”  гэх мэдүүлгүүдээр Зэндмэнэ дэлгүүр нь Хүлэг бөөний дэлгүүрээс “Жэй пи ченет” /JP CHENET/ нэртэй дарсыг татан авсан байж болох бөгөөд уг дарсны татварын тэмдэг наалт салж унасан эсэх нөхцөл байдлыг хариуцагчаас бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна. /Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд/

8. Хариуцагчаас онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан” гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архийг бусдад худалдсан, борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна.

9. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундааг худалдахыг тус тус хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааг худалдахыг дээрх хуулийн зохицуулалтуудаар хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна.

10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй байна.

11. Гэтэл 2323000013 дугаартай зөрчлийн хэргийн материалд “Зэндмэнэ” нэртэй дэлгүүрээс татварын тэмдэг, наалтгүй, “Айдабульская” нэртэй, 39 хувийн спиртийн агууламжтай, 700 граммаар савлагдсан 2 шил архи, “Жэй пи ченет” /JP Chenet/ нэртэй, 750 граммаар савлагдсан 2 шил дарсыг хураан авсан тухай тэмдэглэл, мөн дэлгүүрийн худалдагч Б.Пүрэвсүрэнд 2 шил архи заруулахаар өгсөн тухай гэрч Ш.Лхагважаргалын мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй байх ба дээрх баримтуудаар  Сэвжид Зэндмэнэ ХХК-ийг “онцгой албан татварын тэмдэггүй архи худалдсан, борлуулсан” гэх зөрчил үйлдсэн гэж буруутгах боломжгүй юм.  /Хавтаст хэргийн 25, 47-р хуудас/

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, мөн зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн үйлдэл, эс үйлдэхүй Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах нь “процессын шударга ёсны” зарчимд нийцэхээр байна.  

13. Энэ маргааны тухайд хариуцагч нь цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалд үндэслэн шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байгаа ба Сэвжид Зэндмэнэ ХХК-ийг татварын тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг баримтаар тогтоогоогүй мөртлөө тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;...” гэж заасныг зөрчсөн байна.

14. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Шийтгэлийн хуудсанд Сэвжид Зэндмэнэ ХХК-ийг ямар зөрчилд буруутгаж байгааг тодорхой тусгаагүй, ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй, давж заалдах гомдол гаргах эрх, журмын талаар тусгаагүй” гэж тайлбарлаж байх ба маргаан бүхий 0045353 дугаартай шийтгэлийн хуудсанд дээрх агуулгууд тусгагдаагүй тул энэ талаарх өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байгааг дурдах нь зүйтэй.

15. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна”, 4.5 дугаар зүйлийн 2-д “Эд зүйл, баримт бичиг хураан авах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэж тус тус заасан байна. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлийг цагдаагийн дэслэгч Б.Аминдаваа үйлдсэн байх ба прокуророос зөвшөөрөл авч хураасан талаар баримтгүй, энэ талаар тэмдэглэлд тусгаагүй байх тул эд зүйл хураан авахдаа хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар мөн үндэслэлтэй байна.

16. Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Сэвжид Зэндмэнэ” ХХК нь  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус зөрчиж, татварын тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдсан гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн  1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж ...д тохирсон байна” гэж заасан зарчим болон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх...” гэсэн шийтгэл оногдуулах үндэслэлд тус тус нийцэхгүй байна.

17. Тодруулбал, хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангаж гэмээ нь зөрчилд тооцогдохоор байна.

18. Иймд дээрх үндэслэлүүдээр Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлыг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг баримтлан Сэвжид Зэндмэнэ ХХК-ийн гомдлыг хангаж, Завхан аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаярын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 0045353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нэмэхбаяраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэвжид Зэндмэнэ ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Л.ТУНГАЛАГ