Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/654

 

 

 

 

 

                        

  2021             7              6                                          2021/ДШМ/654

 

            Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

            шүүгдэгч Б.Э,

            хохирогч Н.Бын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Эд холбогдох 2011017881128 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Б-гийн Э, 1970 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн дулааны инженер мэргэжилтэй, Монголбанканд сантехникийн слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Б.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... амралтын газарт архи нэхэж Н.Бын зүүн нүдний орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Балдангийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Б.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хохирогч Н.Бын өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Бын авах ёстой байсан цалингийн зөрүү, урамшуулал гэж нэхэмжилсэн 1.237.726.88 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга долоон зуун хорин зургаан мянга наян найм/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчид нийт 1.800.000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг тус тус дурдаж, Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмтлийн улмаас Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 5-наас 18-ны өдөр хүртэл 14 хоног, 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 28-ны өдөр хүртэл 10 хоног, 2020 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл нийт 33 хоногийн лист буюу хөдөлмөрийн чадвар түр алдалтыг тогтоосон эмнэлгийн хуудас хавтаст хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Эд зодуулж гэмтсэн үе 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл тасралтгүй 1 сар гаруй хугацаанд өвчтэй буюу эрүүл мэнд нь сарнисан хөдөлмөрийн чадвар алдсан гэдгийг нотолсон эмнэлгийн бичиг баримт байсаар байтал эмнэлэгт хэвтээгүй, тасралтгүй 28 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийг ойлгоно гэж дүгнэлт гаргасан  үндэслэлгүй байна.          

Учир нь, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд шинжээч эмч Ч.Эрдэмболор нь цахимаар оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт оролцоход нь өмгөөлөгч би ... миний үйлчлүүлэгч 2020 оны 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл өвчтэй, акттай байсан. Тус 1 сар 3 хоногийн хугацаанд эмчлүүлсэн гэдэг нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт хамаарах уу гэсэн асуултанд тухайн гэмт хэргээс үүссэн гэмтлийн дагуу тасралтгүй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчилгээ хийсэн бичиг баримтын дагуу хамааруулж болно... гэж хариулж байсан. Энэ нь хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. /хх 116/

Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан байх ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ёстой гэж огт заагаагүй зөвхөн тасралтгүй үргэлжилсэн буюу эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол гэж заажээ.

Тийм учраас 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт: шүүх хуралдаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболор оролцсон бөгөөд шүүхийн хэлэцүүлэгт “хэрэв 28 хоногоос дээш хугацаагаар хохирогч эмчилгээ хийлгэсэн нь баримтаар тогтоогдож байвал гэмтлийн зэрэгт өөрчлөлт орно” гэж мэдүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болохоор хуульчилсан хэдий ч хохирогчийн талаас гаргаж өгсөн өвчтөний түүх, бусад баримтуудад тулгуурлан дахин шинжээчийн дүгнэлт гаргахад холбогдох баримтууд нь дутуу, зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба хэрэв урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдвөл тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байна гэсэн болно.

Гэтэл шинжээч эмч Ч.Эрдэмболор нь хурал дээр ярьж мэдүүлж байснаас өөрөөр эмнэлэгт тасралтгүй 28 хоногоос дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийг ойлгоно гэж гэмтлийн зэрэг тогтоох журмыг буруу ойлгож өөрийнхөөрөө тайлбарлаж буруу дүгнэлт гаргасан. Ер нь гэмтлийн зэрэг тогтооход зөвхөн эмнэлэгт хэвтсэн ор хоног төдийгүй гэмтлээс хойш тасралтгүй амбулаториар, өрхөөр, эмнэлэгт хэвтэн эмчилгээг 4 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлснийг тооцох ёстой гэж ойлгож байгаа юм.

Мөн шүүх хохирогч өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах нь өөрийнх нь эрхийн асуудал, сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хөлсний хэмжээ харилцан адилгүй, нэгдсэн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоосон аргачлал байхгүй, тус хэрэгт хохирогч Н.Б нь хуульд заасан үндэслэлээр зайлшгүй өмгөөлөгч аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх үндэслэлгүй тул гэж өмгөөллийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д хохирогч, ...өмгөөлөгчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орно, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан байгаа тул гаргах үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн хохирогч Н.Бын авах ёстой байсан цалин, листийн зөрүү, үр дүнгийн урамшуулал нийт 1.237.726,88 төгрөг нэхэмжилснийг баримт дутуу гэснээр хэлэлцэхгүй орхисон байдаг.

Гэвч энэхүү баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан Монгол банкны нягтлангийн гаргаж өгсөн тооцооны хуудас нь эх хувиараа тамга тэмдэгтэй байдаг, тэрнээс хуулбар бол биш юм. Хэрэв Н.Б нь Б.Э гэгчид зодуулж гэмтэл аваагүй эрүүл саруул ажлаа хийж байсан бол дээрхи мөнгийг авах байсан тиймээс энэ мөнгийг хохирогчид төлөх ёстой.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 230.1-т эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Хохирогч Н.Б нь шүүгдэгч Б.Эы гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй  бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байдаг тул 1.237.726,88 төгрөгийг Б.Эаас гаргуулах боломжтой гэж үзэж байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэж заасан хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотолсны дараа тус хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт байх боловч гэмтлийн зэргийг дахин тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулан гэмтлийн зэргийг үнэн зөв тогтоолгон шийдвэрүүлж өгөхийг хүсэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үүгэв.

 

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн бөгөөд энэ хугацаанд би Н.Бд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Прокурорын Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл юу болох, ямар гэмтлийн зэрэгт хамаарах, анагаахын шинжлэх ухаанд үүнийг юу гэж ойлгох талаар тодорхой тусгасан. Ингэж тусгасан мэргэжлийн байгууллага буюу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэж шүүх шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтэд “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар буюу удаан хугацаагаар сарниулсан гэдэг нь тухайн гэмтлээс шалтгаалж гэмтэл авснаас хойш тасралтгүй 28 хоногоос дээш хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийг ойлгоно. Н.Бын биед учирсан гэмтэл нь анагаахын шинжлэн ухаанд эдгээр гэмтлүүд эдгэрэхдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэж үздэг. Ийм учраас энэхүү гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэж тодорхой тусгасан. Мөн шүүх өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг гаргуулаагүй. Өмгөөлөгчийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй. Энэ талаар Улсын Дээд шүүхээс практик тогтоож шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн хөлсийг гаргуулж шийдвэрлээгүй шийтгэх тогтоол үндэслэлтэй. Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч 1.237.726,88 төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, цалинг гаргуулаагүй гэж байна. Монголбанкнаас ирүүлсэн нягтлан бодогчийн гаргасан баримт шаардлага хангах хэдий ч тухайн баримт нь ямар шийдвэр, журам, зааварт үндэслэж гарсан болохыг шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгчөөс тодорхой тайлбарлаж чадаагүй. Ийм учраас шүүх энэ талаарх баримтаа жич тодруулж, холбогдох баримтуудаа цуглуулсны дараа буруутай этгээд буюу шүүгдэгчээс зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... амралтын газарт Н.Баас архи нэхэж түүний зүүн нүдний орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Бын “...2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Монгол банкны хамт олны хамт ... амралтын газарт очиж хоносон бөгөөд хамт олноороо бага хэмжээтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд өрөөндөө Сайнбаяр, Ганжаргал, Мөнхбаяр нарын хамт хөзөр тоглож байгаад шөнө 01 цагийн орчим унтаж байтал шөнө 02-03 цагийн үед хаалга нүдээд нэг хүн орж ирээд маргалдаад байхаар нь би сэрээд хартал Э согтуу архи нэхээд байгаа бололтой байсан. Манай өрөөнд маргааш өглөө хэрэглэхээр хадгалсан архийг нэхээд байх шиг болохоор нь би хэвтэж байсан орон дээрээсээ түүнд “архи байхгүй, бид нар амармаар байна, чи ч гэсэн явж амар” гэж хэлсэн чинь над руу дөхөж ирээд “өө Б инженер үү” гэж хэлэнгүүтээ миний зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохисон...” /хх 25-26/,

гэрч Б.Сайнбаярын “...Шөнө 03 цагийн үед өрөөний хаалга балбаад байхаар нь би хаалга тайлж өгсөн чинь Э гээд манай банкны слесарь Э орж ирээд надаас архи нэхээд байхаар нь би түүнд байхгүй гэж хэлээд байж байтал хажуугаас Н.Б инженер сэрээд орон дээрээсээ түүнд “өрөөнөөс гарч хүмүүсийг амраагаач, архи байхгүй” гэж хэлсэн чинь Э Б руу явж очоод Бын аль нэг нүдний орчим гараар нэг удаа цохихоор нь би Эыг араас нь татаж холдуулаад өрөөнөөс хүчээр гаргаж хаалгаа дотроос нь түгжсэн...” /хх 15-18/,

шүүгдэгч Б.Эы яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр манай ажлынхан нийлж салхинд гарч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх амралтын газар очиж хоносон. Би тухайн үед нэлээн их согтож ухаангүй болсон байсан ...нэг сэртэл амралтын газарт цагдаа нар ирчихсэн Н.Б намайг цагдаа нарт зааж өгч байгаа харагдсан. ...нэг сэртэл би эрүүлжүүлэх байранд өглөө сэрсэн. Тэгээд цагдаагийн хэсэг дээр иртэл Н.Б надад цохиулсан гээд зүүн нүд нь хөмсөгний орчим шалбарсан, ухархай орчим нь хөхөрсөн байдалтай байсан....Би Н.Бын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 42-43/,

“... Н.Бын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг юм уу олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11391 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх 34-36/,

“Шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11391 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцахад Н.Б нь 2020-10-05, 09, 12, 19, 26-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор үзүүлсэн, 2020-10-29-нөөс 2020-10-07-ны хооронд 9 хоног “Эпимон” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ба уг эмнэлэгт үзүүлсэн өдрүүд болон эмнэлэгт хэтэн эвчлүүлсэн хугацааг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэж үзэхгүй...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 128/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Б.Эрдэнчулууны архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бын зүүн нүдний орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан “...өмгөөллийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна. ...хохирогч Н.Бын авах ёстой байсан цалин, листийн зөрүү, үр дүнгийн урамшуулал нийт 1.237.726,88 төгрөг нэхэмжилснийг баримт дутуу гэснээр хэлэлцэхгүй орхисон байдаг. ...хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулан гэмтлийн зэргийг үнэн зөв тогтоолгон шийдвэрүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүх руу буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан бөгөөд хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх, хохирогч Н.Бын авах ёстой байсан цалин, листийн зөрүү, үр дүнгийн урамшуулал гэж нийт 1.237.726.88 төгрөгийг нэхэмжилснийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 215 дугаартай шинжилгээний дүгнэлт /хх 128/-ийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин Б.Эы үйлдсэн гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

2. Хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ