Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00358

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00358

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, ... тоот хаягт оршин байх, Д.Э.Э.А ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоот хаягт оршин байх, Т.Х.Х ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 3,201,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзаяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК нь хариуцагч Т.Х.Х ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, зөвлөх үйлчигээний төлбөр нийт 4,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Тус гэрээний 4.2-т Төлбөрийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 1,500,000 төгрөг, гэрээт ажил бүрэн дуусаж экспортын түншлэлийн хөтөлбөрт төсөл тэнцэж хүлээн авсан өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэх-ээр заасан бөгөөд Д.Э.Э.А ХХК нь төслийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний 2.5-д заасны дагуу цахим хэлбэрээр хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гэрээний 4.1-т захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулна гэж заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид /67 хоног х 0.1 хувь 3,000 төгрөг = 201,000 төгрөг/ 201,000 төгрөг, нийт 3,201,000 төгрөгийг хариуцагч Т.Х.Х ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т.Х.Х ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компани нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлдэг бөгөөд цаашид зөгийн аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зөгийн балаа гадаад улсад экспортлох, экспортын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан Экспортыг дэмжих төсөл, түншлэлийн хөтөлбөр-өөс санхүүжилт хүсэхээр зөгийн аж ахуйг өргөжүүлж зөгийн балаа Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улс руу экспортлохоор төслийн санаачилга гаргахаар шийдвэрлэсэн байдаг. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай компанийн менежер Болорням нь надад Д.Э.Э.А ХХК-ийн захирал О.Лувсанжамцыг танилцуулсан ба О.Лувсанжамц нь өөрийгөө төсөл хөтөлбөр боловсруулж байсан, манай компанийн бичсэн төслүүдээс 2 нь Экспортыг дэмжих төсөл, түншлэлийн хөтөлбөрт тэнцсэн байгаа гэх зэргээр танилцуулсан тул түүнд итгэж гэрээ байгуулсан. Т.Х.Х ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл-ийг өмнө нь өөр этгээдээр бэлэн болгуулсан байсан ба тухайн бэлэн төсөл дээрх эдийн засгийн тооцооллыг зөвтгөх, төслийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон ба ажлын хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Харин тус төсөл нь Экспортыг дэмжих төсөл, түншлэлийн хөтөлбөр-т тэнцэж, санхүүжилт олгогдож, төслийн үйл ажиллагаа эхлэсэн тохиолдолд төсөлтэй холбоотой зөвлөх үйлчилгээ авч, 3,000,000 төгрөгийн урамшуулал хөлсийг олгохоор тохиролцсон болно.

 

Ингээд харилцан тохиролцсоны дагуу гэрээ байгуулах болоход Д.Э.Э.А ХХК-ийн захирал О.Лувсанжамц нь гэрээний 2.3 дахь заалтад Төлбөрийн нөхцөл хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөл боловсруулах үнийг тооцож 4,500,000 төгрөгөөр бичсэн байсан ба миний бие тус заалттай танилцаад үнийн дүн чинь 1,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг чинь төсөл тэнцвэл өгөх урамшуулал байх ёстой шүү, төлбөр биш шүү гээд энэ талаар менежер Болорням гэрээндээ өөрчлөлт оруулаад ир гээд үүрэг өгсөн. Гэтэл гэрээнд өөрчлөлт оруулахдаа 2.4 дэх заалт дээр ... гэрээт ажил дуусч, Экспортын туншлэлийн хөтөлбөр-т төсөл тэнцэж хулээн авсан өдөр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шилжуулнэ гэх байдлаар бичээд, О.Лувсанжамц нь урамшуулал гэдгийг нь ойлгож байгаа ахаа, тийм болохоор дараагийн заалт дээр нь тусгасан байгаа. Энэ төсөл чинь цаанаа тэнцэхгүй бол 3,000,000 төгрөгийг өгөхгүй гэх утгаар нь бичсэн байгаа, танайх төслөө тэнцүүлчихээд урамшуулал өгөхгүй бол асуудап үүсэх учраас энэ дүнгээ гэрээндээ оруулмаар байна гэхээр нь түүнд итгээд гэрээг байгуулсан. Д.Э.Э.А ХХК-тай гэрээ байгуулсан өдрөө 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд өмнө нь Тулагаар бэлдүүлсэн байсан төслийг файлаар нь О.Лувсанжамцад өгсөн. Ингээд Д.Э.Э.А ХХК-аас ажлын үр дүн болох Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл-ийг гэрээнд заасан хугацаанд хүлээн аваад холбогдох баримтуудаа бүрдүүлэн өгсөн боловч манай төсөл нь шалгараагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 81 тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж өгсөн.

 

4. Хариуцагч хариу тайлбар, фото зураг, экспорт хөгжлийн төслийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээр шүүхийн журмаар дараахь нотлох баримтыг цуглуулсан. Үүнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/211 дүгээр албан бичиг.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК нь хариуцагч Т.Х.Х ХХК холбогдуулан гэрээний үүрэгт 3,201,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК нь хариуцагч Т.Х.Х ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, зөвлөх үйлчигээний төлбөрт нийт 4,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Тус гэрээний 4.2-т Төлбөрийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 1,500,000 төгрөг, гэрээт ажил бүрэн дуусаж экспортын түншлэлийн хөтөлбөрт төсөл тэнцэж хүлээн авсан өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэх-ээр заасан бөгөөд Д.Э.Э.А ХХК нь төслийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээний 2.5-д заасны дагуу цахим хэлбэрээр хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гэрээний 4.1-т захиалагч болон гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулна гэж заасны дагуу алданги мөн шаардах эрхтэй гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: Т.Х.Х ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл-ийг өмнө нь өөр этгээдээр бэлэн болгуулсан байсан ба тухайн бэлэн төсөл дээрх эдийн засгийн тооцооллыг зөвтгөх, төслийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон ба ажлын хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Харин тус төсөл нь Экспортыг дэмжих төсөл, түншлэлийн хөтөлбөр-т тэнцэж, санхүүжилт олгогдож, төслийн үйл ажиллагаа эхлэсэн тохиолдолд төсөлтэй холбоотой зөвлөх үйлчилгээ авч, 3,000,000 төгрөгийн урамшуулал хөлсийг олгохоор тохиролцсон болно. Ингээд харилцан тохиролцсоны дагуу гэрээ байгуулах болоход Д.Э.Э.А ХХК-ийн захирал О.Лувсанжамц нь гэрээний 2.3 дахь заалтад Төлбөрийн нөхцөл хэсэгт зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөл боловсруулах үнийг тооцож 4,500,000 төгрөгөөр бичсэн байсан ба миний бие тус заалттай танилцаад үнийн дүн чинь 1,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг чинь төсөл тэнцвэл өгөх урамшуулал байх ёстой шүү, төлбөр биш шүү гээд энэ талаар менежер Болорням гэрээндээ өөрчлөлт оруулаад ир гээд үүрэг өгсөн. Гэтэл гэрээнд өөрчлөлт оруулахдаа 2.4 дэх заалт дээр ... гэрээт ажил дуусч, Экспортын туншлэлийн хөтөлбөр-т төсөл тэнцэж хулээн авсан өдөр үлдэгдэл 3,000,000 шилжуулнэ гэх байдлаар бичээд, О.Лувсанжамц нь урамшуулал гэдгийг нь ойлгож байгаа ахаа, тийм болохоор дараагийн заалт дээр нь тусгасан байгаа. Энэ төсөл чинь цаанаа тэнцэхгүй бол 3,000,000 төгрөгийг өгөхгүй гэх утгаар нь бичсэн байгаа, танайх төслөө тэнцүүлчихээд урамшуулал өгөхгүй бол асуудап үүсэх учраас энэ дүнгээ гэрээндээ оруулмаар байна гэхээр нь түүнд итгээд гэрээг байгуулсан. Д.Э.Э.А ХХК-аас ажлын үр дүн болох Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл-ийг гэрээнд заасан хугацаанд хүлээн аваад холбогдох баримтуудаа бүрдүүлэн өгсөн боловч манай төсөл нь шалгараагүй юм гэжээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК, хариуцагч Т.Х.Х ХХК-ийн хооронд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх 81 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр шилжүүлснээс хойш 7 хоногийн дотор Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, захиалагч буюу хариуцагч нь гэрээний үнийг буюу урьдчилгаа 1,500,000 төгрөг төлөх, гэрээт ажил дуусч Экспортын түншлэлийн хөтөлбөрт-т төсөл тэнцэж хүлээн авсан өдөр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

7. Зохигчид гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний урьдчилгаанд 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, төслийг хүлээлгэж өгсөн талаар маргаагүй болно.

 

8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 81 тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/211 дүгээр албан бичиг, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, зохигчид 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх 81 тоот гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл-ийг боловсруулж, төслийг хариуцагчид болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэж өгсөн, Экспортын түншлэлийн хөтөлбөр-т төсөл тэнцээгүй болох нь тогтоогдож байна.

 

9. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.4-т ... гэрээт ажил дуусч Экспортын түншлэлийн хөтөлбөр-т төсөл тэнцэж хүлээн авсан өдөр 3,000,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцов гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн боловсруулсан Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Япон улсын зах зээлд зөгийн бал экспортлох төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Экспортын түншлэлийн хөтөлбөр-т тэнцсэн тохиолдолд хариуцагч Т.Х.Х ХХК нь 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК-д төлөх үүргийг хүлээхээр байх бөгөөд тухайн төсөл тэнцээгүй тул төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан хариуцагч Т.Х.Х ХХК-иас 3,201,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э.Э.А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР