| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 101/2022/07376/И |
| Дугаар | 102/ШШ2023/00610 |
| Огноо | 2023-02-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2023/00610
| 2023 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2023/00610 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Сөүлийн гудамж, ... дугаар давхарт байрлах, И ББСБ ХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... хэсэг, Төмөр зам гудамж, ... тоот хаягт оршин суух, Ч овогт О-ийн Л /РД: .../-д
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,063,967 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнзаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүнзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч И ББСБ ХК нь 2017 оны 07 дугаар 17-ны өдөр ... тоот зээлийн гэрээг хариуцагч О.Лтэй байгуулан 12,250,000 төгрөгийг сарын 4.7 хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Мөн иргэн О.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр И ББСБ ХК-тай ... тоот Зээлийн гэрээ, .. тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж 7,800,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч О.Л нь И ББСБ ХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны ... тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээл хаах зорилгоор 1,051,967 төгрөгийн төлөлт хийсэн нь зээлдэгч О.Лгийн ... тоот гэрээний дугаартай зээлийн төлөлтөд андуурагдан бүртгэгдэж улмаар түүний зээл, хүүгийн төлбөрөөс хасагдсан. Улмаар О.Лгийн гүйлгээг залруулж зээлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хаасан. Зээлдэгч О.Лгийн зээлийн гэрээний өр төлбөр нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10,163,162.50 болж багассан. Үүний дараа нь 3 удаагийн төлөлт хийж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийг хаасан байна. Энэ тухай О.Л мэдсэн боловч зээлийг бүрэн хаагаагүй нь өөрийн зээлийн хасагдсан дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч О.Лгээс 1,051,967 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,063,967 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнзаяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн хариуцагч О.Лд холбогдуулан гаргасан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,051,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, нэхэмжлэлийн агуулга, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 18 сарын хугацаатай буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанаас хойш 3 жил өнгөрсний дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, Монголын Нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ... тоот фидуцийн гэрээ, зээлийн дансны хуулга, О.Лгийн анкет, зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргажээ.
4. Хариуцагч О.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнзаяа нь шүүхэд хариу бичгээр тайлбараа гаргажээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч О.Лд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,063,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч И ББСБ ХК нь 2017 оны 07 дугаар 17-ны өдөр ... тоот зээлийн гэрээг хариуцагч О.Лтэй байгуулан 12,250,000 төгрөгийг сарын 4.7 хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Мөн иргэн О.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр И ББСБ ХК-тай ... тоот Зээлийн гэрээ, .. тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж 7,800,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч О.Л нь И ББСБ ХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны ... тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээл хаах зорилгоор 1,051,967 төгрөгийн төлөлт хийсэн нь зээлдэгч О.Лгийн ... тоот гэрээний дугаартай зээлийн төлөлтөд андуурагдан бүртгэгдэж улмаар түүний зээл, хүүгийн төлбөрөөс хасагдсан. Улмаар О.Лгийн гүйлгээг залруулж зээлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хаасан. Зээлдэгч О.Лгийн зээлийн гэрээний өр төлбөр нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10.163.162,50 болж багассан. Үүний дараа нь 3 удаагийн төлөлт хийж 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийг хаасан байна. Энэ тухай О.Л мэдсэн боловч зээлийг бүрэн хаагаагүй нь өөрийн зээлийн хасагдсан дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэлийн агуулга, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 18 сарын хугацаатай буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанаас хойш 3 жил өнгөрсний дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, Монголын Нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ... тоот фидуцийн гэрээ, зээлийн дансны хуулга, О.Лгийн анкет, зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч О.Л нь нэхэмжлэгч И ББСБ ХК-тай 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12,250,000 төгрөгийг сарын 4.7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, авто машин худалдаж авах зориулалтаар зээлж авсан. Харин О.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр И ББСБ ХК-тай ... тоот Зээлийн гэрээ, .. тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж 7,800,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч О.Л нь И ББСБ ХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны ... тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээл хаах зорилгоор 1,051,967 төгрөгийн төлөлт хийсэн нь зээлдэгч О.Лгийн ... тоот гэрээний дугаартай зээлийн төлөлтөд андуурагдан бүртгэгдэж улмаар түүний зээл, хүүгийн төлбөрөөс хасагдсан, зээлдэгч О.Л нь зээлийн гэрээний үүрэгт 1,051,967 төгрөгийг төлөөгүй болох нь тус тус тогтоогдож байна, энэ талаар хариуцагч маргаагүй болно. Хариуцагч нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-д зээлийн хүү сарын 4.7 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.
7. Гэвч зохигчдын хооронд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 18 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 12,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардах эрхтэй боловч үндсэн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нотариатын зардлыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.
8. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... хариуцагч О.Лгийн зээлийн гэрээний үүргийг иргэн О.Лгийн төлсөн төлбөртэй андуурч хассан тул хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байх боловч тайлбар үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу иргэдийн зээлийн төлбөрийг андуурч хасч тооцсон буруутай үйл ажиллагаа гаргасныг хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгах боломжгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан гэж шүүх дүгнэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч О.Л-гээс зээлийн гэрээний үүрэгт 1,051,967 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг, нийт 1,063,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР