Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00697

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00697

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...дугаар хороо, Сөүлийн гудамж, ... дугаар давхарт байрлах, И ББСБ ХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Ө овогт С-ийн Р /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Тахилт ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Б овогт С-ийн Р /РД: .../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 141,508,028.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан,

Хариуцагч С.Р-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч, зээлдэгч С.Р, С.Рэн нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч И ББСБ ХК-тай Б/14021110101 тоот зээлийн гэрээ, АЯ/14021110101 тоот ипотекийн гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмж авах зориулалтайгаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд ипотекийн гэрээгээр ... бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, 4 дүгээр хороолол, каркасаар барьсан ... орон сууцны барилгын ... тоот хаягт байршилтай, ... м/кв талбайтай 1 өрөө орон сууц, ... бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... байршилтай, ... м/кв талбайтай авто зогсоол, мөн ... дугаартай, Хан-уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, ... м/кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч хамтран зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Зээл төлөх хугацааг удаа дараа боломж гаргаж өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр ноцтой зөрчил гаргаж байгаа. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анх нийт 127,967,928.71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 8,967,184.49 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,400,780.44 төгрөгөөр, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2,172,134.69 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж одоогийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага 141,508,028.33 төгрөг болсон тул хариуцагч С.Р, С.Рэн нараас зээлийн гэрээний үүрэгт 141,508,028.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Р-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбилэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч С.Р-ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь С.Р нь танил дүү О.Бд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, 4 дүгээр хороолол, каркасаар барьсан ... орон сууцны барилгын ... тоот хаягт байршилтай ... м/кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... байршилтай, ... м/кв талбайтай авто зогсоол, мөн Хан-уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, ... м/кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалж нэхэмжлэгч байгууллагаас зээлж авч өгсөн. О.Б нь зээлийн гэрээний хүү төлөх талаар тохирч зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Энэ утгаараа зээлийн төлөлтийн тодорхой хэсгийг О.Б төлөөд явж байсан гэдэг нөхцөл байдал хэргийн байдлаас харагдаж байна. Хариуцагч С.Р нь зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан төдий, зээлийн мөнгөн хөрөнгийг бодиттойгоор хүлээн авч зарцуулсан этгээд нь О.Б гэдэг хүн байгаа. Тэгэхээр зээл гэдэг маань ашигласан хугацаандаа хүү өгч байдаг. Ашиглаж байгаа хүн нь О.Б гэдэг хүн байгаа учраас хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч С.Рэннь шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн В14021110101 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн I14021110101 тоот ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000913926, 000301260, ... тоот гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн иргэний үнэмлэхний мэдээлэл, зээл хүсэгчийн анкет, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шаардах хуудас, Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгөний тасалбар, зээлийн дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

4. Хариуцагч нар шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч С.Р, С.Рэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,508,028.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч, зээлдэгч С.Р, С.Рэн нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч И ББСБ ХК-тай Б/14021110101 тоот зээлийн гэрээ, АЯ/14021110101 тоот ипотекийн гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмж авах зориулалтайгаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд ипотекийн гэрээгээр С.Р-ын өмчлөлийн 2 орон сууц, 1 авто зогсоолыг барьцаалсан. Зээлдэгч хамтран зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Зээл төлөх хугацааг удаа дараа боломж гаргаж өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр ноцтой зөрчил гаргаж байгаа гэжээ.

 

3. Хариуцагч С.Р нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ: С.Р нь танил дүү О.Бд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууц, автозогсоолыг барьцаалж нэхэмжлэгч байгууллагаас зээлж авч өгсөн. О.Б нь зээлийн гэрээний хүү төлөх талаар тохирч зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан. Энэ утгаараа зээлийн төлөлтийн тодорхой хэсгийг О.Б төлөөд явж байсан гэдэг нөхцөл байдал хэргийн байдлаас харагдаж байна. Хариуцагч С.Р нь зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан төдий, зээлийн мөнгөн хөрөнгийг бодиттойгоор хүлээн авч зарцуулсан этгээд нь О.Б гэдэг хүн байгаа. Тэгэхээр зээл гэдэг маань ашигласан хугацаандаа хүү өгч байдаг. Ашиглаж байгаа хүн нь О.Б гэдэг хүн байгаа учраас хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тодорхойлжээ.

 

4. Хариуцагч С.Рэннь шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй, мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн В14021110101 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн I14021110101 тоот ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000913926, 000301260, ... тоот гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, хариуцагч С.Р, С.Рэннар нь нэхэмжлэгч И ББСБ ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр B14021110101 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмж авах зориулалтайгаар зээлж авсан. Мөн өдөр I14021110101 тоот ипотекийн гэрээг байгуулж Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Алтан-Од корпорацийн барьсан ... орон сууцны барилгын ... тоот хаягт байршилтай, 43.4 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... байршилтай, ... м/кв талбайтай авто зогсоол, Хан-уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, ... м/кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. Хариуцагч С.Р нь ... зээлийн хөрөнгийг авч танил дүү О.Бд өгсөн, тэрээр мөнгийг авч бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан, зарим төлөлтийг хийж байсан гэх тайлбараар хариуцагч нар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг хүлээж авсан нь, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 24,500 төгрөг төлсөн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгөний тасалбараар тус тус тогтоогдож байна.

 

7. Хариуцагч нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй болно.

 

8. Дээрх байдлаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.3-д зээлийн хүү сарын 2.9 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т ... нэмэгдүүлсэн хүү сарын 0.58 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч нь нотариатын зардлыг шаардах эрхтэй байна.

 

9. Зохигчдын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нар нь зээлийн гэрээний төлбөр төлсөн талаар баримт гаргаж мэтгэлцээгүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт үлдэгдэл 99,923,013.70 төгрөг, үндсэн хүүнд 38,359,474.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,201,040.59 төгрөг, нотариатын зардалд 24,500 төгрөг, нийт 141,508,028.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, хариуцагч нар сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Алтан-Од корпорацийн барьсан ... орон сууцны барилгын ... тоот хаягт байршилтай, 43.4 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... байршилтай, ... м/кв талбайтай авто зогсоол, Хан-уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, ... м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,008,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч С.Р, С.Рэн нараас зээлийн гэрээний үүрэгт 141,508,028.33 гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Алтан-Од корпорацийн барьсан ... орон сууцны барилгын ... тоот хаягт байршилтай, 43.4 м/кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... байршилтай, ... м/кв талбайтай авто зогсоол, Хан-уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, ... м/кв талбайтай 1 өрөө орон сууцнуудаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,008,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,008,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР