| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2022/0000/З |
| Дугаар | 118/ШШ2023/0009 |
| Огноо | 2023-03-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 118/ШШ2023/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөсөгтөн аян ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Д.Цогзол нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөсөгтөн аян ХХК-ийн захирал Б.Билгээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Д.Цогзол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цогзолын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
2. Хэргийн нөхцөл байдал: 2.1 “Хөсөгтөн аян” ХХК нь Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/623 дугаар захирамжаар олгогдсон 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн С22/09 дугаар “спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдах/үйлчлэх” тусгай зөвшөөрөлтэй (2 жилийн хугацаатай) байна.
2.2. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Энхмандах нь Улиастай сумын Жинст багт Шинэ жил 2022 арга хэмжээний хүрээнд чиг үүрэг гүйцэтгэж байхдаа Баян-Алдар нэртэй дэлгүүрээс “коскенкорва” нэртэй, 1 литрийн хэмжээтэй, 40 хувийн спиртийн агууламжтай, онцгой албан татварын тэмдэггүй 2 ширхэг архийг хураан авсан байна.
2.3. Хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улиастай сумын Жинст багт байрлах “Баян-Алдар” дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан гэж үзэн 2323000014 дугаартай зөрчлийн хэрэг нээж, “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдсан, эсхүл борлуулсан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу “Хөсөгтөн аян” ХХК-ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, уг актыг тус компани эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.
3. Гомдол гаргагч “Хөсөгтөн аян” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шаардсан. Үүнд:
3.1. Манай компани сүүлийн 3 жилийн хугацаанд Баян-Алдар дэлгүүрт худалдан борлуулах зорилгоор хүнсний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийгээгүй, түгээлт олгоогүй, борлуулалт хийгээгүй.
3.2. 2019 оноос хойш сүүлийн 3 жилийн хугацаанд Баян-Алдар нэртэй дэлгүүрийн байрыг Алдархаан сумын иргэн Амарзаяа, Билэгсайхан, Ц.Жанчивдорж нарт түрээсэлсэн
3.3. Цагдаагийн ажилтан нь Ц.Жанчивдоржид холбогдуулан Зөрчлийн хэрэг нээж шалгасан байхад уг үйлдэлд огт хамааралгүй манай компанид 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй
4. Хариуцагч гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу явуулсан, онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь зөрчил тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй
4.2 Дуудсан цагт холбогдогч Хөсөгтөн аян ХХК-ий захирал Б.Билгээ нь хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцаагүй
4.3. Хөсөгтөн-Аян ХХК-ийн нэр дээр тухайн дэлгүүрийн архи зарах тусгай зөвшөөрөл нь гарсан учраас компанид торгуулийн арга хэмжээ авсан гэжээ.
5. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөсөгтөн-Аян ХХК-ийн дэлгүүрийн байрыг иргэн Жанчивдоржтой аман хэлцлээр түрээслүүлсэн. Манайх тухайн дэлгүүртээ бараа татан авалт хийдэггүй, Баян-Алдар дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаа иргэд өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж, борлуулалтаа хийж, эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг хэрэгжүүлэх, НӨАТ-ын баримт олгох, татвар төлөх үүргийг хэрэгжүүлж ирсэн. 2022 оны 11 сард Хөсөгтөн Аян ХХК-ий Баян-Алдар нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан иргэн Ц.Жанчивдорж нь найзынхаа гуйлтаар 2 шил архийг авсан гэсэн. Үүнийг нь цагдаагийн байгууллагаас шалгаад хурааж авсан явдал нь иргэнтэй холбоотой асуудал учраас манай компанийг торгосон үйлдлийг эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн ажилтан нь иргэн Ц.Жанчивдоржид зөрчлийн хэрэг нээж шалгасан байхад Алдархаан сумын татварын улсын байцаагч нь уг үйлдэлд огт хамааралгүй манай компанид 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил үйлдэгчийг эрх бүхий албан тушаалтан зөв тодорхойлох ёстой. Тухайн зөрчлийг энэ компани хийсэн үү, иргэн Жанчивдорж хийсэн үү гэдгийг эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааныхаа явцад шалгаж тогтоох ёстой. Ингэж тогтоосныхоо дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа журмын дагуу зөрчлийн ажиллагааг явуулж зөрчил шалган тогтоох ажиллагааг хийж холбогдогчид мэдэгдэж байж шийтгэлийн хуудсаа бичих ёстой. Гэтэл зөрчил гэдгийг тогтоож чадаагүй, зөрчил үйлдсэн этгээдийг тогтоож чадаагүй, холбогдогч гэж тодорхойлоод шийтгэл оногдуулсан этгээдийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж шийтгэл оногдуулсан үйлдэл байгаа. Иймд 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.
7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн байцаагч дэд ахлагч Энхмандах нь шинэ жил 2022 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Алдар ХХК нь онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн мэдээллийг ирүүлсэн. Үүний дагуу зөрчлийн хэрэг нээн энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн шийтгэврийн хуудас бичиж 10.000.000 төгрөгөөр торгосон. Хөсөгтөн-Аян ХХК-ийн нэр дээр тухайн дэлгүүрийн архи зарах тусгай зөвшөөрөл нь гарсан, иргэн Жанчивдорж гэсэн мэдээлэл нь ирсэн боловч Хөсөгтөн-Аян ХХК-ийн үйлдэл гэж үзэж торгуулийн арга хэмжээ авсан. Иргэн Жанчивдоржтой уулзахаар 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр утас руу нь залгахад Замын-Үүдэд явж байгаа учраас Хөсөгтөн-Аян ХХК-ийн захирал Б.Билгээтэй уулзаарай гэж хэлсэн. Үүний дагуу Хөсөгтөн-Аян ХХК-ийн захирал Б.Билгээтэй уулзахаар 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр утас руу нь залгаж холбогдсон. Тухайн үед Алдархаан суманд цахилгаан тасарсан байсан учраас гэрэл асахаар ирээрэй гэсэн боловч Б.Билгээ ирж уулзаагүй. Тийм учраас би шийтгэлийн хуудсаа бичсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
8. “Хөсөгтөн аян” ХХК-ийн захирал Б.Билгээгээс дээрх эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
9. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
10. Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Энхмандах нь Улиастай сумын Жинст багт байрлах Баян-Алдар нэртэй дэлгүүрээс 1 литрийн хэмжээтэй, “коскенкорва” нэртэй, 40 хувийн спиртийн агууламжтай, онцгой албан татварын тэмдэггүй, 2 ширхэг архийг хураан авсан болох нь түүний мэдүүлэг болон илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн, 20, 25-р хуудас/
11. Гэрч Ц.Жанчивдоржийн “Энэ дэлгүүр нь Хөсөгтөн аян компанийн дэлгүүр юм. Би энэ дэлгүүрийг 2022 оны 01 сарын 15-наас эхэлж түрээсэлж ажиллуулж байгаа. Билгээ ах бид хоёр хоорондоо амаар тохиролцоод ямар ч байсан ажиллуулъя, тэгээд тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгнө гэж тохиролцсон. Манай дэлгүүр архины зөвшөөрөлгүй байсан юм. Гэтэл манай найз 2022 оны 11 сард Сэлэнгэ аймаг явахдаа 2 шил архи авчраад энийг зараад өгөөч гэсэн. Тэгээд байж байтал Билгээ ах дэлгүүрийн зөвшөөрлөө хөөцөлдсөн чинь 2022 оны 12 сарын 09-нд захирамж нь гараад 12 сарын 15-ны үед тусгай зөвшөөрлөө авсан. Тусгай зөвшөөрөлтэй болмогц би ахдаа хэлэлгүй нөгөө 2 архийг зарчихъя гэж бодоод гаргаад тавьчихсан байсан чинь цагдаа орж ирээд хураагаад аваад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Энхмандахын “... 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 13:55 цагийн үед Баян-Алдар дэлгүүрт ороход коскенкорва нэртэй татварын акцгүй 2 шил архи байсныг хурааж авсан. Уг архи нь 1 литрийн хэмжээтэй, 40 хувийн спиртийн агууламжтай архи байсан. ...Тухайн дэлгүүрт өөр лацгүй архи байгаагүй, тэр 2 шил архи л байсан” гэсэн, гэрч Ч.Бямбадэмбэрэлийн “2022 оны 10 сарын эхээр Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсээр орж тухайн 2 шил архийг авсан. Тухайн архийг өөрөө хэрэглэе гэж авсан, тэгээд хэрэглэх шаардлага гарахгүй болохоор нь Жанчивдоржийг зараад өгөөч гэж өгсөн. Тухайн 2 шил архийг чөлөөт бүсийн татваргүй барааны дэлгүүрээс авсан. Угаасаа тэр архи нь татварын тэмдэггүй архи байсан. Жанчивдорж тухайн дэлгүүрт суудаг болохоор нь зараад өгөөч гээд өгчихсөн. Тэмдэггүй архи зарж болохгүй гэдгийг мэдээгүй, тухайн архийг авах үед угаасаа тэмдэггүй байсан” гэсэн мэдүүлгүүдээр иргэн Ч.Бямбадэмбэрэл нь 2 шил архийг заруулахаар Ц.Жанчивдоржид өгсөн, тухайн 2 шил архийг худалдаагүй байхад хураан авсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 49-55-р хуудас/
12. Хариуцагчаас онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан” гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна.
13. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдахыг тус тус хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдахыг дээрх хуулийн зохицуулалтуудаар хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна.
14. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааг худалдан борлуулсан зөрчил гаргасан нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байхад зөрчил гаргасан гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэж заасантай нийцээгүй байна.
15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй байна.
16. 2323000014 дугаартай зөрчлийн хэргийн материалыг Завхан аймгийн Татварын хэлтсээс гаргуулан үзлэг хийхэд “Баян-Алдар” нэртэй дэлгүүрээс лацгүй, “коскенкорва” нэртэй, 40 хувийн спиртийн агууламжтай, 1000 грамм хэмжээтэй, 2 шил архийг хураан авсан тухай тэмдэглэл байх ба нэхэмжлэгч Хөсөгтөн аян ХХК-ийг “онцгой албан татварын тэмдэггүй архийг худалдсан” гэх зөрчлийг үйлдсэн болохыг нотолж, тогтоосон баримт байхгүй байна. /хавтаст хэргийн 15-44-р хуудас/
17. Хариуцагчаас хуулийн дээрх зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй буруутай байна.
18. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хөсөгтөн аян” ХХК-ийн захирлыг зөрчлийн холбогдогчоор тогтоогоогүй, түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй мөртлөө хариуцлага хүлээлгэсэн гэж маргаж байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах; эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах; хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах; зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах; өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх; зөрчлийн хэрэгтэй танилцах; хуульд заасан бусад эрх эдлэхээр тус тус заасан.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нь Хөсөгтөн аян ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг холбогдогчоор тогтоогоогүй, хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр тухайн компанид хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна.
19. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна”, 4.5 дугаар зүйлийн 2-д “Эд зүйл, баримт бичиг хураан авах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэж тус тус заасан байна. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлийг багийн цагдаа, цагдаагийн д/а Г.Энхмандах үйлдсэн байх ба прокуророос зөвшөөрөл авч хураасан талаар баримтгүй, энэ талаар тэмдэглэлд тусгаагүй байна.
20. Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Хөсөгтөн аян” ХХК нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэг, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус зөрчиж, тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдсан гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул зөрчлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоож чадаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шалгаагүй талаар гаргаж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
21. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж ...д тохирсон байна.” гэж заасан зарчимд болон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “ ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ...”-ээр заасан шийтгэл оногдуулах үндэслэлд тус тус нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
22. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэж гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0045352 дугаар шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн нэхэмжлэгч “Хөсөгтөн аян” ХХК-д 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0045352 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Цогзолын “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 0045352 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА