Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/655

 

 

 

 

 

                        

  2021             7              6                                          2021/ДШМ/655

 

    Б.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

            шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бад холбогдох 2106007320896 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ын Б, 1978 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод оршин суух иргэн С.Бтэй “чимээ их гаргалаа” гэх шалтгаанаар маргаж улмаар байрны бүргэд хаалгыг ганжин модоор цохиж гэмтээж улмаар 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчин овгийн Бэхбатын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бад оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа нь үйлдсэн яллах дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Быг 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж” хэргийн үйл баримтыг дурдсан ба шүүх мөн дээрх өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилсан ба 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдыг хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа нь үйлдсэн яллах дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Быг 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж” хэргийн үйл баримтыг дурдсан ба шүүх мөн дээрх өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Хавтас хэрэгт хохирогч Б.Б "...2021 оны 2 дугаар сарын 27-ны 00 цаг өнгөрч байхад...", /хх 8-11/, яллагдагчаар Б.Б "...тухайн үед шөнийн 01 цаг өнгөрөөд 02 цаг дөхөж байсан...” /хх 87-88/ гэж тус тус мэдүүлжээ. Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг хэзээ гарсан эсэхийг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэхээр байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг. Учир нь, анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлыг нотломжийн түвшин агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын талаар нэг бүрчлэн хуульчилсан бөгөөд дээрх гэмт хэрэг хохирогч гэх Б.Бгийн нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар /байнга/ чанга дуу чимээ гаргаж бусад оршин суугч нарыг үл хүндэтгэсэн хууль бус үйлдэл гаргасан тул шүүгдэгч Б.Б Б.Бгийн гэрийн хаалгыг догшиж хууль ёсны шаардлага тавихдаа хэм хэмжээ хэтрүүлсэн асуудал гарсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов” гэж дүгнэсэн.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гарсан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдсан ба энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бад оногдуулсан ял эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцэхгүй. Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй юм. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргүүдээс бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөн хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Иймд Б.Бын үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан өршөөлд хамрагдах гэмт хэргийн ангилалд хамаарч, холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож, өршөөлд хамруулж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, гэмт хэрэг хэзээ гарсан болон хэрэгт нотлогдвол зохих бүхий л ажиллагаануудыг хийсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгчийн хувьд шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны 166 тоотод оршин суух иргэн С.Бтэй “чимээ их гаргалаа” гэх шалтгаанаар маргаж улмаар байрны бүргэд хаалгыг ганжин модоор цохиж гэмтээж, улмаар 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...2021 оны 2 дугаар сарын 27-ны 00 цаг өнгөрөөд байж байтал хаалга хүчтэй нүдсэн. Хаалга онгойлгосон чинь манай доод айлын залуу “пизда нараа та нар дуугүй бай, ална шүү” гээд хаалганы өмнө ганжин бариад зогсож байсан. Манай нөхөр болох Билгүүнбаярыг “гараад ир, ална пизда минь” гэж хэлээд хаалга хаасан. Тэгсэн дахиад хаалга нүдээд эхэлсэн. Манай нөхөр гараад коридорт хэрүүл маргаан болсон. ...” /хх 8-11/,

гэрч Б.Гүнбилэгийн “...2021 оны 2 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрөөд найзын хамт гэрт орж ирсэн. Манай эгчийн хоёр хүүхэд бас ирсэн байсан. Тэгээд би дүүгийн хамт тоглоод, ээж гэрээ цэвэрлэж байсан. Тэгээд танихгүй хүн хаалга хүчтэй цохисон. Гартаа ганжин барьж орж ирээд “ална” гэж сүрдүүлж хэрүүл болсон...” /хх 17-19/,

гэрч Б.Оюуны “...Б нь манай яг хажуугийн хөрш айл байгаа юм. Тухайн өдөр намайг зурагт үзээд байж байхад хаалга чанга нүдээд байгаа юм шиг чимээ гараад байсан юм. Тэгэхээр нь би гайхаад гараад хаалгаа онгойлгоод хартал манай доод айлын Б гэх хүн Бгийн хаалгыг гурилын ганжингаар цохиод хонхойлгоод эвдчихсэн, дуу чимээ гаргалаа, чанга хөгжим сонсдог гээд хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд намайг хаалганыхаа завсраар харж байтал шууд урдаас манай гэрийн хаалгыг миний өөдөөс түлхсэн. Тэгээд гэр дотор нь ороод бас зодолдоод байх шиг байсан. Тэгээд удалгүй чимээгүй болсон. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

“Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 22/а/ байрны 166 тоот айлын гадна хаалганд үүссэн гэмтлүүд нь хатуу, дугуй хэлбэрийн гадаргуутай, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хаалганд үүссэн гэмтлүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн элдүүрээр үүсгэгдээгүй байна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 958 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-49/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-34/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Б.Бын иргэн С.Бтэй “чимээ их гаргалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар тэдний орон сууцны бүргэд хаалгыг ганжин модоор цохиж гэмтээж 520.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан “...гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гарсан гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдсан ба энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоод зохих өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.Бад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлах үзэхэд, гэрч Б.Гүнбилэг /хх 17-19/, гэрч Б.Оюун /хх 24-25/ нарын мэдүүлгүүдээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, эдгээр мэдүүлгүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин өмгөөлөгчийн гомдлын “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарагдаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж хуульчилжээ.

Хэргийн материалыг судлан үзэхэд хохирогч Б.Бгийн гэрийн хаалгыг гурилын ганжин модоор цохиж дахин ашиглах боломжгүй бүрэн устгаагүй, харин сэргээж, анхны байдалд нь эргүүлэн оруулах боломжтой нөхцөл байдал тогтоогдож байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...устгасан, гэмтээсний улмаас...” гэснийг “...гэмтээсний улмаас...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Харчин овгийн Бэхбатын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/631 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ