Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 048

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж

Улсын яллагч: Б.Ботакөз 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Айбек, А.Серикжан

Орчуулагч: А.Еркегүл

Шүүгдэгч: Б.Айдын, О.Еркегүл, М.Ербол 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санырау рысхул овогт Байыны Айдын, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт Орынбасарын Еркегүл, Төлек овогт Мусатын Ербол нарт холбогдох эрүүгийн 201604000242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах,  1984 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч, урьд ял шийтгүүлж байгаагүй, Санырау ырысхул овогт Байыны Айдын РД: БК84051214.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1981 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 7, ээж, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Төлек овогт Мусатын Ербол РД: БЮ81030713. 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1981 оны 10 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 7, хадам ээж, нөхөр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Найман овогт Орынбасарын Еркегүл РД: БЭ81102805. 

Шүүгдэгч Б.Айдын нь Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сард тус сургуулийн бага ангийн багшаар түр хугацаагаар ажиллаж байсан О.Еркегүлийг жинхэнэ багшаар томилж өгнө гэж О.Еркегүл, түүний нөхөр М.Ербол нараас хээл хахуульд 600000 төгрөгийн үнэтэй нэг идэшний үхэр авсан, 

Шүүгдэгч О.Еркегүл, М.Ербол нар нь О.Еркегүлийг Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд жинхэнэ багшаар томилуулах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тус сургуулийн захирал Б.Айдынд 2014 оны 11 дүгээр сард 600000 төгрөгийн үнэтэй нэг идэшний үхэр хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

-Шүүгдэгч Б.Айдыны мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 155-157, 158-159-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Шүүгдэгч О.Еркегүлийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 138-140, 142-143, 2-р хх-ийн 9-10-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Шүүгдэгч М.Ерболын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 148-150, 152-153, 2-р хх-ийн 13-14-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлын тушаалуудын хуулбар /хх-ийн 12-18-р хуудас/

-Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө /хх-ийн 223-227, 228-232, 214-222-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжуудын хуулбар /хх-ийн 173-174, 175, 176-р хуудас/,  хүсэлт /2-р хх-ийн 19-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-р хуудас/,  прокурорын гаргасан тогтоолууд 

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /хх-ийн 160, 163, 167-р хуудас/

- Орлогын мэдүүлэг /хх-ийн 181-р хуудас/, гэрч И.Мадениет /хх-ийн 104-106-р хуудас/, С.Жалгасбек /хх-ийн 107-108-р хуудас/, Т.Хадаш /хх-ийн 110-111-р хуудас/, С.Серикжан /хх-ийн 113-114-р хуудас/, А.Нуртилеу /хх-ийн 115-116-р хуудас/, Т.Айболат /хх-ийн 118-120-р хуудас/, И.Савихалам /хх-ийн 197-р хуудас/, Т.Бахытхан /хх-ийн 198-р хуудас/, А.Серикгүл /хх-ийн 234-236-р хуудас/ нарын мэдүүлэг зэрэг болно. 

 Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Айдын нь Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сард тус сургуулийн бага ангийн багшаар түр хугацаагаар ажиллаж байсан О.Еркегүлийг жинхэнэ багшаар томилж өгнө гэж О.Еркегүл, түүний нөхөр М.Ербол нараас хээл хахуульд 600000 төгрөгийн үнэтэй нэг идэшний үхэр авсан, 

Шүүгдэгч О.Еркегүл, М.Ербол нар нь О.Еркегүлийг Өлгий сумын 1 дүгээр бага сургуульд жинхэнэ багшаар томилуулах зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тус сургуулийн захирал Б.Айдынд 2014 оны 11 дүгээр сард 600000 төгрөгийн үнэтэй нэг идэшний үхэр хээл хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэж Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч О.Еркегүл, Т.Ербол нарын Б.Айдынд 500000-600000 төгрөгийн үнэтэй үхэр хээл хахуулд өгсөн гэж мэдүүлж байгаа боловч гэрч А.Нуртилеугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Айдын ах надаас мөнгө авсан байх гэж бодож байна...” /хх-ийн 115-116-р хуудас/, шүүгдэгч Б.Айдыны шүүх хуралдаанд өгсөн: “...үхэрний үнэ 400000 төгрөгийг нь өгөөд идэшэндээ авсан...” гэх мэдүүлэг, үхрийг хөдөөнөөс авч ирж Б.Айдынд өгснийг нотлох гэрч С.Серикжан /хх-ийн 114-р хуудас/, гэрч Т.Хавдаш /хх-ийн 110-111-р хуудас/, гэрч М.Айболат /хх-ийн 118-120-р хуудас/ нарын мэдүүлэг болон М.Ерболын “...Б.Айдынд хахуулд үхэр өгнө гэж ярьж байсныг нотлох гэрч М.Савихалам /хх-ийн 197-р хуудас/, гэрч М.Бахытхан /хх-ийн 198-р хуудас/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүх бүхэлд нь хянан үзэж Б.Айдын нь О.Еркегүлээс үхэр худалдаж авсан, эсвэл хахуулд авсан эсэхэд эргэлзээ төрж байна. 

Шүүгдэгч О.Еркегүл, М.Ербол нар нь эхнэр нөхөр ба байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч биш сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн байр суурнаас оролцож байгаа бөгөөд шүүгдэгч М.Ерболын Б.Айдынд үхэр хахуулд өгөх гэж байгаа тухай ярьсныг л гэрчлэх М.Савихалам /хх-ийн 197-р хуудас/, М.Бахытхан /хх-ийн 198-р хуудас/ нарын мэдүүлгийг үндэслэн Б.Айдыныг гэм буруутай гэж шууд үзэх боломжгүй байна. 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь шууд бус дамжмал нотлох баримт бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь М.Ерболын ярьсан зүйл юм. Тэгвэл М.Ербол үнэн ярьсан, эсвэл ямар нэгэн субьектив санаа зорилгоор бусдыг буруутгаж ярьсан гэдэгт,  амнаас ам дамжин ярьсан зүйлийг үндэслэн шүүх тамгаар дүгнэх боломжгүй юм.

Шүүгдэгч О.Еркеггүл, М.Ербол нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс харахад О.Еркегүл тус сургуульд өмнөх захирлын үеээс эхлэн ажиллаж байхад Б.Айдын нь жинхэнэ багшаар томилохгүй, түр орон тоонд ажиллуулж байсанд бухимдаж, түүнтэй таарамжгүй харилцаа үүсгэж байсан байна. Энэ нь хэрэгт авагдсан ажилд, томилох, чөлөөлөх тушаалуудын хуулбараар нотлогдож байна. 

Дээрх нотлох баримтуудаас өөр нотлох баримтаар хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д зааснаар яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар батлагдвал яллах үндэслэл болно.

 Иймд шүүгдэгч О.Еркегүл, М.Ербол нарт зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан хээл хахуул өгсөн  гэх үйлдэл нь,

шүүгдэгч Б.Айдынд  зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан хээл хахуул авсан гэх үйлдэл холбогдол нь бүрэн нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д заасны дагуу мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар тус тус хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч Б.Айдыны өмчлөлийн “Хюундай Маяти-2” маркийн 30-51 БӨА дугаартай ачааны авто машин, шүүгдэгч О.Еркегүл, М.Ербол нарын гэр бүлийн дундын өмч болох “шарф” маркийн зурагт, ”мидеа” маркийн угаалгын машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэл байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Айдыны гадаад паспорт, шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэрэг хэргийн хамт ирүүлснийг тус тус өөрт буцаан олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.Ербол, О.Еркегүл нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Айдынд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зйүлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290.4, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                              ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Төлек овогт Мусатын Ербол, Найман овогт Орынбасарын Еркегүл нарт Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, 

Санырау овогт Байыны Айдынд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ербол, О.Еркегүл, Б.Айдын нарыг цагаатгасугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч М.Ербол, О.Еркегүл нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Айдынд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Айдыны өмчлөлийн “Хюундай Маяти-2” маркийн 30-51 БӨА улсын дугаартай ачааны автомашин, шүүгдэгч О.Еркегүл, М.Ербол нарын гэр бүлийн дундын өмч болох “шарф” маркийн зурагт, ”мидеа” маркийн угаалгын машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 

 4. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс байгуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Айдыны гадаад паспорт, шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхийг хэргийн хамт ирүүлснийг тус тус өөрт буцаан олгосугай. 

5. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч нар энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ