Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2022/00024/И |
Дугаар | 145/шш2023/00009 |
Огноо | 2022-12-28 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 145/шш2023/00009
2022 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 145/ШШ2023/00009 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь эхийн ....... тоотод байрлах,....... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..........,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Улаанхуаран 53 тоотод байрлах............. ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 93081672 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нарийн бичгийн дарга Э.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ...... ХХК нь Өвөрхангай аймгийн ............... холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 93081672 төгрөг гаргуулах-ыг хүссэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч ..... ХХК-ийн захирал ....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр явагдсан Арвайхээр сумын төвд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил-ын сонгон шалгаруулалтанд манай компани шалгарч худалдан авах ажиллагааны албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/137 тоотоор олгосон эрхийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 13-ны БУ-ОНХС-07/2016 тоот Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ-г аймгийн *******тай байгуулсан. Гэрээний нийт өртөг 851565272 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх ба гэрээний 11 дүгээр зүйлд зааснаар гэрээний урьдчилгаанд 30 хувийн санхүүжилт 255469580 төгрөг, ажлын явцын дүнд 40 хувийн санхүүжилт 340 626 108 төгрөг, ажил дуусаад 255469580 төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээгээр гүйцэтгэх ажлаа хийж дуусгасан. Аймгийн А/409 тоот захирамжаар байгуулагдсан барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны БУ-02/2018 тоот акт гарч Арвайхээр сумын төвд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргаж хүлээн авсан. Захиалагч талаас Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ-нд зааснаар санхүүжилтийг цаг хугацаанд нь олгоогүй ба ******* ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 16-нд 240 000 000 төгрөг, 07 дугаар сарын 27-д 100 000 000 төгрөг, 08 дугаар сарын 05-нд 60 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 20-нд 50 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-нд 50 000 000 төгрөг, 05 дугаар сарын 09-нд 100 000 000 төгрөг, 10 дугаар сарын 03-нд 100 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-нд 40 000 000 төгрөг нийт 740 000 000 төгрөгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн. Гэрээний санхүүжилтын үлдэгдэл төлбөр 111 565 272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Арвайхээр суманд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 851 565 272 төгрөгөөр гүйцэтгэхээр ******* ХХК тендерт шалгарч 2016 оны 06 дугаар сарын 13-ны дугаар БУ-ОНХС-07/2016 гэрээг байгуулсан. Гэрээнд барилгын ажлыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу хуанлийн 71 хоног барьж гүйцэтгэхээр гэрээ хийгдсэн. Гэрээний дүнд захиалагчийн хяналт 15 765 713 төгрөг, зураг төслийн үнэ 19 683 600 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 7 882 857 төгрөг, нийт 43 332 170 төгрөг багтаж байгаа болно. ******* ХХК нь барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд багтааж гүйцэтгээгүй, тус гэрээг 2 удаа сунгаж 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулахаар сунгасан боловч гүйцэтгэгч компаниас шалтгаалан ашиглалтанд ороогүй. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр барилга угсралтын ажилд техникийн комисс ажиллаж нийт 36 үүрэг даалгаврыг өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барилга ашиглалтанд оруулах комисс ажиллах тухай гүйцэтгэгч ******* ХХК-д тоотыг хүргүүлсэн боловч тухайн өдөр барилгыг хүлээлгэж өгөлгүй хаяж явсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барилга ашиглалтанд оруулах комисс ажиллахад өгсөн үүрэг даалгавраас 25 ажил огт хийгдээгүй үлдсэн байсан. Гэрээний нийт дүнгээс суутгал 43332170 төгрөгийг хасаж, 808233102 төгрөгийг ******* ХХК-д олгохоос гэрээний хугацаанд 740 000 000 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу, ******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/98 дугаар хүсэлтийн дагуу ******* ХХК-д 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөгийг, нийт 790 000 000 төгрөг олгосон болно. Үлдэгдэл 18233102 төгрөгний санхүүжилтэд гэрээнд дүнд тусгагдсан 15765713 төгрөгний магадлашгүй ажлын зардал багтаж байгаа бөгөөд магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэх ажлын тоо хэмжээнд тусгагдаагүй нэмэлт ажил гарвал захиалагч талтай зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэж магадлашгүй ажлын актыг үндэслэн олгодог болно. Гэвч магадлашгүй ажлаар гүйцэтгэл гаргаж хянуулаагүй акт үйлдээгүй тул дээрхи мөнгийг олгох боломжгүй юм. Үлдэгдэл 2467389 төгрөгийн тооцоо байгаа боловч ******* ХХК нь Өвөрхангай аймгийн Онги ус суваг ОНӨААТҮГ-аар тус цэцэрлэгийн гадна ариутгах татуургын шугамын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж гүйцэтгүүлсэнч, ажлын хөлс 6 000 000 төгрөгний санхүүжилтийг өнөөдрийг хүртэл олгоогүй тул Онги ус суваг ОНӨААТҮГ-луу олгуулахаар хүсэлттэй байна. Иймд ******* ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй болно гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГРАНД ЭВЕРЕСТ ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай ******* ХХК, ******* ХХК-тай 2016 оноос барилгын салбарт хамтран ажиллаж эхлэсэн. Манай компани нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд эхнээс нь хамтран ажиллахаар тохиролцож, хөлс, хүч, материал техник, инженер техникийн ажилчид, харилцаа холбоо, орон нутаг дахь томилолт зэрэг зардал гарган ажиллаж байсан. Туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулахаас илтэд зайлсхийж, үл ойлголцол үүссээр байсан тул арга буюу больж, тооцоо нэгтгэж чадахгүй байдал байна. Яригдаж буй 50 сая төгрөгийг манай компани санхүүжилтээр авсан боловч ******* ХХК манай санхүүжилтийн мөнгө гэж маргаан, үл ойлголцол гарсан тул 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн захирал ******* ....... тоот дансанд 5560008175 тоот данснаас буцаан хийсэн болно. Шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж болно гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...захиалагч зарцуулах журам нь манай дээр байгаа. Манай дээр захиалагчийн зардал, зохиогчийн зардлыг бусад газруудтай нь шилжүүлсэн баримтууд нь ирээгүй байгаа учир тухайн мөнгийг цааш өгөөгүй гэж бодохгүй байна. 50000000 төгрөг дээр өөр хүмүүс яригдаад байгаа. тамга газар ******* компани хоёрын хооронд хийгдсэн гэрээний үүргийг шаардах ёстой учраас 50000000 төгрөгийг манай компани руу шилжүүлэх нь зөв гэж үзэж байна... гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ бол 2016-2018 оны хооронд баригдсан барилга. Тухайн үеийн удирдлагууд бүгд солигдсон байгаа. Тухайн үед байсан засаг дарга, Төрийн сангийн дарга, ерөнхий нягтлан гээд бүгд солигдсон. 2016-2018 онд хийгдсэн гэрээ 2018 онд эцсийн байдлаар ашиглалтанд барилгыг хүлээн авсан. 111 000 000 төгрөгийг 2018, 2019 ондоо яриагүй байж яагаад 4 жилийн дараа тухайн үед хариуцаж байсан бүх удирдлагууд нь солигдсоны дараа энэ асуудлыг яриад байгааг гайхаж байна. Хоёрдугаарт:барилгын чанар байдлын талаар ярихгүй байгаа. Нотлох баримтыг хангалттай өгсөн байгаа. Барилгыг хүлээж авах ажлын комиссын хурлын тэмдэглэл, комиссын актыг гэх зүйлүүдийг өгсөн байгаа. Бүх юмыг өгсөн байгаа. Үүнд нийтдээ 36 үүрэг даалгавар өгсөн, өгсөн үүрэг даалгаврын дарааллыг нь хэргийн материалд хавсаргасан байгаа. Тухайн үед комисс ажиллахад 11 үүрэг даалгавар гүйцэтгэсэн. 25 үүрэг даалгавар огт гүйцэтгээгүй. Томоохон ажлууд гэвэл авто зогсоол хийх, хүүхдийн байгууллагын гадна гадна хальс хийх, ногоон байгууламж хийх, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудал, хаяавч бетонтой асуудал гээд ярих юм бол 25 ажлыг дутуу орхигдуулсан. Гол ажлууд нь энэ байна. Үүн дээр 25 ажлын нийлбэр тэдэн төгрөгний өртөг гарна гэж тооцоолол хийгээгүй ч гэсэн өгсөн үүрэг даалгавраас 11-ийг нь биелүүлсэн, 25-ыг огт биелүүлээгүй. Чанар байдлын хувьд үнэхээр захиалагч талаас гомдолтой. Барилгыг бүрэн гүйцэт хүлээж аваагүй. Дутуу үлдсэн ажлуудыг нь орсон хойно нь ашиглагч байгууллагын зүгээс тодорхой хэмжээгээр аймаг орон нутгийн зүгээс хоёр талаас нь дэмжээд дутуу зүйлийг гүйцээгээд явсан зүйлүүд байгаа. Үүнийг би ярихгүй байгаа. Чанар байдлын хувьд доголдолтой барилга хүлээж авсан. Гуравдугаарт: өнөөдрийн явж байгаа процесс улсын төсөв хөрөнгө оруулалтын хувьд, орон нутгийн хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн гэрээний нийт дүнд нь барилгын нийт өртөгт тухайн барилгыг барьж байгуулахтай холбоотой нийт бүх зардлууд орж байгаа. Барилга, зохиогчийн, захиалагчийн хяналт гээд, өнөөдрийн явж байгаа процесс бол энэ зардлуудаас зохиогчийн зардал, техник хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын акттай бол магадлашгүй ажлын зардлыг өгнө, актгүй бол магадлашгүй ажлын зардлыг өгөхгүй, дээрх зардлуудаас суутгаж аваад үлдэх төлбөрийг барилгын ажил гүйцэтгэгч рүү шилжүүлээд явж байна, өнөөдрийн процесс. Зураг төсөл бол мэдээж тэр тухайн барилгыг барихад шаардлагатай зураг төслийг боловсруулсан компани руу гэрээ байгуулаад мөнгийг шилжүүлж байна. Зураг төсөл зохиогчийн хяналтын зардлыг тухайн зураг төсөл зохиосон компанитай мөн зохиогчийн хяналт гэж тухайн зураг төсөл зохиосон компани зохиогчийн хяналтаа тавиад энэ зардлаа гэрээ байгуулаад аваад явж байна. Захиалагчийн хяналтын зардал гэж байгаа. Түрүүн би зохиогчийн хяналт гэж ярьсан байгаа. Захиалагчийн хяналт нь аймаг орон нутагт барилгын хөгжлийн төвөөс хяналт тавьдаг. Үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээгээр төсвийг нийт гэрээний дүнд тусгаж өгсөн байдаг. Орон нутаг суутгаж аваад тухайн захиалагчийн хяналт тавихдаа холбоотойгоор гарсан тээвэр шатахуун, томилолт, унааны зардал гэх мэт бусад холбогдох дүрэм журамд зааснаар зарцуулаад явдаг. Өнөөдрийн процессын хувьд ийм байгаа. Өмнө нь ч гэсэн ингээд явж байсан. ******* ХХК-тай байгуулсан гэрээний хувьд Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг өгсөн байгаа. Үүнд дээр тусгаснаар магадлашгүй ажил гэдэг нь тухайн зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөцлөх эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэнэ гэж заасан байдаг. Тухайн барилгаасаа хамаараад хувиуд нь өөр өөр байгаа. Мөн 8.2-т магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна гэж заасан 4, 5-н төрлийн ажил байгаа. 8.4-т магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэх актыг захиалагч, зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгч байгууллагын удирдлага, талбайн инженер, төсөвчин нар гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Тэгэхлээр энэ дээр ямар нэгэн баталгаажуулсан акт байхгүй байгаа юм. Хэрвээ энэ талаар хэрэгт ямар нэгэн баталгаажуулсан баримт байгаа бол магадлашгүй ажлын зардлыг өгөхөд ямар нэгэн татгалзах зүйл байхгүй байна. Ямар ажил хийсэн, хэдэн төгрөгийн ажил хийсэн нь тодорхой юм байхгүй учраас энэ зардлыг өгөх боломжгүй гэсэн зүйл ярьж байгаа. Хоёрт Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 178 дугаартай тушаал зохиогчийн хяналт тавих дүрэм гэж байгаа. Тухайн дүрмийн 2.3.1-т зааснаар зураг төсөл зохиогч барилгын ажлын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина. Зохиогчийн хяналт гүйцэтгэх хэлбэр нь зураг төсөл зохиогч, захиалагч, барилгын ажил гүйцэтгэгч талууд гэрээгээр тохиролцон зохицуулна гэж 3.3.3-т заасан. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэвэл ******* компани нь зохиогчийн хяналтын гэрээ байгуулаагүй. Мөнгө нь гараагүй учир бид нар авах ёстой мөнгө, зураг төсөл зохиогч тэр 18000000 төгрөг шийдсэн компани байгаа. Энэ нь тэр компани аймгийн тамгын газрын хоорондох асуудал. Хэрэв гэрээ байгуулсан бол мөнгийг өгсөн л байгаа. Тодорхой хэмжээний шалтгаантай учраас гэрээ байгуулаагүй. Тэр мөнгийг өгөөгүй байна гээд ******* рүү өгөх ямар ч үндэслэл байхгүй. Зураг төсөл байхгүй. Зураг төсөл зохиогчийн хяналтын зардлын хувьд ийм байна. Магадлашгүй ажлыг зардлын хувьд би сая хэлсэн. Акт янз бүрийн юм байхгүй, дүрэм журмаараа бол магадлашгүй ажил гэж ийм байх ёстой. Талууд гарын үсэг зурснаар баталгаажсан байна. Барилга угсралтын ажил дээр 791000000 төгрөг өгөх ёстой байсан. Манайх 790000000 төгрөгийг өгсөн гэж үзэж байгаа. Цаана нь 1048000 төгрөгийг өгье гэж байгаа юм. Хэрвээ тэр 50000000 төгрөгийг яах ёстой юм, шүүхээс төлөх ёстой гэж үзэх юм бол тэр гэдэг хүнд дахин гомдол гаргаад шүүхэд хандаад ******* аваад ******* ХХК рүү өгөхийн байна. Эсвэл *******-д өгөх ёстой мөнгийг гэдэг хүн өгсөн гэвэл ашиг сонирхлын шинжтэй гээд эсвэл эрүүгийн анхан шатны шүүхээр явах ёстой юм уу. Үүнийг бол мэдэхгүй байна. 790000000 төгрөгийн өгсөн. тухайн компаний 60% хувийн эзэмшигч мөн байна гэдэг нь тогтоогдож байгаа. Үүн дээр асуудал байхгүй. 1000000 төгрөгний зөрүү гарна гэж байгаа. Нормчлолын санг барилгууд өөрөө төлдөг юм. 1418000 төгрөгийг өөрсдөө төлдөг, аймгаас бол суутгаж авдаггүй юм. 1418000 төгрөгийг манайх танай компанид буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. ******* компани ганцхан манай 10 дугаар цэцэрлэгийг анх удаа барилга барьж байгаа компани биш шүү дээ. Олон жилийн түүхтэй туршлагатай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй компани. Тэгж байхад зохиогчийн хяналт гээд мэдээж ойлгомжтой зураг төсөл, зохиогчийн хяналт дээр ингэж байгаа нь ойлгомжгүй, утгагүй санагдаж байна. Шинэ компани бол мэдэхгүй байна гэх байх. Тэр захиалагчийн зардал 15 000 000 төгрөгийг орон нутаг авна. Орон нутаг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Мөнгийг нь авна, хэрвээ зарцуулсан бол зарцуулалтын тайлангаа өг гээд байгаа. Үүнийг энэ компанид өгөх ямар ч шаардлага байхгүй. Энэ бол цэвэр захиалагч, төр, аймгийн тамгын газрын зардал юм. Захиалагчийн хяналт тавьж байгаа хүмүүс тээвэр шатахуун томилолт унаа шаардлагатай компютерын тоног төхөөрөмж хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэх мэт шаардлагатай болгоныг авахад захиалагчийн хяналтын зардлыг зарцуулдаг. Энэ чинь дүрэм журамтай ажил байгаа. Манай зүгээс 791 000 000 төгрөгийн зөрүү 1 048 000 төгрөг, нормчлолын санг өглөө гэхэд гээд 2 400 000 төгрөгийн зөрүү мөнгө үүсч байгаа. Үүнийг өгөх боломжтой, бусдыг нь өгөх ямар ч боломжгүй... гэв.
7. Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 715777 төгрөг төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрэм, Өвөрхангай аймгийн дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/137 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, 2016 оны өдрийн 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БУ-ОНХС-07/2016 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ/ сунгалт/-үүд, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Өвөрхангай аймаг дахь газрын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын санхүүжилт, гүйцэтгэлийн баримтанд аудит хийсэн танилцуулга, ******* ХХК-ийн Голомт банкны дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******* ХХК-ийн итгэмжлэх, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ******* ХХК-аас олгосон итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн өвчний түүх, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/10374 тоот албан бичиг,
8. Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/18 тоот итгэмжлэл, Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тооцоо, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9/543 тоот албан бичиг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг сургалтын хөтөлбөр, 06 дугаар сарын 13-ны өдрийн БУ-ОНХС-07/2016 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ/он харагдахгүй/, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БУ-ОНХС-07/2016 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ/ сунгалт/, 01 дүгээр сарын 26-ны өдөр БУ-02/2018 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт/он харагдахгүй/, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ...ажлыг хүлээлцэх комисс ажилласан хуралдааны тэмдэглэл /дээд хэсгийн бичвэр харагдахгүй/, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 50 000 000 төгрөг ******* ХХК-д шилжүүлсэн төлбөрийн хүсэлт, 150 хүүхдийн цэцэрлэгийн явцын санхүүжилт 160 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, ******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаартай болон ******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/98 тоот Өвөрхангай аймгийн Тамгын газарт гаргасан хүсэлтүүд, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд техникийн комисс ажилласан хуралдааны тэмдэглэл, 01 дүгээр сарын 26-ны өдрийн БУ-02/2018 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хүлээлцэх комисс ажилласан хуралдааны тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БУ-ОНХС-07/2016 тоот Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ/сунгалт/, Онги ус суваг ОНӨААТҮГазрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот албан бичиг, Онги ус суваг ОНӨААТҮГазрын ажлын хөлс 6 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* ХХК, Онги ус суваг ОНӨААТҮГазар нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-д нийлүүлэх материал, ******* ХХК-г 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шинээр баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын хуралд оролцох 02/2018 дугаартай мэдэгдэл, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 9240800 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 9242800 төгрөг ХХК-д шилжүүлсэн төлбөрийн хүсэлт, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ, ХХК-ийн 9241800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, 07 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын зураг төсвийг боловсруулж дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн акт/он харагдахгүй/, Өвөрхангай аймгийн Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2/61 тоот комисс ажиллуулах тухай албан бичиг, явуулсан баримт бичгийн дэвтрийн хуулбар, Бу-ОНХС-07/2016 Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ/огноо харагдахгүй/, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БУ-ОНХС-07/2016 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГРАНД ЭВЕРЕСТ ХХК-аас Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22100002003790 дугаартай хуулийн этгээдтэй тухай лавлагаа, ГРАНД ЭВЕРЕСТ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22-68 тоот итгэмжлэл, ГРАНД ЭВЕРЕСТ ХХК-ийн Хаан банкны дансны хуулга, , нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* 5064392995 тоот дансанд 500 төгрөг шилжүүлсэн тухай баримт, бараа материалын үлдэгдлийн жагсаалт зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ХХК нь Өвөрхангай аймгийн *******д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 111565272 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 93081672 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул шүүх багасгасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
******* ХХК нь ...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* /Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар/-тай Арвайхээр хотод шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 851 565 272 төгрөгийн хэмжээнд багтаан гүйцэтгэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 740 000 000 төгрөгийн санхүүжилт авсан, захиалагч тал гэрээгээ биелүүлээгүй тул барилга угсралтын ажлын 51048475 төгрөг, захиалагчийн зардал 15765713 төгрөг, нормчлолын сан 1418914 төгрөг, зураг төслийн үлдэгдэл 1200000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 15765713 төгрөг, зураг зохиогчийн хяналтын зардал 7882857 төгрөг, нийт 93081672 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Арвайхээр суманд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 851565272 төгрөгөөр гүйцэтгэхээр ******* ХХК тендерт шалгарч 2016 оны 06 дугаар сарын 13-ны дугаар БУ-ОНХС-07/2016 гэрээг байгуулсан. Гэрээнд барилгын ажлыг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу хуанлийн 71 хоногт барьж гүйцэтгэхээр гэрээ хийгдсэн. Гэрээний дүнд захиалагчийн хяналт 15 765 713 төгрөг, зураг төслийн үнэ 19 683 600 төгрөг, зохиогчийн хяналтын зардал 7 882 857 төгрөг, нийт 43 332 170 төгрөг багтаж байгаа болно. ******* ХХК нь барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд багтааж гүйцэтгээгүй, тус гэрээг 2 удаа сунгаж 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулахаар сунгасан боловч гүйцэтгэгч компаниас шалтгаалан ашиглалтад ороогүй. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр барилга угсралтын ажилд техникийн комисс ажиллаж нийт 36 үүрэг даалгаврыг өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барилга ашиглалтанд оруулах комисс ажиллах тухай гүйцэтгэгч ******* ХХК-д тоотыг хүргүүлсэн боловч тухай өдөр барилгыг хүлээлгэж өгөлгүй хаяж явсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барилга ашиглалтанд оруулах комисс ажиллахад өгсөн үүрэг даалгавраас 25 ажил огт хийгдээгүй үлдсэн байсан. Гэрээний нийт дүнгээс суутгал 43332170 төгрөгийг хасаж, 808233102 төгрөгийг ******* ХХК-д олгохоос гэрээний хугацаанд 740 000 000 төгрөгийг ******* ХХК-ийн данс руу, ******* ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16/98 дугаар хүсэлтийн дагуу ******* ХХК-д 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөгийг, нийт 790 000 000 төгрөг олгосон болно... гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн *******тай Арвайхээр хотод шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 851565272 төгрөгийн хэмжээнд багтаан гүйцэтгэхээр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээг 2 удаа сунгасан байх ба Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн БУ-02/2018 дугаартай дүгнэлтээр ******* ХХК-ийн Арвайхээр суманд барьсан 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна.
Өвөрхангай аймаг дахь газраас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын санхүүжилт, гүйцэтгэлийн баримтанд аудит хийсэн Танилцуулга-д 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Таван-Үндэс ХХК-д 3700000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ХХК-д 18483600 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 240000000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 100000000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 60000000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50000000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50000000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 100000000 төгрөгийг тус тус ******* ХХК-д, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-д 50000000 төгрөгийг захиалагч талаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын санхүүжилт олгосон гэжээ.
Мөн нэхэмжлэгч ******* ХХК хариуцагчаас 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-д 50000000 төгрөг шилжүүлснийг эс зөвшөөрч гуравдагч этгээдэд манай байгууллагад төлөх санхүүжилтийг шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Өвөрхангай аймгийн Тамгын газар нь ******* ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаартай хүсэлтэнд дурдсан зөвшөөрлийн дагуу 50000000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...барилга угсралтын ажлын 51048475 төгрөг, захиалагчийн зардал 15765713 төгрөг, нормчлолын сан 1418914 төгрөг, зураг төслийн үнийн үлдэгдэл 1200000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 15765713 төгрөг, зураг зохиогчийн хяналтын зардал 7882857 төгрөг, нийт 93081672 төгрөг... гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтээр ******* ХХК-д 50000000 төгрөг шилжүүлсэнийг хариуцагч байгууллагыг дээрхи гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
6. Мөн Өвөрхангай аймгийн ******* /Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар/ болон ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ-гээр зураг төсөл боловсруулах ажлын үнийг 18483600 төгрөгөөр тохиролцож Өвөрхангай аймгийн Тамгын газраас 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 9240800 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 9242800 төгрөгийг тус тус ХХК-д шилжүүлсэн байна.
7. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай Барилгын төсөв зохиох дүрэмд ...Барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл, төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын ажлын явцад үүсдэг зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэж нэрлэнэ..., ...магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна... гэж тодорхойлсон бөгөөд Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг хүлээлцэх комисс-ын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ...барилга угсралтын ажлын гэрээнд тусгагдсан дутуу болон дулааны улиралд хийгдэх ажлуудын жагсаалтыг гарган ашиглагч, гүйцэтгэгч, захиалагч гурван байгууллагын хооронд гурвалсан гэрээ байгуулж 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд гүйцэтгүүлж хүлээж авах, гүйцэтгэгч компанид хурлын шийдвэрийг албан тоотоор хүргүүлэх, хүйтэн байгаа 2 ангийн ариун цэврийн өрөөнд магадлашгүй ажлын зардлаар секц тавиулах, зурагт зааснаас дутуу байгаа секцийг нэмж угсруулах... гэжээ.
Дээрхи комиссын хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр барьж гүйцэтгэсэн Арвайхээр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, мөн гэрээнд заасан магадлашгүй ажлын зардлаар барилгад ажил гүйцэтгэх шаардлагатай байсан нь тогтоогдож байна.
Уг тэмдэглэлд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй буюу нотлож чадаагүй байна. Иймд тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан магадлашгүй ажлын зардал 15765713 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.
8. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.32-т зураг төсөл зохигчийн хяналт гэж барилгын ажил, зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг зохиогчоос хянаж байгаа үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Харин 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд зураг төслийн үнэ 19683600 төгрөг, зураг зохиогчийн хяналтын зардал 7882857 төгрөгийг тус тус гэрээний нийт үнийн дүнд багтаасан байх тул захиалагч нь тус зардлыг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шинээр баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ-ний дагуу ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд тус зардлыг гүйцэтгэгч компанид олгох нийт санхүүжилтээс хасч тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
9. Мөн Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т аймаг, нийслэлийн ******* нь нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих эрхтэй гэж заажээ. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд уг гэрээний биелэлтийг шалгахад зарцуулах зардалд 15765713 төгрөгийг тусгасан байна.
Тус гэрээнд 15765713 төгрөгийг захиалагч барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэхэд захиран зарцуулахаар тусгасан байх тул энэ нь нэхэмжлэгчид олгох санхүүжилтээс хасагдах зардалд хамаарна. Тодруулбал: Тухайн зардал нь нэхэмжлэгчийн бус хариуцагчийн захиран зарцуулах эрхэд хамаарч байна.
10. Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь барилга угсралтын зардал 50000000 төгрөг, захиалагчийн зардал 15765713 төгрөг, зураг төслийн үнэ 1200000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 15765713 төгрөг, зураг зохиогчийн хяналтын зардал 7882857 төгрөг, нийт 90614283 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
11. Хариуцагч байгууллагаас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-нд тусгагдсан барилга угсралтын ажлын зардал 791048475 төгрөгөөс нэхэмжлэгч ******* ХХК-д 790000000 төгрөгийг олгож, 1048475 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* дээрхи гэрээнд заасан нормчлолын сангийн зардал 1418914 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.
12. Иймд хариуцагч Өвөрхангай аймгийн Тамгын газраас 2467389 төгрөг /1048475+1418914/-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 90614283 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгуулагаас 54428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715777 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн тамгын газраас 2469389 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 90614283 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгуулагаас 54428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 715777 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА