Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр         2025/ШЦТ/50                           Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Т.Цэвэлмаа

             Улсын яллагч                                Б.Хишигсувд

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

              Шүүгдэгч                                        О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******т холбогдох 2532000000033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Халх, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, *******л хангай ХХК-д хөрөөчин ажилтай, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, *******гийн №2 тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд:

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147. 2-т зааснаар 05 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2597 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 04 жил 01 сар 26 хоногийн хорих ялаас 03 жилийг өршөөн хасаж, үлдэх 01 жил 01 сар 26 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 05 хоногийн ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 522 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 08 сар 23 хоногийн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 01 сарын хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 02 жил 07 сар 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******- улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 5-р тал/,

Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Соната-6” маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, *******гийн 2 тоотод оршин суух хаягтай Отгон овогтой *******ыг 3 дугаар баг 4 дүгээр сургуулийн урд 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 05 минутад Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор “Алкотесть-6820” багажаар шалгахад 5.0 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэсэн согтуурал шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 7-8-р тал/,

Гэрч О.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр жижүүрийн шуурхай албаны жолоочоор 24 цаг үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 16 цагийн орчим гадуур дуудлагатай явж байтал жижүүрийн шуурхай албанаас над руу залгаж "Мандал сумын 3-р баг, 4-р сургуулийн орчим хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу 4-р сургуулийн урд төв зам дээр очих үед *******- улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл 4-р сургуулийн орчим замын баруун гар тал буюу хойд талын бродиур мөргөж зогссон байдалтай байсан. Очиж шалгахад машин нь асаалттай жолоочийн суудал дээр 1 эрэгтэй хүн унтчихсан байдалтай сууж байсан. Уг машинд өөр зорчигч байгаагүй. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, замын хажуугийн бродиур гэмтээгүй хэвийн байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 10-11-р тал/,

Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Замын цагдаагийн хяналтын постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 16 цагийн орчим жижүүрийн шуурхай албанаас ирүүлсэн "Мандал сумын 3-р баг, 4-р сургуулийн орчим хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу 4-р сургуулийн урд төв зам дээр очих үед д/а *******- улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл саатуулсан байдалтай зогсож байсан. Очиж юу болсон талаар асуухад "Энэ хүн согтуу машин барьж яваад машиндаа унтчихсан байдалтай зогсож байна гэсний дагуу тухайн залууг авч явж эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж драгер багажаар согтуурлыг шалгахад 5.0 хувийн согтолттой байна гэж зааж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-р тал/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн өглөөнөөс Мандал сумын 4-р сургуулийн жижүүрт 24 цагаар ажиллаж байх хугацаанд өдөр 16 цагийн орчим манай сургуулийн үүдний хэсэгт юм дуугарах мэт чимээ гарахаар нь очоод хартал Соната-6 маркийн мөнгөлөг өнгийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуугийн бродиур даваад хашаа руу тулаад ороод ирсэн. Намайг харахад зүс мэдэх ******* гэх залуу уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгтэл тухайн тээврийн хэрэгслийн жолооч кабиндаа унтаад байгаа бололтой байсан. Удалгүй цагдаа нар ирж уг тээврийн хэрэгслийг авч явсан ийм л асуудал болсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/68 дугаартай зөрчилд шийтгэвэр оногдуулах тухай шийтгэвэр /ХХ-ийн 36-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

 

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч орчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих Эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад зорчин явах эрхийн хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1, 2, 3, 6, 7, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч О.*******т Тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.