Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/00218

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 17 181/ШШ2023/00218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн АД ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч С.Б, гэрч Ц.Т, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д би өөрийн ээж Ц.Тын хамт даатгалын уйл ажиллагаа эрхлэх "Ард даатгал" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулсан билээ. Уг компанийн дүрмээр миний бие Т.Д нь компанийн 50 хувийг, миний ээж Ц.Т 50 хувийг тус тус эзэмшиж байсан.

2003 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний аав М.Т өвчний улмаас нас барсан ба миний хувьд сэтгэл санааны болоод бие махбодын хүнд нөхцөл байдалд орсон ба энэ үйл явдлын маргааш буюу 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 49 хувийг өөрийн холын хамаатны ах Б.Мд шилжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Тодруулбал тухайн өдрүүдэд АД ХХК нь Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооноос зарласан Монгол даатгал ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажиллагаанд оролцох зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нартай ажил хэргийн хурал, уулзалтуудыг хийж байсан чухал цаг үе байсан юм.

Иймд миний бие компанийн үйл ажиллагаа, менежментийг удирдах боломжгүй болсны улмаас Мөнхөөд өөрийн 49 хувийг түр хугацаагаар шилжүүлсэн ба улмаар Б.М гэх нэр компанийн гэрээ, дүрэмд анх орсон учиртай.

Дээрх үйл явдлуудын дараагаар хувьцааг буцаан шилжүүлэх асуудлаар миний бие болон миний ээж Ц.Т нь Б.Мд хандах гэсэн боловч хэн алинд нь гэр бүлийн зовлонт үйл явдлууд тохиосоор байсан тул тухайн нөхцөл байдлуудыг харгалзан хүлээцтэй байж компанийн хувьцааг буцаан шилжүүлэх байх гэж итгэж найдсаар өдийг хүрлээ. Тухайн үед миний бие өөрийн хувьцааг түр хугацаанд шилжүүлэх зорилготой байсан бөгөөд ах Б.Мг ойлгох байх өөрийн хамаатан учир итгэлтэй хүн минь байж байх хэмээн бодож буцаан шилжүүлэх байх гэж бодон тухайн асуудалд хэтэрхий хайхрамжгүй хандсан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл, 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлбөр бус болсон гэж заасан үндэслэлээр 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн №02 дугаар гэрээ-ээр шилжүүлсэн АД ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг Т.Дд буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч С.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оноос би эрчим хүч, эдийн засгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх өөрийн хувийн компаниа байгуулж, одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Ийм ч учраас Т.Дгийн ээж Ц.Т нь намайг мэдэхийн хувиар гуйлт, санал тавьсан бөгөөд Т.Д биш Ц.Т нь компанийн асуудлаар шийдвэр гаргадаг, удирдан чиглүүлдэг хүн байсан.

Ингээд би өөрийн хувийн бизнесийнхээ хажуугаар АД ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зөвлөмж, дэмжлэг үзүүлэх болж, 2004 онд АД ХХК-д гадаадын нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч буюу Олон Улсын даатгалын компани оруулах, зуучлах ажлыг амжилттай хариуцаж гүйцэтгэсэн. Тодруулбал, би Их Британи Улсын Омни Виттингтон (Omni Whittington) компанитай сайн харилцаатайн хувьд тус компанийг АД ХХК-д хөрөнгө оруулалт хийх санал тавьж, улмаар тэд хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр АД ХХК нь Монгол Улсад Олон Улсын нэр хүнд бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчтай анхны даатгалын компани болж, Европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу хау-г Монгол улсын даатгалын зах зээлд оруулж ирэхэд чухал алхам болсон. Би Омни Виттингтон компанийн захирал Энтони Хоброу (Antony hobrow/)-тай сайн танилууд бөгөөд тэрээр намайг АД ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаад талархалтай байгаа, тийм ч учраас хөрөнгө оруулж байгаа гэдгээ удаа дараа илэрхийлдэг байсан. Өөрөөр хэлбэл АД ХХК нь тухайн үед засаглал сайнгүй, гадны нэр хүнд бүхий компани хөрөнгө оруулах сонирхол татахуйц байгаагүй бөгөөд миний бие хичээл зүтгэл гарган сайн ажилласны үр дүнд хөрөнгө оруулалт авч чадсан байдаг.

Үүний үр дүнд АД ХХК-ийн үйл ажиллагаа нь дараах байдлаар сайжирсан:

Компанийн ашиг, орлого ихээр нэмэгдсэн;

Олон Улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн;

Компанийг мэдлэг, туршлагатай байх ажилтнууд ихээр сонирхох болж, хүний нөөц, боловсон хүчний чадавхи илтэд сайжирсан;

Компанийн үнэ цэнэ, үнэлгээ өссөн;

Дотоодын хөрөнгө оруулагч нар ихээр сонирхох болж, дотоодын хөрөнгө оруулалтууд авч эхэлсэн зэрэг.

Цаашлаад миний бие хувьцаа эзэмшигчийн хувиар стратегийн хөрөнгө оруулагчтай сайн харилцааг хадгалахад анхаарч ажилласан, мөн компанид шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж, хувьцаа эзэмшигчийн зүгээс хийх шаардлагатай зүйлсийг хийж ирсэн. Үүнийг Т.Д, түүний ээж Ц.Т мэддэг, хүлээн зөвшөөрдөг учраас өдийг хүртэл маргаан үүсгэж байгаагүй.

Иймд байтал Т.Д нь АД ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гарснаасаа хойш намайг түр хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч болсон мэт, цаашлаад түүний аав М.Төмөржав нас барсны маргааш буюу 2003 оны 8-р сарын 28-ны өдөр сэтгэл санааны хүнд нөхцөлд байхад хувьцаа эзэмших гэрээ хэлцэл байгуулж, хууран мэхэлсэн мэт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Т.Дгийн шүүхэд гаргаж өгөөд буй Ард Даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, компанийн өөрчлөлт орсон дүрэм болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 тоот Протокол зэрэг баримтуудаас үзэхэд ч хувьцааг шилжүүлсэн нь 2003 оны 08-р сарын 28-ны өдөр бус 18-ны өдөр байх бөгөөд тус баримт бичигт ч Б.М надад эргэлт буцалтгүй компанийн хувьцааг шилжүүлэв гэж дурдсан байна. Ийнхүү Т.Дгийн нэхэмжлэлд хувьцааг түр хугацаагаар шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд өдийг хүртэл Б.М би хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээ дангаар, чөлөөтэй хэрэгжүүлж ирсэн нь нэхэмжлэлд дурдагдсан зүйлс худал болохыг нотолно.

Хожим Т.Д, түүний ээж Ц.Т нар нь АД ХК -ийн хувьцаагаа бусдад худалдаж компаниас гарсан. Харин Б.М би 2003 оноос хойш АД ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, ногдол ашиг хүртэх, шийдвэр гаргалтад оролцох зэргээр хувьцаа эзэмшигчийн хэрэгжүүлдэг бүхий л бүрэн эрхийг тасралтгүй, чөлөөтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд одоогийн байдлаар Ард даатгал нь хувьцаат компани юм. Гэтэл энэ явдлаас хойш 20 жил гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан хугацаа дуусгавар болсон байна.

Иймд Т.Д нь шүүхэд буруу, худал мэдээлэл өгч, намайг хэцүү байдлыг нь далимдуулаад хувьцаа залилаад авчихсан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас АД ХХК-ийн дүрэмд Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу оруулсан өөрчлөлт, 2003.08.18-ны өдрийн АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2003.08.18-ны өдрийн №02 дугаар протокол, 701 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, 2003.11.19-ний өдрийн 06 дугаар Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, АД ХХК-ийн дүрэм, 2006.06.25-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн хавсралт 4 хуудас, 2005.06.25-ны өдрийн АД ХХК-ийн бүх гишүүдийн хурлын шийдвэр, 2006.06.25-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, 2006.07.03-ны өдрийн АД ХК -ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, АД ХХК-ийн дүрэм, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, 2007.11.29-ний өдрийн АД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2007.11.29-ний өдрийн АД ХХК-ийн захирлуудын зөвлөлийн хурлын тогтоол, хурлын протокол, 2007.11.29-ний өдрийн №04 дугаар АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, АД ХХК-ийн дүрэм, 2008.04.09-ний өдрийн АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2009.03.04-ний өдрийн №02 дугаар Хувьцаа шилжүүлэх тухай хэлцэл, АД ХХК-ийн дүрэм, 2008.04.09-ний өдрийн №08/01 протокол, 2010.10.08-ны өдрийн №06 дугаар АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, АД ХХК-ийн дүрэм, АД ХХК-ийн шинэчлэн найруулсан дүрэмүүд, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагч талаас 2004.06.05-ны өдрийн АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол №3, 2004.06.06-ны өдрийн №03 дугаар АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, АД ХХК-ийн дүрэм, Гадаадын хөрөнгө оруулалтай нэгжийн гэрчилгээ зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Шүүхийн журмаар АД ХК -ийн 2022.04.04-ний өдрийн байдлаарх хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаа 93 хуудас, АД ХК -ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, баримтууд, гэрч асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрлүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Б.Мд холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн АД ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Д нь шаардлагын үндэслэлээ 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн №02 дугаар гэрээ болон мөн өдрийн АД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын №02 Протокол нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийг үр дагаварыг арилгуулна гэж тодорхойлсныг хариуцагч Б.М эс зөвшөөрч, №02 дугаар Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын Протоколын огноо нь 2003.08.28-ны өдөр бус 18-ны өдөр бөгөөд Б.М надад компанийн хувьцааг эргэлт буцалтгүй шилжүүлсэн, Т.Дгийн нэхэмжлэл үндэслэлгүй, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. АД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2003.08.18-ны өдрийн №02 тоот Протокол-оор АД ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Т.Д хүсэлтийг үндэслэн түүний эзэмшлийн хувь хэмжээ болох 50 хувийн хувьцааны 49 хувийг ах Б.М эргэлт буцалтгүй шилжүүлж, үлдэх 1 хувийг эх Цэвгээ овогтой Тогтохбаярд эргэлт буцалтгүй шилжүүлж, Ц.Т, Т.Д  нар гарын үсэг зурсан.

АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003.08.18-ны өдрийн 02 дугаар гэрээнд: АД ХХК гэсэн нэр хэвээр байх, Хувь нийлүүлэгч Ц.Т, Хувь нийлүүлэгч Б.М гэж тодорхойлж, Хувь нийлүүлэгч Т.Д нь компанид эзэмших өөрийн хувь хэмжээг 2003 оны 08-р сарын 18-ний өдрийн хурлын 02 тоот протоколоор шийдвэрлэсний дагуу ах Б.М 49%-ийг, Ц.Т мөн 1%-ийг тус тус бүрэн шилжүүлснийг дурдаж, Ц.Тыг компанийн захирлаар томилж, үйл ажиллагаа эрхлэх хэлбэр, хугацаа хариуцлагын эрх зүйн үндэс, дүрмийн сан бүрдүүлэх талаар тусгаж, Хувь нийлүүлэгч иргэн: Ц.Т 51%, Б.М 49% гэж тодорхойлон, Ц.Т, Б.М нар гарын үсэг зурсан байна. /хавтаст хэргийн 11-12, 20 хуудас/

 

2. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг.

2003.08.18-ны өдрийн №02 тоот Протокол, АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003.08.18-ны өдрийн 02 дугаар гэрээ нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Харин нэхэмжлэгч хэлцэл, гэрээг үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тайлбарлаж байгаа тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

 

3. Нэхэмжлэгч тал, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээ: Т.Дгийн аав нас барснаар Т.Д нь сэтгэл санааны болоод бие махбодын хүнд нөхцөл байдалд орж Б.Мд хувьцааг шилжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурсан, АД ХХК нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос гаргасан Монгол даатгал компанийн төрийн эзэмшлийн хувьцааг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажиллагаанд оролцох зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нартай ажил хэргийн хурал уулзалтуудыг хийж байсан цаг үед Т.Д компанийг удирдах боломжгүй болсны улмаас Б.Мд 49% хувьцааг түр хугацаагаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

3.1. М.Т 2003.08.27-ны өдөр нас барсныг 2003.08.28-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд №02 тоот Протокол болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь 2003.08.18-ны өдөр хийгдсэн болох нь эдгээр баримтууд болон компанийн дүрэмд оруулсан өөрчлөлт, Т.Д, Ц.Т, Б.М нарын 2003.08.18-ны өдрийн Өргөдөл, АД ХХК-ийн захирал Ц.Тын 2003.08.29-ний өдрийн №2/145 тоот Бүртгэл хийлгэх тухай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа тул Т.Дгийн аав М.Т-г нас барсны дараа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 21, 20, 11-19, 155-166 хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б Протокол болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг бодитоор 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, Ц.Т, Б.М нарын хийсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээг компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийн хамт нотариатаар 2003.08.29-ний өдөр гэрчлүүлсэн байдал нь Т.Дг хувьцаагаа шилжүүлэх хүсэл зоригийг 2003.08.28-ны өдөр илэрхийлснийг нотлоход хамааралгүй байна. /хавтаст хэргийн 11-19 хуудас/

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б АД ХХК нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос гаргасан Монгол даатгал компанийн төрийн эзэмшлийн хувьцааг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажиллагаанд оролцох зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нартай ажил хэргийн хурал уулзалтуудыг хийж байсан цаг үед Т.Д компанийг удирдах боломжгүй болсны улмаас Б.Мд 49% хувьцааг түр хугацаагаар шилжүүлсэн гэх тайлбар нь үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл-ийн хүсэл зоригийн шинжид хамааралгүй бөгөөд уг тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 2004 оны 6 сард Их Британи улсын Омни Витингтон Инвестментс компани нь АД ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшигч болсон байна. /хавтаст хэргийн 186-227 худас/

 

4. Нэхэмжлэгч тал, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх үндэслэлээ: №02 тоот Протокол нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамааралгүй буюу хуулиар эрх олгоогүй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн, хувьцааг худалдах, бэлэглэх аль ч тохиолдолд бичгээр гэрээ байгуулан, хоёр тал гарын үсэг зурах ёстой байтал Б.М гарын үсэг зураагүй учраас хувьцааг шилжүүлэх баримт биш гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасны дагуу 2003.08.18-ны өдрийн №02 тоот Протокол-оор Т.Дгийн АД ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээ болох 50 хувийн хувьцааны 49 хувийг ах Булган овогтой Мөнхөөд эргэлт буцалтгүй шилжүүлэх, үлдэх 1 хувийг эх Цэвгээ овогтой Тогтохбаярд эргэлт буцалтгүй шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг, АД ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Т зөвшөөрч шийдвэрлэсэн. мөн Т.Дгийн энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг Булган овогтой Мөнхөө хүлээн авсан болох нь 2003.08.18-ны өдрийн 02 дугаар Хувь нийлүүлэгчдийн гэрээ, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлт, Т.Д, Ц.Т, Б.М нарын 2003.08.18-ны өдрийн Өргөдөл, АД ХХК-ийн захирал Ц.Тын 2003.08.29-ний өдрийн №2/145 тоот Бүртгэл хийлгэх тухай албан бичиг зэргээр тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бий ...бичгээр гэрээ байгуулаагүй, Протокол нь хувьцааг шилжүүлэх баримт биш гэх тайлбар үндэслэлгүй.

 

Мөн №02 тоот Протокол-оор 1999 оны Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй тул уг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5. Дээрхи үндэслэлүүдээр 2003.08.18-ны өдрийн №02 тоот Протокол, АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003.08.18-ны өдрийн 02 дугаар гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.Дгийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн АД ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. АД ХХК нь АД ХК болсон бөгөөд нэхэмжлэгч Т.Д нь АД ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн тодорхойлох боломжгүй гэж тайлбарласныг болон, нэхэмжлэгч Т.Дгийн АД ХХК-ийн 50 хувийн хувьцааны 49 хувийг Б.Мд, 1 хувийг Ц.Тт шилжүүлсэн 2003.08.18-ны өдөр №02 тоот Протокол болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр, бодитойгоор хэрэгжсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-д зааснаар 2003.08.18-ны өдрийн №02 тоот Протокол, АД ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2003.08.18-ны өдрийн 02 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Т.Дгийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн АД ХХК дахь 49 хувийн 49,000 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА