| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2022/00610/И |
| Дугаар | 181/ШШ2023/00544 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2023/00544
2023 02 10 181/ШШ2023/00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Н
Хариуцагч: Б.Д
Хариуцагч: Р.А,
Хариуцагч: Р.А нарт холбогдох,
Б.Дтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.Атай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.А, Р.Ам нарын хооронд байгуулсан 2022.05.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Р.А, Р.Ам нарт даалгах, Д.Нээс 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, Н.Э хариуцагч Д.Н, хариуцагч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Р.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Б.А, хариуцагч Р.Амгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд Ж.А, өмгөөлөгч М.Б, Н.Э нар гаргасан тайлбартаа: Б.Д нь 2017 онд эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 32-ын тойрогт айлын хашаанд амьдардаг байсан. Тэрээр БНСУ-д улсад ажиллахаар болсон тул танай байрыг худалдаж авах хүсэлтэй байна, байрны төлбөрийг БНСУ-д ажил хийж олсон мөнгөөрөө төлье гэх саналыг анх тавьсан. Уг саналыг миний бие эхнэр Б.О-тэй ярилцсаны үндсэн дээр зөвшөөрч Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот хаягт байрлах 66.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.Дт худалдахаар харилцан тохиролцсон. Мөн тухайн үед Б.Д нь манай байрыг худалдан авч байгаа тул өөрийн эзгүйд байранд эхнэрээ амьдруулах хүсэлт гаргахад бид мөн адил зөвшөөрч, байраа хүлээлгэн өгч, эхнэр хүүхдийг нь байрандаа оруулсан. Гэхдээ Б.Д нь байрны үнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд түүний гэр бүл манай байрыг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж суухаар тохиролцсон. Эхний сард 600,000 төгрөгийн хөлс төлбөр авсан.
Бид орон сууцаа Б.Дт нийт 90,450,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тэрээр төлбөрийг сар бүр 3,768,750 төгрөгөөр 24 сарын хугацаанд хувааж төлөхөөр болсон. Тухайн үед орон сууц Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан. Б.Д нь өөрөө БНСУ-д ажиллаж олсон мөнгөөрөө байрны мөнгийг төлөх байсан тул бид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж чадаагүй юм. Б.Д нь Солонгос улс руу явж 2017-09-25-ны өдрөөс эхлэн сард 2,000,000 төгрөгийг төлж эхэлсэн ба 2017.11.13-ны өдөр Монголд амьдарч байсан өөрийн эхнэр Д.Нээр дамжуулан гэрээ хийж, байрны төлбөрийг мөн адил өөрийн эхнэр Д.Нээр дамжуулан төлдөг байсан. Дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг нэг талаас орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгч манай эхнэр Б.О нөгөө талаас Б.Дийн эхнэр Д.Н нар 2017.11.13-ны өдөр байгуулсан.
Б.Д нь 2017.09.25-ны өдрөөс 2019.12.23-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн эхнэр Б.Нээрээ дамжуулан нийт 67,300,000 төгрөгийг миний эхнэр Б.Оийн дансаар шилжүүлсэн боловч анх тохиролцсон 24 сарын хугацаанд төлбөрөө бүхэлд нь төлж чадаагүй тул би үлдэгдэл төлбөрөө төлөхийг Б.Дээс шаардсан. Дээрх 67,300,000 төгрөгөөс 13,000,000 төгрөг нь Б.Д орон сууцны төлбөрийг төлж барагдуулах хүртэл хугацаанд түүний эхнэр хүүхэд манай байранд амьдарч байсан нийт 26 сарын хугацааны түрээсийн төлбөр юм. Ингээд Б.Д нь 2 жилийн хугацаанд түрээсийн төлбөр 13,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт 54,400,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэлээ төлөөгүй болно.
Гэтэл тэрээр Би БНСУ-д ажиллаж байгаа боловч энд ажиллаж амьдрах зардал, мөн Монголд байгаа гэр бүлийнхэндээ хэрэглээний мөнгө явуулахаас гадна танайд сар бүр 3,768,750 төгрөг төлөх ямар ч боломжгүй байсан тул манай байрыг авах мөнгөний ихэнхийг Р.А гэх хүнээс зээлж авсан. Гэтэл одоо танайх үлдэгдэл төлбөрөө нэхэж, Р.А надаас зээлдүүлсэн мөнгөө нэхэж байгаа учраас би танай байрыг авахаа больж, Р.А надад зээлдүүлсэн мөнгөн дээрээ орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөд танай байрыг авъя гэсэн саналыг тавьсан" талаар хэлсэн.
Ингээд удалгүй Б.Д нь "Р.А миний саналыг зөвшөөрч танай орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөд танай байрыг авахаар болсон талаар хэлснээр өмнө нь өгсөн 54,400,000 төгрөг Б.Дийн болон түүний эхнэр Б.Нийн мөнгө бус харин Р.Агийн мөнгө болохыг ойлгосон.
Миний хувьд орон сууцаа 90,400,000 төгрөг буюу зах зээлийн дундаж ханшнаас багаар худалдаж, төлбөрийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохиролцож нэгэнт 54,400,000 төгрөгийг авсан байсан тул Б.Д болон Р.А нар нь хоорондын зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй маргаанаа шийдвэрлэж Р.А үлдэгдэл төлбөрийг төлөөд авсан тохиолдолд татгалзах шаардлагагүй гэж үзэж Б.Дийн "Р.А авахаар болсон" гэх үгэнд итгэж Р.Атай үлдэгдэл 36,000,000 төгрөгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2019.12.02-ны өдөр байгуулж үлдэгдэл төлбөрөө авч, орон сууцаа шилжүүлэн өгсөн. Өмнө нь авсан 54,400,000 төгрөгийг гэрээний нийт үнээс хасч тооцон 36,000,000 төгрөгийг хүлээн авч, гэрээгээ 30,000,000 төгрөгөөр байгуулсан.
Өөрөөр хэлбэл. Б.Д нь Д.Нт сар бүр орон сууц худалдан авах төлбөрийг шилжүүлж, Д.Н нь Б.Дийн шилжүүлсэн мөнгийг миний эхнэр Б.Оээр дамжуулан надад төлж байсан. Эцэст нь Б.Д нь Д.Нт шилжүүлсэн мөнгөө Солонгос улсад ажиллаж байсан Р.Агаас зээлж төлдөг байсан болох нь түүний тайлбараар хожим тодорхой болсон бөгөөд тэрээр орон сууцны төлбөр болон зээлийн төлбөрөө аль алийг нь төлж чадахгүй нөхцөл байдалд хүрмэгцээ Р.Агаас зээлсэн мөнгөндөө тооцон миний орон сууцыг шууд шилжүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу Р.А нь надад орон сууцны төлбөрийн үлдэгдэл 36,000,000 төгрөгийг төлж орон сууцыг авсан.
Миний бие Б.Дт орон сууцаа худалдахаар тохирсон анхны хэлцлийнхээ дагуу түүний эхнэр Д.Нтэй болон Р.Атай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Гэтэл Б.Дийн эхнэр Д.Н нь манай эхнэр Б.О, Р.А болон надад холбогдуулж Р.А бид 2-ын дунд 2019.12.02-ны өдөр байгуулагдсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот хаягт байрлах 66.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох тухай шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Ж.А надаас 600,000 төгрөгийг, эхнэр Б.Оээс 67,300,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Уг шаардлагын хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэрээр надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.От холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба Давж заалдах шатны шүүх 2021.11.12-ны өдрийн 1637 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, агуулгын хувьд хэвээр үлдээсэн.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Б.Дийн эхнэр Д.Н болон миний эхнэр Б.О нарын хооронд байгуулагдсан 2017.11.13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Энэхүү үйл баримтаас дүгнэн үзэхэд манай гэр бүлийн 99,870,000 төгрөгөөр худалдан авсан орон сууцыг Р.А нь 36,000,000 төгрөгөөр худалдан авсан мэт нөхцөл байдал үүсч танил найз нөхөртөө өөрийн орон сууцыг худалдсаны хариуд миний бие хохирч үлдсэн бөгөөд үүнээс Р.А нь 67,300,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна.
Ийнхүү анхны аман хэлцэл буюу Б.Дтэй харилцан тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь хууль зөрчсөн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, энэхүү хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Р.Атай байгуулсан 2019.12.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг мөн адил хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг гаргаж байна.
Хоёр. Б.Дтэй анх харилцан тохиролцсоны дагуу тэрээр орон сууцны төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд Д.Н нь манай байрыг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж суухаар болсон. Тиймээс бид орон сууцаа 2017 оны 09 дүгээр сард Д.Нт хүлээлгэн өгсөн. Гэтэл Д.Н нь манай байрыг ашигласан хугацаанд буюу 2019.10 дугаар сараас хойш нэг ч төгрөгийг төлөөгүй бөгөөд орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд тэрээр манай байрыг хууль бусаар эзэмшиж, зардал хөлс хэмнэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм.
Тиймээс манай байрыг үндэслэлгүйгээр эзэмшиж, ашиласан хугацаандаа тохирох үнийг тэрээр төлөх үүрэгтэй тул анх Б.Дтэй тохиролцсон хэмжээгээр буюу сарын 500.000 төгрөгөөр тооцож 2017.10 дугаар сараас 2019.12 дугаар сар хүртэл нийт 26 сарын төлбөрт 13,000,000 төгрөгийг Д.Нээс гаргуулах хүсэлтэй байна.
Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн 2022-05-23-ны өдрийн 181 /Ш32022/07130 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот хаягт байрлах 66.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг хориглож шийдвэрлэсэн. Гэтэл Рэгзэн-Очирын Алимаа нь шүүгчийн захирамж гарахаас өмнө нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтийг мэдсэн даруйдаа буюу 2022-05-18-ны өдөр №0398 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Рэгзэн-Очирын Аминатай байгуулж, дээрх орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдсанаар 2022-05-24-ний өдөр Р.Ам уг орон сууцны өмчлөгч болсон байна. Р.Амгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь шүүгчийн 2022-05-23-ны өдрийн 181/11132022/07130 дугаар захирамж гарсаны маргааш өдөр буюу 2022-05-24-ны өдөр гарчээ. Р.А болон Р.Ам нарын хооронд байгуулагдсан 2022-05-18-ны өдрийн №0398 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Ж.А болон Р.А нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн хийгдсэн хэлцэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56.1.4, 56.1.10-т заасныг үндэслэн Р.Атай байгуулсан 2019-12-02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Р.А, Р.Ам нарын хооронд байгуулагдсан 2022-05-18-ны өдрийн №0398 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот хаягт байрлах 66.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг болон өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан өгөхийг хариуцагч Р.А болон Р.Ам нарт даалгаж өгнө үү.
Дээрхи үндэслэлүүдээр Б.Дтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.Атай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.А, Р.Ам нарын хооронд байгуулсан 2022.05.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Р.А, Р.Ам нарт даалгах, Д.Нээс 13,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Атой маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах аман хэлцэл байгуулагдаагүй тул Б.Дт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Д нь 2017 оны 01 сараас 2019 оны 11 сар хүртэл Солонгос улсад ажил хийж амьдарсан. Эхнэр Д.Н нь Б.Отэй гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол Да хүрээ гудамж, 47-р байрны 56 тоот орон сууцыг худалдаж авсан. Дээрх байрны үнэд нийт 67,300,000 төгрөгийг Б.От шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Р.Атай байгуулсан 2019.12.02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А, Б.О нар гэр бүлийн хүмүүс бөгөөд Б.Д бид хоёрт Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол Саруул тэнгэр хотхон 47-р байрны 56 тоот 3 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж сар бүр 2,500,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөгийг 2017.09.15-2019.09.25-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Д.Н нь гэрээнд заасан төлбөрийг сар бүр төлж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Алимаа гэх хэний ч танихгүй хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, бидний өөрийн худалдан авсан гэж ойлгож байсан байрыг өөр этгээдэд худалдаж, эрхийг шижлүүлсэн.
Тодруулбал, Ж.А нь дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж, бидний тус орон сууцанд оруулж, бидний мөнгийг хэрэглэж, ашиглаж байснаа өөр этгээдэд худалдсан нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангахгүй, миний бие үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
Тухайлбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан орон сууцаа өөрөө этгээдэд шижлүүлсэн шударга бус хандаж, хариуцагчийн өмчийг шударгаар олж авах эрхэд саад учруулсан үйлдэл юм.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар нэхэмжилсэн бөгөөд хууль тогтоогч бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан байхыг шаардах бөгөөд Ж.Аын эхнэр н.Оюунбилэг хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон, мөн шударга бусаар буюу хуульд зааснаас бусад арга хэрэгслээр хөрөнгийг олж авсан байхыг ойлгоно. Тодруулбал, дээрх үл хөдлөх хөрөнгийг орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах замаар талууд харилцаанд орсныг шударга бус аргаар олж авсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, 2019 оны 09 дүгээр сард шүүхийн шийдвэрээр атбадан чөлөөлсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагад хөлсөлсөн гэж дурдаж байгаа зэргээс харахад үндэслэгүйгээр хөрөнгөжсөн, эсхүл орон сууц хөлсны альнаар нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Р.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Б.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь Солонгос улсад амьдарч байхдаа Р.Агаас их хэмжээний мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө авъя гэхээр Б.Д нь төлбөрийн чадвар байхгүй. Мөнгөн шилжүүлгийг Д.Н аваад Б.Отэй байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 67,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Н, Б.О нарын хооронд байгуулагдсан гэрээг шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож Б.Оээс 67,300,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдлын үндэслээд Ж.А нэхэмжлэл гаргасан. Гэрээ бүхэн бие даасан бөгөөд эрхзүйн чадамжтай субъектүүдийн хооронд байгуулагдсан.
Ж.Аын Р.Атай байгуулсан 2019.12.02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хуулийн хүчин төгөлдөр. Өмнөх мөнгөн дүнд хамааралгүйгээр бие даасан шийдвэрээр харилцан тохиролцож байгуулсан, бусдын дарамт, төөрөгдөлд ороогүй. Орон сууцны үнийг 30,0 сая төгрөгөөр харилцан тохиролцож байгуулсан. Ж.Аын хувьд өмчлөх эрхээ улсын бүртгэлээр Р.Ад шилжүүлж, Р.А орон сууцыг хүлээн авсан.
Р.А нь өөрийн хууль ёсны өмчлөлийн хөрөнгийг Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж Р.Ам руу шилжүүлсэн. Р.Амтай байгуулсан гэрээ нь талуудын хувийн харилцаанд хөндлөнгөөс үл оролцох зарчмын үндсэн дээр Ж.Аод ямар ч хууль зүйн хувьд хамааралгүй. Р.А болон Р.Ам нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Р.А, Р.Ам хоёрын аль нэг нь гаргана.
Дээрхи гэрээнүүдийн аль аль нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4, 56.1.8, 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй тул Ж.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв
Хариуцагч Р.Ам шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 05 сарын 18-ны өдөр №0398 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан УБ хот БЗД 16-р хороо Да хүрээ гудамж 47 байр 56 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан. №0398 дугаартай Худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байгаа.
Гэтэл нэхэмжлэгч Ж.А миний орон сууц худалдан авахдаа байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэн, миний өмчлөлдөө авсан орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Тус орон сууцыг би хууль ёсны өмчлөгчөөс нь худалдан авсан. Өмнөх өмчлөгчийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон нөхцөл байдал байгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.10-т заасан үндэслэлээр №0398 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 110 дугаар зүйл 110.1-д заасны дагуу Р.Ам би үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэн өмчлөх эрх надад шилжсэн байгаа тул нэхэмжлэгчид орон сууц болон өмчлөх эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймээс нэхэмжлэгч Ж.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Р.Ам би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийн гэрчилгээ, 2019.12.02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2013.08.05-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн орон сууцны зээлийн барьцааны гэрээ, 2017.11.13-ны өдрийн зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 2595 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1637 дугаар магадлал, орон сууцны зарын зураг 2 хуудас, 2019.02.02-ны өдрийн Улаанбаатар хотын банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Д.Нээс Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 2595 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1637 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.15-ны өдрийн 3850 дугаар захирамж, 0368 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч Р.Агаас 2019.12.02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зураг, 2021.10.18-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ зэргийг нотлох баримаар гаргаж өгсөн.
Хариуцагч Б.Д, Р.Ам нараас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 47 дугаар байр, 56 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөрөнгийн хувийн хэрэг, Р.А, Р.Ам нарын төрөл садангийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020.12.16*ны өдрийн 3539 дугаар тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 3539 дугаар шийдвэр, гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.Н, Б.Д, Р.А, Р.Ам нарт холбогдуулан Б.Дтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.Атай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Р.А, Р.Ам нарын хооронд байгуулсан 2022.05.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Р.А, Р.Ам нарт даалгах, Д.Нээс 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Б.Дт орон сууцаа 90,450,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу эхнэр Б.О түүний эхнэр Д.Нтэй орон сууцны төлбөрийг сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах гэрээг байгуулсан, орон сууцаа хүлээлгэн өгч, орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл сарын 500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж байхаар тохиролцсон, 2 жилийн дараа Б.Д нь БНСУ-аас ирээд Д.Нийн төлсөн мөнгийг Р.Агаас зээлсэн, орон сууцны үлдэгдэл төлбөрийг Р.А төлж, орон сууцыг авна гэсний дагуу үлдэгдэл 36,000,000 төгрөгийг Р.Агаас авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж орон сууцны өмчлөх эрхийг Р.Ад шилжүүлсэн боловч Д.Н шүүхэд хандаж, 67,300,000 төгрөгийг буцаан гаргуулсан тул Р.Атай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, Р.А нь дүр үзүүлэн хүчин төгөлдөр гэрээг өөрийн дүү Р.Амтай байгуулсан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. Хариуцагч Б.Дт холбогдох, Б.Дтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд,
Хэрэгт авагдсан баримтаар Ж.А Б.Д нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул Ж.Аын Б.Дт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Хариуцагч Р.Ад холбогдох, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд,
Б.Д нь Ж.Аын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот хаягт байрлах 66.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авахаар ярилцсаны дагуу Б.Дийн эхнэр Д.Н нь Ж.Аын эхнэр Б.Отэй 2017.11.13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, Б.О нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлэх, Д.Н нь орон сууцны төлбөр 90,450,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 3,768,750 төгрөгөөр хэсэгчлэн төлөх, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд ордерыг Д.Нийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож, орон сууцыг Д.Нт хүлээлгэн өгч, Д.Н нь 2 жилийн хугацаанд 67,300,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн байна. /хавтаст хэргийн 9, 18-19, 41-98 хуудас, 2-р хавтаст хэргийн 57-66 хуудас/
Б.Д нь БНСУ-аас ирээд Ж.Атой уулзаж, эхнэр Д.Нийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг Солонгос улсад байхдаа Р.Агаас зээлж шилжүүлсэн, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй тул Р.А орон сууцны төлбөрийн үлдэгдлийг төлж орон сууцыг авна гэж хэлсний дагуу Ж.А нь Р.Атай 2019.12.02-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот 3 өрөө орон сууцны үлдэгдэл төлбөр болох 36,000,000 төгрөгийг бэлнээр авч, өөрийн Улаанбаатар хотын банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний зээлийн төлбөрт 2019.12.02-ны өдөр 18,489,570 төгрөгийг төлж, зээлийг хааж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, Р.Ад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 10-17, 125-126 хуудас, 2-р хавтаст хэргийн 42 хуудас/
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.03-ны өдрийн 101/ШШ2021/02595 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1637 дугаар магадлалаар Б.О, Д.Н нарын 2017.11.13-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот 3 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн Д.Нийн орон сууцны төлбөрт төлсөн 67,300,000 төгрөгийг Б.Оээс гаргуулж Д.Нт олгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 87-98 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу Б.О, Д.Н нарын хооронд байгуулагдсан 2017.11.13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан Ж.А, Р.А нарын хооронд байгуулагдсан 2019.12.02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Хариуцагч Р.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Ж.А, Р.А нарын хооронд байгуулагдсан 2019.12.02-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээг 2017.11.13-ны өдрийн гэрээтэй холбоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот 3 өрөө орон сууцыг 2017.11.13-ны өдөр 1мкв нь 1,350,000 төгрөгөөр бодож, 90,450,000 төгрөгөөр худалдсан бөгөөд 2019 онд 30,000,000 төгрөгөөр Р.Ад худалдсан гэж үзэх боломжгүй, зах зээлийн үнээс хямдаар Р.Ад худалдах болсон нөхцөл байдлыг хариуцагч Р.А нотлоогүй. Мөн Р.А нь Б.Дт БНСУ-д байхад нь мөнгө зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Б.Дийн оролцоогүйгээр Ж.Атой орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан болохоо нотлоогүй тул нэхэмжлэгч Ж.Аын Д.Нийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг хасч, Р.Агаас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 36,000,000 төгрөгийг хүлээн авч орон сууцы өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.
3. Хариуцагч Р.А, Р.Ам нарт холбогдуулан гаргасан Р.А, Р.Ам нарын хооронд байгуулсан 2022.05.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Р.А, Р.Ам нарт даалгах шаардлагын тухайд,
Р.А нь Р.Амтай 2022.05.18-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот 3 өрөө орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож, Р.Амд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлжээ. /хавтаст хэргийн 167, 188-191 хуудас/
Хариуцагч Р.А нь хариуцагч Р.Амгийн эгч болох нь садан төрлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 19-20 хуудас/-гаар тогтоогдож байгаа бөгөөд Р.А нь Ж.Аыг орон сууцаа буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад орон сууцны өмчлөх эрхийг өөрийн төрсөн дүү Р.Амд шилжүүлсэн, гэрээнд зах зээлийн бодит бус үнийг тусгасан, Р.А нь С.Мөнхтогоод орон сууцыг түрээслэсэн /хавтаст хэргийн 129-130 хуудас/ байгаа бөгөөд Р.Амд орон сууцыг бодитоор хүлээлгэж өгөөгүй, Р.Ам нь орон сууцны үнэ болох 45,000,000 төгрөгийг бодитойгоор төлсөн болохоо нотлоогүй тул эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Р.Агийн Р.Амтай байгуулсан 2022.05.18-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан Дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу Ж.Аын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Р.А, Р.Ам нарт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот, 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг Ж.Аод буцаан шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй байна.
4. Хариуцагч Д.Нт холбогдох, орон сууцны түрээсийн төлбөрт 13,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч Ж.А нь орон сууцны төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд Д.Н нь манай байрыг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж суухаар тохиролцсон гэх үндэслэлээр 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх нийт 26 сарын төлбөрт 13,000,000 төгрөгийг Д.Нээс гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Д.Н нь орон сууцыг худалдан авахаар тохиролцож, үнийг төлөх явцдаа орон сууцанд амьдарсан байх бөгөөд Ж.А, Д.Н нарын хооронд орон сууцыг сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж суухаар тохиролцсон буюу талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Ж.Аын Д.Нээс 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгтийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн хангагдсан хэсэгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.2-д зааснаар Ж.Аын Р.Атай 2019.12.02-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Р.Агийн Р.Амтай 2022.05.18-ны өдөр байгуулсан Худалдах худалдан авах гэрээ-нүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Р.А, Р.Ам нарт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо,16-р хороолол, Да хүрээ гудамж, 47 байр 56 тоот, 3 өрөө орон сууцыг Ж.Аод хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгасугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Аын Б.Дт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Д.Нээс 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,624,050 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А, Р.Ам нараас 690,900 /зургаан зуун ерэн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Аод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.