| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00155/И |
| Дугаар | 154/ШШ2021/00202/И |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00202/И
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын харьяат,1987 оны 05 дугаар сарын 27-нд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг-нуур багт оршин суух, ПИ87052703 дугаар регистртэй, Хорлоо овогт Н. С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга ажилтай, Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, ПМ75102911 дугаар регистртэй, Барга овогт Ж. М-т холбогдох Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н. С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, гэрч М.М, П.Т, П.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдон хөдөлмөрийн гэрээний дагуу албан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2021 оны 07 сарын 26-ны өдөр Цэцэг сумын Засаг дарга Ж. М А/96 дугаартай “Ажлаас халах” захирамж гаргаж намайг үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, ажлын байранд архидан согтуурсан, удаа дараа архидалт зохион байгуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр ажлаас халахаар шийдвэрлэсэн. Энэ захирамжийг би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан. Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж ирсэн бөгөөд хэзээ өгсөн, ямар үүрэг даалгавруудыг биелүүлээгүй нь тодорхой бус ба энэ талаар ямар ч баримт байхгүй,
Ажлын байран дээр огт архидан согтуурч байгаагүй, архидалт зохион байгуулж байгаагүй ба энэ асуудлаар буруутгаж буй нь илт үндэслэлгүй, баримтгүй болно.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн нь ямар зөрчлүүд хэзээ гаргасан нь ойлгомжгүй, ямар хууль, журам, хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй тул мөн л илт үндэслэлгүй, баримтгүй гэж үзэж байна.
Ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахын тулд ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөрчил гаргагчийн тайлбарт үндэслэн шийдвэр гаргах ёстой байхад зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоолгүйгээр үзэмжээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь хэсгийг үндэслэсэн ба уг 48 дугаар зүйл нь ”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” асуудлыг зохицуулсан хуулийн заалт бөгөөд миний эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал учир төрийн жинхэнэ албан хаагчид хамаардаггүй. Иймд дээрх хуулийн заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд уг заалт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэх заалт тул мөн л хууль хэрэглээний алдаатай захирамж гэж үзэхээр байна.
Ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн аль нэг хэсгийг баримтлах ёстой байхад баримтлаагүй нь буруу бөгөөд чухам яг ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхой бус тул Хөдөлмөрийн тухай хуультай нийцэхгүй гэж үзэж байна.
2012 оны 06 сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас гаргасан “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” зөвлөмжийн 3.1 дэх хэсэгт “Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм” гэжээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан. Гэтэл аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөхгүйгээр ажлаас халсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай” Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
...Манай суманд 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ковидын тохиолдол бүртгэгдсэн. Би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 14 хоног улаан бүсэд ажилласан. Үүний дараа гэрийн тусгаарлалтанд 7 хоноод ажилдаа ороход надад мэдэгдэхгүйгээр ажилаас халсан. Халсан тушаалтай хамт сонсох хуудас ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гандөш шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н. С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ёс зүйн зөрчил гаргаагүй, ажил дээр удаа дараалан архидан согтуураагүй, ажил байдлын алдаа зөрчил гаргаагүй гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.
Н. С 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр короновируст цар тахлын улаан бүс болсон Цэцэг сумын эрүүл мэндийн төв дээр архидалт зохион байгуулж архидан согтуурсан. Тухайн өдрийн ирсэн дуудлагад хүрч үйлчлэлгүй ард иргэдэд хүндрэл чирэгдэл учруулсан. Цэцэг суманд Короновируст халдварт цар тахлын онцгой үед сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/93 тоот захирамжийн дэглэмийг зөрчиж улаан бүсийн объект болсон эрүүл мэндийн төв байгууллагаараа чанга дуугаар хөгжим тавин, нэг дор олон хүн цуглуулж архидан согтуурсан. Удирдлагын хариуцлаггүй байдлын улмаас тухайн байгууллага дээр дээрх нөхцөл байдал бий болсон.
Ард иргэдээс ирсэн дуудлагад хүрч үйлчлэлгүй эрдэнэт Монгол хүний амь эрсдэж байсан удаатай. Короновируст халдварт цар тахлын шинжилгээг ард иргэдээс 25000 төгрөгний үнэ төлбөртэй авсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Дээр дурьдсан алдаа дутагдлыг нэхэмжлэгч Н. С удаа дараа гаргасан тул ажлаас халах хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
... Н. С эмчийг улаан бүсээс гараад тусгаарлалтанд байх хугацаанд нь сонсох ажиллагаа явуулах боломжгүй байсан. Утсаар холбогдож мэдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 26-нд сонсох ажиллагааны мэдэгдлийг өөрт нь гардуулж өгсөн.2021 оны 07 дугаар сарын 26-нд сонсох ажиллагаа явагдсан. Ажлаас халсан захирамж 2021 оны 07 дугаар сарын 24-нд гарсан. Захирамжид ажлаас халсан үндэслэлийг тодорхой дурьдсан байгаа. Мөн 2021 оны 07 дугаар сарын 12-нд архидалт болсныг нотлосон баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т ...төрийн албанаас халах зохицуулалт байх ба энэ нь төрийн жинхэнэ алба хаагчид хамаарах ойлголт юм. Харин сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нь төрийн үйлчилгээний албан тушаал байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д ...сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй талаар заажээ. Үүнээс харахад уг захирамж гаргах процесс нь хууль зөрчсөн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг захирамж 2021 оны 07 дугаар сарын 24-нд гарсан гэдгийг тайлбартаа хэлсэн байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3-т Сумын эрүүл мэндийн төвийн даргыг аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж чөлөөлнө гэж заасан байна. Иймд уг захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх саналтай байна” гэв.
Гэрч М.Мөнх-цэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Солонго эмч өглөө нь улаан бүсээс гараад гэртээ байсан. Манай сумын Тамгын газрын дарга, Гунгааням нар бичлэг хийсэн. Тэр өдөр баярын өдөр байсан тул манай ажилчид ногоон бүсдээ хорхог хийж идсэн. Тэр үйл ажиллагаанд Солонго эмч өдөр нь ирчихээд явсан...” гэв.
Гэрч П.Түвшиндэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би Цэцэг сумын эрүүл мэндийн төв дээр байсан. Тэр өдөр улсын баярын өдөр байсан. Эмнэлэг дотроо ярьж байгаад баяраа цомхон тэмдэглэж хорхог хийж идсэн. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Үйл ажиллагаанд эрхлэгч эмч Солонго байгаагүй...” гэв.
Гэрч П.Гунгааням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Цэцэг сумын эрүүл мэндийн төв дээр Хөшөөт багаас дуудлага ирлээ гэж Засаг дарга хэлсэн. Тамгын газрын даргыг очиж аваад эмнэлэг дээр очиход тэнд хэдэн хүмүүс байсан. Хөгжим дуугарч ганц нэг хүмүүс согтуу байсан. Тамгын газрын дарга бичлэг хийсэн. Солонго гэртээ байсан. Тамгын газрын дарга Солонго эмчтэй гэрт нь очиж уулзсан. Эмнэлгийн гадна Хөшөөтийн хүмүүс үзүүлмээр байна гээд зогсож байсан” гэв.
Нэхэмжлэгч Н. С , түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гандөшийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. С тус шүүхэд Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гандөш нь нэхэмжлэгч Н. С 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Короновируст цар тахалын улаан бүс Цэцэг сумын эрүүл мэндийн төв дээр архидалт зохион байгуулж, архидан согтуурсан, тухайн өдөр ирсэн дуудлагад хүрч үйлчлэхгүй, ард иргэдэд чирэгдэл учруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халагдсан буюу буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н. С нь Засаг дарга Ж. М ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах” тухай захирамжийг хүчингүй болгуулах гомдлоо 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.
Нэхэмжлэгч Н. С нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ж. М той хөдөлмөрийн гэрээ байгуулж тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан болох нь тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ж. М нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дэхь хэсгийг тус тус үндэслэн Ховд аймгийн Цэцэг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Н.С-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай учраас шүүхээс хөдөлмөрийн гэрээ цуцалсан захирамж, тушаалын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино гэж хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой тусгасан байна.
Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ж. М ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах тухай” захирамж нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлага хангаагүй, захирамжийн үндэслэл болсон хуулийн заалтууд нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирохгүй, мөн Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Уг тушаалын үндэслэлд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсгийг тус тус баримталжээ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ... Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана..., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т ...төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн хэлбэрийг хуульчилсан зохицуулалт байна.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалыг зохицуулсан бөгөөд 14.1.2-т ...боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалыг хамруулахаар заажээ. Хуулийн энэ зохицуулалтаар сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд Төрийн албаны ангиллыг заасан бөгөөд төрийн захиргааны алба, төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэж хуульчилсан бөгөөд төрийн жинхэнэ албанд төрийн үйлчилгээний албан тушаал хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт ...Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулж болохгүй.. гэж заасан байх ба дээрх хуулийн заалтууд нь ажлаас халах захирамжийн үндэслэлтэй нийцэхгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.С-ыг Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон тул тэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлсэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор.. олгоно”, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч Н. С д цалин олгох хүснэгтийг үндэслэн тооцоход сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар /гарт олгох/ тооцвол (1.193.673+ 1.193.673+ 799547)/3=1.062.297 төгрөг, ажлын нэг өдөрт ноогдох цалин хөлсний дундаж 1.062.297/21,5=49409 төгрөг байна. Иймд ажилтаны ажилгүй байсан нийт хугацаанд олгох нөхөх олговорт ажлын 47 өдрийн цалин буюу (49409 х 47 ажлын өдөр) = 2.322.223 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.С-ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2.322.223 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл байх тул Н.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 2.322.223 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 52106 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, Н.С-ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Н. С д ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.322.223 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун хорин гурван/ төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Цэцэг сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 52106 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ