| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2017/0057/Э |
| Дугаар | 161/ШЦТ2017/00049 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 161/ШЦТ2017/00049
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
орчуулагч А.Е,
улсын яллагч М.О,
хохирогч А.Р, О.А,
хохирогчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А,
шүүгдэгчид К.Т, М.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Т, М.А нарт холбогдох 2017********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч К.Т: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, У овогт Кгийн Т, 1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа, шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:********.
2. Шүүгдэгч М.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт Мы А, 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа, шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:********
Шүүгдэгч К.Т, М.А нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч К.Т нь эр, эмийн хардалтын улмаас 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байрлалтай иргэн Бын хашаанд өөрийн эхнэр А.Рыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн тухайн үед А.Ртай бэлгийн харьцаанд орж байсан О.Аыг хүргэн хүү М.Атой бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
- шүүгдэгч М.А нь хадам ах К.Ттой бүлэглэж 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байрлалтай иргэн Бын хашаанд А.Ртай бэлгийн харьцаанд орж байсан О.Аыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би А.Ртай 2011 онд гэр бүл болсон. Түүнээс хойш 6 жил амьдарсан. К, К гэдэг 2 ихэр, А гэдэг охин, нийт 3 хүүхэдтэй. Бид эцэг эх, дүү нарын хамт амьдардаг байсан. Би зун байшин барьж, өвөл нь такси хийдэг ажилтай. Эхнэр маань тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг байсан. Би эхнэрээ 2016 оны 06 дугаар сард Данеско хуримын ордонд тогоочоор ажилд оруулсан. Эхнэр маань ажилд орсны дараа эвдэрч шөнийн 02:00-03:00 цагт ирдэг болсон. Мөн надад тусдаа амьдаръя гэж хэлдэг болсон. Би айлын ганц хүүхэд тул эцэг эхээсээ тусдаа амьдрахыг хүсээгүй. Эхнэрийн ээж, эгч хоёр нь бидэнд та нар тусдаа амьдраарай гэж хэлдэг болсон. А.Р 2017 оны 03 дугаар сард тусдаа амьдарч эхэлсэн. Тэрээр эхнэр маань хаана амьдарч байгаа надад мэдэгдээгүй, 3 хүүхэдтэйгээ хамт тусдаа амьдарсан. 1 сар гаруй тусдаа амьдарсны дараа над руу залгаж “чи миний хаана амьдарч байгааг мэдэхийг хүсэж байна уу” гэж хэлсэн. А.Р 2017 оны 4 дүгээр сарын 20-ний шөнө 22 цагийн үед над руу утастаж “чи миний байгаа газар ирэхийг хүсвэл ирээрэй” гэж хэлсэн. Би хүргэн лүүгээ залгаж түүнийг дуудаж хамт 23 цагийн үед А.Ры гэрт очсон. Би очоод гэрт эрэгтэй хүн байсныг мэдсэн. Цонхоор харахад 3 хүүхдийг маань нэг оронд хэвтүүлсэн байсан ба 2 хүүхэд маань унтсан, 1 хүүхэд маань сэрүүн байсан. Өөрөө газар ор засаад хөнжил дотор хэвтэж байсан. Би байшингийн хаалгыг татахад онгойлгоогүй тул цонхыг хагалж дотогш орсон. Би цонхоор орж уурандаа эхнэрээ цохисон маань үнэн. Тэр үед О.А, А.Р хоёулаа нүцгэн байсан. О.А шууд зугатаад гадаа гарах гэхэд би М.Ад наадхаа барьж аваарай гэж хашхирсан маань үнэн. Би түүний араас очиж хоёулаа нийлж зодсон маань үнэн. Би эхнэртээ юу хийгээд байна вэ гэхэд чамд хамаагүй гэж хэлсэн. Би тухайн өдөр би 3 хүүхэд, эхнэрээ дагуулаад гэртээ аваачсан. Тэр үед миний эцэг эх “нэг удаа алдсан байх уучлаарай” гэж хэлсэн. Бид хүүхдүүдийн хамт 3 хоног сайхан амьдарсан. Дараа нь А.Ры ээж нь ирээд “ийм зүйл байж болохгүй, чамаас охиноо салгаж авна, тэр хүнтэйгээ нийлнэ” гээд эхнэр, хүүхдүүдийг минь аваад явсан. Түүнээс хойш хүүхдүүд маань Даянд байгаа. О.А надад “чиний эхнэр чинь зөвхөн надтай явалддаггүй, Серикжан, Жонха гэдэг хүмүүстэй бас явалддаг юм байна, ер нь бол эвдэрсэн хүн” гэж хэлсэн. Түүний хэлсэн зүйл нь миний гар утсанд бичээстэй байгаа. Д.А “би зөвхөн тухайн өдөр очоогүй, ер нь орж гараад түлээ түлш зэрэгт нь туслаад байдаг байсан” гэж хэлсэн. Би эхнэртээ үүнээс хойш зөв амьдаръя, хүүхдүүдээ болон амьдарлаа бодоод нэг нэгнээ уучилцгаая гэж хэлмээр байна. Би хохирлоо төлж өгсөн. 200000 төгрөг төлж өгөх үлдсэн ба түүнийг төлж өгөхөө илэрхийлж байна. Залуу хүмүүс учир 3 хүүхдээ бодож сайхан амьдаръя. Намайг уучлаарай” гэв.
- Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би тухайн өдөр 23:30 цагийн үед унтаж амрах гэж байсан. Хадам ах над руу утастсан. Надаас эхнэр, хүүхэд дээрээ очоод ирье гэж гуйсан. Би машинаараа очсон. А.Ры гэрийн гадна ирэхэд эрэгтэй хүний дуу сонсогдож байсан. Хадам ах шууд цонх хагалаад орсон. Тэр үед гэрт шуугиан гарсан. Тэр үед нэг хүн гараад ирсэн ба тэр хүнийг 2-3 удаа цохисон маань үнэн. Дараа нь А.Раас уучлалт гуйгаад тэд хоорондоо эвлэрээд гэртээ аваачсан. Маргааш нь О.Атай уулзаж эвлэрээд асуудал дууссан байсан” гэв.
- Мөн шүүх хуралдаанд: Хохирогч А.Р, О.А нарын мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт, 539 дугаартай өвчний түүх, гэрч Т.А, Х.С, А.К, Х.Ж, Ж.Б нарыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч К.Т, М.А нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.Т нь эр, эмийн хардалтын улмаас 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байрлалтай иргэн Бын хашаанд өөрийн эхнэр А.Рыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн тухайн үед А.Ртай бэлгийн харьцаанд орж байсан О.Аыг хүргэн хүү М.Атой бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
- шүүгдэгч М.А нь хадам ах К.Ттой бүлэглэж 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багт байрлалтай иргэн Бын хашаанд А.Ртай бэлгийн харьцаанд орж байсан О.Аыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч К.Т хохирогч А.Рыг цохьсон гэх ус буцалгагчийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Хохирогч А.Ры мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 04 сарын 20-ны өдөр миний түр оршин сууж байгаа байшинд би өөрийн танил Р.А гэгчийн дуудан ирүүлж тэгээд бид хоёр манайд хоол унд идээд орой 23:00 цагийн үед бид хоёр гэрэл унтрааж хүүхдүүдээ унтуулаад тэгээд оронд орж бэлгийн харьцаанд орж байх үед гэнэт манай байшингийн цонхыг гадна талаас миний нөхөр К.Т шууд хагалж байшинд нэвтэрч орж ирсэн. ...Т шууд намайг ус буцалгагчаар миний зүүн талын нүдэнд цохиж авсан. Тэр үед А хаалга руу гүйж гарах гэж байтал гадаа байсан М.А Аыг барьж авч нүд рүү нь нэг удаа цохиж, гарыг нь мушгиж унагааж тэгээд Т тэр хоёр Аыг бүлэглэж өшиглөж зодсон байсан. Удалгүй Т гэрт орж ирээд намайг хөлөөрөө баруун зүүн гуя руу өшиглөж зодсон. Тэгээд би гэрээс зугтаж гарсан. Тэр үед Т миний араас гүйж ирээд замд намайг барьж аваад үснээс минь зулгааж чирсээр байгаад гэрт оруулж ирсэн. Гэрт оруулж ирээд Т намайг цээж рүү минь хөлөөрөө өшиглөж авсан би тэр үед хойшоо савж газарт унасан. ... Т одоогийн байдлаар ямар нэгэн хохирол барагдуулж өгөөгүй, энэ хэргээс болж надад 500000 төгрөгийн хохирол гарсан байгаа. Үүнийг би Таас нэхэмжлэх болон бусад асуудлыг хуулийн дагуу шийднэ биз. Өөр надад хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчийн хөлс гэж 300000 төгрөг мөн компьютер томограф болон бусад эмнэлгийн ор хоног гэж нийт 500000 төгрөг гарсан байгаа. Үүнийг л би нэхэмжлэх болно. Надаас Т одоо хүртэл уучлалт гуйгаад ирээгүй байгаа би гомдолтой байгаа, хэргийг шүүхээр шийдүүлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 41-45 дугаар хуудас/,
- Хохирогч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Эхлээд Т цонхоор орж ирээд шууд Рыг зодож өшиглөж ус буцалгагчаар толгой тус газар цохиж аваад тэгээд над руу дайрсан үед би гадаа зугтаж гараад ирсэн чинь миний урдаас гадаа байсан А миний баруун талын нүднээс харанхуйд хатуу юмаар тас хийтэл цохиж би газарт унасан ба тэр үед Т тэр хоёр нийлээд намайг толгой тус газар болон биеийн ар нуруу хэсгээр өшиглөж зодсон юм. ... миний хохирлыг барагдуулж өгсөн байгаа. Одоо надад тэр хоёроос нэхэмжлэх ямар ч зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 151 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Гэрч Х.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тын өнгөрсөн жилээс эхэлж өөр хүүхэнтэй болж, түүнээс болж энэ хоёр хэрүүл маргаан хийж эхэлсэн. ... Р манайхаас яваад тустай гараад 3 хүүхдийн хамт амьдарч байсан дунд нь хэд хэдэн удаа гэрт авч ирж мөнгө төгрөг хүүхдүүдийн хувцас хунарыг нь авч өгч байсан. Тэгээд нэг өдөр Тын Рыг өөр хүнтэй байхыг харсан ба түүнээс болоод зодож цохиж хэрэг гарсан байлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тын Рыг дагуулж авсан манай гэрт ирсэн. Охин маань том нүдний шил зүүсэн сууж байсан. Тэгээд би Т ыг чи явж бай гэж хэлээд түүнийг явуулаад, охиноо авч үлдэж нүдний шилийг нь авсан чинь нүд нь хөх няц болсон сууж байсан. Тэгээд Тын намайг зодов гэж болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн. Тэгээд би охиноо эмнэлэгт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч К.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн үед Р өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байх үед би үйлдэл дээр нь гардаж авч тэгээд түүнийг зодож гэмтэл учруулсан минь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэд хэдэн удаа өшиглөж, үснээс нь зулгааж зодсон үнэн. Харин Аыг А бид хоёр гадаа бүлэглэж өшиглөж, дэвсэж зодсон түүний бас хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 101-107 дугаар хуудас/,
- Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тэр өдөр Ттай бүлэглэж О.Аыг зодож гэмтэл учруулсан минь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа, намайг тэр өдөр Т дуудаж тэгээд би очсон, тэнд очиж хэсэг ажиглаж байгаад Т цонхыг хагалж дотогшоо орж Рыг зодож, тэгээд А руу дайрсан. Тэр үед А гадаа зугтаж гарч ирэх үед би түүнийг гарыг нь мушгиж байгаад унагааж авсан, тэр хороонд Т гарч ирээд бид хоёр түүнийг нийлж өшиглөж зодсон юм. Би хэд хэдэн удаа Аын ар нуруу хэсгээс нь өшиглөж мөн нэг удаа анх гарч ирэх үед багалзуурдаж авсан юм. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа дахин ийм хэрэг хийхгүй, хийсэн хэрэгт гэмшиж байгаа” гэх мэдүүлэг / хх-ийн 109-113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас К.Т, М.А нарт холбогдох үйлдлийг хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуучин Эрүүгийн хууль хүчингүй болж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч К.Т, М.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч К.Т, М.А нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1/, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч К.Таас 200.000 төгрөг гаргуулан хохирогч А.Рд олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Аын “Ниссан нотө” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Ты эзэмшлийн “Корса” маркийн хуучин задалсан тээврийн хэрэгсэл, “Самсунг” маркийн өнгөт зурагт зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчийг хохирогч А.Рд буцаан олгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол К.Т, М.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хэргийн хамт шүүгдэгч К.Ты гадаад паспорт 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, шүүгдэгч М.Аын иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Т, М.А нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Кгийн Т, Х овогт Мы А нарыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Кгийн Тыг 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Мы Аыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч К.Т, М.А нар нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Таас 200000 төгрөг гаргуулан хохирогч А.Рд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Аын “Ниссан нотө” маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Ты эзэмшлийн “Корса” маркийн хуучин задалсан тээврийн хэрэгсэл, “Самсунг” маркийн өнгөт зурагт зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ус буцалгагчийг хохирогч А.Рд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол К.Т, М.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч К.Ты гадаад паспорт 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, шүүгдэгч М.Аын иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК