Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00722 дугаар шийдвэртэй, Л.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-т холбогдох 30 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д-, өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Д-гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.М- нь манай бэр байсан бөгөөд тэрээр дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тухайн үед ээжээ би дэлгүүрээ тоолж өгөх гээд байна, надад мөнгө дутаад байна, та надад 20 000 000 төгрөгийг аваад өг, 15 000 000 төгрөгийг нь би буцаагаад өгнө, 5 000 000 төгрөгийг нь би хэрэглэж байгаад Солонгос руу явахад өгнө гэж хэлсэн. Би тус хадгаламж зээлийн хоршоонд 10 гаран жил гишүүн нь байсан болохоор би нөхрийнхөө нэр дээр байдаг хашаа байшинг барьцаалаад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээл аваад Ц.М-т өгсөн. Ингээд Ц.М- хоршоонд зээлийн хүүгээ төлөөд л явж байсан боловч үндсэн зээлээс 1 400 000 төгрөг л хасагдсан байсан. 20 000 000 төгрөгийн 4 хувийн хүү гэдэг нь сард бараг 800 000 төгрөг болж байсан. Ц.М- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зөвхөн хүүгээ төлж байгаад хаяад алга болсон. Тэгээд гадаадад явж байгаа гэсэн сураг гарсан бөгөөд үүнийг нь би өөрийнх нь фэйсбүк дээр далай дээр авхуулсан зураг тавьсан байхаар нь мэдсэн. Гэтэл хадгаламж зээлийн хоршооноос байрыг чинь хураана, хугацаа дууслаа, үндсэн зээлнээс 1 400 000 төгрөг, хүүнээс 12 100 000 төгрөг төлөгдсөн байна, одоо үндсэн зээлд 18 000 000 гаруй төгрөг үлдсэн байна гэж шаардсан. Би хариуцагчийг төлчих болов уу гээд их харж, хүлээсэн. Гэвч өөр нөхөртэй болоод өөрийн 2 хүүхдийг хаяад алга болсон хүн. Би аргагүйн эрхэнд орох оронгүй болох гээд байна. Би нөхөртэйгээ, Ц.М-ийн хаяад явсан 2 хүүхэдтэй нь хамт бид нар одоо гудамжинд гарах болоод байна. Хадгаламж зээлийн хоршооноос 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр тооцоход нийтдээ зээл болон хүүд 30 800 000 төгрөг гэсэн тооцоог өгсөн. Энэ мөнгөний тооцоон дээр маргаан байхгүй. Энэ мөнгийг хариуцагч Ц.М- авч хэрэглэсэн, би нэг ч төгрөг хэрэглээгүй учраас хадгаламж зээлийн хоршоонд төлөх зээл, зээлийн хүүд 30 800 000 төгрөгийг хариуцагч Ц.М-ээс гаргуулж өгнө үү. Тухайн үед Ц.М-тэй зээлийн хүү тооцож төлүүлнэ гэсэн гэрээ хийж байгаагүй, өөрсдөө авсан нь үнэн юм чинь хүүтэй нь төлөх ёстой гэжээ.

 

Хариуцагч Ц.М-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хадам ээжээс зээлж авсан. Өмнөх зээлийн үлдэгдэлд хүнээс авч төлсөн байсныг авсан хүндээ буцааж 5 000 000 төгрөгийг төлсөн. Тэгээд өөрийнхөө “ХААН банк” ХХК-ийн дансанд хийсэн. Гэхдээ нэхэмжлэгч энэ бүх мөнгийг намайг ганцаараа авсан гээд байгаа юм. Би энэ мөнгөнөөс нөхөр буюу нэхэмжлэгчийн хүүхэдтэй нь хамт Солонгос улс руу явах гээд дансанд байлгах барьцаанд тус бүр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэвч 2016 оны 9 дүгээр сарын дундуур миний виз гараагүй, харин нөхрийн виз гарсан. Зээл авснаас хойш би энэ мөнгийг чадлаараа төлсөн, би ганцаараа хэрэглээгүй. Нөхөр надад ямар ч дэмжлэг болохгүй байхад би олон юм ярилгүй, ядаж хадгаламж зээлийн хоршооны хүүг нь өгөөд явъя гээд төлж байсан. Би өөрийн дансанд байршуулсан байсан 5 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг нь авч юань болгож нөхөр Лхагвасүрэнгийн Солонгос улс явах бэлтгэлийг хангасан. Тэр нь миний дансны хуулга дээр байгаа. 2016 оны 10 дугаар сарын 01-нд Б.Л Солонгос руу явахад нь дахиад 2 500 000 төгрөгийг данснаас авч 1 000 000 вон болгоод өгч явуулсан. Гэтэл хил дээрээс буцаад ирсэн. Нөхөр - нь таксинд явдаг ажил хийдэг нэртэй боловч ямар нэгэн цалин мөнгө гэж надад өгч байгаагүй. Тэр дэлгүүрийг би 2015 онд түрээсэлж байсан бөгөөд 2016 оны 08 сард ажиллуулахаа больсон. Дэлгүүрийн үйл ажиллагаа энэ мөнгөтэй ямар ч хамааралгүй. Хадам ээжээс зээлсэн 15 000 000 төгрөгийг зөвхөн Солонгос руу явахад зарцуулсан. Миний 5020945421 гэсэн дансны хуулганаас харахад 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл би нэхэмжлэгчийн төлөх ёстой хадгаламж зээлийн хоршооны 5011047543 тоот данс руу 11 032 000 төгрөгийг төлсөн байсан. 14 100 000 төгрөг төлсөн гэж хадгаламж зээлийн хоршоо тооцоо өгсөн байна, надад хуулга өгөхгүй тул би тодорхой тооцоо хийж чадаагүй. Би авсан 20 000 000 төгрөгийг хангалттай төлсөн гэж үзэж байна. Намайг 2 хүүхдээ хаяад явсан гэж байна, үнэндээ гэр бүлийн хүчирхийллээс болж салсан. Намайг нөхөр маань их зоддог, элдэв үгээр доромжилдог. Ажил дээр байхад хүртэл ирж дарамтлан ажил хийх аргагүй болгож, би ажлаасаа гарч байсан. Ингээд ажил хийж мөнө олох зорилгоор гадагшаа явсан. Одоог хүртэл намайг 2 хүүхэдтэй минь энэ нэхэмжлэгч болон нөхөр маань уулзуулдаггүй. Сарын өмнө 2 хүүхэдтэйгээ уулзаж очоод энэ хүнд зодуулсан. Тэр асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Миний хувьд зээлд 14 100 000 төгрөгийг хадгаламж зээлийн хоршоонд төлсөн, түүнээс гадна дээрх байдлаар нөхөр Лхагвасүрэнг Солонгос улс руу явахад нь зарцуулсан мөнгөтэй хамт нийт 19 800 000 төгрөгийг ганцаараа төлсөн гэж үзэж байгаа. Ганцхан надаас энэ мөнгийг нэхээд байгааг би огт ойлгохгүй байна. Би ганцаараа энэ мөнгийг аваад хэрэглээгүй, манай гэр бүлд хэрэглэгдэж, хүүд нь зарцуулсан. Гэтэл хүүгээсээ нэхэхгүй байж надаас нэхээд байна. Би авч хэрэглэсэн үедээ чадлаараа төлсөн бөгөөд би эдний гэрээс гараад явахдаа би хүүхдэд нь энэ мөнгийг одоо би төлж чадахгүй гэж хэлсэн. Одоо бол би энэ мөнгийг үнэхээр төлж чадахгүй. Ганцаараа би 19 800 000 төгрөг төлсөн мөнгө юм. Тэгэхэд энэ хүн надаас 20 сая төгрөг аваад өгсөн, одоо 30 сая төгрөг авна гээд байна. Хүүхдээсээ яагаад нэхэхгүй байна вэ, бид хоёр гэр бүлийн хүмүүс учраас хариуцлагыг адил хүлээх ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-ээс 5 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгож, нэхэмжлэлээс 24 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би хариуцагчид өөрийн гишүүнчлэл бүхий ХЗХ-оос 20 000 000 төгрөг зээлж өгч дэлгүүр ажиллуулна гэхэд нь дэмжсэн. Энэ мөнгөний үр шимийг хариуцагч хүртсэн. Тиймээс зээлийн үлдэгдэл төлбөр болох 30 800 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн гэрээ байна гэж үзсэн. Би бэрдээ мөнгө зээлээгүй, харин хэрэгтэй мөнгийг нь ХЗХ-оос зээлж түүнд өгсөн. Тиймээс ч хариу төлбөр хүүг нь хариуцагч төлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр үр шимийг нь хариуцагч хүртэж, төлөлтийг хийсэн учир зээлийн хүүгийн хамт 30 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Ц.М-т холбогдуулан “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооноос 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний дагуу авч өгсөн зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөх 30 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 14-15, 62 дугаар тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөг авснаас 5 000 000 төгрөгийг бусдаас авсан зээлийн төлбөрт төлж, үлдэх хэсгийг нөхөр Б.Л-тэй хамт Солонгос улсруу явахад зарцуулж, “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоонд 2016 оны 6 дугаар сарын 25-наас 2017 оны 12 дугаар сарын 28-ны хооронд 14 100 000 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт 1 000 000 төгрөгийг нөхөр Б.Л-д дансаар нь шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Л.Д- нь “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоотой 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-16 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хувийн сууц, газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна./хэргийн 6-9 дүгээр тал/ Улмаар нэхэмжлэгч 20 000 000 төгрөгийг хариуцагч Ц.М-т зээлсэн талаар зохигчид маргаагүй байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

           

            Түүнчлэн, хариуцагч нь “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоонд уг зээлийн төлбөрт нийт 14 100 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооны Хаан банкы 5011047543 дугаартай депозит дансны хуулга, тус хоршооны санхүүгийн тэмдэг бүхий зээл, хүүний төлөлтийн байдал гэсэн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. Хариуцагч зээлийн төлбөрийг “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршоонд төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээрх 14 100 000 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн төлбөрт тооцон нэхэмжлэлийн үнийн дүнгээс шүүх хасч тооцсон нь зөв.

 

            Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохиролцсон талаарх баримтгүй тул хүү шардах эрхгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн мөнгийг өөр этгээдээс хүүтэй зээлснийг зохигчдын хооронд зээлийн гэрээ хүүтэй байгуулагдсанд тооцох үндэслэл болохгүй.

 

            Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй учраас хүү шаардах эрхгүй.

 

            Түүнчлэн, талууд зээлдүүлсэн 20 000 000 төгрөгийг хэзээ буцаан төлөх хугацааны талаар тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан үеэс хариуцагч зээлийг төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Үүнээс өмнө зээлийн төлбөр төлөх үүргийг шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаанд нэхэмжлэгч нь “ГЭМБЛ” Хадгаламж зээлийн хоршооны зээл, хүүгийн төлбөрт 30 800 000 төгрөг төлөхөөр болсныг хохиролд тооцох боломжгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс болох гэрээний бус хуулиар үүсэх үүргийн харилцааны зүйлд нэхэмжлэгчийн бусдаас хүүтэй авсан мөнгийг хариуцагчид дамжуулан зээлдүүлсэн мөнгө орохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

            Шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3. дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Ц.М-, түүний нөхөр Б.Л нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийг бүрэн төлсөн гэж тайлбарласан боловч зээлийн үлдэгдэл 5 900 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүхээс уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                                               С.ЭНХТӨР