| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00133/И |
| Дугаар | 152/ШШ2023/00097 |
| Огноо | 2023-03-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2023/00097
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Их овогт Б-ын А--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал 696,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал 696,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.А Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар 2020 оны 3 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаал гарган албан тушаал бууруулсан. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хууль зөрчсөнийг тогтоож тушаалыг хүчингүй болгосон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоол ирүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б дээрх тогтоолыг үндэслэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаал гарган хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Сүүлд Г.Б дарга надад 30 хувиар тооцож урамшуулал өгч байсан тул тухайн дүнгээр тооцож 696,740 төгрөг нэхэмжилсэн. 3 дугаар улиралд ажил дүгнэж ярилцлага хийгээгүй 4 дүгээр улиралд жил эцсийн тайлангаа бичиж өгсөн. Ажиллаж байх хугацаанд намайг хэрхэн үнэлэгдсэн талаар мэдээлэл ирээгүй. Ажлаас халагдсаны дараа 40.5 хувьтай дүгнүүлсэн гэж хэлсэн. Ийм учраас урамшуулал авах эрхтэй гэж үзэж байна. Иймд 2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал 696,740 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А-д 2021 онд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ажил олгогчийн зүгээс удаа дараа албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах гэх мэт шийдвэрүүдийг гаргаж байсан ба тухайн захиргааны актууд нь Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болж байсан. Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөрөө эрхлээд явж байсан бол цалин хөлс урамшууллаа аваад явах эрх нь нээлттэй байсан. Хөдөлмөрлөх эрхэд нь халдахдаа уг эрхийг нь давхар зөрчсөн байна. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийдвэрээр Б.А-г удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хэрэв Б.А ажлаас чөлөөлөгдөөгүй байсан бол гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө цаг тухай бүрт нь дүгнүүлээд урамшууллаа авах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам-ын 1.3.1-д зааснаар Гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг ойлгохоор, журмын 4.10-д Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг дараах байдлаар тодорхойлж үнэлнэ гэж тодорхойлоод 4.10.1, 4.10.2, 4.10.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэх заалттай байдаг. Дээрх заалтын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж, ажлаа үнэлүүлж дүгнүүлээгүй тохиолдолд Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1-д заасан нөхцөлийг хангаагүй гэж үзэж 3, 4 дүгээр улирлын урамшуулал олгоогүй. Ажил олгогчийн зүгээс дээр дурдсан журмын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж хэрэгжүүлэх үүрэг чиглэл олон удаа өгсөн боловч үл биелүүлсэн. Хэлтсийн даргын хувьд дотоод хурал цуглаан хийж удирдан зохион байгуулах үүргээ гүйцэтгэдэггүй. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажил зохион байгуулаагүй. Дээр дурдсан нөхцөл байдалд ажил олгогчийн зүгээс урамшуулал олгох ямар ч боломжгүй юм. Уг журамд нийцүүлэн төрийн захиргааны албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 1,3 дугаар улиралд ярилцлага хэлбэрээр дүгнэх 2, 4 дүгээр улиралд төлөвлөгөөний биелэлтийг авч цаасан хэлбэрээр дүгнэдэг журамтай. Гэтэл Б.А нь нэгжийн төлөвлөгөө байгаа боловч 2 дахь хэсэгт заасан өөрийнх нь зорилтот төлөвлөгөөг дүгнүүлэх асуудал үүссэн. Иймд Б.А-ийн гүйцэтгэлийн урамшуулал олгогдоогүй. Иймд нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот Албан тушаал бууруулах тухай тушаал, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 тоот Тушаал хүчингүй болгох тухай тогтоол, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 тоот Б.А-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 тоот Б.А-г төрийн албанаас халах тухай тушаал, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 148 тоот Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 55 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 248 тоот Давж заалдах гомдол буцаах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас Увс аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/807 тоот Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх албан бичиг /итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон/ шүүхэд гаргаж өгсөн.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1361 тоот захирамжийн дагуу ирүүлсэн Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарыг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдох 2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал 696,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие Б.А Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар 2020 оны 3 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаал гарган албан тушаал бууруулсан. Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хууль зөрчсөнийг тогтоож тушаалыг хүчингүй болгосон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоол ирүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б дээрх тогтоолыг үндэслэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаал гарган хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Сүүлд Г.Б дарга надад 30 хувиар тооцож урамшуулал өгч байсан тул тухайн дүнгээр тооцож 696,740 төгрөг нэхэмжилсэн. 3 дугаар улиралд ажил дүгнэж ярилцлага хийгээгүй 4 дүгээр улиралд жил эцсийн тайлангаа бичиж өгсөн. Ажиллаж байх хугацаанд намайг хэрхэн үнэлэгдсэн талаар мэдээлэл ирээгүй. Ажлаас халагдсаны дараа 40.5 хувьтай дүгнүүлсэн гэж хэлсэн. Ийм учраас урамшуулал авах эрхтэй гэж үзэж байна. Иймд 2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал 696,740 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам-ын 1.3.1-д зааснаар Гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг ойлгохоор, журмын 4.10-д Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг дараах байдлаар тодорхойлж үнэлнэ гэж тодорхойлоод 4.10.1, 4.10.2, 4.10.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлж дүгнэх заалттай байдаг. Дээрх заалтын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж, ажлаа үнэлүүлж дүгнүүлээгүй тохиолдолд Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.1-д заасан нөхцөлийг хангаагүй гэж үзэж 3, 4 дүгээр улирлын урамшуулал олгоогүй. Ажил олгогчийн зүгээс дээр дурдсан журмын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж хэрэгжүүлэх үүрэг чиглэл олон удаа өгсөн боловч үл биелүүлсэн. Хэлтсийн даргын хувьд дотоод хурал цуглаан хийж удирдан зохион байгуулах үүргээ гүйцэтгэдэггүй. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарч ажил зохион байгуулаагүй. Дээр дурдсан нөхцөл байдалд ажил олгогчийн зүгээс урамшуулал олгох ямар ч боломжгүй юм. Уг журамд нийцүүлэн төрийн захиргааны албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 1,3 дугаар улиралд ярилцлага хэлбэрээр дүгнэх 2, 4 дүгээр улиралд төлөвлөгөөний биелэлтийг авч цаасан хэлбэрээр дүгнэдэг журамтай. Гэтэл Б.А нь нэгжийн төлөвлөгөө байгаа боловч 2 дахь хэсэгт заасан өөрийнх нь зорилтот төлөвлөгөөг дүгнүүлэх асуудал үүссэн. Иймд Б.Агийн гүйцэтгэлийн урамшуулал олгогдоогүй. Иймд нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаартай Албан тушаал бууруулах тухай тушаалаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд томилогдохдоо тухайн албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.14, 37.1.16 дугаар хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч Б.Аг албан тушаал бууруулж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагын чиг үүргийг хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн ба Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 тоот Тушаал хүчингүй болгох тухай тогтоолоор Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай Б/52 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын 4.14.5 дахь заалтын в-д заасныг тус тус зөрчсөн тул тухайн тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгожээ.
5.1. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 тоот Б.А-г ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.5, Улсын их хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам, Засгийн газрын 2019 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, жагсаалт батлах тухай 275-р тогтоол, Засгийн газрын 2018 оны 382-р тогтоолын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай 472 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Б-ын А-г Төрийн албаны зөвлөлийн 395 дугаар тогтоолын биелэлт хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагын чиг үүргийг хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилжээ.
5.2. Мөн нэхэмжлэгч Б.А-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар Төрийн албанаас халах тухай тушаалаар ажлаас нь халсан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаартай шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар Төрийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгон, Б.А-г Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцож Б.А-д олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 248 тоот Давж заалдах гомдол буцаах тухай захирамжаар гомдлыг буцаасан бөгөөд ба дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Уг шийдвэрт...нэхэмжлэгч Б.А нь Засгийн газрын 218 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, 2020 оны жилийн эцэс, 2021 оны 1, 2, 3, 4-р улирал, 2022 оны 1-р улиралд ажлаа дүгнүүлж урамшуулал аваагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө нь удаа дараа хангалтгүй үнэлэгдэж албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үүргийн дагуу хариуцлага тооцсон гэх хариуцагч талын тайлбар, үндэслэлийн талаар:
Албан үүргээ удаа дараа /3 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан төрийн албанаас халах арга хэмжээг тооцох үндэслэл болохоор заасан ба хариуцагч талаас Б.А-ийн 2020, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хангалтгүй үнэлсэн байдлыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхийн зэрэгцээ сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т заасан үүргийг зөрчсөн гэж үзэж тайлбарласан болно.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 3/661 дугаар албан бичгээр хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст Б.А нь албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам-ын хоёр дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий эсэхийг шалган тогтоож, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн дотор санал, тайлбар ирүүлэхийг хүсжээ.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.О-ийн хариу хүргүүлэх тухай 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 8/668 дугаар албан бичигт Б.А нь 2021 оны хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсан боловч мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөөгүй байна. 2021 оны ажлын гүйцэтгэл,мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээгээр 40.5 буюу хангалтгүй үнэлэгдсэн байна гэсэн хариуг өгснөөс өөрөөр бусад асуудалд шалгалтыг хийгээгүй, сахилгын шийтгэл ногдуулах эсэх дүгнэлтийг гаргаагүй байна.
Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 2.1-т нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэж, төлөвлөгөөний биелэлтийг хагас, бүтэн жилээр тайлагнана, 4.10-т нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараах байдлаар тодорхойлж үнэлнэ гээд гүйцэтгэлийн зорилт арга, хэмжээний биелэлтийг тухайн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор, мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилт арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор, хандлага ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр тооцон 15 хүртэлх оноогоор үнэлэхээр, 4.12-т нэгжийн даргын өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагч танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна заажээ.
Хэрэгт 2021 оны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсийн дарга Б.А боловсруулж, 2021 оны 01 сарын 05-ны өдөр батлуулсан, 2022 оны хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б боловсруулан батлуулсан, Б.А-ийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засаг даргын тамгын газрын дарга Г.Б 46.47 хувьтай үнэлсэн, 2021 оны ажлын гүйцэтгэлийг 40.5 оноогоор үнэлсэн баримтууд авагджээ.
Хариуцагчаас Б.А-ийн 2020, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хангалтгүй үнэлгээг Б.А-д танилцуулж гарын үсэг зуруулаагүй, энэ талаарх баримт байхгүй, түүнчлэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн Б/64 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хавсралтаар Б.А-д 2020 оны 4-р улирлын ажлын гүйцэтгэлийн урамшууллын хувийг 26 хувь гэж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/49 дугаар Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын 1-р хавсралтаар Б.А-д 1-р улирлын ажлын гүйцэтгэлд олгох урамшууллын хувийг 30 хувь гэж үнэлж олгож байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгч Б.А-г албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэжээ.
6. Иймд нэхэмжлэгч Б.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар 2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал гаргуулахаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Иймд 2021 оны 3, 4 дүгээр урамшуулал 696,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 47,776 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,272 төгрөг гаргуулан улсын орлогод буюу төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999оны / 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 3, 4 дүгээр улирлын урамшуулал 696,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 47,776 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,272 төгрөг гаргуулан улсын орлогод буюу төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР