Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр         2025/ШЦТ/35                                                                  Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                       Т.Цэвэлмаа

                        Улсын яллагч                                     Г.

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                      С.

                        Шүүгдэгч                                             Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Г.аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******д холбогдох 2532000610029 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* 5 дугаар баг ******* №******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг, ******* №******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь сандал шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг, ******* №******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь сандал шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд манай нөхрийн дүү Цэцэгжаргал, Дэлгэрмөнхжих, Цэцэгмаа нар нөхөр, хүүхдүүдтэйгээ манайд ирж золголт хийгээд 14 цагийн орчимд явсан. Тэгэхэд бид нар "ЕХ" нэртэй 0.5 литрийн 1 шил архийг тойруулж уусан. Тэгээд дүү нар нь гарч явсны дараа манай нөхөр Н.******* 1 цаг орчмын дараа бие засчхаад ирье гэж гарч явчхаад ирэхгүй байхаар нь би араас нь гартал манай нөхөр Н.******* нь гэрийнхээ урд талын хашаанд архи уудаг хүнтэй тааралдчихсан, юм яриад зогсож байхаар нь би очиж авчраад гэр лүүгээ оруулсан. Тэгтэл манай нөхөр ганц, нэг айлаар явж золголт хийе гэхээр нь би уурлаад, явахгүй гээд ахиж нөхрийгөө нэмж архи уулгахгүй гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Манай нөхөр нэг архи уухаараа 5-6 хоног архи уучихдаг болохоор нь би нэмж архи уулгахыг хүсээгүй юм. Тэгтэл манай нөхөр Н.******* нь надтай маргалдаад би ч уурлачихсан байсан. Н.******* ч уурлачихсан байсан. Тэгээд би гал тогоондоо байж байгаад хоолны шүүгээний хэсэг рүү явтал Н.******* уурлаад гал тогооны өрөөний хана руу хуванцар сандал шидсэн. Тэгэхэд нь би тонгойгоод эргэж хараад таартал тэр сандал нь миний дух хэсэгт оночихсон юм. Н.******* тухайн үед тэр сандлыг над руу шидье гэж шидээгүй юм. Манай нөхөр өмнө нь гэр орондоо агсам тавьж намайг цохиж зодож байгаагүй ээ. Тэгтэл миний дух хэсгээс цус гараад 14 настай, манай охин Мишээл сандраад эмээ рүүгээ утсаар залгаад хэлчихсэн байсан. Тэгсэн чинь эмээ нь цагдаа дуудаад цагдаа ирээд бид хоёрыг *******ийн эмнэлэг рүү аваад явсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-26-р тал/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт: ...

 

1. С.*******гийн биед духанд оёдол бүхий шарх, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд доод зовхины дотор хэсгийн хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 36-37-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

 

Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг, ******* №******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь сандал шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж духанд оёдол бүхий шарх, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд доод зовхины дотор хэсгийн хамарсан цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* *******ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Н.*******ыг торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь  хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу  гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ.