| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2022/01076/И |
| Дугаар | 130/ШШ2023/00187 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2023/00187
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны хүртэлх цалин хөлс 875259 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, түүний өмгөөлөгч Н,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А, түүний өмгөөлөгч Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г нь хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны хүртэлх цалин хөлс 875259 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилд орсон. Мөн өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өмнө нь 2021 оны 4 дүгээр сараас мөн оны 7 дугаар сар хүртэл 3 сар тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор түр ажиллаж байсан юм.
1.2 Би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажилд орсны дараа тус цэцэрлэгийн эрхлэгч ажлаасаа чөлөөлөгдсөн ба эрхлэгчээр шинээр томилогдсон А нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн чамайг ажиллуулах боломжгүй гэсэн мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/18 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн.
1.3 Шинээр эрхлэгчээр томилогдсон А нь МАН-ын хүмүүсийг ажилтай болгохын тулд чамайг нягтлан бодогчоор ажиллуулахгүй хэмээн намайг дарамтлан хавчин гадуурхаж эхэлсэн. Тэдний гол зорилго нь урьд нь төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдэж ажлаас халагдан М гэгчийг ажилтай болгох.
1.4 Миний томилогдон ажиллаж байгаа цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлыг төсвийн ахлах, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал хэмжээн үндэслэлгүй шалтаг хэлж, ажил хийхэд маань саад учруулсан. Төсвийн ахлах, ерөнхий нягтлан бодогч гэж нийтийн албан тушаалд хамаарах бөгөөд хэд хэдэн нягтлан бодогчтой, санхүү албан хэлтэстэй байгууллага, газруудад байдаг болохоос нэг л нягтлан бодогчтой хүүхдийн цэцэрлэгт ахлах, ерөнхий нягтлан бодогч гэж байхгүй.
1.5 Миний бие ажилдаа орсноос одоо хүртэл ямар нэгэн зөрчил гаргаагүй, сахилга хариуцлага алдаагүй. Ажлаа аваад чармайж, сайн хийж байгаа ба өмнө нь тус цэцэрлэгт 3 сар түр ажиллаж байсан болохоор дадлага туршлагатай болсон. Намайг тус цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа нягтлан бодогчийн бүх ажил үүргийг гүйцэтгэж тайлан судалгаа, шилэн дансны мэдээлэл е-тайлан, динамик тайлан зэргийг гүйцэтгэж ирсэн. Цалин, тооцоог бүгдийг тооцоолон гаргаж цахим гүйлгээ хийх гэсэн боловч аймгийн Төрийн сангийн хэлтсээс цахимаар гүйлгээ хийх эрхийг маань нээж өгөөгүй. Би ажил хийсэн боловч гүйлгээ хийх эрхийг маань санаатай хааж саад учруулсан гүйлгээ хийгдээгүй.
1.6 Миний бие 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүүхэдтэй болж, хүүхэд маань одоо дөнгөж 3 сартай болж байна. Нялх хүүхэдтэй надад сэтгэл зүйн дарамт болж миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж даралт маань буурч толгой эргэх болсон.
1.7 Иймд Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цалин хөлс болох 875259 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А хариу тайлбартаа: Г-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:
2.1 Миний бие 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан төсвийн шууд захирагч болох Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар тогтоолоор миний нэрийг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, тус зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 168 дугаартай албан бичгээр Б сумын Засаг даргад тогтоолыг хүргүүлсэн.
2.2 Б сумын Засаг дарга тухайн тогтоолыг хүлээж авсны дараа тодорхой хугацаанд хүлээлгэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/113 дугаар захирамжаар намайг Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон. Дээрх захирамжийн дагуу ажлаа 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж авсан.
2.3 Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Жулдыз нь сонгон шалгаруулалт явагдсаны дараа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Г-г нягтлан бодогчоор томилсон байсан. Г-г ажилд томилсон тушаал гарсан боловч аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Г-ийн гарын үсгийн баталгааг батлаагүй, төсвийн гүйлгээ хийх эрх нээгдээгүй байсан учир би гарын үсгийн баталгаа батлуулж, эрх нээлгэхээр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад албан бичгээр хандсан.
2.4 Тус хэлтсийн дарга 2022 оны 10 дугаар 25-ны өдрийн 5-03/833 дугаартай албан бичгээр Г нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28 ний өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, шалгуур журам”-ын 2.1, 3.1.10-д заасан шалгуурыг хангахгүй байгаа тул төсвийн нягтлан бодогчоор томилж ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгч төрийн сангийн эрх нээж өгөхөөс татгалзсан.
2.5 Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөж томилохоор заасан боловч Ж нь Г-г ажилд томилохдоо Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөөгүй байв. Мөн Г нь Монгол Үндэсний дээд сургуулийг менежмент, банк мэргэжлээр төгссөн учир нягтлан бодогчоор ажиллах шаардлагыг мөн хангахгүй байсан.
2.6 Нэгэнт аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Г-г төсвийн нягтлан бодогчоор томилж ажиллуулахыг зөвшөөрөөгүй тул би хамт олны хурал хийж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Гд ажиллуулах боломжгүй талаар мэдэгдэх хуудас өгч 30 хоног өнгөрсний дараа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Г-г ажлаас чөлөөлсөн.
2.7 Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Г-ийн гарын үсгийн баталгааг баталж өгөөгүй, төсвийн гүйлгээ хийх эрх олгохгүй байгаагаас цэцэрлэгийн ажилтан, алба хаагчид 10 дугаар сарын цалингаа хугацаанд авч чадаагүй. Үүнээс болж багш, ажилчдын зүгээс удаа дараа гомдол гаргаж би холбогдох газруудад хандаж байсан боловч тодорхой арга хэмжээ авч өгөөгүй. Цэцэрлэгийн багш, ажилчид 10 дугаар сарын цалинг Г-г ажлаас чөлөөлөгдсөний дараа түр томилогдсон М нягтлан бодогчийн гарын үсгийн баталгаагаар хугацаа хэтэрч авсан.
2.8 Харин 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний хувьд Г нь энэ хугацаанд ямар нэгэн ажил хийгээгүй, ажил дээр огт ирээгүй. Г нь М-д ажил хүлээлцэх актад би ямар ч ажил хийгээгүй, 9-10-11 саруудын мэдээ тайлан гаргаагүй, өгөөгүй та өөрөө хийгээрэй гэж гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн.
2.9 Г-г ажлаас чөлөөлсний дараа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нягтлан бодогчоор томилогдсон Мийн эрх, гарын үсгийн баталгаагаар 10-11 дүгээр сарын цалинг олгосон. Г нь гомдолд дурдсан хугацаанд нэгэнт ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй, ажилдаа ирээгүй, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн учир цалин хөлс олгоогүй.
2.10 Харин М нь албан тушаалын болон төрийн албаны гэмт хэрэгт холбогдолгүй, ямар нэгэн ял шийтгэлгүй. Одоо төсөвт байгууллагуудын нягтлан бодогчид нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ТҮ-8 шатлалаар цалин авч, нийтийн албан тушаалтанд хамаарч Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа юм. Иймд Г-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М тайлбартаа: Би Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байна. Тухайн орон тоонд өмнө нь томилогдож ажиллаж байсан Г ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би түүний нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад доорх үндэслэлүүдээр эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
3.1 Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн ажилтан, ажилчдын 2022 оны цалинг тогтоохдоо байгууллагын нягтлан бодогчийг Төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ТҮ-8 ангилал, зэрэглэлээр цалинжуулахаар тогтоож, энэ хүрээнд цалинжуулж ирсэн байдаг. Энэ нь цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” А/07, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Үр дүнгийн урамшуулал олгох тухай” А/09 тоот тушаалууд, тэдгээрийн хавсралтаар болон цэцэрлэгийн ажилтан, ажилчдын сар бүрийн цалин олгох хүснэгтээр нотлогдоно.
3.2 Бүх төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нар нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, шалгуур журам”-ын дагуу ТҮ-8 ангилал, зэрэглэлээр цалинжиж, Авлигатай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг.
Миний хувьд хуулийн дээрх заалтын дагуу нийтийн албанд томилогдсон, сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор мэдүүлэг гаргах зохицуулалтын хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны шинэчлэн гаргасан тайланг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус тус гаргаж явуулсан.
3.3 Баяннуур сумын Санхүүгийн албаны дарга Н нь Г-ийн нөхөр болох С-ийн төрсөн дүү нь бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж-д Г-ийн талаар албан тоот өгсөн нь хувийн ашиг сонирхолтой гэж үзэх үндэстэй. Нөгөө талаар тухай албан тоот нь ирсэн бичигт бүртгэлгүй байна. К.Нурлыбек нь төсөвт байгууллагын нягтлан бодогчийн цалинг ямар шатлалаар олгохыг шийдвэрлэх албан тушаалтан биш юм.
3.4 Цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Жулдыз нь Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтад тэнцэж, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн А-ийн хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт явуулсан байдлыг ашиглан Г-г нягтлан бодогчоор томилохдоо Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалтын дагуу аймгийн Төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөөгүй, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, шалгуур журам”-ын 2.1-д заасан шалгуурыг хангахгүй байгаа Г-г эрх мэдлээ хэтрүүлэн өөрөө дураараа шууд томилсон. Энэ нь шууд хувийн ашиг сонирхолтой холбоотой бөгөөд дээрх хүмүүс нь хоорондоо төрөл садны холбоотой хүмүүс болно. Мөн аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсээс 2 дугаар гарын үсэг зурах эрх олгоогүй байхад Г-аар 9 дүгээр сарын цалин гаргуулж хууль зөрчсөн.
3.5 Г-г ажлаас чөлөөлсний дараа миний эрхийг зөрчсөн гэж Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн даргыг шалгуулсан боловч тухайн байгууллагаас эрх зөрчигдөөгүй байна гэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/1256 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. Би ажилд ороход аймгаас болон ямар нэгэн нам нөлөөлөөгүй. Би 2003 онд Монгол Улсын их сургуулийн Завхан аймаг дахь эдийн засгийн салбар сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөнөөс хойш олон жил мэргэжлээр ажилласан хүн. Ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэл нь 2019 онд ахуйн хүрээнд болсон асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдсан.Тухайн хэрэг нь миний ажил, албан тушаалтай огт холбоогүй байсан.
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Дээрх үндэслэлээр миний төрийн албанд ажиллах эрх хязгаарлагдах ёсгүй.
3.6 Би ажлаас чөлөөлөгдсөний дараа Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/50 дугаартай захирамжаар Б сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар түр томилогдож ажиллаж 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/107 дугаар захирамжаар чөлөөлөгдөж байсан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс зарласан 2021 оны 3 дахь удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад орж тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн.
3.7 Б аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5-03/968 дугаартай албан бичгээр Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ад Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, шалгуур журам”-ын 2.1-д заасан шалгуурыг хангаж байгаа тул намайг нягтлан бодогчоор томилоход татгалзах зүйлгүй гэж хариу өгсний дагуу би тухайн албан тушаалд томилогдсон болно.
Иймд Г-ийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар,2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэх хуудас, Б аймгийн Б сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт, А-ийн төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаар тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаал, Б сумын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, Б сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 3/233 дугаар албан бичиг, өмгөөллийн гэрээ, бакалаврын дипломын хуулбар, нэхэмжлэгчээс Н-д олгосон итгэмжлэл, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаал, Б сумын хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын 11 дүгээр сарын цагийн бүртгэл, эмнэлгийн магадалгаа, М, Е, Х, Ж, А, Л, С, Х, М, Г, Н, Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ж-ийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, төрийн тухай эмнэлгийн гэрчилгээ, өмгөөллийн гэрээ, Б сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/59 дугаар тодорхойлолт, Б сумын Санхүүгийн албаны даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичиг,Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/09 дугаар тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тушаал, Б сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн Б-46 дугаар тушаал хавсралтын хамт, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт, нэхэмжлэгчээс С-д олгосон итгэмжлэл, Баяннуурсумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай тушаал зэргийг,
Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 168 дугаар албан бичиг, Б аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/113 дугаар захирамж, тус аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5-03/833 дугаар албан бичиг, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 22, 23 дугаартай албан бичгүүд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5-03/901 дугаар албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5-0/968 дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын протокол, Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18, Б/19 дугаартай тушаалууд, Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 2022 оны 10 дугаар сарын 2-р хагас, 2022 оны 11 дүгээр сарын 2-р хагасын цалин олгох хүснэгт, хүүхдийн цэцэрлэгийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, Б сумын төрийн сангийн мэргэжилтэн М-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өрийн тодорхойлолт, М-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн баталгааны маягт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, 202 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ажил хүлээлцэх акт зэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М-ээс гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дугаар тушаал, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, бакалаврын дипломын хуулбар, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5-0/968 дугаар албан бичиг, Б сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/50 дугаар захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/07 дугаар захирамж, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дахь удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/1256 дугаартай албан бичиг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн тухай баталгааны маягт, Б сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн А/07 дугаар тушаал хавсралтын хамт, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/09 дугаар тушаал хавсралтын хамт, Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1, 2, 4, 7, 8, 9, 10 сарын цалин олгох хүснэгт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Т-ыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоол, Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт, Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тушаал
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Г-ийн Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр томилогдон ажилласан. Би ажилд орсны дараа шинээр эрхлэгч томилогдсон ба 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн чамайг ажиллуулах боломжгүй гэсэн мэдэгдэх хуудас өгсөн боловч одоо хүртэл тушаал шийдвэр гаргаагүй. Тэрнээс хойш ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгаа нь миний эрийг зөрчиж байна. Миний бие ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, нялх хүүхэдтэй болно. Иймд намайг тус аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Г-г ажилд томилсон тушаал гарсан боловч аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Г-ийн гарын үсгийн баталгааг батлаагүй, төсвийн гүйлгээ хийх эрх нээгдээгүй байсан учир би гарын үсгийн баталгаа батлуулж, эрх нээлгэхээр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад албан бичгээр хандсан. Тус хэлтсийн даргаас Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, журамд заасан шалгуурыг хангахгүй байгаа тул төсвийн нягтлан бодогчоор томилж ажиллуулах боломжгүй гэж эрх нээж өгөхөөс татгалзсан. Мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т зааснаар Г-г нягтлан бодогчоор томилохдоо Санхүү төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөөгүй байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Г-г төсвийн нягтлан бодогчоор томилж ажиллуулахыг зөвшөөрөөгүй тул би хамт олны хурал хийж 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г-д ажиллуулах боломжгүй тухай мэдэгдэх хуудас өгч 30 хоног өнгөрсний дараа 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
8.1Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Арыстаны Гүлсанаг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллуулсан байх ба мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
8.2 Тус аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1 болон 3.1.10-д заасан шалгуурыг хангахгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллуулах боломжгүй болсон талаар мэдэгдэх хуудсаар мэдэгджээ.
8.3 Нэхэмжлэгч Г нь Монголын Үндэсний дээд сургуулийг 2012 онд менежмент, банкны мэргэжлээр төгссөн болох нь тухайн сургуулиас олгосон D201210003 дугаартай бакалаврын дипломоор тогтоогджээ.
8.4 Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай “Г-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г-г нягтлан бодогчоор томилсон боловч Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөөгүй, Төрийн сангийн дарга нь Г нь нягтлан бодогчоор ажиллах мэргэжлийн тавигдах шаардлагыг хангаагүй, Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавих шаардлага, шалгуур журмын шалгуурыг хангахгүй байгаа тул төсвийн нягтлан бодогчоор томилох боломжгүй талаар хариу ирүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.
8.5 Мөн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар Мийг нягтлан бодогчоор түр томилжээ.
8.6 Б сумын Төрийн сангийн мэргэжилтэн С.Муратын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор ... Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогч ТҮ-8 шатлалаар 797676 төгрөгийн цалин авдаг талаар тодорхойлжээ.
8.7 Гэрч Т-аас “Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А-ээс албан бичиг ирсэн. Г нь Сангийн сайдын 2012 оны 294 дугаартай тушаалаар батлагдсан төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлагыг хангаагүй тул хариу хүргүүлсэн. Мөн журамд заасан шаардлагыг хангаагүй тул төсвийн гүйлгээ хийх эрх олгоогүй. ...” гэжээ.
9. Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1, 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан ба энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж тусгажээ.
Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Г-г Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор ажиллуулсан байх ба мөн өдөр ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан тул тухайн үеэс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Ажил олгогч Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар буюу мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Г нь менежмент, банкны мэргэжлээр суралцаж Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй болох нь тогтоогдож байгаа боловч ажилтныг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохих тул хариуцагчаас хуульд заасан энэхүү журмыг хэрэгжүүлж нэхэмжлэгч Г-д боломжит хугацаа олгосныг нотлоогүй байна.
12. Хариуцагчийн зүгээс Г-г нягтлан бодогчоор анх томилохдоо Төсвийн тухай хуулийг зөрчиж томилсон, аймгийн Төрийн сангийн хэлтсийн даргаас түүнийг ажиллуулахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарлажээ. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.2 дахь хэсэгт зааснаар цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд энэхүү эрхийн хүрээнд Г-г хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд авч ажиллуулжээ.
Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.3 дахь хэсэгт аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан боловч тухайн заалтад заасан “зөвшилцөх” гэдгийг эрхлэгч нь бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгох бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтан нь гаргасан саналыг заавал зөвшөөрсөн байхыг шаардахгүй тул хариуцагчийн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн даргаас Г-г журамд заасан шаардлагыг хангахгүй байна гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтан Г-д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүлээлгэж өгсөн боловч тухайн мэдэгдэх хуудсанд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг мөн өдрөөс буюу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цуцлах тухайгаа мэдэгджээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заажээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Б сумын бүртгэлийн ажилтнаас олгосон 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин С.Айлиний төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Г нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Иймд Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г-г Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
14. Нэхэмжлэгч гомдлын шаардлагаа нэмэгдүүлж ажлаас чөлөөлөх өдөр хүртэлх буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цалин буюу 875259 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх цалинг гаргуулж өгөхийг хүссэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана” гэж, 83.5 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно” гэж, 83.6 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Ажил олгогчоос Г-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс дуусгавар болгосон байх тул тухайн өдрийг хүртэлх цалин хөлсийг тооцож олгох үүрэгтэй гэж үзлээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч Г-ийн хөдөлмөр эхлэлтийн харилцааг ажил олгогчоос 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж үзлээ. Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн цалингийн хэмжээ ТҮ-8 шатлалаар 797676 төгрөг болох нь тогтоогдож байх тул Г-ийн олгогдоогүй цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор бүгд 2832240 төгрөгийг Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгээс гаргуулан олгох нь зүйтэй байна.
15. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Г-ийн олгогдоогүй цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор бүгд 2832240 төгрөгт оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г-г Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгээс олгогдоогүй цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор бүгд 2832240 /хоёр сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулан Г-д олгосугай.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г-ийн олгогдоогүй цалин болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор бүгд 2832240 төгрөгт оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг ажил олгогч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М