Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00207

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 00 байр, 000 тоот хаягт үйл ажиллагаа явуулах, “Ж” ХХК /ерөнхий захирал П/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Б констракшн” ХХК /захирал А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгээгүй ажлын үнэ 14200000 төгрөг, алданги 4515600 төгрөг, нийт 18715600 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М /цахим сүлжээгээр/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч А, түүний өмгөөлөгч З нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын  эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Б констракшн” ХХК-д холбогдуулан Гүйцэтгээгүй ажлын үнэ 14200000 төгрөг, алданги 4515600 төгрөг, нийт 18715600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Ж ХХК болон Б констракшн ХХК  нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 480 хүүхдийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

1.2 Уг гэрээгээр талууд сургуулийн барилгын гадна фасад /иж бүрэн/, гадна фасадын гоёлын тоосгон өрлөг, дотор болон дотор тоосго, блокон өрлөг, хар цагаан замаск, дотор иж бүрэн засал /сургуулийн доторх бүх засал/, эмульс, будаг, шавардлага, цагаан замаск, хар шал В20 /сургуулийн бүх хар шал/, хар шал өнгөлгөө, цонхны амлагаа, хаалга амлагаа, өрлөг, 120 мм, 240 мм, 360 мм, блокон түгжээ өрлөг /урлаг спорт заал/ зэрэг иж бүрэн ажлыг нийт 160000000 төгрөгөөр 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

1.3 Нэхэмжлэгч талд урьдчилгаа болгож нийтдээ 18000000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч тал 3800000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд бусад ажлыг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй.

1.4 Талуудын хооронд байгуулагдсан  гэрээний 7.4 дүгээр зүйлд “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн 5 дахь хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0.2 хувиар захиалагчид алданги төлнө гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 159 хоногийн алданги /1 хоногийн 28400 төгрөг/ 4515600 төгрөг, бүгд 18715600 төгрөгийг Б констракшн ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж ХХК болон Б констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №ТГ/480/22/01 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Б констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, БУ42-761/19 дугаартай тусгай зөвшөөрөл, А, Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Б констракшн ХХК-ийн захирал А-оос гаргасан хүсэлт, Б.Марал-Эрдэнэд олгосон итгэмжлэл, Толгойт “480 хүүхдийн сургууль/ төсөл зэргийг,

Хариуцагчаас Ж-д олгосон итгэмжлэл, Б констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Б констракшн ХХ-аас гүйцэтгээгүй ажлын үнэ 14200000 төгрөг, алданги 4515600 төгрөг, нийт 18715600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

 

4. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Б констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж нийт 160.0 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож ажлын хөлсний урьдчилгаанд 18000000 төгрөгийг өгсөн боловч ажил гүйцэтгэгч нь гэрээг зөрчиж 3800000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж бусад ажлыг хийхгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймд урьдчилгаанд төлсөн 18000000 төгрөгөөс үлдсэн 14200000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 159 хоногийн алданги 4515600 төгрөг, бүгд 18715600 төгрөгийг Б констракшн ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч Б констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн боловч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаас хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.1 Ж ХХК болон Б констракшн ХХК нар нь  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ТГ/480/22/01 дугаартай “СХД 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 480 хүүхдийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч Б констракшн ХХК нь сургуулийн барилгын гадна фасад, гадна фасадын гоёлын тосгон өрлөг, дотор болон дотор тоосго, блокон өрлөг, хар цагаан замаск, дотор иж бүрэн засал, эмульс, будаг, шавардлага, хар шал өнгөлгөө, цонх, хаалга амалгаа, өрлөг, блокон түгжээ өрлөгийн иж бүрэн ажлыг нийт 160000000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиолцсон байна.

6.2 Хариуцагч Б констракшн ХХК гэрээнд заасан ажлыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дуусгахаар болсон байна.

6.3 ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл болон Ж ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Б констракшн ХХК-ийн захирал А-ын дансанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 10.0 сая төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 600000 төгрөг, бригадын ахлагч Ж-д бэлнээр 2.0 сая төгрөг, нийт 18.0 сая төгрөг олгосон  болох нь тогтоогдсон байна.

6.4 Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гүйцэтгэлийн баримтаар Б констракшн ХХК нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлаас хамар хана энгийн тоосгоор өрсөн /2700000 төгрөг/, хөнгөн блокоор 360 мм-ийн хана өрсөн /660000 төгрөг/,  хананд шавардлага хийсэн /500000 төгрөг/ зэрэг нийт 3800000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

6.5 Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусгаагүй тохиолдолд хэтэрсэн 5 дахь хоногоос эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр тусгажээ.

 

7.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан байна.

8.Зохигчид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ТГ/480/22/01 дугаартай “СХД 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 480 хүүхдийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Ж ХХК нь сургуулийн барилгын гадна фасад, гадна фасадын гоёлын тосгон өрлөг, дотор болон дотор тоосго, блокон өрлөг, хар цагаан замаск, дотор иж бүрэн засал, эмульс, будаг, шавардлага, хар шал өнгөлгөө, цонх, хаалга амалгаа, өрлөг, блокон түгжээ өрлөгийн иж бүрэн ажлын хөлсийг 160000000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг,  хариуцагч Б констракшн ХХК гэрээнд заасан ажлыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дуусгах үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээний дагуу  нэхэмжлэгч Ж ХХК нь  хариуцагч Б констракшн ХХК-д 18000000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн байна. Нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэгч Б констракшн ХХК нь хийгдэх ажлаас 3800000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, бусад ажил үүргээ гэрээнд заасан хугацаанд хийж  гүйцэтгээгүй гэж маргасан байна.

9.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг няцаасан тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан. Хариуцагч Б констракшн ХХК-д шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардуулан өгч 14 хоногийн дотор хариу тайлбар, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй болохыг, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаан болохыг тус тус мэдэгдсэн боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

10.Талууд гэрээндээ ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хохирлыг шаардах эрхтэйгээр, мөн  хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон  байх тул нэхэмжлэгчийн хохирол болон алданги төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

Иймд Б констракшн ХХК-аас гүйцэтгээгүй ажлын үнэ 14200000 төгрөг, алданги 4515600 төгрөг, нийт 18715600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.

11.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251528 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б констракшн ХХК-аас 251528  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б констракшн ХХК-аас гүйцэтгээгүй ажлын үнэ 14200000 /арван дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөг, алданги 4515600 /дөрвөн сая таван зуун арван таван мянга зургаан зуун/ төгрөг, нийт 18715600 /арван найман сая долоон зуун арван таван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251528 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б констракшн ХХК-аас 251528  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х