Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2023/00215

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух, Ж овогт М-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай “М-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай “Мийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр           сарын 17-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжаар Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон.

1.2 М нь сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон цагаас хойш өдий хүртэл эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

1.3 Гэтэл тус сургуулийн захирал А нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дугаартай тушаалаар тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажлаас ямар ч үндэслэлгүй, ямар ч шалтгаангүй, хууль бусаар чөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн 2022 оны Б\19 дугаартай тушаал нь бодит байдалд нийцэхгүй, сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчийн уг захирамжид дурдсан үндэслэлүүд нь бодит байдалд нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

1.4 Иймд Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дугаартай “Мийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А хариу тайлбартаа: М-ээс тус сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай “Мийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Мийг тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлтэй танилцаж үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.

2.2 Гэтэл М Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгууллагын эд хөрөнгө /компьютерийн хард диск г.м/-ийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан, хичээлийн хуваарийг зөв гаргаж чадаагүйн улмаас математикийн үндсэн багш Х-д цагийн багшийн цалин олгож зөрчил гаргасан.

2.3 Мөн холбогдох хууль журамд зааснаар бага, дунд боловсролын сургуулийн сургалтын менежер нь хичээлийн жилийн бүтэц, цагийг төлөвлөх ёстой бөгөөд энэ тохиолдолд М 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц, цагийг зөв төлөвлөж чадаагүйгээс болж тус сургуулийн бүх багш нар болон суралцагчдын эрх зөрчигдсөн. Тухайлбал, 4 цаг судлах ёстой байсан хичээлийг ийм алдаа гаргаснаас болж 2 цаг судлах болсон байдаг.

2.4 Миний бие багш нарын зөвлөгөөний хуралдаанаар энэхүү зөрчлийг арилгахыг сургалтын менежер Мэд үүрэг болгосон боловч биелүүлээгүй. Тухайн үед Мэд эрэгтэй дотуур байрны багшийн ажлыг санал болгосон боловч татгалзсан. Иймд сургалтын менежер Мийн гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохируулж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар болсон  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамж, Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаал, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Мийн Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл тус сургуулийн захирал 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б/19 дугаартай тушаалаар ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажлаас ямар ч үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: М нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан, хичээлийн хуваарийг зөв гаргаж чадаагүйн улмаас математикийн үндсэн багш Х-д цагийн багшийн цалин олгогдсон зөрчил гаргасан. Мөн бага, дунд боловсролын сургуулийн сургалтын менежер нь хичээлийн жилийн бүтэц, цагийг төлөвлөх ёстой бөгөөд М нь 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц, цагийг зөв төлөвлөж чадаагүйгээс болж тус сургуулийн бүх багш нар болон сурагчдын эрх зөрчигдсөн ба энэхүү зөрчлийг арилгахыг үүрэг болгосон боловч биелүүлээгүй тул ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан болно гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.8, 78.1.9, 43.2.10, Хөдөлмөрийн гэрээний 2.3.3, 2.3.4, 2.3.7, 2.3.9, 2.3.13, 2.3.20, 2.3.22, 2.3.25, 3.3, Дотоод журмын 6.1, 6.2, 6.5, 6.6, 6.7, 6.8, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сургалтын менежер Шаймурат овогтой М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Мөн тушаалын 5, 6 дахь заалтаар Мийг 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн сургуулийн жижүүр О.Жанарын оронд түр томилж, түүний цалинг албан тушаалын ТҮ-1 зэрэглэлээр зохих дүрэм журмын дагуу бодож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэр гаргасан байна.

 

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9. Ажилтны ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай тушаалыг гаргахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.8, 78.1.9, 43.2.10 дахь заалтуудыг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байх ба 78.1.8 дахь хэсэгт өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон, 78.1.9 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан үндэслэлүүдийг зохицуулжээ.

 

10.Хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Мийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан  хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэгч М нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж байгаа боловч ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, М-ийг тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын  2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, М-ийг тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х