Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/676

 

 

 

 

 

                        

  2021             7              20                                          2021/ДШМ/676

 

   Х.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр Х.Өод холбогдох 2108000000498 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Х-ны Ө, 1992 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ... найруулагч ажилтай, хувиараа “” дүрс бичлэгийн студийг эрхлэн ажиллуулдаг, ам бүл 3, эцэг, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Х.Ө нь 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоотод ашиг олох зорилгоор хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0498 дугаартай Цогт овгийн Хишигбуяны Өод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Өыг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Өыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийн материалыг прокурорт буцааж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 2 хайрцагтай, улаан өнгийн 1 цүнхтэй хасааг хэргийн материалын хамт прокурорт буцаан хүргүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Х.Өыг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоотод ашиг олох зорилгоор хясаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж яллагдагчаар татсан боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Өын “ ...би түрээсийн орон сууцнаас 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нүүхэд Ө ахад маргааш нь түлхүүрийг өгчихсөн...”, гэрч Т.Хосбаярын "... 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр техас тоглосон. Би бооцооны мөнгийг Өын данс руу шилжүүлсэн...”, гэрч О.Хуншагайгийн “...Ө хүрээд ир гэж дуудаад Эрхбаяр, Түвшинжаргал, Алтанхуяг, Хосбаяр нартай покер тоглосон. Би 8 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөгийг Өын данс руу шилжүүлсэн...”, гэрч А.Алтан-Очирын “...би Бат-Ирээдүйгийн найзынх нь байранд ирээд шөнөжингөө тоглоод маргааш нь үргэлжлүүлж тоглож байтал цагдаа ирсэн. 7-8 хүн читонтой покер тоглож байсан...”, гэрч Д.Цэрэнлхагвын “...Өоос тухайн газрыг мөрийтэй покер тоглодог гэж сонсоод мэдсэн...”, гэрч Б.Билгүүний “...жижиг өрөөнийх нь хаалга хаалттай хэдэн хүмүүс покер тоглож байсан...”, гэрч Г.Сайнзаяагийн “...тэр өрөө рүү нь шагайж харахад 10 орчим хүн ширээ тойрч суугаад хөзөр тоглож байсан...” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, читон цүнх, хөзөр зэргийг хураан авсан тухай тэмдэглэл зэргээр Х.Өын үйлдэл нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд тухайн үед мөрийтэй тоглоомын газар ажиллуулсны улмаас ямар хэмжээний ашиг орлого олсон болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талаас шүүх Х.Өын мөрийтэй тоглоом тоглосон гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь тухайн үед Б.Тулгын өмчлөлийн орон сууцанд түүнд мэдэгдэлгүйгээр ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон нэр бүхий 5 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан атлаа уг мөрийтэй тоглоомын газрыг ажиллуулсан Х.Өод Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс орон сууцанд найзуудтайгаа санаа нэгдэж хясаа ашиглан покер тоглоомыг мөрийтэй тоглосон гэж дүгнэсэн. 3 дугаар сарын 02-ны өдөр найзуудтайгаа тоглосон. 3 дугаар сарын 17-ны өдөр найзууд болон Х.Өыг танихгүй гэсэн хүмүүсийг Х.Ө ирүүлж мөрийтэй тоглоомын газрыг ажиллуулж их хэмжээний ашиг орлого олсон үйл баримт байна. Шүүхээс зөвхөн найз нөхдийн хүрээнд орон сууцанд мөрийтэй тоглоом тоглосон. Олон нийтийн газар биш гэж үзээд Х.Өыг Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөрийтэй тоглоом тоглож болохгүй гэдгийг мэдсээр байж тоглосон 5 хүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. Гэтэл орон сууц юм шиг харагдаж байгаа боловч орон сууц түрээслэгч Х.Өыг мөрийтэй тоглоом тоглуулж байсан гэдгийг нь мэдээгүй. Хэн дуртай нь орж тоглодог. Х.Өын дансанд мөнгөө байршуулж байсан. Урьдчилан тооцоолох боломжгүй их хэмжээний ашиг орлого олж байсан. Түрээсийн мөнгийг төлчихсөн учраас түрээслэгч нь “миний байрыг эхнэр, нөхөр 2 түрээсэлсэн” гэсэн ойлголтой байсан. Би анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж улсын яллагчаар оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Урьдчилан тооцоолох боломжгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байсан учраас Х.Өын олсон ашиг, орлого хэд вэ гэдгийг өөрийнх нь мэдүүлгээр тодорхойлж шүүхэд хэргийг шилжүүлсэн, хичнээн төгрөгийн ашиг орлого олсон болохыг тооцож гаргахаар байгаа. Мөн хамт тоглосон хүмүүсийг шалгаж тогтоох шаардлагатай. Х.Өын санаа, зорилго нь мөрийтэй тоглоомын газрыг зохион байгуулж ажиллуулсан байдаг. Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Өыг 2021 оны 3 дугаар сарын 2, 2021 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоотод ашиг олох зорилгоор хасаа ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Х.Өод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол...” гэж хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд,

 

гэрч Б.Тулгын “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сарын төлбөр болох 500.000 төгрөгийн гэрээ байгуулан 2 өрөө байрыг Б.Ө болон эхнэртэйгээ амьдрах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэрээнд уг зүйлийг бүрэн бүтэн байлгах, гаднаас нэмж хүн амьдруулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр түрээсэлсэн.”/хх 20-21/,

 

гэрч Б.Өын “...би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоот байрыг 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл түрээслэхээр гэрээ хийсэн. ...манай байрны ах Х.Өтой таарахад манай түрээслэн амьдарч байсан байрыг сул болсныг мэдэж байсан болохоор “ахдаа байрныхаа түлхүүрийг өгчих, найз нартайгаа жаахан уугаад суучихая” гэж гуйхаар нь зөвшөөрөөд түлхүүрийг өгсөн. ...” /хх 26-27/,

 

гэрч Т.Хосбаярын “...2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр багын найз Хуншагай над руу залгаад бөөндөө хэсэг сууж пиво ууя гэж яриад, намайг 19 цаг 30 минутын орчим Цамбагарав орчимд ирэхэд Хуншагай 1 дүгээр хороолол, 15 дугаар байрны ... тоотод ороод ирсэн байна гэж дуудсан. ...” /хх 43-44/,

гэрч О.Хуншагайн “...2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Х.Ө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоот байранд хүрээд ир гэж дуудаад найз Эрхбаяр, Түвшинжаргал, Алтанхуяг, Хосбаяр нар цугларч пиво ууж покер тоглосон. ...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин цугларахаар нь дээрх байранд дахин цугларан тоглосон. ...” /хх 47-48/,

 

гэрч Б.Эрхбаярын “...2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр найз Түвшинжаргал, Хосбаяр, Хуншагай, Алтанхуяг бид нар цуглаж покер тоглохоор болж 21 цагийн очрим Х.Өын хэлсэн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоот байранд цугларсан. ...” /хх 51-52/,

 

гэрч Д.Бат-Ирээдүйн “...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр, 4 дүгээр орцны 9 дүгээр давхарт найз Өтой уулзахаар ирээд байр руу нь орсон. Байрных нь том өрөөнд Ванхүү, Ө, Алтан-Очир, Цогоо гэх найзуудын хамт пиво ууж байхад 2021 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг хүртэл хажуу талын жижиг өрөөнд хүмүүс покер тоглож байсан. ...” /хх 59-60/,

 

гэрч Б.Төгөлдөрийн “...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хуурай ах Цэрэнлхагва ахтай утсаар ярьж байгаад би хаана байгааг нь асуухад Сонгинохайрхан дүүргийн ... 9 давхарын 3 дахь хаалганд хүрээд ир гээд очиход уг байранд олон танихгүй хүмүүс байсан. ...хүмүүс жижиг өрөөнд нь покер толгож байхаар нь толгохоор болсон. ...” /хх 67-68/,

 

гэрч А.Алтан-Очирын “...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр найз Бат-Ирээдүй, Бат-Ирээдүйн нэг найзтай хамт пиво ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр, 4 дүгээр орцны 9 дүгээр давхарт нэг айлд ирсэн. Бат-Ирээдүйн 3 найзтай нь байрных нь том өрөөнд пиво уугаад сууж байхад жижиг өрөөнд хүмүүс покер тоглож байсан. ...” /хх 71-72/,

 

гэрч Д.Цэрэнлхагвын “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчим 1 дүгээр хорооллын зүс таньдаг Өөнөө ахтай утсаар ярихад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байранд бөөндөө байна гэхээр нь би уг байрны 4 дүгээр орцны 9 давхарын 3 дахь хаалганд ирсэн. Намайг жижиг өрөөнд ороход покерийн ширээн дээр Алтанхуяга, Алтантулга, Хуншагай, миний танихгүй Ирээдүйгийн хоёр найз зэрэг 5 хүн мөрийтэй покер тоглож байсан. ...” /хх 75/,

 

гэрч Б.Билгүүний “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим хуурай ах болох том Ө над руу залгаад 20 дугаар байранд тамхи аваад ирээч гэхээр нь би 14 цагийн орчим тамхи аваад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... 4 дүгээр орцны 9 давхарын 3 дахь хаалганд ирсэн. Намайг тухайн гэрт ороход жижиг өрөөнийх нь хаалга хаалттай хэдэн хүмүүс покер толгож байсан. ...” /хх 77/,

 

гэрч Г.Сайнзаяагийн “...2021 оны 3 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад нөхөр Бат-Ирээдүй маань гэрээсээ гарсан. ...нөхрийнхөө зааж өгсөн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын ... 4 дүгээр орны гадна машнтайгаа ирээд дахин нөхөр рүүгээ залгахад намайг ороод ир гээд байхаар нь 9 давхарын нэг айлд орсон. Намайг ороход нөхөр маань тэр айлын нэг өрөөнд газар дэвссэн дэвсгэр дээр хэвтэж байсан ба би ороод “явъя, Алтан-Очир хаана байна” гэхэд нөгөө өрөөнд найзуудаараа толгож байгаа гэхээр нь тэр өрөө рүү нь шагайж харахад 10 орчим хүн ширээ тойрч суугаад хөзөр тоглож байсан. ...”  /хх 88-89/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-16/, байрны түрээсийн гэрээний хуулбар /хх 97-99/ зэрэг нотлох баримтуудаар Х.Ө нь мөрийтэй тоглоомыг олон нийтийн газарт, эсхүл мэдээллийн технологи ашиглаж зохион байгуулаагүй үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Х.Өыг  2021 оны 3 дугаар сарын 2, 2021 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ... ... тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд бусадтай хасаа ашиглан мөрийтэй тоглоом тоглосон үйлдлийг тоглоом тоглуулдаг зориулалтын өрөө, танхим бүхий газар буюу олон нийтийн газар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ