Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 050

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

орчуулагч Т.Маншүк, 

улсын яллагч М.Отгонжаргал, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,

шүүгдэгч Ш.Рысбек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Рысбект холбогдох 201704000116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Ш.Рысбек: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Жадик овогт Шамейн Рысбек, 1980 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар Б380010617.  

Шүүгдэгч Ш.Рысбекийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч Ш.Рысбек нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ногооннуур сумын төвд өөрийн эзэмшлийн Хятад Улсад үйлдвэрлэгдсэн “Супер Дайун” маркийн мотоциклтэй явж байгаад зам тээврийн осол гаргаж бага насны хүүхэд Хайратбекийн Алтынжулдызыг мөргөж биед нь хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ш.Рысбек шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би санамсар болгоомжгүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Би 1600000 төгрөгийг хохирогчид өгч, уучлалт гуйсан” гэв. 

- Мөн шүүх хуралдаанд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, хохирогчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч Ш.Рысбекийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ш.Рысбек нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ногооннуур сумын төвд өөрийн эзэмшлийн Хятад Улсад үйлдвэрлэгдсэн “Супер Дайун” маркийн мотоциклтэй явж байгаад зам тээврийн осол гаргаж бага насны хүүхэд Хайратбекийн Алтынжулдызыг мөргөж биед нь хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-17 дугаар хуудас/, 

- 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн мотоциклд  үзлэг  хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/, 

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-25, 53, 61 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №139 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

- Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мырзабекийн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн

№05 тоот Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/, 

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Хайратбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх сумын төвд байгаа эхнэр бид хоёр сумын төвд зам дагуу гуанз болон биллиярдны газар ажиллуулдаг юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр 15-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт 15 цагийн үед өөрийн ажиллуулдаг гуанзанд ирсэн.Тэнд эхнэр хоол хийж, би гадаа машины дэргэд байсан. Миний 2 хүүхэд гуанзнаас хамт гарч ирээд бие засна гэсэн юм. Том нь 4 настай эрэгтэй хүүхэд бага нь Алтынжулдыз 2 нас 8 сартай хөлд орсон хүүхэд юм. Тэр хоёрыг би замын цаад талд байгаа худагны доод талд бие засуулаад том нь түрүүлж дуусаад зам хөндлөн гараад яваад өгсөн, бага нь тэнд сууж байсан. Би хажууд нь байгаад түрүүлээд зам хөндлөн гарч өөрийн машины дэргэд очиж зогсож байсан ба бага охин маань замын нөгөө талд худагны хажууд үлдсэн байсан. Тэгээд охин маань тэнд сууж л байсан, дээрээс нэг мотоцикл ирж яваа харагдсан юм. Тэр үед охин маань өмдөө татаж байсан. Би хараад зогсож байсан. Мотоцикл яг дөхөж ирсэн үед охин маань шууд зам хөндлөн гарч гүйж ирж яваа харагдсан. Тэгээд охин маань ирээд шууд мотоциклын баруун талын хамгаалалтын төмрөнд шүргүүлээд газарт 2 эргэж унасан. Мотоцикл тэндээс яваад 20 гаруй метрийн зайд очиж зогссон юм. Тэгээд би гүйгээд охиндоо ирсэн чинь доошоо харсан уйлж хэвтэж байсан ба толгойн зүүн талын дух хэсгээс цус гарч байсан. Тэгээд би охиноо өргөж аваад шууд өөрийн гуанзанд ирсэн. Ээж нь охиноо аваад сумын ерөнхий эмчийн гэр нь маш ойрхон тул шууд гэрт нь авч орсон. Эмч үзээд эмнэлэгт аваачих хэрэгтэй гэсэн тэгээд би өөрийн машинтай эмнэлэгт авч ирсэн.  Эмч толгойн тус газарт нэг газраас оёдол тавьж байхад тэр хэсгээс яс салж унасан. Тэгээд би сумын цагдаад хэлсэн цагдаа ирээд шалгаж эхэлсэн. Тэгээд гэрт ирээд тэр өдөр би өөрийн машинтай охиноо аймагт авч ирээд аймгийн эмч нарт үзүүлээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмнэлэгт 6 хоног хэвтэж байгаад, Хурметхан эмч үзээд толгойн яс нь гэмтэлтэй байна хот руу явуул гэсэн хот руу диск явуулаад Нота эмчид уншуулаад тэгээд охиноо ээж нь бид хоёр хот авч орсон. Хотод ороод гэмтлийн эмнэлэгт үзүүлээд шууд хэвтүүлсэн маргааш нь томографт үзүүлээд нөгөө өдөр нь хагалгаанд орсон ба толгойн ясыг нь авч байгаад тархи бүрэн бүтэн байна гэж оношилж тэгээд тэр эмнэлэгт 8 хоног хэвтээд гарсан тэгээд аймаг буцаж ирсэн юм. ... Энэ хэргээс болж гарсан хохирлыг барагдуулж авсан байгаа дөнгөж сая надад бэлэн мөнгө өгсөн юм. Одоо надад тэр хүнд ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй, нэг сумын танил хүн сайн таньж байгаа, тэр хүн албаар миний охиныг шүргээгүй санамсаргүй болсон хэрэг байгаа. Хэргийг хуулийн дагуу шийдэж, Рысбект хөнгөн ял оноож өгнө үү гэмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- Гэрч Е.Апиягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчим сумын төвд манай нөхөр Ш.Рысбекийн жолоодож явсан мотоциклтэй орж ирсэн. Сумын төвд орж ирээд доошоо 4 зам руу явах зам, хуучин худагны хажуугаар нэг хүүхэд зам руу гүйгээд гараад ирж миний нөхөр Ш.Рысбекийн жолоодож явсан мотоциклын баруун талын хамгаалалтын төмөрт мөргүүлж өнхөрч унасан. ... Х.Алтынжулдыз нь мотоциклын баруун урд талын хамгаалалтын төмөрт мөргүүлж өнхөрч унаж байсныг харсан. Яг биенийхээ аль хэсгээр мөргүүлснийг анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, 

- Гэрч Т.Асылбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тухайн өдөр иргэн П.Хайратбекийн биллярьд тоглоомны хажууд морьтой зогсож байхад   гуанзнаас П.Хайратбек 2 хүүхдээ дагуулаад гараад ирж охиноо зам хөндлөн гаргачихаад өөрөө буцаад замын нөгөө талд гарч ирсэн. Тэр үед сумын дээд талаас улаан өнгийн хойд талдаа эмэгтэй хүн сундлуулсан мотоцикл ирж байсан. Мотоцикл дөхөж ирэх үед замын нөгөө талд нь байсан эмэгтэй хүүхэд зам руу гүйж гараад ирж мотоциклд дайруулан өнхөрч унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Гүлжаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед хохирогч Х.Алтынжулдыз гэх хүүхэд осолд орсон гэж надад үзүүлсэн. Тухайн үед хүүхдийн зүүн духны хэсэг нь зүсэгдсэн шархтай, шархнаасаа бага зэрэг цус гарч байсан. Хүүхдэд мэдээ алдуулалт хийж оёдол тавих гэж байхад духан хэсгээс нь 1 см гаруй ясны хэлтэрхий гарч ирсэн. Тухайн ясны хэлтэрхийг авч ээж нь Айбагид өгсөн. Тэгээд аймагт очиж эмчид үзүүлж онош тодруулах талаар зөвлөгөө өгсөн ба Улаанбаатар хотод авч явсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Айбагигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний охин Х.Айжулдыз нь 2 нас 10 сартай, одоо хэлд ороогүй байгаа. Биеийн байдал нь хагалгаанд ороод ирсэний дараа сайжирч байгаа ба одоо хүний асаргаанд байгаа. ... Улаанбаатар хотод миний охин Х.Алтынжулдыз нь гэмтэл согогын эмнэлэгт хэвтэж эмчилгээ оношилгоо хийлгэсэн. Хагалгаанд орж, духны ясыг авахуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ш.Рысбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр өдөр би хөдөөнөөс эхнэрийн хамт сумын төв ирж, гэрт ойр зуурын юм авахаар ирсэн. Тэгээд гудамжинд орж төв замаар доошоо чиглээд явж байхад иргэн П.Хайратбек гэгчийн биллиярдны урдуур явж байсан ба замын хажуу талд байгаа хуучин худагны хажуунаас нэг хүүхэд гэнэт гүйгээд замын голд хүрээд ирсэн цаад талд нь бас нэг хүүхэд замын хажууд тоглож байгаа янзтай гүйлдээд явж байгаа харагдсан юм. Нөгөө замын гол руу гүйгээд ирсэн хүүхдийг хараад би тэр доор нь тормоз гишгэж мотоциклээ зогсоох гэх хооронд хүүхэд ирээд миний баруун талын хамгаалалтын  төмрөнд толгой  хэсгээр мөргөж, шүргүүлж хойшоо савж газарт унасан. Би тэр доор нь мотоциклээ зогсоож гүйгээд нөгөө хүүхдэд яваад очсон. Тэр хооронд хүүхдийн эцэг нь Хайратбек бас гүйгээд ирчихсэн хүүхдээ газраас өргөж авч байсан, хүүхдийн нүүр ам нь нил цус болсон харагдсан ба би ч айж сандарч хүүхдийг Хайратбекийн өөрийнх нь машинд нь суулгаж шууд эмнэлэг явсан, болсон асуудал энэ. Эмнэлэг ороход намайг оруулаагүй, эмч нар гайгүй гэж хэлж байна гэж түүний аав надад хэлсэн. Миний мотоцикл бүрэн бүтэн шинэхэн авсан мотоцикл байсан ба тормоз бусад бүх эд анги нь бүрэн бүтэн ажиллаж байсан. Замын хувьд гэвэл сумын төвөөс доошоо явдаг их өргөн шороон зам байсан ба тэгшхэн ямар нэгэн саад тотгоргүй, цаг агаар тогтуун тайван гэгээтэй нартай өдөр байсан, хүүхэд замын хажууд байсан худагны араас гэнэт гарч замын гол руу гүйгээд ирсэн би ч зогсож амжилгүй хүүхэд ирээд шүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

  ... нийт 1650000 төгрөг өгсөн байгаа, надад ямар нэгэн гомдолгүй гэж аав нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Ш.Рысбект холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Ш.Рысбекийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ш.Рысбект ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1/, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн /Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч Ш.Рысбек нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Рысбекийн өмчлөлд байгаа “Супер Дайун” маркийн хятад улсад үйлдвэрлэгдсэн гэх шинэвтэр мотоцикл, нас бие гүйцсэн 1 морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүний хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ш.Рысбект хорих ялаар шийтгэх шаардлагагүй гэж үзэж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Рысбект авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. 

Хэргийн хамт шүүгдэгч Ш.Рысбекийн 00975564 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний цахим үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэв. 

Шүүгдэгч Ш.Рысбек нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Жадик овогт Шамейн Рысбекийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Рысбекийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай. 

            3. Шүүгдэгч Ш.Рысбек нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүйг дурдсугай. 

 5. Шүүгдэгч Ш.Рысбект хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнсэгдсэн ялтан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Рысбект авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй. 

8. Шүүгдэгч Ш.Рысбекийн 00975564 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний цахим үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй. 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК