Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0147

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0147

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******.

Хариуцагч: Сгийн з******* х*******ны улсын байцаагч Ц.Э*******.

Гуравдагч этгээд: Т*******  ХХК нарын хоорондын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Б.С*******, хариуцагч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1/. Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* нь Сгийн з******* х*******ны улсын байцаагч Ц.Э*******ын, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2/ Сгийн з******* х*******ны улсын байцаагч, Ц.Э******* нь ******* дугаартай гомдолд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар шалгаж, зөрчлийн хологч Г.М*******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу дугаартай шийтгэлийн хуудсаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Сгийн з******* х*******ны улсын байцаагч Ц.Э*******ын дугаар шийтгэлийн хуудсыг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* хянаад 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ханджээ.

4. Дүгнэлт гаргагч Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* дүгнэлтийнхээ үндэслэлээ: 

1/...Хологч Г.М*******э нь "Т******* ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь түүний ажлын байрны тодорхойлолтоор тогтоогддог, "С " ХК-тай хийсэн гэрээг "Т******* ҮЦК ХХК-ийг төлөөлж хийсэн болох нь хэрэгт авагдсан хологчийн мэдүүлэг, хамтран ажиллах гэрээний хуулбар, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2/. Эрх бүхий албан тушаалтан нь гомдолд авагдсан баримтад үндэслэн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах байтал хувь хүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж заасныг зөрчсөн, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд холуулан буруутай этгээдэд шийтгэл оногдуулахдаа тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хураах гэх албадлагын арга хэмжээг авахгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна... гэжээ.

5. Хариуцагч Ц.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

1/. Би Х*******ны даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тушаалаар баталсан үнэт цаасаа нийтэд санал болгон гаргасан нэр бүхий 4 хувьцаат компанийн үйл ажиллагаанд болон мөнгө угаах терроризмыг сжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу "С " ХК-ийн үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн

2/.Газар дээрх шалгалтаар С " ХК нь Т******* ҮЦК" ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд байгуулсан хамтрах ажиллах гэрээг 500 ам доллараар илэрхийлж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-г "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд МБ-ны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлээгүй зөрчил илэрсэн.

3/. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулахад Т******* ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хувь эзэмшигчдийн хурлын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот шийдвэрийн нэгдүгээр хавсралтаар баталсан Т******* ҮЦК ХХК-ийн дүрмээр олгосон эрх хэмжээг хэтрүүлж гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнд төлөвлөгдөөгүй фэйсбүүк хуудсаараа дамжуулан бууст хийж байршуулах гэрээг байгуулсан байсан.

4/. Т******* ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М*******э нь хувьцаа эзэмшигчдийн хурал эсхүл төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон аливаа зөвшөөрөлгүйгээр дээрх гэрээг байгуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн шинжийг харгалзан хувь хүнээр торгох үндэслэл болсон.

5/. Иймд зөрчлийн шинжийг харгалзан "Т******* ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. М*******эд шийтгэл оногдуулсан тул 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

1/. Дүгнэлт гаргагчийн дүгнэлтэд хувь хүнийг биш хуулийн этгээдийг торгох ёстой гэсэн үндэслэл гаргасан байгаа. Манай зүгээс тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Т******* ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М*******э нь гэрээг байгуулсан байгаа.

Үүнээс үзвэл Г.М*******э нь хуулийн этгээдийг төлөөлж гэрээ хийсэн эсэх нь уг маргааны гол асуудал юм. Хэдийгээр гэрээн дээр гарын үсэг зурсан ч гэсэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж тус тус заасан байдаг. Энэ тохиолдолд "Т******* ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М*******э нь гэрээ хэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулаагүй өөрийн бүрэн эрхээ хэтрүүлж бие дааж байгуулсан нь хувь хүнийг торгох гол үндэслэл болсон.

Энэ үндэслэл нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг болон 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан нь гүйцэтгэх удирдлага юм. Эрх бүхий албан тушаалтан болохынхоо хувьд хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх эрхтэй. Т******* ҮЦК ХХК-ийн компанийн дүрмийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот шийдвэрээр баталсан.

Тухайн дүрэмд гүйцэтгэх удирдлага болох Г.М*******э ямар бүрэн эрх эдлэх талаар заасан байдаг. Тус компанийн дүрмийн 7 дугаар зүйлд гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд тухайн гэрээг байгуулах ёстой. Гэтэл өөрт олгосон бүрэн эрхгүйгээр гэрээг байгуулсан нь хувь хүнийг торгох үндэслэл болсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлээр Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1-д бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж, мөн зүйлийн 1.2-т Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж тус тус заажээ.

Хариуцагч улсын байцаагч нь иргэн Г.М*******ийг дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр шийтгэлийн хуудсаар 4 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Прокурорын дүгнэлтийн ...хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах байтал хувь хүнд шийтгэл ногдуулсан нь... үндэслэлгүй гэх тухайд:

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна гэж, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. тус тус заасан

Түүнчлэн уг хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар Г.М*******э нь тухайн компанийн Эрх бүхий албан тушаалтан байх ба мөн хуулийн 84.4-т Компанийн эрх бүхий албан тушаалтан нь дараах үүрэгтэй:, 84.4.1-д хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх;, 84.4.3-д компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах гэж, тус компанийн дүрмийн 7.1-д Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, 7.2-т Компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл компанийн Гүйцэтгэх захирлын хувьд Г.М*******э нь компанийн нэрийн өмнөөс аливаа гэрээ байгуулах тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хуралтай гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд ажиллах үүрэгтэй, энэ үндэслэлээр Г.М*******эд шийтгэл ногдуулсан нь буруу биш гэж шүүх дүгнэв.

Учир нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, Т******* ҮЦК" ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.М*******э 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "С " ХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 1.1-д Гэрээний зорилго нь Компанийн нээлттэй зах зээлд хувьцаагаа анх удаа санал болгож буй төслийн онцлог, үр ашиг, өгөөж болон шаардлагатай бусад мэдээллийг сонирхогч хөрөнгө оруулагчдад Зөвлөхийн сошиал сувгаар Facebook page хуудсаар 1 цагийн лайвыг нийт 2 удаа хийх, хийсэн лайвын Фэйсбүүк хуудсанд бүүст хийх эдгээртэй холбоотой үүсэх харилцааг з*******ад оршино, 4.1-д Зөвлөх нь дараах үүрэгтэй байна, 4.1.1-д Энэ гэрээнд заасан лайвыг товлосон хугацаанд фэйсбүүк хуудсаараа хийж гүйцэтгэх, 4.1.2-т Хамтран хийсэн лайвыг фэйсбүүк хуудастаа бүүст хийж байршуулах, 5.2-т Талуудын хамтран хийсэн лайвыг бүүст хэлбэрээр фэйсбүүкт байршуулахад гарах нийт төлбөр нь 500 ам доллар байна, 5.3-д Компани нь энэ гэрээний 5.2-т заасан төлбөрийг шилжүүлэх үеийн Хаан банкны долларыг худалдан авах ханшаар тооцож төгрөгөөр шилжүүлнэ гэж тус тус тохиролцжээ.

Үүнээс үзвэл тухайн гэрээний зүйл нь фэйсбүүк хуудсаараа лайв хийх, хийсэн лайвын фэйсбүүк хуудсанд бүүст хийх тодорхой үйлдэл болохын хувьд Г.М*******э гэгч хувь хүний өөрийнх нь хэрэгжүүлэх ажиллагаа байх бөгөөд түүний энэ үйлдлийг нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих талаархи Гүйцэтгэх захирал Г.М*******ийн ажлын байрны тодорхойлолтонд заасан эрх, үүрэгтэй холбож ойлгох боломжгүй, нөгөө талаар Г.М*******эд энэхүү гэрээ байгуулах эрх нь компанийн хувь нийлүүлэгчдийн зүгээс олгогдоогүй байна.

Иймд Прокурорын дүгнэлтийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Прокурорын дүгнэлтийн ...Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд ...тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг аваагүй нь буруу гэх үндэслэлийн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана., 2-т Хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ. 3-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.Тайлбар: "Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно. гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн тухайд тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг авахаар зохицуулсан хэдий ч холөогдогч Г.М*******ийн явуулсан үйл ажиллагаа нь фэйсбүүк хуудсаараа лайв хийх, хийсэн лайвын фэйсбүүк хуудсанд бүүст хийх тодорхой үйлдэл болохын хувьд ийнхүү лайв хийсний улмаас хэдий хэмжээний хөрөнгө, орлого олсныг тогтоох боломжгүй гэх Эрх бүхий албан тушаалтны тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар шүүхийн шийдвэр болон эрх бүхий албан тушаалтны хуулийн хүчин төгөлдөр аливаа шийдвэр нь заавал биелэгдэх хүчин чадалтай бөгөөд иргэн Г.М*******ийн зөрчлийн улмаас олсон орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй, энэ нь шүүхийн шийдвэр болон эрх бүхий албан тушаалтны шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэх үр дагавартай байх тул Прокурорын дүгнэлтийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Прокурор нь эрх бүхий албан тушаалтны гаргасан 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн атлаа хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ ...хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах ёстой..., хөрөнгө орлогыг хураах үндэслэлтэй байсан гэж тайлбарлаж байгаа нь хоорондоо утга агуулгын зөрүүтэй, өөрөөр хэлбэл дүгнэлтэд дурдсанаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нөхцөлд хуулийн этгээд болон иргэн Г.М*******э аль аль нь шийтгэлгүй үлдэх, мөн хөрөнгө орлогыг хураах ч үндэслэлгүй нөхцөл үүсч байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******ы 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/01 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Н.ДУЛАМСҮРЭН