Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 137/ШШ2023/00075

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг ... тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Б овогт Б-ийн С /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Замын-Үүдийн Д с т ө ү-ийн газар /РД: .../-т холбогдох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З Д-ы с т ө ү-ийн газарт ... ажилтай, З овогт Ц-ийн Э /утас .../

 2019 оны 10 сараас 2022 оны 12 сар хүртэл хугацааны дулаан халаалт, усны үнэ 1,069,774 төгрөгийн тооцоог татгалзаж хасуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 07 сараас 12 сарыг дуустал, 2020 оны 01 сараас 11 сарыг дуустал, 2022 оны 01 сараас 12 сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр нийт 1,068,774 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.У, нэхэмжлэгч Б.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гэрч Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

2019 оны 10 сараас 2022 оны 12 сар хүртэлх үед хэрэглэсэн гэх дулаан халаалт, усны үнэ 1,069,774 төгрөгийн тооцоог татгалзаж хасуулах тухай.  Манайх 2012 онд энэ байранд орсноос хойш халаалт дулаан хэрэглээгүй явж ирсэн. /... тоот/ 2012 оны 01 сарын 11-нд шинээр ашиглалтад орсон. Байрны паарууд даралтаа даахгүй задарч, бүх өрөө усанд автаж паараа хаалгаснаас хойш одоо хүртэл дулаан хэрэглэхгүй өвөлжиж ирсэн. Эхнэр бид хоёр даралт өндөр, тархи толгой байнга өвддөг, эмнэлгийн хяналтад байнга байдаг сэрүүн орчинд амьдардаг болсон. Халаалт дулаан хэрэглэхгүй байгаа учир халаалтын төлбөрийг хасаж хөнгөлж өгөхийг дулааны станцын захиргаа, санхүү, ерөнхий инженерт жил бүр удаа дараа хүсэлтүүдийг бичгээр амаар гаргадаг боловч хүлээж аваагүй. Дулааны станц нь 2016-2019 оны хооронд халаалтын төлбөр тооцоог усны гэрээ дотор халаалтын гэрээ давхар хамт байсан гэж Замын-Үүдийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж 945,806 төгрөгийг манайх төлсөн. Усны тоолуурын заалт ажиллахгүй байна гэж 2 ам бүлтэй айлд нааш цааш шилжиж явсан хүүхдүүдийг ам бүлд тооцон задгайгаар 3 жил бичиж усны заалт хардаггүй байсан. Одоо нэхэмжилж байгаа 2019 оны 10-р сараас 2022 оны 12-р сарыг хүртэлх хугацаанд бид тус цахилгаан станцтай ямар ч гэрээ хийгээгүй тул Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 1, 8-р зүйлийн 8.1-д зааснаар төлбөр төлөх үүрэг хүлээх боломжгүй болсон тул нэхэмжилсэн төлбөрийг хүчингүйд тооцох буюу татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 онд энэ байранд орсноос хойш паар хагараад усанд автсан. Тухайн үеэс хойш паар тавиагүй, дулаан хэрэглээгүй юм. Тухайн үеийн Чандмань Бадрал ХХК-ийн захирал, инженер гэх хүмүүст хандаж дулаан хэрэглэхгүй байгаа байдлаа хэлж төлбөрийг шийдэж өгөх талаар хандаж байсан боловч огт арга хэмжээ авч байгаагүй. 2016-2018 оны усны гэрээ хийх нэрийдлээр дулааны гэрээг хамт хийж шүүхээр орж надаас төлбөр гаргуулсан. 2019 оноос хойш би Чандмань Бадрал ХХК болон Дулааны станцтай гэрээ байгуулаагүй. Мөн усны заалтын задгайгаар бичиж ам бүлээс гарсан хүүхдүүдийг ам бүлд оруулан тооцож 6 ам бүлээр, эсвэл 2 ам бүлээр төлбөр бичдэг байсан. Дулаан хэрэглэдэггүй, гэрээг огт байгуулаагүй тул би дулаан халаалтын төлбөр, болон усны төлбөрийг төлөхөөс татгалзаж хасаж шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Хариуцагч байгууллагын төлбөрийн хүснэгтийн дагуу 1,069,774 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Ус хэрэглэсний зарим тооцоог би төлсөн байгаа гэв.

Хариуцагч Замын-Үүдийн Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Замын-Үүд сумын Сүлд баг ... тоот хаягт байрлах орон сууцны 2019 оны 10 дугаар capaac 2022 оны 12 сар хүртэлх хугацааны халаалт, цэвэр усны төлбөрт нэхэмжилсэн 1,069,774 төгрөгийг хүчингүйд тооцуулах буюу татгалзах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх, борлуулах, цэвэр ус олборлох, түгээх, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлдэг байгууллага билээ. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн байрны халаах хэрэгслүүдийг салгасан гэх боловч Б.С-ийн өмчлөлийн байраар дулааны тараалтын босоо шугам дамжин өнгөрч тухайн орон сууцны бусад айл өрхүүд буюу хэрэглэгчдийг дулаанаар хангахаас гадна, Б.С-ийн орон сууцанд амьдрах хэвийн дулаан орчныг бүрдүүлж байдаг. Үүнийг халаалт, дулаан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.5-д холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг өмчлөгч хүлээн зөвшөөрөх үүрэгтэй, 148.3-т өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ. Мөн хуулийн 148.2.4-т дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т зааснаар эрчим хүчээр хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах, Хот, суурины ус хангамж ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д зааснаар хангагчийн төлөөлөгчийг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах үүргээ биелүүлдэггүй манай байгууллагын борлуулалтын байцаагчийг усны тоолуурын заалт авахаар очиход нэвтрүүлэхгүй, заалтаа өгөхгүй, улмаар хэл амаар доромжилсон асуудлууд байдаг. Нэхэмжлэгч Б.С-аас хэрэглэсэн цэвэр ус, бохир ус татан зайлуулсны үйлчилгээний болон халаалт, дулааны төлбөрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу борлуулалт хийж, ногдолт үүсгэн нэхэмжилсэн нь үндэслэлтэй учир 135 дугаар байрны 83 тоот хаягт байрлах орон сууцны 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацааны халаалт, цэвэр усны төлбөрт нэхэмжилсэн 1,069,774 төгрөгийг хүчингүйд тооцуулах буюу татгалзах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 08 сарын 27-нд Чандмань Бадрал ХХК-тай нэгдэн 2021 оны 09 сараас үйл ажиллагаагаа Дулааны станц явуулж эхэлсэн. Засгийн газраас 2020 оны 04 сарын 08-нд 123 дугаар тогтоол гаргаж Замын-Үүдийн дулааны станцын төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг баталж, уг дүрэмд 2021 оны 11 сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Уг дүрэмд заасны дагуу манай байгууллага нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, ахуйн хэрэглээний цэвэр, халуун усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг зайлуулах, цэвэрлэхтэй холбогдсон ажил, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд ажиллаж нэхэмжлэгч Б.С-ийн оршин суух байрыг дулаан, усаар хангаж ирсэн. Б.С нь паар байхгүй тул дулаан хэрэглээгүй гэж байна. Эдний 3 өрөө орон сууцанд дулаан түгээгдэж байгаа босоо шугам байгаа уг шугамаар дулаан түгээгдэж орон сууцанд хүн хэвийн амьдрах дулаанаар хангагдаж байгаа. Түүнчлэн манайхаас түгээж байгаа усыг хэрэглэн уг байрандаа амьдарч байсан. Гэрээ байгуулаагүй тул төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэж буруу ойлгоод гэрээг байгуулдаггүй. Байгууллагаас тухайн жилийн эхний сард дулаан, халаалт, усны гэрээгээ байгуулах талаар хэрэглэгч нарт утсанд нь мессеж хэлбэрээр болон байцаагч гэрт нь очих үедээ мэдэгддэг. Б.С-ийн хувьд байгууллага дээр ирдэггүй, байцаагчийг хэл амаар доромжилдог, паар байхгүй учир гэрээг байгуулахгүй гэж хэлдэг. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар 2 талд үүрэг үүссэн байдаг. Манай талаас дулаан, усаар хангах, нөгөө талаас төлбөрөө төлөх үүрэг үүссэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-р хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.      

Хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ... тоот хаягт оршин суух Б.С нь байрныхаа халаах хэрэгслийг хагарсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас дахин халаах хэрэгсэл тавиулаагүй, усны заалтаа өгөхгүй гэж 2016 оноос хойш халаалт, цэвэр ус, бохир ус татан зайлуулсны ашиглалтын төлбөрөө төлж барагдуулахгүй байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулдаг. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч Б.С-аас 2017 оны 5 сараас 2019 оны 6 сар хүртэл хугацааны хэрэглээний цэвэр ус, дулааны төлбөрт 919,196 төгрөг гаргуулж "Чандмань бадрал" ХХК-д олгож, үлдэх 227,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн" байдаг. Дээрх шүүхийн шийдвэрт дурдсан хугацаанаас хойш дахин орон сууцны ашиглалтын төлбөрөө төлөхгүй хуримтлуулсаар нийт 1,068,774 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байна. Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрхийн цахилгаан, Дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсний дагуу мөн хугацаанд Б.Сумъяагийн ашиглалтын төлбөрийг хасаж тооцсон болно. Иймд Б.С-аас 2019 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал, 2020 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр нийт 1,068,774 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 179 дугаартай шүүхийн шийдвэрээр 2016 оны 10 сараас 2019 оны 06 сар дуустал хугацааны төлбөрийг Б.С-аас гаргаж шийдсэн. Энэ төлбөрийг Б.С нь 2022 оны 04 сард төлсөн. Үүнээс хойш хугацаан төлбөр буюу 2019 оны 07 сараас 12 сар хүртэл, 2020 оны 01 сараас 11 сарыг дуустал, 2022 оны 01 сараас 12 сарыг дуустал хугацааны халаалт, усны төлбөрөө төлөөгүй тул 1,068,774 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2020 оны 12 сараас 2021 оны 12 сар дуустал хугацааны төлбөрийг Засгийн газраас дааж хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Энэ хөнглөлтөнд Б.С нь хамрагдсан байгаа. Манай байгууллагаас түгээж байгаа дулаан, халаалт, усыг хэрэглэсэн тул төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан болно гэв.    

Нэхэмжлэгч Б.С-ийн шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 1,068,774 төгрөгийн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Тухайн иргэний үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үүсдэг. Нэг талаас цэвэр, бохир ус, дулаан нийлүүлэх үүрэг, нөгөө тал нь ашиглаж, хэрэглэсний төлбөр төлөх үүрэг нь худалдаж, худалдан авахаар хоорондоо харилцан хүлээн зөвшөөрсөн, гэрээний шинжийг агуулсан харилцаа байх ёстой. Тус байгууллага, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийг зөрчиж, хэрэглэгчийн хүсэлтийг удаа дараа үл тоомсорлож, нэхэмжлэгч байгууллага 1 талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Төлбөр нэхэмжилж байгаа дээрх хугацаанд дулааны станц, төрийн өмчит үйлдвэрийн газарт дулаан, бохир, цэвэр усны ямар нэгэн гэрээ хийж баталгаажуулж байгаагүй тул төлбөр төлөх эрх үүрэг үүсээгүй тул төлбөр төлөхөөс татгалзаж байна гэжээ.   

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулаагүй, паар байхгүй тул төлбөрийг төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Гэрч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Б.С-ийн байр буюу 135 дугаар байрны борлуулалтын байцаагчийн үүргийг гүйцэтгэдэг. Б.С-д түүний гар утасны дугаараар нь төлбөрийн талаар мэдэгдэж байсан. Гэрт нь очиход С эхнэрийн хамт байдаг байсан. Усны заалт авах гээд гэрт нь очиход гэртээ оруулдаг боловч хэрэглэгчийн картан дээр тоолуурын заалт бичиг гарын үсэг зуруулах гэхэд гарын үсгээ зурдаггүй, зөвхөн усны заалт, төлбөрийг нь хэлчих гэдэг байсан. Ковидоос хойш С нь Увс бил үү Ховдод байна гэдэг байсан. Гэрээ хийх талаар нэг удаа хэлж байсан. Дулаан хэрэглэхгүй байгаа тул гэрээг хийхгүй гэдэг байсан. Усны тоолуур эвдрэлттэй байх үед нь задгайгаар бичиж байсан. Тухайн үед хүүхдийн хамтаар амьдарч байсан. С-аас өөрөөс нь ам бүлийг асуухад 6 гэж хэлж байсан, тэгээд 6 ам бүлээр бичиж байгаад хүүхэд нь тусдаа гарснаас хойш ам бүл хоёроор бичдэг байсан. Тэгээд 2020 оны 08 сард шинэ тоолуур тавиулснаас хойш тоолуурын заалтаар бичдэг болсон. Усны төлбөрөө асуудаг боловч төлбөрийг хийдэггүй байсан. 2019 оны 07 сараас хойш төлбөр тооцоо хийгээгүй. С болон эхнэртэй нь харьцах хүнд байдаг, хэл амаар доромжилдог, утсаа авдаггүй, картан дээр гарын үсгээ зурдаггүй хүндрэлүүд байсан гэв.  

Нэхэмжлэгч талаас:

- Улсын тэмдэгтийн хураамжид 30,225 төгрөг төлсөн баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй болно.

Хариуцагч талаас:

- Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжинд 30,200 төгрөг төлсөн баримт

- 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 1/43 дугаартай итгэмжлэл олгосон Замын-Үүдийн дулааны станц Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тоот

- Хариуцагчийн байгууллагын улсын бүртгэлийн 000200019 дугаартай гэрчилгээ

- 135 байрны 83 тоотын 2019 оны 07 сараас 2022 оны 12 сарын 31-нийг хүртэлх төлбөр тооцооны хүснэгт

- 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 123 дугаартай Засгийн газрын тогтоол, тогтоолын хавсралт Замын-Үүдийн дулааны станц Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 338 дугаартай дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол

- 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 37 дугаартай Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Хуулийн этгээдийг нэгтгэн, хөрөнгийг шилжүүлэх тухай” тогтоол

- 88640815 дугаартай гар утас руу төлбөрийн мэдээлэл хүргүүлж байсан мэдээлэл

- 2020, 2022 оны Б.С-ийн 135-р байрны 83 тоот сууцны цэвэр усны тоолуурын заалт, төлбөрийн мэдээлэл зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 1... дугаартай Чандмань бадрал ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох иргэний хэргээс

- Айл өрхийн цэвэр ус, халаалт дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ

- 2019 оны 08 сарын 29-ний өдрийн ... дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр

- Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 10 сарын 08-ны өдрийн ... дугаартай магадлал

- Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн ... дугаартай тогтоол зэргийг хэрэгт хавсаргасан болно.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

“Эхнэр бид хоёр даралт өндөр, тархи толгой байнга өвддөг, эмнэлгийн хяналтад байнга байдаг сэрүүн орчинд амьдардаг, усны тоолуурын заалт ажиллахгүй байна гэж 2 ам бүлтэй айлд нааш цааш шилжиж явсан хүүхдүүдийг ам бүлд тооцон задгайгаар 3 жил бичсэн, 2019 оны 10-р сараас 2022 оны 12-р сарыг хүртэлх хугацаанд цахилгаан станцтай ямар ч гэрээ хийгээгүй” гэх шалтгаанаар халаалт дулааны төлбөр, цэвэр бохир усны төлбөрийг төлөхөөс татгалзаж, чөлөөлөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан.

 Хариуцагч байгууллага нь “Б.С-ийн өмчлөлийн байраар дулааны тараалтын босоо шугам дамжин өнгөрч тухайн орон сууцны бусад айл өрхүүд буюу хэрэглэгчдийг дулаанаар хангахаас гадна, Б.С-ийн орон сууцанд амьдрах хэвийн дулаан орчныг бүрдүүлж байдаг. Үүнийг халаалт, дулаан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй. Мөн тус байгууллагын борлуулалтын байцаагчийг усны тоолуурын заалт авахаар очиход нэвтрүүлэхгүй, заалтаа өгөхгүй, улмаар хэл амаар доромжилсон байдаг. Нэхэмжлэгч Б.С-аас хэрэглэсэн цэвэр ус, бохир ус татан зайлуулсны үйлчилгээний болон халаалт, дулааны төлбөрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу борлуулалт хийж, ногдолт үүсгэн нэхэмжилсэн нь үндэслэлтэй” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж, Б.С-аас 2019 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал, 2020 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр нийт 1,068,774 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцсэн болно.

            Нэхэмжлэгч Б.С нь 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Дорноговь аймаг Замын-Үүд сумын ...тоот орон сууцны өмчлөгч байж, мөн уг байранд оршин сууж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Монгол улсын Засгийн газрын 2020 оны 04 сарын 08-ны өдрийн 123 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 338 дугаартай Засгийн газрын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолд “Замын-Үүдийн дулааны станц” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4.3-т зааснаар дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, эрчим хүчний эх үүсвэрээс хэрэглэгчдийг дулааны  эрчим хүч, ахуйн хэрэглээний цэвэр, халуун усаар найдвартай хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг зайлуулах, цэвэрлэхтэй холбогдсон ажил, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тогтоож, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 08 сарын 27-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Замын-Үүдийн Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт Чандмань Бадрал орон нутгийн өмчит ХХК-ийг цогцолбороор нь шилжүүлсэн болох нь Монгол улсын Засгийн газрын 123, 338 дугаартай тогтоол, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 37 дугаартай тогтоол /хх-ийн 67-73/ зэргээр тогтоогдож байна. Замын-Үүдийн дулааны станц төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэмд заасны дагуу нэхэмжлэгчийн оршин сууж байсан Замын-Үүд сумын 1-р баг 135-р байрыг ус, дулаанаар хангах үйлчилгээ үзүүлдэг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үүрэг үүссэн ба энэ нь нэг тал нь цэвэр ус, дулаан нийлүүлэх, бохир ус татан зайлуулах үүргийг, нөгөө тал нь үүний төлөө төлбөр төлөх үүрэг нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээг байгуулах хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй боловч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар байгуулж болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.2-д зааснаар “хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон” бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэжээ. Хариуцагч байгууллагаас сар бүрийн төлбөрийн тооцоог хийхийн мөн усны заалтаа ирүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч Б.С-ийн эзэмшлийн ... дугаартай гар утас руу мессеж хэлбэрээр илгээдэг байсан нь мессеж илгээсэн баримт /77-78/-аар, болон нэхэмжлэгч Б.С-ийн “утсанд мессеж ирдэг байсан” гэх тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хэдийгээр гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч байгууллагын илгээсэн халаалт, дулаан, усны төлбөрөөс зарим сарын усны төлбөрийг төлж барагдуулдаг байсан нь нэхэмжлэгч Б.С-ийн тайлбар, төлбөрийн тооцоо /хх-ийн 25-26/, гэрч Ц.Э-ийн “төлбөрийн талаар Б.С-ийн утсанд мессеж байдлаар илгээдэг, өөртэй нь утсаар ярьж хэлдэг, гэрт нь очиж усны заалт авч карт хөтөлдөг” гэх мэдүүлэг зэрэг үйл баримтаар нотлогдсон. Үүнээс үзвэл хэлцлийг бодит үйлдлээрээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.С нь байрны паарууд даралтаа даахгүй задарч, бүх өрөө усанд автаж паараа хаалгаснаас хойш дахин паар тавиагүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас паар тавиулах шаардлагагүй, дулаан хэрэглээгүй тул үнийг нь төлөхгүй гэж татгалзсан. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн орон сууцандаа халаалтын хэрэгсэл байрлуулаагүй боловч тухайн нийтийн орон сууцанд тавьсан халаалтын хэрэгсэл буюу дулааны өгсөж, уруудсан шугамаар дулаан хэрэглэдэг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нийтийн зориулалттай орон сууцны хэвийн ашиглалтын байдлыг хангахын тулд хариуцагч байгууллага нь зайлшгүй дулаан нийлүүлдэг, орон сууцны доод давхраас эхлэн дулааныг дамжуулдаг гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь огт дулаан хэрэглээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Хариуцагч тал цэвэр ус, дулаан нийлүүлэх, бохир ус татан зайлуулах үүргийг хүлээж, түүнийгээ биелүүлж төлбөрийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн байх бөгөөд харин нэхэмжлэгч тал нийлүүлсэн дулаан, халаалт, цэвэр усыг  хэрэглэсэн болохоо үгүйсгээгүй болно.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хангагч дараах эрхтэй”, 14.1.1-д “хэрэглэгчийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийж заавар, зөвлөгөө өгөх”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй”, 15.1.6-д “хангагчийн төлөөлөгчийг энэ хуулийн 14.1.1-д заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах” үүргийг хүлээсэн.

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1-т “орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх үүрэгтэй” гэж мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч Б.С нь нийтийн орон сууцанд амьдардаг, байранд нь халаалтын буцах, өгсөх босоо шугам байдаг, халаалтын шугамыг хаахад бусад оршин суугчдын эрх ашиг хөндөгдөхөөр байна. Нэхэмжлэгч Б.С нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, сөрөн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй болно.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, харин хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал, 2020 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр нийт 1,068,774 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-аас гаргуулан хариуцагч байгууллагад олгож шийдвэрлэлээ.

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.С-ийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 30,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч Б.С-аас 30,200 төгрөгийг гаргуулж хариуцагч байгууллагад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй Замын-Үүдийн дулааны станц Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох 2019 оны 10 сараас 2022 оны 12 сар хүртэл хугацааны дулаан халаалт, усны үнэ 1,069,774 төгрөгийн тооцоог татгалзаж хасуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 07 дугаар сараас 12 сарыг дуустал, 2020 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр нийт 1,068,774 төгрөгийг нэхэмжлэгч Б.С-аас гаргуулж хариуцагч Замын-Үүдийн Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,225 төгрөгийг, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлд төлсөн 30,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.С-аас 30,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Замын-Үүдийн Дулааны станц төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.Б