| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/01067/И |
| Дугаар | 130/ШШ2023/00102 |
| Огноо | 2023-01-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 130/ШШ2023/00102
| 130/ШШ2023/00102 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суудаг, утас:95800346, Б овогт Х.М,
Хариуцагч: Д аймгийн Б сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “К” ХХК (захирал Х.М),
Хамтран хариуцагч: Д аймгийн Б сумын 13 дугаар багт оршин суудаг,” К” ХХК-нд талбайн инженер ажилтай, С овогт М.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэсний хөлс 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянган) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.М,
Хариуцагч “К” ХХК-ний захирал Х.М,
Хамтран хариуцагч М.Н,
Гэрч Х.С,
Орчуулагч Б.Арманбек,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.М нь нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч нарыг янз бүрээр тодорхойлсныг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг эцгийн байдлаар тодруулж тодорхойлоход нэхэмжлэгч Х.М нь хариуцагч “К” ХХК болон хамтран хариуцагч М.Н нарт холбогдуулан, ажил гүйцэтгэсний хөлс 1,790,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие зарын дагуух хаягаар очиж “К” ХХК-ийн инженер ажилтай М.Нтэй уулзаж, “Б сумын 3-р багт байршилтай иргэн Х.М-ын соёл үйлчилгээний барилгын гадна хананы хөөсөнцөр дулаалга, 4 дүгээр давхрын гадна талд хөөсөн фасад хийх, түүний гадаргууд тортой хар замаск татаж тэгшилгээ хийх, мөн фасадын замаск будаг хийх зэрэг ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Нийт нөхөж фасад хийх хананы хэмжээ 132м2, 1м2-ыг нь 30000 төгрөгөөр тооцоод 3,950,000 төгрөгөөр хийж болох юм байна гэхэд М.Н хямдхан хийж өгөөч гэсэн болохоор би гаднын будгийг м2 гэхгүйгээр 550,000 төгрөгөөр хийж өгье нийлээд 4,500,000 төгрөг болно гэсэн. М.Н ч зөвшөөрөөд бид хоёр тохиролцоод аман гэрээ хийж 10 дугаар сарын 01-ний өдөр барилгын ажлыг эхэлсэн.
Мөн М.Н анх ирэхдээ 1-3 давхрын фасад бүрэн хийгдсэн байсан одоо будаг шууд хийхэд бэлэн гоёл нь ийм байна фасад хийх хэсэгт доод талын давхруудын гоёлтой адилхан болгож хийнэ гээд надад танилцуулсан.
1.2.Миний бие тохиролцсоны дагуу 2022 оны 10-сарын 1-ээс ажлаа эхэлж 132 м.кв тайлбай объектын гадна талд хөөц хадах, 4 дүгээр давхрын хөөсөн фасад байсан түүнийгээ хийж, 4 дүгээр давхарт хөөс нааж тортой хар замаск татаж өмнө өөр хүнээр хийлгэсэн 1-3 давхрын фасадыг гоёлтой ижил адилхан болгож гоёлоо хийж, 2 талын будгийн ажил дууссаны дараа та нар будгийн өнгө нөгөө талын өнгөтэй тохирохгүй байна гэж ажлыг зогсоосон. Уг барилга нь урьд 3 давхар байсан ба 1 давхрыг шинээр нэмж барьж 4 давхар болгосон гадна талын заслын ажил хийгдээгүй байсан бид 1 давхрын өнгөнд тааруулаад будгийн ажлыг хийсэн юм. Өмнө нь 1-3 давхарт фасад хийсэн хүн гоёлыг стандарт бус будгийн өнхрүүлэгчээр хийсэн байна. Хөөсөн фасадын гоёлыг хар замаскаар шүршиж хийх, шулуун гоёл татах гээд 2 янзаар хийх ёстой байсан боловч энэ аргаар хийгээгүй байсан.
1.3.Уг нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 4 дэх давхрын ажил дуусаж доод 1,2,3 дугаар давхрын нөхөж хийх фасадын ажлуудыг хийж, дараан 4 давхрын доод талд байрладаг 2 давхар байшингийн дээд хэсэгт нөхөж хөөс хадаж хар замаск хийсний дараа гоёл хийхэд бидэнд угсарсан шат хэрэгтэй болов. Бид нэг л шаттай тэр хэсэгт гоёл хийхэд одоо 2 дахь шат хэрэг болсон. М.Нт шат олж өг гэж хэлсэн боловч шат олж өгсөнгүй. Бид нэг хоног хүлээж шат олдоогүй болохоор 2 давхрын дээр нь гарч өнхрүүлэгчид уртасгагч залгаж дээшээ туушуу гоёлыг хийсэн боловч замаск доошоо урсаж халтар болж сайн болсонгүй. Тэр хэсэгт хүний гар хүрдэггүй болохоор тэр доор нь янзалж чадаагүй ажлын сүүлээр шат олж ирээд зүлгэж янзална гээд орхисон.
1.4.Ингээд маргаашаас 4 дэх давхраас эхлээд будаг хийж эхэлсэн. Бид нэг ханыг будаж нөгөө хана руу шат тавьж байх үед Х.М ирээд бидний хийсэн хананы будгийг үзэж бидэнд энэ 2 урагшаа харсан 2 хананыг яаралтай будаж дуусга тэгээд ар талын ханануудыг яарамгүй хийгээрэй би энэ барилгыг яаралтай хүлээлгэж өгмөөр байна гээд даалгавар өгсөн. Бид Х.Мгийн хэлсний дагуу 2 хоногийн дотор 2 ханын будгийг хийж дуусгасан.
Тэгээд халтар болсон хэсгийг янзалж будах гэхээр шат олддоггүй М.Нт та нар барилгын компани биз дээ шат олоод ирээч гэхээр тэр шат хаанаас ч олдохгүй байна. Би олж чадахгүй байна гэсэн. Тэр үед “К” ХХК-ийн инженер ирээд нөгөө халтар болсон хэсгийг хараад байхаар нь М.Н бид хоёр шат байхгүйгээс болж ийм болчихлоо шат олдохоор янзална гэсэн. М.Н өмнө 1-3 давхарт фасад хийсэн хүн гоёлыг ингэж хийчихсэн гэсэн ба тэр үед миний бие хийсэн ажлаа танилцуулсан боловч ерөөсөө гаднын гоёл тэр чигээрээ өөр харагдаж байна, буруу байна гээд ажлыг зогсоосон.
1.5.Маргааш өглөө ажилд ирэхэд М.Н биднийг хүлээж аваад за өчигдөр бөөн юм боллоо та нарын ажлыг зогсоосон. Х.М захирал энэ ажлыг надаар хийлгэхгүй болсон одоо өөрснөө хүн олж хийлгэх байх би энэ ажлыг одоо хариуцахгүй, гэхдээ та нарт тохиролцсон мөнгийг Х.Мгээс авч өгнө гэсэн. Миний бие энэ ажлыг үргэлжлүүлэн өөр хүн хийвэл тэр бид нартай тохиролцоо хийх юм уу мөнгө төгрөгийн асуудлыг яаж шийдэх вэ та нар дараа нь үлдсэн ажлыг их үнэ өртгөөр хийлгэсэн гэж мөнгө төгрөгийн асуудал гаргахгүй биз гэж асуухад М.Н тантай аман гэрээгээр тохиролцсоноор мөнгө асуудалгүй өгнө гэсэн.
1.6.Дараа нь М.Н надад та нарын буруугаас болж үргүй зардал гаргалаа үүнийг та нар төлнө гэж хэлсний дагуу бид будаг хийсэн газарт хэмжилт хийж гарсан материалын үнийг тооцож 8 лааз будаг, 10 уут хар замаскийн үнэ нийтдээ 1,010,000 төгрөгийн гологдол зардал гарсныг хүлээн зөвшөөрч анх тохиролцсон ажлын хөлс 4,500,000 төгрөгөөс хасахаар тохиролцож, тооцоо хийсэн баримтад харилцан гарын үсэг зураад М.Н авсан ба одоо Х.М захирал хотод байна ирсний дараа мөнгийг өгнө гэсэн болохоор бид тэндээс явсан. 1 сарын дараа Х.М захирал хотоос ирэхээр нь би М.Нтэй уулзаж мөнгө авъя гэхэд та нарыг тохиролцсон мөнгийг авч өгье гэсэн боловч Х.М өгөхгүй байна, та нар өөрснөө уулз гэсэн. Х.Мтэй уулзахад санхүүжилт байхгүй дараа нь тооцоолж танай мөнгийг олгоно гэсэн. Дахиад 10 хоногийн дараа Х.Мйн утас руу хэд хэдэн өдөр залгасан ч утас аваагүй. Иймээс хариуцагчаар “К” ХХК-ийн захирал Х.Мйг тодорхойлсон. Миний бие барилгын гадна будгаас бусад хүнд ажлыг 100 хувь хийж будаг будахад бэлэн болгосон үед Х.М, М.Н нар надад одоо будгаа эхлээрэй гээд будаг гаргаж өгсөн болохоор би будаж эхэлсэн.
Х.М, М.Н нар бүгд үзэж байсан ба гоёл нь буруу байгаа эсэхийг хэн ч надад хэлээгүй. Тэгээд 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хөөсөн фасад, тортой хар замаскийн ажлыг бүрэн хийж дуусгаад 2 хоногийн дотор гадна будгийг хийсэн боловч Х.М гуай “...будгийн гоёл буруу хийгдсэн байна, өөр хүмүүсээр дахин хийлгэнэ” гэж инженертээ хэлээд барилгын зөвхөн зам руу харсан ханыг өөр хүмүүсээр дахин хийлгэсэн. Дахин будаг хийхэд 8 лааз будаг, 10 уут хар замаск зарцуулах ёстой.
1.7.Иймд миний бие нийт 22 хоног ажилласан ба ажлын хөлсний урьдчилгаанд 1,200,000 төгрөг авсан. Ажил хийхэд “К” компанийн люкыг (шатыг) ашигласан хөлс 500,000 төгрөгийг, гологдол гаргасан материалын үнэ 1,010,000 төгрөг, нийтдээ 2,710,000 төгрөгийг хасаж тооцоход одоо авах ёстой хөлс 1,790,000 төгрөгийг хариуцагч “К” ХХК болон хамтран хариуцагч М.Н нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч “К” ХХК-ний захирал Х.М нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Хариуцагч “К” ХХК-ийн захирал Х.М миний бие Х.М гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд тэр хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болно.
2.2.Б сумын 3 дугаар багт байршилтай иргэн Х.М-ын соёл үйлчилгээний барилгын гадна хананы хөөсөнцөр дулаалга, фасадын замаск будгийн дутуу ажлыг хийлгэхээр М.Нтэй 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №22/35 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн болно.
2.3.Миний бие шүүхээс нэхэмжлэлийг гадаж аваад манай компанитай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн М.Нийг дуудан асуудлыг тодруулахад гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд Х.Мг оролцуулсан байна. М.Нтэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1, 345 дугаар зүйлийн 345.1, 347 дугаар зүйлийн 347.1, 348 дугаар зүйлийн 348.1, 350, 351, 352, 353, 355 дугаар зүйлүүдийг үндэслэл болгон бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулан ажилласан.
2.4.2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №22/35 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан ажлыг гүйцэтгэх явцад Х.М нь мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагагүйгээс гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гарч, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтооход тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул М.Н нь Х.М нь гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажлын үр дүнг харгалзан гэрээгээр гүйцэтгэх ажлын 30 орчим хувийг гүйцэтгэснээр тооцож 1200000 төгрөгийн хөлс олгож ажлыг зогсоож улмаар С.Б гэгч ажилчнаар гэрээт ажлыг гүйцэтгүүлэн захиалагчид ажлыг хүлээлгэн өгч С.Бэд 2,300,000 төгрөгийн хөлс олгосон байна.
2.5.Манай компанийн зүгээс иргэн М.Нтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба М.Н, Х.М нар нь хооронд аман хэлэлцээр тохирч уг ажилд Х.Мг оролцуулан, ажлын гологдол гаргасан тул олговол зохих хөлсийг нь олгож ажил үүргийг нь зогсоосон байна.
2.6.Иргэний хуулийн 347-т зааснаар ажил гүйцэтгэх нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдийг хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан.
2.7.Иймд Х.М нь “К” ХХК-ийн захирал Х.Мтэй аман хэлбэрээр гэрээ хийсэн, ажлын хөлс болох 1,750,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Хамтран хариуцагч М.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
3.1.Миний бие Б сумын 3-р багт байршилтай иргэн Х.М-ын соёл үйлчилгээний барилгын гадна ханын дулаалгыг хөөсөнцрөө хийх, хар замаскдан тэгшилгээ хийх, гадна ханыг эмульсийн будгаар будах ажлыг гүйцэтгэхээр 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №22/35 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г К ХХК-тай бичгээр байгуулан, ажлыг гүйцэтгэхэд Х.Мг оролцуулан ажиллуулсан.
3.2.Миний зүгээс “К” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний 2.1.д заасан өөрийн эрхийн хүрээнд С.А, Х.М нарын хоёр хүний хамт ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр №22/35 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.2-т “Ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 1.3-т “Заасан ажлыг тус нэр төрлийн ажлаар мэргэшсэн ажилчнаар гүйцэтгүүлэх” 1.6.-д “ажлын хөлсийг захиран зарцуулах эрхтэй” гэж харилцан тохиролцсон тул Х.Мгаар тус ажлыг гүйцэтгүүлэхээр ажилд авсан.
3.3.Гэтэл Х.М нь барилгын гадна фасадын хөөсөнцөр хийх, замаскдан тэгшилгээ хийх ажилд гологдол гарган, захиалагчийн удаа дараалан тавьсан шаардлагын дагуу гологдлыг арилган ажиллаагүй, тус ажлыг гүйцэтгэх мэргэжлийн ур чадваргүй нь тогтоогдсон тул гүйцэтгэсэн ажилд нь дүйцэх 1,200,000 төгрөгийн ажлын хөлсийг олгож гүйцэтгэж байсан ажлыг нь зогсоосон.
3.4.Ажил гүйцэтгэх гэрээний 1.6-д “ажлын хөлсний нийт дүн 3,780,000 төгрөгөөр тохиролцсон. Иргэн Х.Мн гүйцэтгэсэн ажил гадна фасадын хөөсөнцөр хийх, замаскдан түрхлэг хийх ажлын хөлс 2,430,000 төгрөг байснаас: Люк ашигласны хөлсөнд 500,000 төгрөг, гологдол гаргаснаас дахин зарцуулсан материалын үнэ 1,010,000 төгрөгийг хасаж 920,000 төгрөг олгохоор тооцоо нийлж Х.Мн ажилласан хоног, гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан 1,200,000 төгрөгийн хөлсийг бэлнээр олгосон. Гадна эмульсийн будаг, хар замаскийн тэгшилгээ хийх ажлын гологдолтой хийж байсан учраас ажлыг нь зогсоосон.
3.5.Барилгын тухай хуулийн 40.1.18-д “Барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах” гэж заасан тул “К” ХХК-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №22/35 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.11-д “Хэрэв ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан ажил үүргийг бусад этгээдийг оролцуулан гүйцэтгүүлсэн бол ажил үр дүнг бүхэлд нь өөрийн биеэр хариуцан” гэсний дагуу Х.Мг ажлын хөлсийг нь олгон явуулж дутуу ажлыг гүйцээж хийлгэн С.Бэд 2,300,000 төгрөгийн ажлын хөлсийг олгосон.
3.6.Х.Мн дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн ажлын гологдолд Х.Мн цалингаас 1,010,000 төгрөг хасаж үлдэгдэл 2,022,000 төгрөгийн хохирлыг “К” ХХК-аас акт тогтоож надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
3.7.Х.М нь өөрийнхөө ажил мэргэжлийн туршлагын тухай надад худал мэдээлэл өгч улмаар барилгын гадна фасад, засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх явцад ажлын гологдол доголдол гаргаж, гологдлыг засах талаар тавьсан миний шаардлагыг хүлээн авалгүй эд материалын 3,032,000 төгрөгийн хохирлыг учруулж ажлын байрыг орхин явсан болно.
3.8.Х.М дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг С.Бээр гүйцэтгүүлэн 2,300,000 төгрөгийн ажлын хөлсийг С.Бэд олгосон. Гэрээний ажлын хөлсний нийт дүн 3,780,000 төгрөгийг дараах байдлаар ажилчдад олгосон. Үүнд: Х.М, С.А нар нь гэрээний ажлын 30%-ийг, С.Бэд 70%-ийг гүйцэтгэсэн тул Х.М, С.А нарт 1,200,000 төгрөг, С.Бэд 2,300,000 төгрөгийг тус тус олгосон.
3.9.Миний бие “К” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлж компанид учирсан хохирол 12 лааз эмульсийн 4 лаазны үнэ болох (4х254,000=1,016,000) 1,016,000 төгрөгийг Х.Мн цалингаас хасаж, үлдэгдэл 8 лааз эмульсийн үнэ болох (8х254,000=2,032,000) 2,032,000 төгрөгийн хохирлыг өөрөө төлөхөөр тооцоо нийлсэн.
3.10.Иймд “К” ХХК-ийн зүгээс Х.Мтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, захирал Х.М Х.Мтай ажил гүйцэтгэх талаар аман хэлбэрээр гэрээ хийгээгүй болно. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Мн ажлын хөлс 1,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
4.Нэхэмжлэгч Х.Мгаас цахимаас “Барилгачин групп” болон бусад компани, бригадын үнийн санал дээр тулгуурлан гаргасан, “Гадна заслын ажил”-ын үнэлгээ, мөн “Барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээ”, “Гологдол болсон 8 лааз будгийн үнэ, гарсан зарлагын дүн, барилгын фото зураг зэрэг бичгийн баримтыг гаргаж өгсөн болно.
5.Хариуцагч “К” ХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №22/35 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, ерөнхий инженер, мэргэшсэн төсөвчин Х.С, Иргэн Х.М-ын соёл үйлчилгээний төвийн барилга “Гадна фасадны ажлын төсөв”, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №22/51 дугаартай “М Нтэй тооцоо нийлсэн акт” болон хавсралт “Улаанбаатараас бэлтгэн нийлүүлсэн материалын үнэ ба зардлын тооцоо”, 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Зарлагын баримт”, Зарлагын баримт №7622 зэрэг нотлох баримт гаргаж өгсөн байна.
6.Хатран хариуцагчаас Х.Мн ажил эхлэхээс өмнөх фото зураг 4ш зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хамтран хариуцагч М.Нээс 1,240,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 550,000 төгрөг болон хариуцагч “К” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Бид барилгын нэг ханыг будаж нөгөө хана руу шат тавьж байх үед Х.М ирээд бидний хийсэн хананы будгийг үзэж бидэнд энэ 2 урагшаа харсан 2 хананыг яаралтай будаж дуусга тэгээд ар талын ханануудыг яарамгүй хийгээрэй би энэ барилгыг яаралтай хүлээлгэж өгмөөр байна гээд даалгавар өгсөн. Бид Х.Мгийн хэлсний дагуу 2 хоногийн дотор 2 ханын будгийг хийж дуусгасан. М.Нтэй уулзаж “мөнгөө авъя” гэхэд та нарын тохиролцсон мөнгийг авч өгье гэсэн боловч Х.М өгөхгүй байна, та нар өөрснөө уулз гэсэн. Х.Мтэй уулзахад санхүүжилт байхгүй дараа нь тооцоолж танай мөнгийг олгоно гэж өгөхөөс татгалзсан болно. Иймээс ажил хийхэд “К” компанийн люкыг (шатыг) ашигласан хөлс 500,000 төгрөгийг, гологдол гаргасан материалын үнэ 1,010,000 төгрөг, нийтдээ 2,710,000 төгрөгийг хасаж тооцоход одоо авах ёстой хөлс 1,790,000 төгрөгийг хариуцагч “К” ХХК болон хамтран хариуцагч М.Н нараас гаргуулахаар шүүхэд хандаж байна.
3.Хариуцагч “К” ХХК-ний захирал Х.М дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: ... Манай компанийн зүгээс иргэн М.Нтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба М.Н, Х.М нар нь хооронд аман хэлэлцээр тохирч уг ажилд Х.Мг оролцуулан, ажлын гологдол гаргасан тул олговол зохих хөлсийг нь олгож ажил үүргийг нь зогсоосон ба нэхэмжлэгч Х.Мн ажлын хөлс болох 1,750,000 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.Хамтран хариуцагч М.Н дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна. Үүнд: ... нэхэмжлэгч Х.М нь өөрийнхөө ажил мэргэжлийн туршлагын тухай надад худал мэдээлэл өгч улмаар барилгын гадна фасад, засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх явцад ажлын гологдол доголдол гаргаж, гологдлыг засах талаар тавьсан миний шаардлагыг хүлээн авалгүй эд материалын 3,032,000 төгрөгийн хохирлыг учруулж ажлын байрыг орхин явсан ба “К” ХХК-ийн зүгээс Х.Мтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, захирал Х.М Х.Мтай ажил гүйцэтгэх талаар аман хэлбэрээр гэрээ хийгээгүй тул нэхэмжлэгч Х.Мн ажлын хөлс 1,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Х.М нь хамтран хариуцагч М.Нтэй аман гэрээ хийж, Б сумын 3 дугаар багт байршилтай иргэн Х.М-ын соёл үйлчилгээний барилгын гадна хананы хөөсөнцөр дулаалга, 4 дүгээр давхрын гадна хананы дулаалгыг хөөсөнцрөөр хийх, хар замаск тэгшилгээ хийж, барилгын гадна хананы эмульсэн будгийн ажлуудыг хийж гүйцэтгэж байсан нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургууд зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
5.2.Нэхэмжлэгч Х.М нь тохиролцсон ёсоор 4 дүгээр давхрын хананы хөөсөнцөр дулаалга, хөөсөн фасад хийж, түүний гадаргууд тортой хар замаск татаж тэгшилгээ хийх ажлын хөлс 3,950,000 төгрөг, будахад 550,000 төгрөг, нийтдээ ажлын хөлсийг 4,500,000 төгрөгөөр тохиролцсон гэж, хамтран хариуцагч М.Н нь ажлын хөлсний нийт дүн 3,780,000 төгрөгөөр нэхэмжлэгч Х.Мтай тохиролцсон, үүнээс гадна фасадын хөөсөнцөр хийх, замаскдан түрхлэг хийх ажлын хөлс нь 2,430,000 төгрөг байснаас нэхэмжлэгч Х.М нь люк ашигласны хөлсөнд 500,000 төгрөг, гологдол гаргаснаас дахин зарцуулсан материалын үнэд 1,010,000 төгрөгийг тус тус хасаж 920,000 төгрөг олгохоор тооцоо нийлж байсан, мөн Х.Мн ажилласан хоног, гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан 1,200,000 төгрөгийн хөлсийг бэлнээр олгосон байсан гэж маргасан.
5.3.Хамтран хариуцагч М.Н нь ажлын урьдчилгаа болгож 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Мд бэлэн өгсөн гэх үйл баримтад талууд маргаагүй, мөн нэхэмжлэгч Х.М тохирсон ёсоор 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа эхэлж 22 хоног ажилласан нь талуудын тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Сын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.М болон хамтран хариуцагч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г амаар байгуулагдсан байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч Х.М (ажил гүйцэтгэгч) нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, хамтран хариуцагч М.Н (захиалагч) нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.4.Мөн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Х.М нь ажлын хөлсийг хамтран хариуцагч М.Нтэй амаар тохиролцоход 4 дүгээр давхрын хананы хөөсөнцөр дулаалга, хөөсөн фасад хийж, түүний гадаргууд тортой хар замаск татаж тэгшилгээ хийх ажлын хөлс 3,950,000 төгрөг, будахад 550,000 төгрөг нийтдээ 4,500,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирсон гэснийг хамтран хариуцагч М.Н нь нэхэмжлэгч үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон гэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээ жишиг болгож цахим системээс “Барилгачин групп” болон компани, бригадын үнийн санал дээр тулгуурлан гаргасан гадна заслын ажил: гадна хөөсөн фасад м2-ны үнэ компани 40,000 төгрөг, бригад (хувь хүн) 35000 төгрөгийн үнэлгээтэй байсан гэснийг хамтран хариуцагч М.Н холбогдох нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.
Хамтран хариуцагч М.Н нь К ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан №22/35 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д зааснаар “ажлын хөлсний нийт дүн 3,780,000 төгрөгөөр тохиролцсон” гэх боловч энэхүү гэрээ нь Х.Мтай хийсэн гэрээ биш, үүгээр хариуцагч “К” ХХК болон хамтран хариуцагч М.Н нарын хоорондох ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байх тул энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
5.5.2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №22/35 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1.д “Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан ажил гүйцэтгэгч болох М.Н хариуцаж бүрэлдэхүүнтэй мэргэжлийн ажилчинтай” хамт гэрээнд заасан ажил үүргийг чанарын өндөр түвшинд төлөвлөсөн хугацааны дотор гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн 3.2-т “Ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 1.3-т “Заасан ажлыг тус нэр төрлийн ажлаар мэргэшсэн ажилчнаар гүйцэтгүүлэх” 1.6.-д “ажлын хөлсийг захиран зарцуулах эрхтэй” гэж заасан тул Б сумын 3 дугаар багт байршилтай иргэн Х.М-ын соёл үйлчилгээний барилгын гадна хананы хөөсөнцөр дулаалга, фасадын замаск будгийн дутуу ажлыг хамтран хариуцагч М.Н хариуцаж бүрэлдэхүүнтэй мэргэжлийн ажилчинтай хамт гүйцэтгэх үүрэгтэй байна.
5.6.Гэрч Х.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ажлын явц дунд хяналт тавьж байсан, ажлыг зураг төсвийн дагуу хийх ёстой, хориод хоног ажилласан, эцсийн тооцоог ажлын гүйцэтгэлийн дагуу ашиглалтад хүлээж авсны дараа хийх ёстой. Сүмийн нүүрэн талын будгийг яагаад нормын дагуу зөв хийгээгүй юм вэ гэж хэлэхэд нэхэмжлэгч надад шат байхгүй гэсэн тайлбар өгсөн. Х.М хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсанаас болсон гэж үзэж байна...” гэсэн байна.
5.7.Мөн хамтран хариуцагч М.Н нь нэхэмжлэгч өөрийнхөө ажил мэргэжлийн туршлагын тухай надад худал мэдээлэл өгч улмаар барилгын гадна фасад, засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх явцад ажлын гологдол доголдол гаргаж, гологдлыг засах талаар тавьсан миний шаардлагыг хүлээн авалгүй эд материалын 3,032,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж тайлбарладаг боловч үүнийгээ холбогдох нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
5.8.Хавтаст хэрэгт авагдсан “К” ХХК-ийн ерөнхий инженер, мэргэшсэн төсөвчний гаргасан “Х.М-ын соёл үйлчилгээний төвийн барилгын гадна фасадын ажлын төсөв”, “К” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №22/51 дугаартай “М.Нтэй тооцоо хийлсэн акт”, “Улаанбаатараас бэлтгэн нийлүүлсэн материалын үнэ ба зардлын тооцоо” зэрэг бичгийн нотлох баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
5.9.Мөн хариуцагчаас гаргаж өгсөн 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Зарлагын баримт”-д байгууллагын нэр: “100 айл б-р” гэж бичсэн боловч хүлээн авагчийн нэр бичигдээгүй тодорхой бус хүлээлгэн өгсөн эд хариуцагч болон шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, мөн 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Зарлагын баримт №7622”-д байгууллагын нэр:Прогресс төв (NOROO.MN), регистрийн дугаар №9900000 гэж бичсэн боловч хүлээн авагчийн нэр гэдэгт 900000 гэж бичсэн, хүлээн авагч болон шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг байхгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч Т гэж бичээд “У хот БҮ” гэсэн тамга дарсан ба эдгээр зарлагын баримтууд нь хуулбар хувь мөөртлөө нотариатаар гэрчлүүлээгүй, хууль ёсны биш эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
6.Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч “К” ХХК болон нэхэмжлэгч Х.М нарын хооронд бичгээр болон аман хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч “К” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М болон хамтран хариуцагч М.Н нар нь гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга хугацааг харилцан тохиролцон тодорхойлсон байна гэж үзээд нийт тохиролцсон 4,500,000 төгрөгөөс ажлын хөлсний урьдчилгаанд авсан 1,200,000 төгрөгийг, мөн люкыг (шат) хөлсөлсөн үнэ 500,000 төгрөгийг, мөн гологдол гаргасан материалын үнэ 1,010,000 төгрөгийг, мөн будаг хийх хөлс 550,000 төгрөгийг тус тус хасаад, үлдсэн 1,240,000 төгрөгийг хамтран хариуцагч М.Нээс гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 550,000 төгрөгийг болон “К” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42950 (дөчин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 1,240,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 34,310 (гучин дөрвөн мянга гурван зуун арван) төгрөгийг хариуцагч М.Нээс гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг тус тус баримтлан хамтран хариуцагч С овогт М Нээс ажил гүйцэтгэсний хөлс 1,240,000 (нэг сая хоёр зуун дөчин мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Х.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 550,000 (таван зуун тавин мянган) төгрөгийг болон хариуцагч “К” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42950 (дөчин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хамтран хариуцагч М.Нээс 34,310 (гучин дөрвөн мянга гурван зуун арван) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК