| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2022/00453 |
| Дугаар | 145/2023/00123 |
| Огноо | 2023-03-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 145/2023/00123
| 2023 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 145/ШШ2023/00123 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, сумын 4 дүгээр багт оршин суух Ямаат овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, сумын 11 дүгээр баг, 112-11 тоотод оршин суух Маюур овогт ******* ******* холбогдох,
Эх байх эрх хасах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Адъяатогтох,
Хариуцагч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү нь *******тай 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин *******, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин нарын хамт Өвөрхангай аймгийн суманд амьдарч байгаад Улаанбаатар хотод ажил хийхээр явсан боловч миний хүү дарамттай хэцүү байна гээд 2022 оны 7 дугаар сард буцаад ирсэн. Гэвч хүү минь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан.
******* нь миний хүүтэй гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа хүүгийн минь толгой руу цохин гэмтэл учруулж, архи уух болгондоо агсам согтуу тавьж мөргөж үүдэн шүднүүдийг нь хугалж байсан удаатай. Гэртээ хүмүүс дагуулж ирж архидаж, тэдэнтэйгээ нийлж хүүг минь зодож, хутга шөвөг барин дайрах зэрэг эмэгтэй хүн, эх хүнд баймгүй хэрцгий догшин авир гаргаж хүүг минь бие сэтгэлийн дарамтад байлгаж их зовоосон.
******* нь ажил хийх нэрийдлээр гэр орноосоо явж олсон мөнгөө гэр бүл, үр хүүхдүүддээ зарцуулахгүй зөвхөн архи, залууд үрж зугаа цэнгэл хөөж явдаг нэгэн. 2022 оны 7 дугаар сараас гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон хүнтэйгээ хамт яваад одоог хүртэл сураггүй байгаа бөгөөд улсаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2021 оноос зөвхөн өөртөө зарцуулж үр хүүхдүүддээ нэг ч төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлээгүй. Хүү минь ажил хийж олсон мөнгөөрөө үр хүүхдүүдээ тэжээж тэднийгээ асарч тойглон эхнэргүй хүн шиг явдаг байсан.
******* нь хотод 7, 8 хоног хүүхдүүдтэйгээ хамт байхдаа хоол ундны ч мөнгө өгөхгүй нийтийн байранд үлдээгээд явдаг. Ганц нэг удаа гадуур дагуулж гарахдаа машин тэрэгний дугуйнд оруулахгүй шиг харж ч чадахгүй хайхрамжгүй байдал гаргаж байсныг хүртэл хүү минь надад хэлж байсан. Хүүгээ нас барснаас хойш хоёр охиныг нь би өөр дээрээ байлгаж, асран хамгаалж байгаа бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөхөд ээж нь байгаа учраас энэ тэтгэмж ээж дээр нь тогтоогдож ээжийнх нь данс руу орох талаар холбогдох ажилтан надад хэлсэн. Миний хувьд энэ тэтгэмж хүүхдүүдийн хэрэгцээнд бус эх гэсэн нэр зүүсэн архины бүрэн хамаарал бүхий эмэгтэйн архины мөнгө болох байх гэхээс маш их айж байна. Тэтгэврийн насны надад тэтгэврээс өөр орлого байхгүй, цөөн хэдэн малтай учир хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл, бас бус зардалд хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж нь их л тус нэмэр болно.
Мөн ******* нь хүүхдүүдийг 16 насанд хүртэл та харж бай гэж хэлж байсан. Гэтэл одоо болохоор хүний эрхийн ажилтан, багийн даргатай уулзаж хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох гэсэн юм, хүүхдүүдээ гэхдээ өөр дээрээ авахгүй гэж хэлээд явсан байх юм. Хүүхдүүдийн мөнгийг хүүхдүүдэд огт зарцуулдаггүй боловч тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хөөцөлдөн хүүхдүүдэд зориулагдах мөнгөн хөрөнгөнд шунаж худал үнэн хэлж хүн амьтантай уулзаж яваад нь, мөн хүүхдүүдийг халамжаар дутаахгүйн төлөө хичээж, үүрэг хариуцлагаа ухамсарлахын оронд зугаа цэнгэл хөөж, архины мөнгөтэй болох гэж улайрч яваад нь их л гомдох юм. Хүүхдүүдээ хайхарч халамжлахгүй олсон мөнгөө зөвхөн архи согтууруулах ундаанд зориулж, өөрийн биеийн жаргал зугаа цэнгэлийн төлөө л амьдардаг ёс суртахууны доголдолтой хүнд хүүхдүүдээ өгөхгүй. Хүүхдүүдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлнө. Цаашид би хүүхдүүдээ харж хандаж асран хамгаалж явна.
******* нь мөнгө олдвол архидан согтуурч, залуучууд эргүүлж, зодоон цохион хийж, догшин хэрцгий авирлаж хүүхдүүдийг үл хайхарч хүүхдүүдээ зөвхөн мөнгө л гэж хардаг тул түүний эх байх эрхийг хасаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай 2013 онд танилцан хамтран амьдарч байгаад 2015 онд хүү Б.Хатанбаатар төрсөн боловч хоёр сар болоод эндсэн. Дараа нь 2016 онд охин *******, 2019 онд охин төрж нөхөр бид хоёр 2019 онд гэрлэлтээ батлуулсан.
Би нөхөр тай амьдарч байх хугацаандаа хадмын хажууд амьдарч хоёр охиноо өөрөө өсгөсөн. Нөхөр архинд дуртай хэдий ч миний үгэнд ордог бас надад болон хүүхдүүдэд хайртай байсан боловч 2017 оноос архинд гүн орж эхэлсэн. Энэ байдлаас гаргахын тулд архи уухаа боль гэж хэлсний төлөө удаа дараа зодуулж чихний хэнгэрэг болон толгойгоо хагалуулж байхад хадам ээж ******* миний толгойны цусыг тогтоогоод сууж байсан нь үнэн юм. Мөн төрсөн ах болон найзуудтайгаа нийлж архи ууж агсам тавьж доромжлох дээрэлхэх нь эрс нэмэгдэж худал хардаж хэрүүл тасрахгүй болсон. Улмаар хадам ах 2021 онд хоёр охиныг маань зодсон явдал гарсан. Энэ миний бичсэн зөвхөн амьдралын маань жижигхэн хэсэг бөгөөд намайг архи уудаггүй гэдгийг хадам ээж ******* сайн мэдэж байгаа боловч шүүхэд гаргасан өргөдөлдөө намайг архичин мэтээр бичсэн байна. Би яагаад архи уудаггүй вэ? гэвэл миний хоёр охин ирээдүйд архичин хүнтэй битгий таараасай гэж хүсдэг учраас тэр юм. Бас би гэр бүлээс гадуур харилцаанд орж байгаагүй. Хадам аав, ээж хамаатнууд мэдэж байгаа боловч намайг худал гүтгэж бичсэнд харамсаж байна.
Хадам аав, ээж хоёр өндөр настай миний хоёр охины ирээдүйг төсөөлөх, бодох чадвар байхгүй. Зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах гэсэн бодлоор хүүгийнхээ болон нөхрийн минь 49 хоногийг өнгөрөөгүй байхад шүүхэд намайг худал гүтгэж өргөдөл өгч чирэгдэл үүсгэсэнд гомдож, харамсаж байна. Хадам ээж *******ын Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг биелүүлэхийг хүсэж тайлбар гаргаж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Хадам ээж ******* эх хүн, эмэгтэй хүний хэзээ ч гаргаж болохгүй том алдаа гаргахыг хүсэж байгааг ойлгохгүй байна. Учир нь эх үр хоёрыг салгаж хүүхдийн ирээдүйг мөнгө болгож харж байна. Эцэст нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч *******аас иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймаг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 513 тоот тодорхойлолт, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Өвөрхангай аймаг сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тодорхойлолтын хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч *******гаас Өвөрхангай аймаг сумын 5 дугаар сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймаг сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 139 тоот тодорхойлолт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, “Дөрвөн зул эхлэл” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №2022/013 тоот тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтохын хүсэлтээр Өвөрхангай аймаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраар шинжээчийн дүгнэлт гаргуулан, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нарын хүсэлтээр , , В.Дуламсүрэн нараас шүүх гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар эх байх эрх хасуулах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.
Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх энэ хэрэгт маргаан байгаа учраас уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.[1]
Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нар нэхэмжлэгч *******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж маргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг . . . бусад иргэн . . . эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.” гэж заасан учир нэхэмжлэгч ******* энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй этгээд байна.
Мөн хариуцагч ******* Өвөрхангай аймаг, сумын 11 дүгээр баг, 112-11 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймаг, сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 139 тоот тодорхойлолтоор нотлогдсон тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг шийдвэрлэх нь хуульд нийцэж байна.
, ******* нар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болон 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр охин *******, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр охин нар төрж, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нас барсан, ******* нь ын эх, охин *******, нар эмээ болох нь гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээ болон лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн төрөл садангийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг гэсэн үндэслэлээр түүний эх байх эрхийг хасах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийгээгүй, согтууруулах ундаа байнга хэрэглэдэггүй гэсэн үндэслэлээр эх байх эрхийг хасах *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хуульд заасан энэ нөхцөл хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бол тухайн хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болохоор хуульчилсан байна.
Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нар нэхэмжлэлийн үндэслэлийг Өвөрхангай аймаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн багийн ерөнхий дүгнэлт, гэрч нарын мэдүүрэг зэргээр нотлогдсон гэжээ.
Өвөрхангай аймаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн багийн ерөнхий дүгнэлтээр “охин , ******* нар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ээжийн талын өвөө н.Пунцагдоржийнд амьдарч байгаа бөгөөд ээж Алтантуяа нь Улаанбаатар хотод амьдарч байна.
Эх *******, нас барсан эцэг Батжаргал нар нь өнгөрсөн амьдрал болон насанд хүрсэн хүмүүсийн хоорондын харилцаан дээр хоорондоо маш их зөрчилтэй байсан. ******* нь архины хамааралтай, худал хэлэх, хууран мэхлэх заль мэх ихтэй, нэг ярьсан зүйлээ төд удалгүй үгүйсгэж ярьдаг, итгэл үнэмшилгүй, үүнээсээ болж бусадтай харилцах харилцаанд байнгын зөрчил маргаан гардаг. Мөн хүүхдийг асран халамжлах нөхцөл боломжгүй байгаа нь дээрх уулзалт, ярилцлага, ажиглалт, оношилгоо, орчны нөхцөл байдлаар илэрхийлэгдэж байна.
, ******* нар аавын талын өвөө, эмээдээ ээнэгшин дассан, мөн авга эгчийн охин буюу үеэл н.Амин-Эрдэнэтэй маш дотно ээнэгшсэн.
Эх ******* бусадтай харилцах харилцаа хандлага сөрөг, үг хэл, үйлдэл, муу зуршил зэрэг олон сөрөг дадал, зан араншинтай, мөн төрсөн эцэг, эх нь хүлээн зөвшөөрч, хүлээн авахгүй байгаа нь хүүхдүүдийг өсгөх явцад хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Иймд хүүхдэд нөлөөлөх байдал, үүрэг оролцооны ялгаатай байдал, хүүхдэд хандах хандлага дасан зохицол зэргийг үндэслэн эмээ *******ыг охин *******, нарын асран хамгаалагчаар тогтоох боломжтой гэж үзэж байна.” гэж хариуцагч *******гийн хувийн зан байдал, хүүхдүүдийн амьдарч байгаа орчин нөхцөл, ээнэгшил зэрэг нөхцөл байдлыг нотолсон байх боловч энэ дүгнэлтээр хариуцагч *******г хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг гэж шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Хэдийгээр тус дүгнэлтэд “******* нь архины хамааралтай” гэсэн байх боловч Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “. . . согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. . .” гэж зааснаар тухайн хүнийг согтууруулах ундаа байнга хэрэглэдэг буюу донтой гэдгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоохоор байна. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн баг нь хариуцагч *******г согтууруулах ундаа байнга хэрэглэдэг эсэх асуудлаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш байна. Нөгөө талаас гэрч “. . .Ээж нь хоёр, гурван удаа авахдаа архи үнэртүүлсэн ирсэн гэж анги даасан багш нь хэлж байсан. . .” гэж мэдүүлэг өгсөн боловч энэ нь шууд бус гэрчийн мэдүүлэг учир бусад баримтуудтай нэгдмэл байдалтай буюу тэдгээрийн дэмжлэгтэйгээр нотолгооны ач холбогдолтой болно. Гэтэл архи үнэртүүлсэн байсан гэдэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй тул шууд бус гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг” гээд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1. хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; 26.2.2. хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; 26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; 26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэж эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг хуульчилсан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд энэ үүрэг үүсдэг бөгөөд үүргээс хариуцагч ******* санаатайгаар зайлсхийсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Харин хариуцагч ******* хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, сум 11 дүгээр багийн 112-11 тоотод оршин суудаг, охин ******* 01 дүгээр ангид суралцдаг болох нь Өвөрхангай аймаг сумын 5 дугаар сургуулийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймаг сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 139 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хариуцагч *******г хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Охин *******, нар өвөө н.Баяраа, эмээ ******* нарын хамт амьдарч, сургууль, цэцэрлэгт явж байсан нь Өвөрхангай аймаг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 513 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн сумын ЕБС-ын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн сумын цэцэрлэгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор, мөн өвөө н.Баяраа, эмээ ******* нар хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд зөөдөг, анхаарал халамж тавьдаг байсан нь гэрч “. . . авга эмээ нь хүргэж ирж байсан. . .өвөө, эмээ нь сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг өгдөг. . .” гэх мэдүүлэг, гэрч “. . . авга өвөө, эмээ нь цэцэрлэгт нь зөөж авдаг . . . эмээ, өвөө нь анхаарал халамж сайн тавьдаг. . .” гэх мэдүүлэг, гэрч В.Дуламсүрэн “. . .Хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөх ажлыг ******* болон түүний нөхөр н.Баяраа нар хариуцдаг. . .” гэх мэдүүлгээр нотолж байгаа боловч энэ нь хариуцагч *******гийн эх байх эрхийг хасах хууль зүйн үндэслэлийг нотлохгүй юм.
Тодруулбал нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******г охин *******, нарыг өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг гэдгийг болон Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан бусад нөхцөлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох эх байх эрх хасах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээв.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4-т зааснаар Нийгмийн халамжийн тэтгэврийг тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд авдаг, “Дөрвөн зул эхлэл” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №2022/013 тоот тодорхойлолт дээр ******* ямар ажил хийж байгаа учраас энэ баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй, газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар тухайн хэрэгт хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох эх байх эрх хасах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зөвлөмж