Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

2025       05         22                                         2025/ШЦТ/120

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0078/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.************,

Улсын яллагч Н.************,

Шүүгдэгч Л.*********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********** овгийн ********** *********** холбогдох 2439004390372 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ********* бие эрх чөлөөнд халдаж зодон түүний биед баруун доод 2-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Л.********* нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.******* бие эрх чөлөөнд халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Б.********* биед баруун доод 2-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх  эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Л.*********** гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Гэтэл жолооч залуу чамд ямар хамаатай юм би тоормоз гишгэхгүй яаж зогсох юм чиний машиныг гаргаж өгдөггүй байж лалрын өвгөн гээд намайг хараагаад над руу дайрч эхэлсэн. Ингээд би өмнө нь машинаа татуулах гэж өгсөн гинжээ чирээд өөрийнхөө машин дээр иртэл араас нөгөө ковшний жолооч залуу над руу гүйж ирээд би наадах гинжээр чинь ковшоо чирч гаргана чи явахгүй миний ковшийг шавраас гаргаж өгөөд зайл гэж надад хэлээд надаас миний машин татдаг гинжийг булаацалдаад байснаа гэнэт миний урд талаас ам руу гараараа 1 удаа цохиж авсан. Ингээд намайг тухайн залуу уурандаа ална гээд хараагаад байсан бөгөөд би машин руугаа ороод машиныхаа 2 хаалгыг түгжээд дотор нь суусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36-р хуудас/

2.Холбогдогч Л.********* зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд намайг элдвээр хэлээд байсан бөгөөд миний урдаас гар утсаа бариад над руу чиглүүлээд бичлэг хийгээд байгаа нь мэдэгдэхгүй дайраад байхаар нь та зүгээр байгаарай гээд нэг гараараа далайгаад түлхтэл нүүр хэсэгт нь таарсан бөгөөд чи намайг зодлоо миний шүд ам хуга цохичихлоо гээд загнаад цагдаа сэргийлэх дуудаад байсан. Ингээд удалгүй цагдаа хүрч ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12-р хуудас/,

3.Гэрч Ш.********* зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад өгсөн: “...Гэтэл гэнэт Ковшний жолооч ********** гэх залуу Ховоны жолооч ах Б.********** гэх хүний нүүр лүү нь гараараа мангасдаж түлхэж цохиж байгаа харагдсан. Гэтэл Б.*********** гэх Ховоны жолооч ах чи шүд хугалчихлаа гээд хоорондоо маргалдаад байсан бөгөөд ахиж хоорондоо гар хүрсэн зүйл харагдаагүй бөгөөд Хово машины жолооч Б.********* гэх хүн өөрийнхөө машинд орж суугаад хаалгаа түгжсэн байсан бөгөөд харин ковшний жолооч Л.********** гэх залуу машиных нь хаалгыг балбаад буугаад ир гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15-р хуудас/, 4.2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 431 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** “...Б.*********** биед баруун доод 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-аар тогтонги алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.й..." гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

5.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн эмчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/,

6. "СОДДЕНТ" шүдний эмнэлгийн "... *********** овогтой *********** нь *42 шүд хөдөлгөөнтэй тус эмнэлэгт шүдээ авахуулсан болно" гэх эмчийн бичиг /хх-ийн 21-р хуудас/,

7.Шинжээч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээч эмчийн үзлэгийн хувьд энгийн иргэдэд ойлгомжтой байх үүднээс баруун доод 2 дугаар үүдэн шүд гэж тодотгож бичсэн. Нарийн мэргэжлийн нүүр амны их эмчийн хувьд шүдний схем зураг ашиглан баруун доод 2 дугаар үүдэн шүдийг #42 шүд гэж кодлон бичсэн байна. Энэ нь утга санаа болон байрлалын хувьд нэгэн ижил зүйлийг хэлж байгаа өөр ямар нэгэн ялгаа байхгүй болно. Тухайн шүд нь хүний доод үүдэн шүд, баруун талаар 2 дугаарт байгаа шүдийг хэлнэ. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 05 минутын үед Б.*********** биед үзлэг хийхэд баруун доод 2 дугаар шүд 4 тийш ганхан хөндүүрлэн, эмзэглэл ихтэй, буйл бага зэрэг хавдаж улайсан байсан ба уг шүд нь дахин бэхлэгдэж хөдөлгөөнгүй болох боломжгүй болсон. Булгарч унах өндөр магадлалтай байсан тул нүүр, амны их эмч буюу шүдний их эмчид үзүүлж шүдээ авахуулсан талаар баримтаа авчирч өгч, хэрэгт хавсаргах талаар зөвлөсөн. Хохирогч анх үзлэг хийхэд шүд нь унаагүй байсан ба миний зөвлөгөөг дагаж шүдний эмнэлэгт хандаж авахуулсан байсан. Тухайн нотломжоо авчирч өгч дүгнэлтэд хавсаргуулсан юм. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 05 минутын үед *********** биед үзлэг хийхэд баруун доод 2 дугаар шүд 4 тийш ганхан хөндүүрлэн, эмзэглэл ихтэй буйл бага зэрэг хавдаж улайсан байсан ба хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувиар тогтонги алдагдсан тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн зүйл заалтыг үндэслэж хохирлын хөнгөн зэрэг тогтоосон дүгнэлт гаргасан. Хэрэв Б.******** нь шүдний эмнэлэгт үзүүлж, шүдээ авахуулсан нотломж бичиг авчирч өгөөгүй бол ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах хүснэгтийг ашиглаж 41.1-т зааснаар 1-3 шүд унахад ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна гэсэн зүйл заалтыг үндэслэж дүгнэлтэд тусгах байсан. Б.*********** шүд эмчилгээ хийлгээд дахин бэхжих боломжгүй тухайн хүн авахуулахаас өөр боломжгүй болсон байсан. Тухайн хугацааг тогтоох боломжгүй. Тухайн шүд унах цаг хугацааны асуудлаас гадна, эмнэл зүйн зовуурь арилахгүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 89-90-р хуудас/,

7.Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн код нь мэргэжлийн хэллэгээр 4 гэдэг нь эрүүг зааж байгаа, 2 гэдэг нь байрлалын дугаарыг хэлж байгаа юм. Тухайн #42 гэдэг нь баруун доод 2 дугаар шүдийг хэлж байгаа болно.... Ер нь хүний шүдний хөдөлгөөний зэргийг 4 ангилдаг юм. Тухайн иргэний шүд 4 тийш ганхсан хөдөлгөөнтэй 3-4 дүгээр зэрэгт хамаарч байсан. Тухайн зэрэг нь дахин бэхжих боломжгүй, хөдөлгөөнгүй болох боломжгүй, авах заалтад хамаардаг тул авсан юм. Эмчилгээ хийхэд үр дүнгүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94-р хуудас/,

8.Гэрч Г.*********** гаргаж өгсөн амны хөндийд үзлэг хийх картыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 95-96-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Л.*********** хохирогч Б.*********** биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Л.************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч Л.********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Л.************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******** оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэндэд гарсан зардлын баримт гаргаж өгөөгүй болно.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.********** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг маягтын загварын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч Б.******** танилцуулсан бөгөөд шүүгдэгч Л.********** танилцуулахад энэ талаар маргаагүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Л.************ хохирогч Б.*********** сэтгэцэд учирсан хохиролд 3,960,000 төгрөгийг гаргуулж олгуулж шийдвэрлэв.

        

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********* овгийн ********** ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********* 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********** оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.**************** мэдэгдсүгэй.

           

            5.Шүүгдэгч Л.******** оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7.Хохирогч Б.************ учирсан сэтгэцийн хор уршигийн нөхөн олговорт 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч Л.********** гаргуулж олгосугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           

            9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.*********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХБААТАР