Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2019/00730/И |
Дугаар | 1274 |
Огноо | 2019-07-05 |
Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1274
Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дүгээр шийдвэртэй Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох, анхны болон хоёр дахь албадан дуудлга худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ- нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, хууль бус дуудлага худалдаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг НШШГГ- зөрчсөн. Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 тоот тогтоол гарсан боловч уг тогтоолоо төлбөр төлөгч, өмчлөгч Ч.Ц-д албан ёсоор хүргүүлж, мэдэгдээгүй. НШШГГ- нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл үйлдэж, Ч.Ц-д хүргүүлсэн гэдэг боловч уг мэдэгдэлдээ “Ч.Ц-гээс 148 300 000 төгрөгийг гаргуулан “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/Ш32017/07896 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах” тухай мэдэгдсэн. Дээрх шийдвэр байхгүй бөгөөд огт байхгүй шийдвэрийг албадан гүйцэтгэх хүрээнд Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж буй үйлдэл нь хууль бус болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасан. Гэтэл НШШГГ- нь Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаараа хэзээ, хаана, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн болох тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт материал байхгүй. Мөн Ч.Ц- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд орох гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж хараагүй. НШШГГ- нь хуульд заасныг зөрчиж, дуудлага худалдааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэлгүйгээр дуудлага худалдаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол өөрөө зөрчилтэй, заавал тусгах мэдээлэл, түүнд тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Гэтэл Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 тоот тогтоолд дуудлага худалдаа зохион байгуулах газрын хаягийг тодорхой тусгаагүй. Ч.Ц- нь дээр дурдсан албадан дуудлага худалдааны зөрчлийн асуудлаар НШШГГ-т гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариуг ирүүлсэн. Ч.Ц-гийн гаргасан гомдлыг шүүх хүлээн авч, шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 182/Ш32019/02666 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 182/Ш32019/03058 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэтэл НШШГГ- шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/11 тоот тогтоолын дагуу Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан байна. Мөн энэ ажиллагааг хууль бус гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан Ч.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, М.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17300905 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ч.Ц-гийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, шинжээч томилох хүсэлт ирүүлсэн байх тул Шинжээч томилох тухай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 336 680 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/679 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгчийн үнэлгээтэй холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, барьцаа хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтож, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөхөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 19 минутад Туул гэх хүнд Монгол шуудан ХК-аас хүлээлгэн өгсөн байна. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 168 340 000 төгрөгөөр оруулахад 170 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж эцэслэн шийдвэрлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байх тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Ч.Ц-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 04 дүгээр хороо, Бага тойруу, 19А дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, 177 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаар шийдвэрээр Ч.Ц-гээс 148 300 000, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 725 төгрөг, нийт 148 749 725 төгрөгийг гаргуулж “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр авагч “Жи эс би капитал ББСБ” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч төлөлт хийгээгүй бөгөөд удаа дараа шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Төлбөр төлөгч нь үнэлгээтэй холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 182/Ш32018/01582 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1166 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 25-ы өдрийн 1486 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж барьцаа хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулж 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдэл болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/10 дугаар тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгөхөөр Ч.Ц-гийн 99110323 дугаарын утсаар удаа дараа мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 19 минутад Туул гэх хүнд Монгол шуудан ХК-аас хүлээлгэн өгсөн байна. Төлбөр төлөгч дахин шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, анхан шатны шүүхээс төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн үндэслэлээр анхан болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид утсаар болон баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж дуудлага худалдааг хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүхийн 979 дугаар шийдвэрийг хянаж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ч.Ц- нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1-3, 32, 34-35 дугаар тал
Нэхэмжлэгч анх үл хөдлөх эд хөрөнгийн анхны буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдаа хууль бус болсныг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4/208 дугаар мэдэгдэх хуудсаар хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан, шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. /хэргийн 10-12 дугаар тал/
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00287 дугаар шийдвэрээр Ч.Ц-гээс 148 300 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 725 төгрөг, нийт 148 749 725 төгрөгийг гаргуулж "Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ./хэргийн 6-7 дугаар тал/
Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолд хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, Ч.Ц-гийн өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 04-р хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан байна. /хэргийн 38-39, 42, 46-47, 50-51 дүгээр тал/
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үнийн санал өгөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулсан байх ба төлбөр төлөгч Ч.Ц- нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгөд үнийн санал өгөх боломжгүй байгаа тул шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байна./хэргийн 56-57 дугаар тал/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 336 680 000 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 68-96 дугаар тал/
Төлбөр төлөгч Ч.Ц- нь дээрх шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч, шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж, Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна./хэргийн 102-103, 108-116 дугаар тал/
Улмаар хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Бага тойруу гудамж 19А байр, 10 тоот хаягт байрлах, 177.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/10 дугаар тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 235 676 000 төгрөгөөр тооцон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулахаар болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ” гэж, 14.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасан.
Хариуцагч байгууллага анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/006118 тоот мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг мэдэгдэл дээр “3 дугаар сарын 5, 16:19, Туул” гэсэн тэмдэглэгээ кодын хамт байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шуудангийн тэмдэг дарагдаагүй байх ба шуудангаар хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн мэдэгдлийг н.Туулд гардуулсан нь төлбөр төлөгч Ч.Ц- болон гардуулан өгвөл зохих этгээдэд гардуулсан гэж үзэхгүй. Тухайн мэдэгдэл хүлээн авсан гэх н.Туул нь төлбөр төлөгчийг төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэ болон зарыг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.
Улмаар анхны албадан дуудлага худалдаа хэрхэн явагдсан тухай тэмдэглэл хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар шүүх дүгнэх боломжгүй байна.
Мөн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны тов зарлагдсан үед төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна./хэргийн 13, 23-24 дүгээр тал/
Иймээс анхны албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй учраас хариуцагч байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэж, дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль бус болжээ. /хэргийн 121-128 дугаар тал/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00979 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР