Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 161/ШЦТ2017/00051

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.С,

улсын яллагч Б.Б,

хохирогчийн өмгөөлөгч Я.С

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох 1713***********  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, М овгийн Бийн Х, 1973 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Х С Н Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн ажилтай, Баян-Өлгий аймгийн Д сумын 0 дүгээр багт оршин суудаг, РД:ЦЖ******.

            Шүүгдэгч Б.Хийн холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Д сумын төвд байрлах Х С Н Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны байранд тус газрын дарга Х.Сийн албан өрөөнд согтуугаар орж ирээд “Чи манаач Мийг яагаад ажлаас халж байгаа вэ, чи наад сандалд мөнхийн сууна гэж бодоод байгаа юм уу...” гэж эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би иргэн Х.Стэй 10 жил хамтарч ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн маргаангүй ажиллаж ирсэн. Би хамгаалалтын захиргааны дарга хийж байсан. Би дарга байхдаа Х.Сийг бүх талаар нь дэмжиж,  ажиллах нөхцөл боломжоор хангаж, бие биенээ хүндэлж ажиллаж байсныг хамт олон маань сайн мэднэ. Би гаргасан гэмт хэрэгтээ гэмшиж,  харамсаж байна. Би ийм асуудал болно гэж бодоогүй. Намайг ялаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна. ... Би хохирогчид хохирлыг бүрэн төлж өгсөн. Би Улаанбаатар хотод явж байгаад 50000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн” гэв.

- Хохирогч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Б.Х буцаж орж ирээд “Чи Мийг яагаад ажлаас халж байгаа юм бэ?, ...чи наад сандалд мөнхийн сууна гэж бодоод байгаа юм уу?, чи муу авгай тэгж даврах болоогүй шүү, би чамайг ална” гээд үснээс зулгааж татаад хаалганы үүд хүртэл чирсэн” гэх мэдүүлэг,

- Гэрч Н.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... цэвэрлэгч Б.А залгаж Б.Х, Х.С хоёр хоорондоо зодолдож байна. Хурдан хүрээд ир гэж хэлсэн. ...Х.Сийн биед гэмтэл байсныг хараагүй. Ямар ч байсан сандарсан байдалтай сууж байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... Хэсэг хугацааны дараа Б.Хийн чанга дуу гарч улмаар тас, түс гэсэн дуу гарч эхлэнгүүт би хүрээд очиход хаалганы үүдэнд Б.Х баруун гараар Х.Сийн үснээс барьж зүүн гараар нүүрний хэсгээс нь хуруугаараа хавчиж барьсан “Чам шиг авгайг ална” гэж хэлж байхаар нь боль гээд салгахад надад хүч өгөхгүй байхад араас Б.А ирж бид хоёр арай л гэж салгаж авсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... Хэсэг хугацааны дараа Б.Х чанга дуугаар орилж байхаар нь Т.Х очьё гээд явчихсан ба араас нь би очиход Б.Х нь Х.Сийн хувцаснаас барьж зогсож байхаар нь “Та боль” гээд Б.Хийн гарыг татсан...” гэх мэдүүлэг болон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Д сумын төвд Х С Н Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны байранд тус газрын дарга Х.Сийн албан өрөөнд согтуугаар орж “Чи манаач Мийг яагаад ажлаас халж байгаа вэ, чи наад сандалд мөнхийн сууна гэж бодоод байгаа юм уу...” гэж хэлж эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

Үүнд: Хохирогч Х.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б.Х буцаж орж ирээд “Чи Мийг яагаад ажлаас халж байгаа юм бэ?, ...чи наад сандалд мөнхийн сууна гэж бодоод байгаа юм уу?, чи муу авгай тэгж даврах болоогүй шүү, би чамайг ална” гээд үснээс зулгааж татаад хаалганы үүд хүртэл чирсэн...” гэх мэдүүлгээр тухайн гэмт хэрэг нь хохирогчийн эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан үүдэн гарсан байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Сийн эрүүл мэндэд “аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаартай “... 1. Иргэн Х.Сийн биед тархи доргилт, толгойн хуйхны хэсэг болон зүүн талын гарын сарвууны хэсгийн зөөлөн эдийн няцрал, хаван хавдартай, хүзүүний арын хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, доод эрүүний дотор талд язарсан шарх зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ...” гэх шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна. Мөн шүүгдэгч Б.Хийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

  Иймд шүүгдэгч Б.Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Сд 440000 /дөрвөн зуун дөчийн мянга/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Х нь бүрэн төлж барагдуулсан байна.

 Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн  шүүгчдэгч Б.Хийн цахим иргэний үнэмлэх, №00460021 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Хийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч М овгийн Бийн Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Б.Хийг ялаас чөлөөлсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгчдэгч Б.Хийн цахим иргэний үнэмлэх, №00460021 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосуай. 
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ