Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: Нью-Индиго ХХК /РД:5352177/,

 

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн улсын байцаагч /хуучин нэрээр/ Э.Пүрэвсайхан

 

Гуравдагч этгээд: Ц.Гантуяа нарын хоорондын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0034305 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Соёлмаа, хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын тасгийн Хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн (Улсын байцаагч) Э.Пүрэвсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Нью Индиго ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн улсын байцаагч /хуучин нэрээр/ Э.Пүрэвсайханы 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0034305 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

 

Уг шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч компани 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол шуудангаас хүлээн авч, эс зөвшөөрч анх 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гар гасан байна

 

2. Гомдол гаргагч Нью-Индиго ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

 

1/. Гомдол хүлээж авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлтэй танилцахад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 41 дүгээр байр 2-р орц 25 тоотод оршин суугч Ш.Гантуяагаас манай 41 дүгээр байранд хэвлэлийн үйлдвэр өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас үүдэлтэй дуу чимээ байнга гарч байна хүүхдүүдэд харшил өгч байна үүнийг шалгаж өгнө үү гэсэн гомдол байсан. Нью-Индиго ХХК нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 41 дүгээр байрны 2-р орц 21 тоотод 2012 оноос одоог хүртэл 5 хүний бүрэлдэхүүнтэй оффисын үйл ажиллагаа болон хэвлэлийн эх бэлтгэх чиглэлээр ажиллагаа явуулаад 10 гаран жил болж байна. Энэ хугацаанд тухайн принтерийг ажиллуулсан улмаас бидэнд эрүүл мэндийн талаас харшил үүсгэсэн нэг ч тохиолдол гараагүй. Нью Индиго ХХК-ийн хэвлэлийн үйлдвэр тусдаа байдаг энд хэвлэлийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй.

 

Гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 41 дугаар байр 2-р орц ** тоотод байрлах Нью-Индиго ХХК өдөр шөнөгүй хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн харшилтай болсон гэх хүүхдүүд хэн болохыг тогтоож, харшил хэзээнээс үүссэн, харшил нь юунаас болсныг тогтоосон холбогдох материалыг, харшлаа үзүүлж эмчлүүлсэн эмнэлгийн картыг тус тус зөрчлийн хэрэгт хавсаргаагүй байна. Мөн харшлын улмаас ямар хохирол учирсныг шалгаж тогтоогоогүй буюу Нью Индиго ХХК-ийн зөрчил үйлдсэн нотлох баримтыг бүрдүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

2/. Улсын байцаагч Э.Пүрэвсайханы санал болгосон Ногоон титэм ХХК-ийн лаборатори тус компанийн оффист байрлах Япон улсын коника минолто С1060 маркийн өнгөт принтер ажиллуулж байх үеийн агаарын сорьцын дээжийг шалгуулахаар 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүсэлт өгч 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр лабораторийн тайлангийн дүн гарсан, Ногоон титэм ХХК-ийн лабораторийн тайлангийн дүнгийн талаар тайланг хянасан химичээс нь асуухад хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй танайх хэвийн гэж танилцуулсан байна.

 

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 32 тоот тогтоолоор батлагдаж 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд хөдөлмөрийн ахуй MNS-4990:2015 дугаартай Монгол Улсын стандартын хүрээнд /ажлын байрны бичил цаг уурын эрүүл ахуйн шаардлага агаар дахь хорт бодисын хэмжээг тогтооно. Ногоон титэм ХХК нь Нью Индиго ХХК-ийн оффист тус принтерийг ажиллуулж байх үед цуглуулсан агаарын сорьцоор сорилт хийж 3859 дугаартай формальдегид химийн бодисын сорилтын дүн нь зөвшөөрөгдөх дээд хэмжээ 500 байхаас 2.3 мкг/м3 гарсан гэж лабораторийн тайландаа тусгасан байна.

 

Гэтэл Улсын байцаагч Э.Пүрэвсайхан лабораторийн тайлан доторх дотоод хяналтдаа ашигладаг хэмжээсийг формальдегидийн линз нь 0,590 мкг.мл. гарч, Орон сууцны тухай хуулийн 17.1.1 Химийн хорт бодистой харьцах гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.2.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээж шалгасан байна.

 

Тус компани Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 Химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлнэ гэсэн заалтын дагуу химийн хорт бодистой шууд харьцдаггүй, оффисын үйл ажиллагаа явуулдаг. Харин Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 41 дүгээр байр 2-p орц 21 тоотод оффисын өдөр тутмын үйл ажиллагаанд ажиллагаандаа Япон улсад үйлдвэрлэгдсэн Коника Минолто С1060 маркийн өнгөт принтерийн баталгаат сэлбэг хэрэгсэл болох принтерийн хорыг зохих журмын дагуу хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн гэж танилцуулсан Монгол улсад худалдаалах зөвшөөрөлтэй Япон улсын албан ёсны төлөөлөгч Санко Маркетинг Монголиа ХХК-аас авч 2012 оноос хойш одоог хүртэл тогтмол авч хэрэглэж ирсэн.

 

Санко Маркетинг Монголиа ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06/16 дугаартай албан бичгийг нотлох баримтаар Улсын байцаагч Пүрэвсайханд гаргуулж өгсөн. Энэхүү сэлбэг хэрэгсэл болох принтерийн хорыг бид нар өөрсдөө үйлдвэрлэдэггүй бэлэн савлагаатай хорыг жижиглэж савладаггүй, харин битүүмжлэгдсэн бэлэн сэлбэг хэрэгслийг принтерийг ажиллуулахдаа хэрэглэдэг. Үүнээс үзэхэд зөрчлийн хэргийн зүйчлэл буруу байна.

 

3/. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй Зөрчил шалган шийдвэрлэж тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалыг зөрчсөн байна.

 

4/. Нью Индиго ХХК зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах заалтыг зөрчсөн байна.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Ш.Гантуяа нь хохирогч биш насанд хүрээгүй хүүхдүүд нь хохирогч байх магадлалтай байхад зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар Ш.Гантуяад хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй харин түүнийг мөн хуулийн 3.2 дугаар зүйлд зааснаар хохирогчоор тогтоож процессын ноцтой алдаа гаргасан байна.

 

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр дизайнер Ш.Ариунааг оролцуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.7 дугаар зүйлд заасан хөндлөнгийн гэрчийн эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулав гэж тэмдэглэсэн атал Ш.Ариунаа гарын үсэг зураагүй байна. Гэрч Ш.Ариунаа мэдүүлэхдээ Э.Пүрэвсайхан манай компани дээр 2022 оны 4 дүгээр сарын 14-нд ирж шалгалт хийсэн тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. Харин 2022 оны 4 дүгээр сарын 22-ны ирээгүй гэжээ. Иймд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.

 

Хэргийн оролцогч биш гэрч Ш.Гантуяад хэргийн материал танилцуулж зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн заалтыг зөрчих процессын ноцтой алдаа гаргасан байна гэжээ.

 

4. Хариуцагч Э.Пүрэвсайхан шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 

...1/. Иргэн Ц.Гантуяагаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо хөгжим бүжгийн 41 дүгээр байранд хэвлэлийн үйлдвэр өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас үүдэлтэй дуу чимээ байнга гарж байна мөн хүүхдүүд харшил өгч байна үүнийг шалгаж өгнө үү гэх зөрчлийг харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 41 байр, 1 давхар, 21 тоотод орон сууцны зориулалтай байранд "Нью Индиго" ХХК ийн хэвлэлийн эх бэлтгэлийн газарт Коника минолта брэндийн принтерийн 4 өнгийн хор ашиглаж байсан нь нийтийн зориулалтай орон сууцны байшинд хориглосон үйлчилгээ эрхэлсэн байж болзошгүй тул зөрчлийн хэрэг, материалд ач холбогдол бүхий нотлох баримтыг олж тогтоох зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ногоон титэм ХХК дотоод орчны агаараас шинжилгээ авсан. Хэвлэлийн үйлдвэр өдөр шөнөгүй ажиллаж, дуу чимээ гаргаж байна гэх зөрчлийн мэдээллийг холбогдогчийн мэдүүлгийг үндэслэн тогтоогоогүй.

 

2/. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 41 байр, 1 давхар, 21 тоотод Коника минолта брэндийн принтерийг ажиллаж байх үед дотоод орчны агаараас авсан шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн сорилтын дүнгээр хариу формальдегид 2.30 мкг/мл, озон 1.43 мкл, бензол 0.5 мкг/мл толуол 0.7 мкг/мл, этилбензол 0.5 мкг/мл м.п ксилол 0.8 мкг/мл, ксилол 0.8 мкг/мл тус тус илэрсэн нь Нийтийн зориулалттай орон сууцны байшинд хориглосон үйлчилгээ явуулсан /Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 дэх заалт/ гэх үндэслэлтэй байх тул Орон сууцны тухай хууль зөрчсөн зөрчилд /Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйл 4 дэх хэсэг/ Нью Индиго ХХК-ийн захирал Сэдээхүү овогтой Ялалтад гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Коника минолта брэндийн принтерийг цаашид ашиглахгүй байх арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг даалгасан.

 

Дээр дурдагдсан химийн бодисын хор аюулын зэрэглэлээр онцгой аюултай, их аюултай химийн бодист хамаарах ба шатамхай, идэмхий, хортой, харшил өдөөгч, маш шатамхай, цочроомтгой бодист хамаарна. Гомдол гаргагчийн дурдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS4990:2015 стандарт нь тухайн байранд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрны орчны бичил цаг уурын эрүүл ахуйн шаардлага, агаар дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ тогтоосон бөгөөд Орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны агаар дахь хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг тогтоогоогүй ба химийн хорт харьцах, үйлчилгээ эрхлэхийг хориглосон шийдвэр үндэслэлтэй байна.

 

3/. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч Хан-уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-ухаа 2-ын замд 437 дугаар байр хаягт оршин суух Нью Индиго ХХК-ийн захирал С.Ялалтад 2022 оны 04 дүгээр сарын 22, 4 дүгээр сарын 26, 4 дүгээр сарын 29-ний өдрүүдэд зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар өөрийн 88474755 утасны дугаараас холбогдогчийн 99992840 утасны дугаарт мэдэгдэв. Оролцогчоос 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 9 цаг 50 минутад утсаар холбогдоход очих боломжгүй хөдөө ажилтай байна. Өмгөөлөгч авна гэснийг тэмдэглэж зөрчлийн хэрэгт хавсаргасан байгаа.

 

4/. "Нью Индиго" ХХК-ийн захирал С.Ялалт нь 2021 оны 02 дугаар сарын 08-аас эхлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 41 байр, 1 давхар, 21 тоотод хэмжилтээр 63.3 децибел дуу шуугиан гаргадаг өнгөт принтер, принтерийн хор ашиглаж, хурц үнэр гаргаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.7 дахь хэсгийг тус тус зөрчиж байж болзошгүй үйлдэлд цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр 2202000120 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно. Нэхэмжлэлд дурдагдсан хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.Үүнд:

 

Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно, 17.1.1-д Химийн хорт бодистой харьцах гэж тус тус заажээ.

 

Хариуцагч, эрх бүхий албан тушаалтан нь иргэн Ц.Гантуяагаас ирүүлсэн ...41 дүгээр байранд хэвлэлийн үйлдвэр өдөр шөнөгүй ажиллаж байгаагаас үүдэлтэй дуу чимээ байнга гарч байна, мөн хүүхдүүд харшил өгч байна, үүнийг шалгаж өгнө үү гэх гомдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0034305 дугаар шийтгэлийн хуудсаар Нью индиго ХХК-ийн захирал С.Ялалт нь химийн бодис, принтер ашигласан болох нь шинжилгээний хариу, холбогдогч болон хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гээд Нью индиго ХХК-ийн захирал С.Ялалт /хуулийн этгээд гэдэг үгний доогуур зурсан/-ыг Нийтийн зориулалттай орон сууцны байшинд хориглосон үйлчилгээ эрхэлсэн гэх үндэслэлээр 3 000 нэгжтэй тэнцэх албадлагын арга хэмжээ авсугай /торгох шийтгэл гэж бичээгүй/ гэж шийдвэрлэжээ.

 

Шүүх, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй, уг хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэв. Тухайлбал: Зөрчлийн хэрэг материалаас үзвэл холбогдогчоор Нью индиго ХХК-ийн захирал С.Ялалт гэдэг хувь хүнийг тогтоосон, Зөрчлийн хэргийн 1, 2 дугаар хуудас болон Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд ...захирал С.Ялалт нь...хэмжилтээр 63,3 дб дуу шуугиан гаргадаг өнгөт принтер, принтерийн хор ашиглаж хурц үнэр гаргаж байгаа... гэж дурдан С.Ялалтыг холбогдогчоор тогтоож тайлбар авсан атлаа хуулийн этгээдэд буюу Нью индиго ХХК-д хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй, үүнээс үзвэл хэн гэдэг хүн, хуулийн этгээд ямар зөрчил гаргасан болох нь тодорхой нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэв. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж, мөн зүйлийн 11-д Хууль ёсны төлөөлөгч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлж байгаа оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэгт хавсаргасан Нью индиго ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Ялалтыг тус компанийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгэсэн бүртгэл хийгдээгүй, тус компанийн захирал гэдэг нь тогтоогдоогүй байхад чухам ямар баримт нотолгоог үндэслэн С.Ялалтыг холбогдогчоор тогтоосон, тэрээр хууль ёсны төлөөлөгч үү, эсхүл өөрөө зөрчил гаргасан этгээд үү гэдэг нь ойлгомжгүй, энэ тохиолдолд хариуцагчийн, ...хуулийн этгээдийн захирал нь С.Ялалт мөн гэж үзэж холбогдогчоор оролцуулсан гэх тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны 21 тоотод Коника минолта брэндийн принтерийг ажиллаж байх үед дотоод орчны агаарт формальдегид 2.30 мкг/мл, озон 1.43 мкл, бензол 0.5 мкг/мл, толуол 0.7 мкг/мл, этилбензол 0.5 мкг/мл, ксилол 0.8 мкг/мл тус тус илэрсэн болох нь Ногоон титэм ХХК-ийн, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн лабораторийн сорилтын тайлангаар тогтоогдсон боловч тухайн бодис хор аюулын хувьд ямар болох, агаарт байх боломжтой эсэх, өнгөт принтерийг ажиллуулж байх үеийн агаарын найрлага болон гомдол гаргагч иргэний гэр доторх агаарын найрлага ижил байсан эсэх, хурц үнэр гарч байсан эсэх, эдгээр бодисууд зөвхөн өнгөт принтерийг ажиллуулснаас үүссэн эсэхийг тодорхой шалгаж тогтоогоогүй байна.

 

Тухайлбал, хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагч компанийн ажлын байранд өнгөт принтер ажиллуулж байх үеийн агаарын найрлагад формальдегид 2.30 мкг/мл, озон 1.43 мкл, бензол 0.5 мкг/мл, толуол 0.7 мкг/мл, этилбензол 0.5 мкг/мл, м,п ксилол 0.8 мкг/мл тус тус илэрснийг химийн хортой бодистой харьцах хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан гэж дүгнэхдээ тухайн бодисууд химийн хортой бодист хамаарах эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоохын оронд Грийн химистри ХХК-ийн Хор аюулын лавлах мэдээлэл гэх эх сурвалж нь тодорхойгүй баримтад үндэслэсэн нь буруу, энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-д Эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно гэж заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн тухайн бодисууд илэрсэн хэдий ч Монгол улсын стандарт 4585:2016- Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага, ЗДХ-зөвшөөрөгдөх дээд хэмжээ-нд зааснаар хэмжилтийн дундаж хугацаанаас хамаарч агаарт байх бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг бодис тус бүрийн хувьд өөр өөрөөр тогтоосон нь гомдол гаргагч компанийн эрхэлж буй тухайн ажлын байрны хувьд уг стандарт шаардлагыг хангах ёстой эсэхийг нарийвчлан шалгаагүй, энэ талаар зөрчлийн хэрэгт нотлох баримт цуглуулаагүй атлаа орон сууцны байшинд химийн хортой бодистой харьцах хориглосон үйлдэл гаргасан гэж шууд дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хариуцагчийн ...орон сууцны тухай хуульд нийтийн зориулалттай орон сууцны орчинд агаар дахь хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг тогтоогоогүй... гэх тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй.

 

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.1-д химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг гэж, мөн хуулийн 4.2-т Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж тус тус зааснаас үзвэл гомдол гаргагчийн үйл ажиллагаа, тухайлбал оффист хэрэглэж буй Коника минолта брэндийн принтерээс химийн хорт бодис илэрч байна гэж үзэхийн тулд эрх бүхий байгууллагаас баталсан дээрх ангиллын хүрээнд тухайн бодисуудыг хорт болон аюултай эсэхийг тодорхойлох журамтай атал уг ангиллыг баримтлахгүйгээр Грийн химистри ХХК-ийн Хор аюулын лавлах мэдээлэл-ийг үндэслэн химийн хорт бодис-той харьцсан гэж дүгнэх нь учир дутагдалтай, энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчсөн гэж шүүх үзлээ.

 

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн улсын байцаагч /хуучин нэрээр/ Э.Пүрэвсайханы 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0034305 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Харин гомдлын шаардлагад, хэргийн материал танилцуулаагүй гэж дурдсан боловч С.Ялалтад хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн болох нь тогтоогдсон, түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу гэх үндэслэл нь зөрчлийн хэрэг нээж ажиллагаа явуулсан баримтуудаар няцаагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.            Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн улсын байцаагч /хуучин нэрээр/ Э.Пүрэвсайханы 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0034305 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН